| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00242/И |
| Дугаар | 234 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 234
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9016001018, РД:5341469, Төрийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг Улаангом сум 7-р баг 22-52 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЖ69021518, Нуур долоон овогт Хүүхээгийн Мангалжав,
Хариуцагч: Увс аймаг Улаангом сум 7-р баг 22-52 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЭ72121000, Цагаагчууд овогт Ванчингийн Оюунцэцэг нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 25.385.743,78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Х.Мангалжав, хамтран зээлдэгч В.Оюунцэцэг нар нь Төрийн банкнаас 2014 оны 5 дугаар сарын 23-нын өдөр 162000264842 тоот зээлийн гэрээний дагуу 30.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдпөр 162000306007 тоот зээлийн гэрээний дагуу 5.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр тус тус зээлдэн авсан. Зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу 900 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, 77 м.кв автограж, FAW маркын хүнд даацын автомашин, Исузу Элф маркын бага оврын ачааны автомашин, 8 ханатай бүрэн тавилгатай гэр тус тус барьцаалсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч Х.Мангалжав нь үндсэн зээлийн төлбөрт болон, үндсэн хүүний төлбөрийг 265 хоног хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 20.969.996,28 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 4.392.247,50 төгрөг, нотариатын зардал 23.500 төгрөг, нийт 25.385.743,78 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Х.Мангалжав, В.Оюунцэцэг нар нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул 162000264842, 162000306007 тоот зээлийн гэрээнүүдийн 6.2-д заасны дагуу гэрээг цуцалж өгнө үү, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 25.362.243,78 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 23,500 төгрөг, нийт 25.385.743,78 төгрөгийг зээлдэгч Х.Мангалжав, В.Оюунцэцэг нараас гаргуулж Төрийн банкийг хохиролгүй болгож өгнө үү, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 162000264842, 162000306007 тоот зээлийн гэрээнд заасан барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Мангалжав, В.Оюунцэцэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Х.Мангалжав, В.Оюунцэцэг бид Төрийн банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо нэхэмжилж байгаа 25.385.743,78 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв төлж чадаагүй тохиолдолд.барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Х.Мангалжав, В.Оюунцэцэг нарын гаргасан тайлбартай танилцлаа. Тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Х.Мангалжав, В.Оюунцэцэг нарт зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 25.385.743,78 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг төлөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Мангалжав, В.Оюунцэцэг нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 25.385.743,78 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь Х.Мангалжав, В.Оюунцэцэг нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Х.Мангалжав, В.Оюунцэцэг нар нь Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 25.385.743,78 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Төрийн банк нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284.761 төгрөг төлсөн ба тал хувь болох 142.381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 142.381 төгрөг, хариуцагч Х.Мангалжав, В.Оюунцэцэг нараас 142.381 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны болох зээлийн гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 25.385.743,78 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Х.Мангалжав, В.Оюунцэцэг нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкнаас тэмдэгтийн хураамжид төлсөн 284.761 төгрөгөөс 142.381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 142.381 төгрөг, хариуцагч Х.Мангалжав, В.Оюунцэцэг нараас 142.381 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Увс салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Х.Мангалжав, В.Оюунцэцэг нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР