Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 230

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багт оршин суух, 1977 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, РД:ОН77042568, Баруун засгууд овогт Мягмарын Отгонцэцэгийн хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Отгонцэцэг, нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгч М.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Мягмар овогтой Отгонцэцэг нь 2013 онд нөхөр Д.Пүрвээтэй хамт амьдрахаас өмнө хүү О.Сүндэвийг 2003 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрүүлж хүүтэйгээ хамт амьдарч байгаад Д.Пүрвээтэй 2013 оноос эхлэн хамт амьдрах хугацаанд охин П.Хишигдэлгэрийг 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдөр, хүү П.Түмэн-Өлзийг 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төрүүлж, эцэг Д.Пүрвээгээр овоглосон. Д.Пүрвээтэй хамт амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулахаар сумынхаа иргэний бүртгэгчид хандсан боловч Д.Пүрвээгийн регистрийн ОН68111271 гэсэн дугаар нь Түргэн сумын Рашаант багийн иргэн Санжмятавын Басан гэх хүний регистрийн дугаартай давхцсан байна гэсэн шалтгаанаар гэрлэлтийг баталж өгөөөгүй. Гэтэл нөхөр Д.Пүрвээгийн бие өвдөж байгаад өвчний улмаас 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нас барж миний бие 3 хүүхдийн хамт үлдсэн. Одоо хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай байх тул намайг Д.Пүрвээтэй 2013 оноос 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ. 

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч М.Отгонцэцэг нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

      Xэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэдийгээр Д.Пүрвээ, М.Отгонцэцэг нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч тэдний дундаас төрсөн охин П.Хишигдэлгэр, хүү П.Түмэн-Өлзий нарын төрсний гэрчилгээнд эцгийн нэр “Пүрвээ”, эхийн нэр “Отгонцэцэг” хэмээн бичигдсэн байна.

     Д.Пүрвээ нь 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан болох нь №005 тоот нас барсны гэрчилгээний хуулбаар нотлогдож байна.

    Мөн гэрч Б.Энхбаярын шүүхэд өгсөн: “М.Отгонцэцэг, Д.Пүрвээ хоёр нь сүүлийн 2-3 жилд хамт амьдарсан юм. Хамт амьдрах хугацаандаа 2 хүүхэдтэй болсон. Д.Пүрвээ 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр өвчний улмаас нас барсан бөгөөд би тухайн үед эхнэрийн хамтаар ажилд явдалд нь оролцсон. Анх М.Отгонцэцэг нь манай ахынд ирэхдээ 4 дүгээр ангийн Сүндэв гэх хүүхэдтэйгээ ирсэн бөгөөд П.Түмэн-Өлзий, П.Хишигдэлгэр гэх охин, хүү хоёр төрүүлсэн. М.Отгонцэцэг одоо 3 өнчин хүүхэдтэй Увс аймгийн Түргэн сумандаа амьдарч байгаа. Тухайн үед М.Отгонцэцэг, Д.Пүрвээ нар гэрлэлтээ батлуулахаар иргэний бүртгэлийн газарт очиход хадам ахын регистрийн дугаар нь өөр хүнийхтэй давхацсан учраас бүртгээгүй гэж сонсож байсан. Одоо хүүхдүүддээ тэтгэмж тогтоолгох гэхээр эцэг эхийнх нь гэрлэлтийн гэрчилгээ байхгүй тул шүүхэд хандаж байгаа юм байна лээ” гэх мэдүүлэг,

       Гэрч Б.Бадамхандын шүүхэд өгсөн: “М.Отгонцэцэг, Д.Пүрвээ хоёр нь 2014 оноос 2016 оны 9 дүгээр сар хүртэл хамт амьдарсан бөгөөд, хамт амьдрах хугацаандаа П.Хишигдэлгэр, П.Түмэн-Өлзий гэх 2 хүүхэдтэй болсон. Д.Пүрвээ 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр өвчний улмаас нас барсан бөгөөд манай нөхөр ажилд явдалд нь оролцсон. Анх М.Отгонцэцэгийг бэр болгож авахад нь би өөрөө бэргэн болж очиж байлаа. Тухайн үед найр хурим хийж сүр дуулиан болоогүй бөгөөд М.Отгонцэцэг нь Сүндэв гэх хүүгийн хамтаар ирж байсан. М.Отгонцэцэг, Д.Пүрвээ нар Улаангом руу шилжинэ гээд ярьж байгаад гэрлэлтээ батлуулж амжилгүй Д.Пүрвээ нь нас барсан юм шиг байна лээ. М.Отгонцэцэг өөрөө ажилгүй, тааруухан амьдралтай учраас хүүхдүүддээ тэтгэмж тогтоолгох гэхээр гэрлэлтийн гэрчилгээ байхгүй тул шүүхэд хандаж байгаа юм” гэх мэдүүлэг тус тус шүүхэд өгчээ. 

      Иймд нэхэмжлэгч М.Отгонцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Б.Энхбаяр, Б.Бадамханд нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн 1977 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, РД:ОН77042568, Баруун засгууд овогт Мягмарын Отгонцэцэгийг 1968 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, РД:ОН68111271, Талаанхан овогт Дэмбэрэлийн Пүрвээтэй 2013 оноос 2016 оны 9 дүгээр сарбын 24-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч М.Отгонцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар 1977 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, РД:ОН77042568, Баруун засгууд овогт Мягмарын Отгонцэцэгийг 1968 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, РД:ОН68111271, Талаанхан овогт Дэмбэрэлийн Пүрвээтэй 2013 оноос 2016 оны 9 дүгээр сарбын 24-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.      

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч М.Отгонцэцэгийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлснийг дурдсугай.

       3. Энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР