Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/90

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч Л.Э-, түүний өмгөөлөгч Ц.Амар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 25-63/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-н Э-д холбогдох эрүүгийн 2005014681733 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ... настай, дээд боловсролтой, мэдээллийн системийн инженер мэргэжилтэй, тавилгын үйлдвэрт туслах ажилтан хийдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ...тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД: /,

Урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овгийн Л.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Э- нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А- нэртэй ломбардад хохирогч Ч.Э-г хуурч иргэн Т.М-ий бичиг баримтыг ашиглан өөрийгөө Т.М гэж танилцуулан 3.370.000 төгрөгийг миний М-нэртэй 5700758031 гэсэн тоот данс руу шилжүүлчихвэл 2, 3 цагийн дотор Бүгд Найрамдах Хятад Ард улсын тоглоомын сайтаас хэрэгсэл худалдан аваад, эргээд Монгол Улсын зөвшөөрөлтэй 2 сайтад бөөний үнээр худалдаад таны мөнгө нь дээр тодорхой хэмжээний ашиг өгье гэж хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 3.370.000 төгрөгийг Хаан банкны 5700758031 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Э-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Л.Э- нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Э-од өөрийгөө М-гэж танилцуулан, М-гэсэн иргэний үнэмлэх үзүүлээд одоо 3.370.000 төгрөгийг миний М-нэртэй 5700758031 гэсэн данс руу шилжүүлчихвэл 2, 3 цагийн дотор БНХАУ-ын сайтаас дота тоглоомын хэрэгсэл худалдан аваад эргээд Монгол улсын зөвшөөрөлтэй 2 сайтад бөөний үнээр худалдаад таны мөнгө дээр тодорхой ашиг гаргаж өгье” гэж хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 3.370.000 төгрөгийг Хаан банкны 5700758031 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...А- нэртэй ломбардад үл таних хүнд 3.370.000 төгрөг өгч залилуулсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

 

Хохирогч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр 11 цагийн орчимд Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” нэршилтэй барьцаалан зээлдүүлэх газар руугаа явж орох гэхэд үүдэнд М-гэж өөрийгөө танилцуулсан залуу хүлээж байсан. Тэр залуу өөрийгөө Шведийн вант улсад компьютер техник хангамжийн чиглэлээр дээд сургууль төгссөн. Одоо би дота цахим тоглоомын “item buy” нэртэй фейсбүүк аккаунт хөгжүүлдэг. Бүгд Найрамдах Хятад Ард улсаас дота тоглоомын хэрэгсэл цахимаар хямд нийлүүлдэг түнш байгаа, түнш маань 3.370.000 төгрөгийн цахим тоглоомын хэрэгсэл хямдхан авах боломж байна уу гээд байна би тэр тоглоомын хэрэгслийг худалдан аваад эргээд Монгол улсад байдаг албан ёсны эрхтэй цахим сайт руу бөөний үнээр бөөндөж худалдахад тодорхой хэмжээний ашиг гарах гээд байна, би давхар найздаа өртэй, энэ өрнөөс гарчихмаар байна та одоо 3.370.000 төгрөгийг миний М-нэртэй 5700758031 гэсэн данс руу шилжүүлчихвэл 2, 3 цагийн дотор Бүгд Найрамдах Хятад Ард улсын сайтаас тоглоомын хэрэгсэл худалдан аваад хийгээд эргээд Монгол улсын зөвшөөрөлтэй 2 сайтад бөөний үнээр худалдаад таны мөнгө дээр тодорхой хэмжээний ашиг гаргаж өгье, та одоо надад тусалчихвал би цахим орон зайд таны ажиллуулж буй ломбардыг сурталчилж байя гээд М-нэртэй иргэний үнэмлэх үзүүлсэн ба иргэний үнэмлэхийн зургийг тус залуугийн царайтай тулган үзэхэд төстэй байсан мөн дансны дугаарыг нь шалгахад М-гэсэн данс гарч ирж байхаар нь итгээд өөрийн 5023223538 тоот данснаас 5700758031 М-нэршилтэй данс руу 3.370.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд тус залуу миний хажууд зэрэгцэн суугаад данснаасаа Бүгд Найрамдах Хятад Ард улс руу гүйлгээ хийх учраас “юань худалдан авч Бүгд Найрамдах Хятад Ард улсад байдаг түнш рүүгээ шилжүүлнэ. Удалгүй шилжчихлээ эхнээсээ тоглоомын хэрэгсэл худалдан авч байна гэж харуулаад 12 цагаас оройны 20 цаг хүртэл манай ломбардад өөрийн гар утсаар оролдоод суугаад байсан. Оройны 20 цагийн үед гар утас нь дуугараад “ах аа би гялс утсаар ярьчихаад ирье” гэж хэлээд гараад тэр чигтээ алга болсон. Араас нь 80122388 тоот утас руу залгахад ахаа Бүгд Найрамдах Хятад Ард улсын сайт нь гацаад удчихлаа, та надад итгээрэй, таны итгэлийг алдахгүй уучлаарай, маргааш өглөө 09 цаг гэхэд бүх зүйлийг болгоод тань дээр яваад очье гэж хэлээд тасалсан. Маргааш нь өдөр тийш тус дугаар руу нь залгахад ах аа миний хийсэн цахим тоглоомын хэрэгсэл удаашраад байна тань руу өөрөө эргэн залгах болно гэж хэлээд таслаад сураггүй алга болсон. 7 хоногийн дараа тус цагдаагийн хэлтэст өргөдөл өгөх үед Б байцаагч М-гэх хүний зургийг хараад манай хэлтэст өмнө дадлага хийж байсан хүүхэд байна. Одоо Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст мөрдөн байцаагч ажилтай гэсэн, 2 хоногийн дараа М-гэдэг шал өөр эрэгтэй хүн манай ажил дээр ирээд миний иргэнийн үнэмлэх, Хаан банкны картыг Э- гэдэг миний танил гуйж аваад ашиглаж байсан байна гэхээр нь чи Төрийн албан хаагч байж ямар учраас хувийн дансыг бусдад шилжүүлдэг юм бэ гэхэд би зээл авах гээд байгаа юм дансны гүйлгээний дүн өндөр байвал зээл авахад хялбар учраас танил Э-ад иргэний үнэмлэх картыг өгсөн, би Э-тай ярьсан таны мөнгө байгаа гэсэн миний данс руу ороод гарчихсан 7 хоногийн дотор таны мөнгийг Э-ад хэлж байгаад гаргуулж өгнө гээд тохироод салсан. 7 хоногийн дараа М-гэдэг хүн рүү залгахад би ер нь энэ асуудалд холбоогүй ялгаагүй залилуулсан байна. Та өөрөө Э- гэдэг хүнтэй учраа ол гэсэн. Гомдолтой байна, мөнгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

 

Гэрч Т.М-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..000000000 дугаарын данс миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн Хаан банкны данс байгаа юм. Дээрх дансыг би өөрийн хувийн хэрэгцээнд ашиглахаар 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өөрийн утас дээрээсээ нээж байсан. 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр миний найз Л.Э- “би Дота 2 тоглоомын item зардаг юм аа, чиний дансаар 2, 3 өдөр мөнгө оруулаад гаргая, би зээлтэй болохоор өөрийн данс руугаа мөнгө шилжүүлэхээр банк татаад байна” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд энэ өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудал орчимд өөрийн 0000000000 дугаарын дансны картыг өгч, нууц үг, дансны дугаар, интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг хэлж өгсөн. Мөн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр би эхнэртээ зээлээр гар утас авч өгөх санаатай “Сайн компьютер” төв дээр очоод "Самсунг эс 20" загварын утас зээлээр авахаар болоод тухайн газрын ажилтантай ярилцаж тохироод би өөрөө ажил ихтэй байсан учир үнэн учраа хэлээд үдээс хойш найздаа бичиг баримтаа өгч явуулаад утсаа авхуулъя” гэж хэлэхэд тухайн газрын ажилтан зөвшөөрөхөөр нь найз Л.Э-ад бичиг баримтаа өгөөд өөрийнхөө нэрээр гар утас лизингээр авхуулсан. Л.Э- энэ өдөр миний хэлсэн утсыг авчихсан над дээр ирээд мөнгөний хэрэг гарчихлаа зараад мөнгөөр нь item аваад мөнгөө өсгөөд яг ийм утас аваад өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд утсаа өгсөн. Утсыг 10-14 хоногийн дотор аваад өгнө гэж хэлж байсан. Үүнээс хойш Л.Э- миний картыг өгөхгүй байхаар нь би 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Л.Э-тай 80122388 дугаарын утсаар холбогдож картаа авъя гэж хэлэхэд Л.Э- “би найз охинтойгоо гадуур явж байна, маргааш нөгөөдрөөс тааралдаад өгье” гэж хэлсэн. 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр залгаад “би шүүхээр ороод 7 сарын хорих ял авчихлаа, чи яг одоо ирээд надтай уулзаач” гэж хэлэхээр нь би даруй Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр очиж Л.Э-тай биечлэн уулзсан. ...Л.Э- миний нэр, бичиг баримт, дансыг ашиглаж миний дансаар бусдаас 3.370.000 төгрөг залилж авсан талаар би мэдсэн. ...Л.Э- 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ч.Э-оос авсан гэх 3.370.000 төгрөгөө 10 минутын дараа Х- гэх хүний 0000000000 гэх дугаарын данс руу шилжүүлж авсан байсан. Х-ыг юу хийдэг талаар хүмүүсээс асуухад Item худалдаж зарах үйлдэлд тусалдаг хүн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

 

Гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Л.Э- нь эрхэлсэн тодорхой ажилгүй ба спортын тэмцээнүүдэд мөнгөөр бооцоо тавьж мөнгөө өсгөдөг байсан. Арга зам нь гэвэл хувиараа item зардаг хүмүүсийн данс руу мөнгөө шилжүүлээд цахим мөнгө /item/ болгон хувиргаад item-aa бооцоонд тавьж тоглодог. Худалдаж авсан item-ийг өсгөж чадвал буцаагаад зараад мөнгөө гаргаад авчихдаг. Алдвал тэр чигтээ алдчихдаг юм. Т.М-ий хувьд item худалдаж авч зардаг асуудал байхгүй, энэ талаар мэдлэг мэдээлэл ч байхгүй байх. Л.Э- нь Т.М-, Б- гэх ахаас мөнгө авч бооцоо тавьж тоглодог байсан. М-, Б- гэх хүмүүсээс мөнгө авахдаа Хятад улсаас item худалдаж аваад Монголд мөнгө нэмж зараад ашиг олно гэж худал ярьж мөнгийг нь аваад алдсан тохиолдолд дахин өөр хүнээс мөнгө аваад анх авсан хүндээ ашиг нэмж өгөөд удаагүй дахиж өндөр ашиг өгөх нэрээр мөнгө авдаг байсан. 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” нэртэй ломбард ажиллуулдаг хүнээс мөнгө авахдаа хятад улсаас хямд үнээр item худалдаж аваад Монголд өндөр үнээр борлуулж ашиг олоод анх авсан мөнгөн дээрээ нэмж ашиг өгнө” гэж худал хэлж мөнгө аваад бооцоо тавьж тоглоод алдсан байсан. ...Л.Э- өмнө нь Ч.Э- гэх хүнээс 2-3 удаа мөнгө аваад 20-30 минутын дотор өсгөөд өгдөг байсан. Ч.Э- гэх хүнд хэлэхдээ би хүнээс мөнгө зээлчихсэн байгаа, энэ зээлээ түр хаагаад мөнгөө өсгөж аваад танаас анх авсан мөнгө нь дээрээ нэмээд өгье гэж хэлээд өөр хүнээс мөнгө аваад өсгөөд тоглодог. Ер нь Л.Э- хүнээс авсан мөнгөөрөө бооцоо тавьж тоглоод алдаад алдсан мөнгөө олох гэж дахин тоглож яваад өрөнд орчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 30-32, 33-35 тал/,

           

            Хохирогч Ч.Э-ын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 5700758031 данс руу 3.370.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 36 тал/,

 

Шүүгдэгч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Санамсаргүй байдлаар ийм зүйл болчихсон юм. Надад залилан хийх бодол байгаагүй, би тухайн үед шүүхээр ороод ял шийтгүүлсэн тул хийж байсан юм аа хийж чадахгүй болоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-76 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ зүйл заалттай маргах зүйл байхгүй. Бусдыг хуурсан үйлдэлдээ маргах зүйл байхгүй. ...Би ажил хийж байгаа 1.250.000 төгрөг хохирогчид өгсөн. Одоо үлдсэн 2.130.000 төгрөгийг аль болох хурдан төлж барагдуулна...” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирол төлбөр төлсөн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдон тогтоогджээ. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Э-аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 27-29 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.   

 

Шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэгт авагдаж авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Ч.Э-, Т.М-, Э.М- нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хохирогчийн Хаан банкны дансны хуулга зэргээр шүүгдэгч Л.Э- нь хохирогч Ч.Э-од “өөрийгөө М-гэж танилцуулан, М-гэсэн иргэний үнэмлэх үзүүлээд миний данс руу 3.370.000 төгрөгийг шилжүүлчихвэл 2-3 цагийн дотор Хятад улсын сайтаас цахим тоглоомын хэрэгсэл хямдхан аваад Монгол улсад байдаг албан ёсны эрхтэй цахим сайтаар бөөндөж худалдан ашиг олье” гэж хуурч, түүнээс 3.370.000 төгрөгийг М-гэх хүний нэр дээрх 5700758031 тоот дансаар шилжүүлэн авч, буцаан өгөөгүй болох нь нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Л.Э-ыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу бусдыг хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Э- 3.370.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд уг хохирлоос 1.250.000 төгрөгийг хохирогч Ч.Э-ын 5023223538 Хаан банкны дансанд шилжүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Л.Э-аас үлдэх хохирол 2.120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Э-од олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Л.Э- нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч С.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүүхэд Улаанбаатар хотын 16 дугаар сургуулийг 2015 онд төгсөөд Улаанбаатар дээд сургуулийг төгсөөгүй гарчихсан. Бүгд Найрамдах Турк улс руу ажил хийнэ гэж яваад 1 жил болоод буцаж ирсэн. Түүнээс хойш ажил хийгээгүй. 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүхээр орж 7 сарын баривчлах ял авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 37-42 тал/, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хх-ийн 51-67 тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны тодорхойлолт /хх-ийн 82 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирол 1.250.000 төгрөг хохирогч Ч.Э-ын 5023223538 Хаан банкны дансанд шилжүүлсэн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Л.Э-ад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

          Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг бүрэн нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзаж, шүүгдэгч Л.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой, түүний үйлдэл холбогдолд нийцнэ гэж дүгнэн, 320 /гурван зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Л.Э-ад шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

 

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Л-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Залилах буюу хуурч баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 320 /гурван зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Э-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.Э-аас 2.120.000 /хоёр сая нэг зуун хорин мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Э-од олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Э- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА