| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 106/2021/0086/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/99 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.3.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/99
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,
Улсын яллагч Н.Мөнхцэцэг,
Шүүгдэгч/хохирогч Э.О-, Э.Э-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б- овогт Э-н О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Я-овогт Э-н Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2005032520039 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн 16 дугаар хороо... байрны ... тоотод оршин суудаг, /РД: / урьд ял шийтгүүлж байгаагүй, Б- овогт Э-н О.
2. Монгол улсын иргэн, ... оны ...дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, “...” ...-д зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .... дүүргийн ... дүгээр хороо, ... байрны .... тоотод оршин суудаг, /РД: / урьд ял шийтгүүлж байгаагүй, Я-овогт Э-н Э.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.О- нь өөрийн банк бус санхүүгийн байгууллагад тавьсан өр зээлийг төлөх зорилгоор “E-” гэх хаягаас “Плэштэйшн тоглоом хоногоор түрээсэлнэ” гэх зарын дагуу холбогдож “плэштэйшн тоглоом хоногоор түрээсэлж авна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч И.А-аар дамжуулан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн хажууд иргэн Э-ын эзэмшлийн “плэстэйшн-4” загварын 1 ширхэг тоглоомыг 30.000 төгрөгөөр 1 хоногийн хугацаатай түрээслэн авах нэрийдлээр өөртөө шилжүулэн авч мөн өдрөө “Д-” барьцаат зээлийн газарт 500.000 төгрөгийн барьцаанд тавьж залилсан,
Мөн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр хорооллын эцсийн автобусны буудал дээр дээрх түрээслэн авсан гэх “плэстэйшн-4” загварын 1 ширхэг тоглоомыг Э.Э-т хугацаа алдсан гэж 20.000 төгрөгийн хамтаар өгөх үед Э-аас “миний “плэстэйшн тоглоомыг худал хэлж авч ломбардад тавьсан байна, цагдаад өгнө” гэх шалтгаанаар маргаан үүсгэхэд Э.О- нь уг “плэстэйшн-4” тоглоомыг газарт шидэн дахин ашиглах боломжгүйгээр эвдэж гэмтээн Э.Э-т 650.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Э-нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр хорооллын эцсийн автобусны буудал дээр өөрийн эзэмшлийн бусдад хоногоор түрээслэн ашиг олдог “плэстэйшн-4” загварын 1 ширхэг тоглоомыг Э.О-д 1 хоногийн 30.000 төгрөгөөр түрээслүүлсэн боловч Э.О- нь уг түрээслэн авсан тоглоомыг хугацаандаа өгөөгүй болон төлбөр тооцооны асуудлаар маргаан үүсгэж, улмаар Э.О-ын нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Э.О-ын Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 9, 10 тал/,
Э-ын Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 11 тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн “...Иргэн Э-аас эд мөрийн баримтаар хураан авсан, 350х280 мм хэмжээтэй хар өнгийн ар талдаа үүргэвчтэй цүнх байв. Уг цүнхийг нээхэд 260х250х25 мм хэмжээтэй, MD567482356 кодтой хар өнгөтэй эд зүйл байв. Уг эд зүйлийн баруун доод талын МD567482356 код бичигдсэн хэсэг нь хагарч эвдэрсэн байв. Уг эд зүйлийг ажиллагаатай эсэхийг шалгаж үзэхээр Dell маркийн суурин компьютерт залгаж үзэхэд ажиллахгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 тал/,
“Д-” барьцаат зээлийн газрын “...үйлчлүүлэгч Энх-Амгалан овогтой О- ...Таблет PS4 slim 2 тоглоомтой зээл 500.000 төгрөг...” гэх гэрээ /хх-ийн 18 тал/,
Хохирогч Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 26-ны орой 8 цагийн үед фэйсбүүкээр нэг залуу 1 хоногийн хугацаатай “плэстэйшн 4”-г түрээслэхээр болсон. Тэр орой би өөрөө ажилтай байсан болохоор найз М-г 3 дугаар сургуулийн хажууд хүргээд өгөөд мөнгийг нь аваад ир гэж гуйсан. Манай найзын данс руу 30.000 төгрөг хийгээд 1 хоногийн хугацаатай түрээслэхээр нэг танихгүй залуу авч явсан гэж манай найз хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу 1 хоногийн дараа манай найз “плэстэйшн 4”-г буцааж авахаар тэр залуугийн фэйсбүүк хаяг руу “плэстэйшн-4”-г өө авья гэтэл лагерь дээр үлдээчихсэн байгаа ахиад 1 хоног сунгая гэж тэр танихгүй залуу манай найз руу чат бичсэн байсан. Тэр талаар манай найз над руу утасдаж хэлсэн. Тэгээд би анх түрээслэхдээ залгасан А- гэх залуугийн утас руу нь залгаад “...түрээсээ сунгах гэж байгаа бол уулзаад мөнгөө өгчихөө би байгаа газарт чинь яваад очъё гэсэн чинь тэр залуу намайг 11 дүгээр хороололд хүрээд ир...” гэсэн. Би 11 дүгээр хороололд очоод цаг гаруй хүлээгээд ирэхгүй болохоор нь А- гэх залуу руу залгатал би 6 буудалд явж байна гэхээр нь би яваад очьё гээд утсаа салгасан. Улмаар 6 буудал дээр очоод А- руу залгатал утсаа авахгүй 2, 3 удаа салгаж байгаад дахиад залгахад утсаа аваад “...манай найзын ах О- “плэстэйшн-4”-г аваад ломбардад тавьчихсан...” гэхээр нь би тэр залуугийн гэрийн хаягийг нь лавлаж асуутал гэрийн мэдэхгүй байсан. Тэгээд би тэр “плэстэйшн-4”-г түрээсэлсэн А- гэх залуу дээр очоод “би чамайг хайгаад өдөржин яваад ажлаа хийж чадсангүй тийм болохоор чи надад мөнгө нэмээд 100.000 төгрөг болгоод өгөөрэй” гэсэн. Тэр залуу “за маргааш О- ах ломбардаас ‘‘плэстэйшн-4”-г авахаар нь 100.000 төгрөгтэй хамт аваачаад өгнө гээд А- гэх залуу гэртээ орсон. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 28-нд над руу танихгүй дугаараас залгаад “плэстэйшн-4”-ийг 3 дугаар сургуулийн хажууд өгсөн газраа ирээд авчихаа гэхээр нь би хорооллын эцэст хүрээд ир гэсэн. 6 цагийн үед хорооллын эцэст би найз охинтойгоо хамт хүлээгээд зогсож байтал тэр залуу нэг танихгүй эмэгтэй, эрэгтэй хоёртоо хамт ирсэн. Тэгээд тэр залуу “плэстэйшн-4”-г 20.000 төгрөгний хамт эргүүлж өгөхөөр нь би авахгүй гэсэн. Яагаад гэвэл миний “плэстэйшн-4”-г худал хэлж аваад ломбардад тавьсан учраас би цагдаад гомдол гаргана авч чадахгүй гэсэн юм. Тэгтэл тэр залуу миний Playstation4-r зүүн гартаа барьж байгаад 20.000 төгрөгийн хамт газар руу шидчихээр нь би тэр залуугийн хойноос нь гараараа толгой хэсэгт нь 1 удаа цохисон. Хажууд хамт явж байсан 2 эмэгтэй бид 2-г салгаад цагдаа дуудсан. Тэр залуу миний тоглоомыг худлаа хэлж аваад ломбардад тавьсан учраас би тэр залууг цохисон. Улмаар миний “плэстэйшн-4” ажиллахаа больсон. ...2020 оны 10 дугаар сарын 28-нд миний тоглоомыг өгөх гээд хорооллын эцэст ирэхэд нь О-аас чи миний “плэстэйшн-4” тоглоомыг ломбарданд тавьсан уу гэж асуухад О- тиймээ гэсэн. Өмнө орой нь А- гэдэг залуугаас асуухад О- ах таны тоглоомыг анх ломбарданд тавих зорилгоор надаар авахуулсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/,
Хохирогч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 26-ны орой 8 цагийн үед фэйсбүүкээр зар харж байгаад “E-” гэсэн фэйсбүүктэй залуу руу яриад “плэстэйшн 4”-г 1 хоногийн хугацаатай түрээслэхээр 30.000 төгрөг төлөөд таньдаг дүүгээрээ 3 дугаар сургуулийн хажуугаас авахуулсан. Би 2 хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны орой “плэстэйшн-4’’-г буцааж өгөх гээд тэр залуугийн /E- гэсэн фэйсбүүктэй/ дугаар руу 5 цагийн үед ярихад очиж авч чадахгүй хорооллын эцэст хүрээд ир гэсэн. 6 цагийн үед хорооллын эцэст очиход тэр залуу хорооллын эцсийн ард талын автобусны буудал дээр намайг нэг танихгүй эмэгтэйтэй хамт хүлээгээд зогсож байсан. Би “плэстэйшн 4”-г 20.000 төгрөгийн хамт эргүүлж өгөхөд тэр залуу авахгүй гэсэн. Яагаад гэсэн чинь тэр залуу би чамайг өчигдөр ажлаа алдаж зөндөө хайж явсан 100.000 төгрөг өг гэсэн. Би илүү мөнгө өгч чадахгүй гээд “плэстэйшн 4”-г нь газарт тавьчихаад дээшээ өндийсөн чинь нүүр рүү гараа зангидаж байгаад 2, 3 удаа цохисон. Би эргүүлээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэр E- гэсэн фэйсбүүктэй залуу, нэг танихгүй эмэгтэйтээ хамт, бас манай эхнэр Н-, манай дүү Баярбаатар нар тэнд байсан. Би ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би “плэстэйшн-4” тоглоомыг түрээсэлж авсан оройгоо гэрийнхээ хажууд байдаг ломбардад 500.000 төгрөгөөр түрээсэлчихсэн юм. Тэгээд хугацаандаа буцаан өгч чадалгүй 2 хонуулаад түрээсийн үлдэгдэл мөнгөтэйгээ хамт хүргэж өгсөн. “Ломбардад тавьж авсан 500.000 төгрөгөөр банк бусын төлөлтөө хийсэн. Ломбардаас “Плэйстэшн-4” тоглоомыг буцаан авахдаа ажиллагааг нь шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай байсан. Би “плэстэйшн-4” тоглоомыг аваачаад өгөх гэтэл Э- авахгүй байсан. Би гартаа барьж зогсож байгаад доошоо шууд тавьчихсан юм. Тухайн газар нь угаасаа доошоо налуу газар байсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 31-32 тал/,
Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 26-ны орой 16 цагийн үед манай нөхөр нэг залуу руу залгаад “плэстэйшн 4”-өө авч ирж өгсөн газраа ирээд авчих гэж утсаар ярихад нөгөө залуу нь үгүй гээд маргалдаад байсан. Манай найз залуу за яахав байгаа газар нь хүргээд өгье гээд тэр залуугийн байгаа газрыг нь утсаар асуугаад хорооллын эцэст Сайн ломбардны урд талд хүрээд ир гэсэн. Бид 2 хорооллын эцсийн автобусны буудал дээр очоод машин дотор хүлээгээд байж байтал тэр залуу нэг эмэгтэйтэй хамт ирсэн. Манай нөхөр таксинаас буугаад тэр залуутай уулзсан. Манай нөхөр машин руу ирж байтал хойноос нь тэр залуу татаад нүүр рүү нь нэг удаа цохиод тэр 2 барьцалдаж аваад газарт унасан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Би машинаас буугаад цагдаа дуудсан. ...Би таксинд сууж байсан, ойролцоогоор 2 метрийн зайтай О- тэр Э- гэх залуутай маргалдаж байгаа юм шиг харагдсан. О- хар үүргэвчтэй “плэстэйшн-4”-ийг газарт доошлуулаад л тавих шиг болсон. Тэр жаахан хажуу тийшээ налуу зам байсан. Тэр нь дээрээс газар руу дээш нь тавьчихсан дээрээс нь мөнгө тавьсан. Яг тэр үед нь би таксинаас буугаад О-ыг дуудах гэж байтал тэр залуу хойноос нь цохисон. О- бүүр доошоо тонгойж бол тавиагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39, 48 тал/,
Гэрч Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз залуу Э- нь “плэстэйшн-4” тоглоомыг хоногийн 25.000 төгрөгөөр фэйсбүүкээр хүмүүст түрээсэлдэг. 2020 оны 10 дугаар сарын 28-нд манай найз залуу Э- түрээсэлсэн тоглоомоо авах гээд хорооллын эцсийн автобусны буудал дээр бид 2 машинтайгаа ирсэн. Тэнд манай найз залуугаас тоглоом түрээсэлсэн үл таних залуу, нэг эмэгтэй, нэг жоохон хүүхэдтэй хамт ирчихсэн байсан. Тэгээд би машиндаа сууж үлдээд манай найз залуу тоглоомоо авах гээд машинаас бууж тэр үл таних залуутай уулзаад зогсож байсан. Би машин дотроос хараад сууж байтал тэр үл таних залуу манай найз залуугийн түрээсэлдэг “плэстэйшн-4” тоглоомыг газар руу шидсэн чинь манай найз залуу Э- тэр үл таних залуугийн нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд тэр 2 хоорондоо барилцаж аваад нэг нэгнийгээ унагаах гэж байхад нь би машинаасаа бууж очоод тэр залуутай хамт явсан эмэгтэйтэй хамт Э- тэр залуу хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 44-45 тал/
Гэрч И.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 26-ны орой ангийнхаа Т-тэй хамт явж байтал Т-н хуурай ах нь гээд О- гэдэг залуу бид 2 дээр ирээд намайг “фэйсбүүкээр нэг залуугаас 1 хоногийн хугацаатай “плэстэйшн 4” нэр дээрээ түрээслээд аваад өгөөч” гэж гуйсан юм. Би орой 8 цагийн үед тэр үед “плэстэйшн 4” түрээсэлдэг залуугаас 1 хоногийн хугацаатай “плэстэйшн-4”-ийг түрээслэхээр болсон. Орой 3 дугаар сургуулийн хажууд очоод “плэстэйшн 4” түрээсэлж байгаа хүний данс руу 30.000 төгрөг хийгээд 1 хоногийн хугацаатай түрээсэлж аваад О- гэдэг ахад аваачиж өгсөн. Тэгтэл тэр О- гэдэг ах “плэстэйшн-4”-ийг ломбардад тавьчихаад маргааш аваад өгчихнө ах нь” гэж хэлсэн. Маргааш нь “плэстэйшн”-ийг буцааж авъя гээд нөгөө түрээсэлсэн ах над руу залгахаар нь “манай найзын ах нь “плэстэйшн-4”-ийг аваад ломбардад тавьчихсан, та дугаарыг нь авчих” гээд дугаарыг нь хэлж өгсөн. Анх Т-н ах нь над дээр ирээд “плэстэйшн-4”-ийг түрээслээд өгөөч ах нь өмнө авч байсан жаахан асуудалтай байгаа болохоор чи нэр дээрээ аваад өгчих” гээд мөнгийг нь өгсөн. Би “плэстэйшн-4” түрээсэлдэг ах руу холбогдоод 3 дугаар сургуулийн хажуунаас очиж аваад офицерт хүргэж өгсөн. Офицерт хүргэж өгчихөөд ломбардад тавих гэж авхуулсаныг нь мэдсэн. Надад анх ломбардад тавих талаараа хэлээгүй, “плэстэйшн-4”-ийг аваачиж өгөхөд л ломбардад тавина гэж тэр О- гэдэг ах хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,
Гэрч Н.Г-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр намайг “Д-” ломбард дээрээ ажлаа хийгээд байж байтал Э.О- гэж хүн бичиг баримтаа үзүүлж орж ирээд таблет “плэстэйшн-4”, “Slim 2” тоглоомтой видео тоглоомыг барьцаанд тавъя гэсэн. Ингээд үзэж шалгаад 500.000 төгрөгт барьцаанд тавьсан. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бичиг баримттайгаа буцаж ирээд уг тоглоомыг авсан. “плэстэйшн-4” тоглоомыг барьцаанд авахдаа болон буцааж өгөхдөө шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай ажиллаж байсан. Энэ хүн 2020 оны 10 дугаар сарын 17, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд “плэстэйшн-4” видео тоглоомыг барьцаанд тавьж буцаан авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/,
Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 26-ны орой Э- над руу залгаад “плэстэйшн 4”-г хүүхэд түрээслэе гэнэ, чи 3 дугаар сургуулийн хажууд аваачаад өгчих гэсэн. Би за гээд 3 дугаар сургуулийн хажууд 19 цагийн үед аваачиж өгсөн. “Плэстэйшн-4” түрээсэлж байгаа хүүхэд миний данс руу 30.000 төгрөг хийгээд 1 хоногийн хугацаатай түрээсэлж аваад явсан. “Плэстэйшн-4”-г тэр түрээсэлж байгаа хүүхдэд шалгаад өгсөн. 2 гартай, хар цүнхтэй тоглоомыг цүнхнээс нь гаргаад эвдрэл, гэмтэлгүй гэдгийг нь шалгуулаад хүлээлгэж өгсөн. Маргааш орой нь түрээсэлсэн хүүхэд рүүгээ залгатал утсаа авахгүй болохоор нь фэйсбүүкээр ороод чат бичтэл хугацаагаа дахиад сунгая гэхээр нь Э-т хугацаагаа сунгая гэж байна гэдгийг нь хэлсэн. Би дахиж тэр хүүхэдтэй холбоо бариагүй. “Плэстэйшн-4”-г түрээслүүлэх гэж өгөхдөө бүгдийг нь шалгаж өгсөн, зүгээр хэвийн ажиллагаатай байсан болохоор түрээсэлж байгаа А- гээд хүүхэд үзэж шалгаад аваад явсан. Ямар нэгэн эвдрэл, гэмтэл байгаагүй. Би Э-тай 6 жилийн өмнө танилцаж байсан найзууд, тухайн үед нэг тоглоом нь надад байсан болохоор шууд аваачаад өгчих гэсэн юм. Тэгээд би 3 дугаар сургуулийн хажууд аваачиж өгөхдөө шалгуулаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12478 дугаартай “...Э.О-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 60-61 тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №БГ2-20-1126 дугаартай “...Иргэн Э.О-ын өмсөж явсан хувцаснуудыг 120.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 65-69 тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №БГ2-20-1132 дугаартай “...Playstation 4 загвар 650.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 71-72 тал/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 117, 118, 129, 131 тал/,
Хохирогч Э.О-ын гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож нэхэмжилсэн нэхэмжлэл, баримтууд /хх-ийн 123-128 тал/,
Хохирол төлбөрт тооцож 650.000 төгрөг хохиролд тооцож өгсөн талаарх талуудын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 130, 132 тал/,
Шүүгдэгч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 26-ны орой 8 цагийн үед фэйсбүүкээр зар харж байгаад E- гэсэн фэйсбүүктэй залуу руу яриад “плэйстэшн-4”-г 1 хоногийн хугацаатай түрээслэхээр 30.000 төгрөг төлөөд А-, Б- хоёроор Монгол 3 дугаар сургуулийн хажуугаас авахуулсан. Орой нь “плэйстэшн-4” тоглоомыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Д-” барьцаалан зээлдүүлэх газарт 500.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд 500.000 төгрөгөө хувьдаа зарцуулчихсан. Би 2 хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны орой “плэйстэшн-4” тоглоомыг буцааж өгөх гээд Э- гэх залуугийн 99874111 дугаар руу 5 цагийн үед яриад тоглоомоо ирээд авчих гэтэл ...очиж авч чадахгүй хорооллын эцэст хүрээд ир гэсэн. Орой 18 цагийн үед хорооллын эцэст очиход Э- гэх залуу хорооллын эцсийн ард талын автобусны буудал дээр намайг нэг танихгүй эмэгтэйтэй хамт хүлээгээд зогсож байсан. Би “плэйстэшн-4” тоглоомыг 20.000 төгрөгийн хамт эргүүлж өгөх гэтэл Э- надаас 100.000 төгрөг нэмж өг, тэгэхгүй бол тоглоомоо буцаан авахгүй гэсэн. Би чамд илүү мөнгө өгч чадахгүй гээд тоглоомыг нь барьж зогсож байгаад 20.000 төгрөгийн хамт газарт тавьчихаад эргээд явах гэтэл хойноос татаад нүүр рүү гараа зангидаж байгаад цохисон. ...Мөнгөний хэрэг гараад ломбардад тавьчихсан. Ломбардад тавьсан 500.000 төгрөгөө хувьдаа зарцуулаад дуусчихсан. Би 2020 оны 10 дугаар сарын 28-нд банк бусын төлөлтөө хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-111 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирол төлбөрөө төлсөн. Бие биенээсээ уучлалт гуйсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 26-ны орой 8 цагийн үед фэйсбүүкээр А- гэх хүүхэд 1 хоногийн хугацаатай “плэйстэшн 4”-г түрээслэхээр болсон. Тэр орой би өөрөө ажилтай байсан болохоор найз Мөнхтулгыг 3 дугаар сургуулийн хажууд хүргэж өгөөд мөнгийг нь аваад ир гэж хэлээд явуулсан. Тэгээд 1 хоногийн дараа М- “плэйстэшн-4”-г буцааж авахаар А- гэх залуугийн фэйсбүүк хаяг руу “плэйстэшн-4” тоглоомоо авья гэтэл лагерь дээр үлдээчихсэн байгаа ахиад 1 хоног сунгая гэж чат бичсэн байсан. Улмаар М- над руу утасдаж хэлсэн. Би анх түрээслэхдээ залгасан А- гэх залуугийн утас руу нь залгаад түрээсээ сунгах гэж байгаа бол уулзаад мөнгөө өгчих би байгаа газарт чинь яваад очьё гэсэн чинь А- намайг 11 дүгээр хороололд хүрээд ир гэсэн. Тэгээд би 11 дүгээр хороололд очоод цаг гаруй хүлээгээд ирэхгүй болохоор нь А- гэх залуу руу залгатал би 6 буудалд явж байна гэхээр нь би яваад очьё гээд утсаа салгасан. 6 буудал дээр очоод А- руу залгатал утсаа авахгүй 2, 3 удаа салгаж байгаад дахиад залгахад утсаа аваад манай найзын хуурай ах О- “плэйстэшн-4”-г надаар авахуулаад ломбардад тавьчихсан гэсэн. Би тэр “плэйстэшн-4”-г түрээсэлсэн А- гэх залуу дээр очоод би чамайг хайгаад өдөржин яваад ажлаа хийж чадсангүй тийм болохоор чи надад мөнгө нэмээд 100.000 төгрөг болгоод өгөөрэй гэсэн. А- гэх залуу за маргааш О- ах ломбардаас “плэйстэшн-4”-г авахаар нь 100.000 төгрөгтэй хамт аваачаад өгнө гээд гэртээ орсон. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр над руу танихгүй дугаараас залгаад “плэйстэшн-4” тоглоомоо 3 дугаар сургуулийн хажууд анх өгсөн газраа ирээд авчихаа гэхээр нь би хорооллын эцэст хүрээд ир гэсэн. 18 цагийн үед хорооллын эцэст би найз охин Мөнхнарантай хамт хүлээгээд зогсож байтал О- ирсэн. О- “плэйстэшн-4”-г 20.000 төгрөгийн хамт надад өгөхөөр нь би авахгүй гэсэн. Яагаад гэвэл миний “плэйстэшн-4”-г худал хэлж аваад ломбардад тавьсан учраас би цагдаад гомдол гаргана авч чадахгүй гэсэн юм. О- гэх залуу миний “плэйстэшн-4”-г зүүн гартаа барьж байгаад 20.000 төгрөгийн хамт газар руу шидчихээр нь би тэр залуугийн хойноос гараараа толгой хэсэгт нь 1 удаа цохисон. Миний “плэйстэшн-4” тоглоом эвдрээд ажиллахаа больсон. “Плэйстэшн-4” тоглоомыг газар руу шидсэнийг Мөнхнаран машин дотроос хараад сууж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би О-ын биед гэмтэл учруулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон. Би О-ын цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33, 87 тал/, гэрч Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр О- нь төлөв даруу зантай, нийтэч, хөдөлмөрч хүнтэй ам зөрөөд байдаггүй, үг дуу цөөтэй, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй ямар нэгэн муу зуршилгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/, оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 88 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 89 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 91 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 тал/
Шүүгдэгч Э-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 78 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 80 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 82, 84 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 85 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.О-, Э.Э-нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 34-35, 36-37, 42-43, 46-47 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх дүгнэвэл:
Нэг. шүүгдэгч Э.О- нь өөрийн банк бус санхүүгийн байгууллагад тавьсан өр зээлээ төлөх зорилгоор “E-” гэх хаягнаас “плэйштэйшн тоглоом хоногоор түрээслэнэ” гэх зарын дагуу холбогдож “плэйштэйшн тоглоом хоногоор түрээсэлж авна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч И.А-аар дамжуулан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн хажууд иргэн Э-ын эзэмшлийн “плэйштэйшн-4” загварын 1 ширхэг тоглоомыг 30.000 төгрөгөөр 1 хоногийн хугацаатай түрээслэн авах нэрийдлээр өөртөө шилжүулэн авч, мөн өдрөө “Д-” барьцаат зээлийн газарт 500.000 төгрөгийн барьцаанд тавьж залилсан,
Мөн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хорооллын эцэст уг “плэстэйшн-4” загварын 1 ширхэг тоглоомыг Э.Э-т хугацаа алдсан гэж 20.000 төгрөгийн хамтаар буцаан өгөх үед Э-аас “миний “плэстэйшн тоглоомыг худал хэлж авч ломбардад тавьсан байна, цагдаад өгнө” гэх шалтгаанаар маргаан үүсгэхэд “плэстэйшн-4” тоглоомыг газарт шидэн дахин ашиглах боломжгүйгээр эвдэж гэмтээн Э.Э-т 650.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Энэ үйл баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл, “Д-” барьцаат зээлийн газрын “...үйлчлүүлэгч Энх-Амгалан овогтой О- ...Таблет PS4 slim 2 тоглоомтой зээл 500.000 төгрөг...” гэх гэрээ, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №БГ2-20-1132 дугаартай “...Playstation 4 загвар 650.000 төгрөг...” гэх тайлан, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Э-, гэрч И.А-, Н.Г-, Г.М-, Б.Н-, Н.М- нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.О- нь плэйштэйшн тоглоом хоногоор түрээсэлнэ гэж авах нэрийдлээр хохирогч Э-ын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, улмаар “Д-” барьцаат зээлийн газарт 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” буюу “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг,
хохирогч Э-ын эзэмшлийн “плэстэйшн-4” тоглоомыг газарт шидэн ашиглах боломжгүйгээр эвдэж гэмтээн 650.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах гэмтээх” буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Иймд прокуророос шүүгдэгч Э.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, шүүгдэгч Э.О-ыг “Залилах гэмт хэргийг буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн “Эд хөрөнгө устгах, гэмтээх буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгч Э.Э-нь Э.О-ыг плэйштэйшн тоглоомыг буцаан өгөх үед плэйштэйшн тоглоомыг түрээслэнэ гэж аваад ломбардад тавьсан, хугацаа хэтрүүлсэн мөнгийг бүрэн өгөхгүй байна гэсэн шалтгаанаар түүнтэй маргалдан, улмаар нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон байна.
Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Э.О-ын Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл, хохирогч Э.О-, гэрч Б.Н-, Н.М- нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12478 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогджээ.
Тодруулбал, шүүгдэгч Э-ын хохирогч Э.О-ын нүүрэн тус газар цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Э.О-ын биед хөнгөн зэргийн гэмтэл буюу хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учирсан болох нь хэргийн 60-61 дэх талд авагдсан шинжээч эмчийн 12478 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 12478 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Э-ыг хохирогч Э.О-тай “плэйштэйшн-4” загварын 1 ширхэг тоглоомын төлбөр тооцооны асуудлаар маргаан үүсгэж, улмаар “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир шүүгдэгч Э-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.О-, Э-ын хэн хэнийх нь үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э-т 650.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч Э.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нь тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч нар гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар хоорондоо тохиролцсон, тодруулбал, Э.Э-нь Э.О-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг төлөх төлбөртөө эд хөрөнгийн хохирол болох 650.000 төгрөгийг тооцсон, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг хоорондоо тохиролцсон, энэ шүүх хуралдаанд гаргуулах, хохирол төлбөр байхгүй гэж тус тус мэдүүлсэн.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.О-, Э.Э-нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч Э.О- нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, энэ талаар шүүгдэгч/хохирогч нар хоорондоо тохиролцсон гэж мэдүүлж байх тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.О-ыг “Эд хөрөнгө устгах, гэмтээх”, “Залилах”, шүүгдэгч Э-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.О-, Э.Э-нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Э.О-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Э.Э-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулсныг тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.О-, Э.Э-нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан талаар тохиролцсон байдал, талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч Э.О-, Э.Э-нарт оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О-, Э.Э-нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.О-, Э.Э-нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Э-н О-ыг “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...”, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Я-овогт Э-н Э- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.О-ын биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-, Э.Э-нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.О-, Э.Э-нарт сануулсугай.
6. Хохирогч Э.О- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.О-, Э.Э-нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.О- нь Э.Э-т хохирол хор уршигт тооцож 650.000 /зургаан зуу тавин мянга/-н төгрөг нөхөн төлсөн, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-, Э.Э-нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА