| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00214/И |
| Дугаар | 229 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 229
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багт оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЖ58061312, Булчин овогт Дэмбэрэлийн Хөхөөгийн нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Хөхөө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Хөхөө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Булчин овогт Дэмбэрэлийн Хөхөө нь 1957 оны 6 дугаар 13-ны өдөр Увс аймгийн Малчин сумын “Гурамсан” гэх газарт төрсөн боловч намайг 1980 онд иргэний паспорт солигдоход 1958 онд төрснөөр бүртгүүлснээс миний иргэний үнэмлэхний төрсөн он, сар, өдөр буруу бичигдэж 1958 онд төрснөөр олгогдсон байсан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох жинхэнэ нас болж байгаа учир төрсөн оноо зөвтгүүлэх шаардлагатай байна. Иймд намайг 1957 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Хөхөө 1957 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:
1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаанд 1956-1962 онуудад Дэмбэрэл овогтой Хөхөө гэсэн төрөлт бүртгэгдээгүй байна” гэжээ,
2. Улсын төв архиваас ирүүлсэн “Төрөлт бүртгэл гараагүй тухай лавлагаанд “Увс аймгийн Малчин суманд Дэмбэрэл овогтой Хөхөө гэх төрөлт 1956-1962 онуудад бүртгэгдээгүй” гэжээ,
3. Булчин овогт Дэмбэрэлийн Хөхөөгийн иргэний үнэмлэхний хуулбар,
4. Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдлээс 1981 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дэмбэрэлийн Хөхөөд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт түүний төрсөн оныг 1957 он гэж бичжээ,
5. Дэмбэрэлийн Хөхөөгийн цэргийн батлахад түүний төрсөн оныг 1957 он гэж бичжээ,
6. Б.Норов, П.Цэвээн нарын иргэний үнэмлэхийн хуулбар,
7. Гэрч Б.Норовын шүүхэд өгсөн: “1957 оны 6 дугаар сард би Увс аймгийн Малчин суманд сумын эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байхдаа мал тооллогоор малчдын гэрээр явж байсан юм. Тэгэхэд Дэмбэрэлийнх гэх айлд шинэ хүүхэд төрсөн гээд шижимтэй байсан учраас бид гэрт нь оролгүй гаднаас малыг нь тоолоод явж байсан юм. Тухайн үед зуны улиралд мал тоолдог байсан бөгөөд хүн амын тооллого давхар явагдаж байсныг би сайн санаж байна. Сүүлд сонсоход тэр хүүхэд нь Д.Хөхөө байсан юм байна лээ” гэх мэдүүлэг,
8. Гэрч П.Цэвээний шүүхэд өгсөн: “Д.Хөхөө нь 1957 онд төрсөн юм. Миний мэдэхээр миний төрсөн дүү Нэргүйтэй нас чацуу, сургуульд хамт орж байсан юм гэж хэлж байхыг би дүүгээсээ сонссон юм. Манай дүү тахиа жилтэй, цагаан сараар Д.Хөхөөтэй нас чацуутнууд гэж хэлэгдэж байсан удаатай” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Д.Хөхөө нь Увс аймгийн Малчин суманд Дэмбэрэлийн гэр бүлд 1957 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдлээс 1981 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Д.Хөхөөд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт түүний төрсөн оныг 1957 он гэж бичсэн, цэргийн батлахад түүний төрсөн оныг 1957 он гэж бичсэн байдлууд, гэрч Б.Норов, П.Цэвээн нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Булчин овогт Дэмбэрэлийн Хөхөөг 1957 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрснөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Хөхөөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Булчин овогт Дэмбэрэлийн Хөхөөг 1957 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Хөхөөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР