Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/98

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч Н.Мөнхбат /томилолтоор/,

Шүүгдэгч Б.Ж-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б- овогт Б-н  Ж-д холбогдох эрүүгийн 1905039991134 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ....  дүгээр сарын ...-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД: /, Улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 595 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Б- овогт Б-н  Ж-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б- овогт Б-н  Ж- нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 12 дугаар байрны 4 дүгээр орцны 0 тоотоос 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч М.Б-ын эзэмшлийн Гарнет /garnet/-2, Гарнет /garnet/-4 загварын 2 ширхэг пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ж-г “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

          Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан  “...2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо 12 дугаар байрны 4-р орц 0 тоотод байрлах пүүз засварын газраас Garnet-2, Garnet-4 пүүз хулгайд алдсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

Хохирогч М.Б-н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2 пүүз хулгайд алдсан талаар 10 сарын эхээр мэдсэн. Хэн хулгайлсан яасан юм гэж Нямбаатараас асуухад зүс таних Ж- гээд залуу хулгайлсан талаар мэдсэн. Яг ямар байдалтай яаж хулгайд алдсан талаар хэлж мэдэхгүй байна. ...Одоо Гарнет-2 пүүзээ 650.000 төгрөгөөр, Гарнет-4 пүүзээ 450.000 төгрөгөөр үнэлж байна. Би пүүз сонирхдог олон пүүзтэй учир пүүзээ нэг их өмсөөд байдаггүй. Хохирлоо барагдуулж авмаар байна, 1.100.000 төгрөг Ж-гаас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/,

Сиди бичлэгэнд үзлэг хийсэн “...Бичлэгийг нээхэд 9 секундийн бичлэг гар утсанд бичиж авсан байх ба орц, подволын хэсгийг харсан байх бөгөөд уг подволын 6 дахь секундэд улаан юм уу, улбар шар өнгийн куртиктэй, канттай хөх бэлтгэлийн өмдтэй, улаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн гартаа цагаан болон улбар шаргал өнгийн хайрцагтай юм барьсан байдалтай гарч ирж байгаа бичлэг байх бөгөөд 9 секунд болоод камерын бичлэг дуусч байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 15-16 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтол /хх-ийн 17 тал/,

Гэрч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 8 цагийн үед би Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 4 дүгээр орцны 0 тоот ажил дээрээ ирэхэд 9 цагийн үед Ж- гэх зүс таних залуу ажил дээр ганцаараа орж ирсэн. Бид хоёр юм ярьж байгаад тамхи татахаар болж хамт ТҮЦ гарсан. Ж- орцны үүдэнд үлдээд би ТҮЦ орж тамхи авчихаад ирэхэд Ж- байхгүй байсан. Би тамхи татчихаад ажил руугаа ороход ажлын өрөөн байдаг Матрасны хажууд байдаг 4 хайрцаг пүүзнээс 2 пүүз буюу Гарнет-2 загварын 43 размерын 650.000 төгрөгийн үнэтэй, Гарнет-4 боронзон өнгийн 44 размерын 450.000 төгрөгийн 2 ширхэг пүүзийг хулгайлаад аваад явсан. Уг пүүз манай хуурай дүү Б-н заруулах гэж өгсөн 4 ширхэг пүүзний 2 нь байсан. ...Хоёр пүүз нийлээд 1.100.000 төгрөг болох байх. Би тамхи татах гэж гарахдаа хамт гарсан бөгөөд хаалгаа цоожлоогүй. Ж- улаан, цагаан 2 хайрцагтай пүүз авч гарч байгаа бичлэг үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

            Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 765 дугаартай “...Гарнет-2 550.000 төгрөг, Гарнет-4 450.000 төгрөг, ...нийт дүн 1.000.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 30-32 тал/,

Хохирогч М.Б-н Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад эд зүйлсээ алдсан гэж гомдол гаргасан. Уг гомдлын дагуу хохирлыг мөнгийг гүйцэт төлсөн тул надад гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 39 тал/,

 

Мөнгө хүлээлгэн өгсөн тухай “...С овогтой Б миний бие өөрийн хүү болох Б.Ж-гийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 55х20000 нийт 1.100.000 төгрөг хохирогч М.Б-д хүлээлгэн өглөө. ...М овогтой Б миний бие 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Содном овогтой Батаагаас хохирлоо хүлээн авсан. Одоо гомдол саналгүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 40 тал/,

 

Мөрдөгчийн “...2020 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цаг 40 минутад ШШГЕГ-н харъяа цагдан хорих 461 дүгээр ангийн жижүүр туслах дэд ахлагч С.Н-д хүлээлгэн өгсөн болохыг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл /хх-ийн 101 тал/,

 

Шүүгдэгч Б.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би он сар өдрийг нь сайн санахгүй байна.  2019 оны 8 дугаар сард байх Баянгол дүүргийн 8 дугаар хороонд Мастер Шөүс гэсэн пүүзний ломбард байсан. Нямаа ах ажиллуулж байсан. Тэдний ломбарднаас Гарнет-4, Гарнет-2 загварын пүүз хулгайлаад авч яваад өөр нэг зүс таних хүнд зарж борлуулсан. Тэр хүнээ би одоо олж чадахгүй байна. Би тэр пүүзийг хоёуланг нь нийлүүлээд 150.000 төгрөгөнд өгсөн. Мөнгөөр нь буудал орж архи ууж, идэж уух юм авч хэрэглээд дуусгасан. ...би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хурдан хэргээ шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-87 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа, хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч С.Б-н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хувийн зан байдлын хувьд томоотой дөлгөөн зантай, архи уух дуртай, архи уухаараа ямар нэгэн зүйлд холбогдоод хүрээд ирдэг. Архи уудаггүй бол маш томоотой дөлгөөхөн хүү байгаа. ...Цагдаагаас хайж байхад Ж- нь гэртээ тогтохгүй гадуур явж цагдаагаас айгаад байна гэж хэлээд зугтаад үгэнд ордоггүй байсан. Цагдаа дээр оч гэж зөндөө хэлсэн. Ж- нь гэрээсээ гарахдаа нэлээн хэд хоног алга болж гадуур тэнээд байж байгаад ядраад ирэхээрээ гэртээ үе үе ирдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,       эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 тал/, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 44 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-52 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 53-54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ж-гаас  гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 25-26 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар шүүгдэгч Б.Ж-нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 12 дугаар байрны 4 дүгээр орцны 0 тоотоос хохирогч М.Б-ын эзэмшлийн Гарнет /garnet/-2, Гарнет /garnet/-4 загварын 2 ширхэг пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэйгээр үйлдэгджээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

Шүүгдэгч Б.Ж-нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай байна.

Иймд шүүгдэгч Б.Ж-“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж-нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Хавтас хэргийн 30-32 дахь талд авагдсан Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 765 дугаартай шинжээчийн дүгнэлтээр энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-д 1.000.000 төгрөгийн хохирол хор уршиг учирсан болох нь тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогч М.Б-д 1.100.000 төгрөг төлсөн болох нь хавтас хэргийн 39 дахь талд авагдсан хохирогч М.Б-н Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад эд зүйлсээ алдсан гэж гомдол гаргасан. Уг гомдлын дагуу хохирлыг мөнгийг гүйцэт төлсөн тул надад гомдол санал байхгүй...” гэх хүсэлт,  хавтас хэргийн 40 дэх талд авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн тухай “...С овогтой Б миний бие өөрийн хүү болох Б.Ж-гийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 55х20000 нийт 1.100.000 төгрөг хохирогч М.Б-д хүлээлгэн өглөө. ...М овогтой Б- миний бие 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Содном овогтой Батаагаас хохирлоо хүлээн авсан. Одоо гомдол саналгүй...” гэх тэмдэглэлээр нотлогдож байна.

 

            Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж дүгнэж, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Ж-нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.   

Мөн шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Ж-гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хуулинд заасан хөнгөрүүлэх байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ж-нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно. Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ...тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу түүний цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 288 цагийг эдлэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 272 цагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Б.Ж-шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн үйл баримтыг тогтоосон хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ж-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбоотойгоор түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б- овогт Б-н  Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 560 /таван зуун жар/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-гийн цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 288 /хоёр зуун наян найм/-н цагийн ялыг хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 272 /хоёр зуун далан хоёр/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ж-д мэдэгдсүгэй.

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч М.Б-д 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/-н төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор acэсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА