Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/109

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч Г.Билгүүжин,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч А.Кадирбек /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2631/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б-ы Н-д холбогдох эрүүгийн 2005027481589 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын харилцаа мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар бичил хороолол,... байрны ...тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух, /РД: /,

Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 84 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2020 оны 5 дугаар сарын 10-наас 5 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт *** байрны *** тоотод байсан хохирогч М.Э-т “жолооны С, Е үнэмлэх дарж өгнө” гэж хуурч, 3 удаагийн гүйлгээгээр нийт 450.000 төгрөгийг Хаан банкны *** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Н- нь 2020 оны 5 дугаар сарын 10-наас 5 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт *** байрны *** тоотод оршин суух хохирогч М.Э-т “жолооны С, Е үнэмлэх дарж өгнө” гэж хуурч, 3 удаагийн гүйлгээгээр нийт 450.000 төгрөгийг Хаан банкны *** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан хохирогч М.Э-ын өргөдөл, мессежний хуулга /хх-ийн 5, 6-7 тал/,

Гэрч *** Хаан банкны “...*** тоот дансанд 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 250.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 100.000 төгрөг шилжүүлсэн...” депозит дансны хуулга /хх-ийн 8-10 тал/,

Хохирогч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хүнд машин механизм жолоодох ажлаар хөдөө явахаар болсон юм. Надад жолооны ангилал байхгүй улмаас өөрийн фэйсбүүк хаягт ороход “Приүс машин эзэмшигчид” гэх группт жолооны ангилал дарна, жолооны үнэмлэх гаргаж өгнө гэх зар байсан ба тус зарын дагуу “Н Б” гэх фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдсон. Ингээд Н- гэх хүнээс жолооны ангилал гаргах талаар асуухад чадна гэсэн ба намайг дугаараа өгчих гэхээр нь *** дугаарыг өгөхөд над руу *** дугаараас залгаад “Ах нь ямар ч ангилал дарна, хаясан жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж хэлсэн. Улмаар уулзахаар болоод 2020 оны 5 дугаар сарын 07 билүү 08-ны өдөр Н- гэх хүний гэрийн гадна буюу Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хорооллын Өнөр хорооллын гадна уулзсан ба жолооны ангиллын талаар ярилцахад “Ах нь ямар ч асуудалгүй гаргаад өгнө” гэхээр нь хэдээр гаргах юм гэхэд 250.000 төгрөгөөр С, Е ангилал даруулахаар тохиролцоод салсан. Тэгээд эхнэр Б-тэй утсаар яриад би С, Е ангилал даруулахаар боллоо би чам руу данс явуулъя энэ данс руу 250.000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлээд эхнэр Б-н *** тоот хаан банкны данснаас Н-ын эхнэр гэх А- гэх хүний Хаан банкны *** тоот данс руу төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Маргааш нь Н- над руу холбогдоод дахин 200.000 төгрөг нэмж өг тэгэхгүй бол гарахаа больчихлоо гэж хэлэхээр нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 100.000 төгрөгийг А-ийн данс руу шилжүүлсэн ба дахин 100.000 төгрөгийг 7 хоногийн дараа А-ийн данс руу хийсэн ба нийт 450.000 төгрөгийг шилжүүлсэн өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл надад жолооны ангилал дарж өгсөн зүйл байхгүй ба утсаар нь лавлаж асуухаар утсаа авахгүй, худлаа яриад алга болчихоод байсан болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Замын цагдаагийн лицензийн төвд манай таньдаг ах байгаа би тэр ахаар дамжуулан гаргаж өгнө гэж анх надад хэлсэн ба дараа нь асуухад манай ах хөдөө ажлаар явчихсан байгаа гэж худлаа яриад байсан юм. Мөн надаас ТҮЦ машинаас жолооны унэмлэхийн лавлагаа авхуулан авч үлдсэн. ...Надад ямар нэгэн байдлаар жолооны ангилал дарж өгсөн зүйл байхгүй ба утсаар нь лавлаж асуухаар утсаа авахгүй, худлаа яриад алга болчихоод байсан цагдаагийн байгууллагад хандсан. ...Хэлсэн бол би шалгалтад нь хамрагдчих байсан. Гэтэл намайг цагдаагийн байгууллагад хандсанаас хойш гэнэт шалгалтад чи ирээгүй гээд худлаа яриад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 15 тал/,

Гэрч ***-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр Э- миний дансанд мөнгө хийчихдэг юм.  Манай нөхөр хөдөө ажилд явах гээд жолооны ангилал даруулах шаардлагатай болчихоод фейсбүүк дээрээс ангилал дарж өгнө гэх зараар нэг хүнтэй холбогдсон байсан. Тэгээд нөгөө хүнтэйгээ 1 дүгээр хороололд уулзах гээд очсон ба тухайн уулзсан хүн нь манай ах цагдаад ажилладаг жолооны үнэмлэхийн ангилал асуудалгүй гаргаж өгнө гэж хэлээд 2020 оны 5 дугаар сард түр үнэмлэх гаргаж өгнө, 2020 оны 7 дугаар сард жинхэнэ жолооны үнэмлэх дээр нь ангилал даруулж өгнө гэж хэлсэн байсан. ...Би *** тоот данс руу 250.000 төгрөг, дараа нь 100.000 төгрөгөөр 2 удаа нийт 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч одоог хүртэл ангилал даруулсан зүйл байхгүй. Худлаа яриад алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Шүүгдэгч Б.Н-ын Төрийн банкны дансны “...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөг...” гэх Э-т 200.000 төгрөг төлсөн талаарх хуулга /хх-ийн 24 тал/,

Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22/1907 дугаартай “...Тээврийн хэрэгслийн С ангилал нэмэх шалгалтад орох шалгуулагч нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/46 А/49 дүгээр хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтын 3.1.4-д зааснаар “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад орох тохиолдолд “В” ангиллын тээврийн хэрэгслийг 3 сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан” байх шаардлагатай бөгөөд шалгуулагчийг жолооч бэлтгэх сургалтын байгууллага нь орохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө...” тус төвийн жолооны шалгалт өгөх иргэдийн мэдээллийн систем” /http://dedu.police.gov.mn/-д бүртгүүлсэн байна.

Шалгуулагч шалгалтад орохдоо дээрх журмын 3.2-т заасан материалыг иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт, эрүүл мэндийн үзлэгийн хуудас, жолооны эрхийн үнэлгээний хуудас, цээж зураг, жолоодох эрхийн үнэмлэхийн хамт бүрдүүлэх ба журмын 4.5.2-д заасан “С”, “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах тохиолдолд онолын шалгалтыг нэмэлт мэдлэгийн тестээр, дадлагын шалгалтыг тусгай талбайд өгч тэнцсэнээр ангилал нэмүүлэх эрх үүснэ.

Хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2015 оны А/185, А/405 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөр”-т зааснаар “С” ангилал нэмүүлэх суралцагч нь онолын 16, жолоодлогын дадлагын 16, нийт 32 цагийн сургалтын хөтөлбөрийг хангасан байх шаардлагатай...” гэх албан бичиг /хх-ийн 85 тал/,

Мөрдөгчийн утсаар ярьсан тэмдэглэлүүд /хх-ийн 76-82 тал/,

Мэдэгдэх хуудас хүргүүлсэн тухай баримтууд /хх-ийн 88-90 тал/,

Хохирогч М.Э-ын Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “...Б.Н-ад миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй учраас Б.Н-тай холбоотой холбогдох хэргийг хааж өгнө үү. Н-аас авах нийт 450.000 төгрөгийг бүрэн авсан. Гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 128 тал/,

О.А-ын Хаан банкны депозит дансны “...2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 100.000 төгрөг...” гэх дансны хуулга /хх-ийн 134-138 тал/,

Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би мэдүүлэг өмгөөлөгчтэй өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Би фэйсбүүк хаягт жолооны ангилал даруулна гэх зарын доод хэсэгт өөрийн утасны дугаар буюу *** дугаарыг тавьсан. Үүний дагуу Э- гэх хүн надтай холбогдоод “С” ангилал даруулах гэсэн юм гэж хэлээд анх надтай холбогдож байсан. Би Э- гэх хүнтэй 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо Өнөр хотхоны машины зогсоол дээр уулзсан ба тухайн үед надад жолооны үнэмлэхийн лавлагаа өгөөд би С ангилал дарж өгөхөөр тохиролцож байсан. Ингээд Э-аас 250.000 төгрөгийг эхнэр А-ын *** дугаарын дансанд авч байсан. Э- нь өөрөө жолооны шалгалтад очиж суух байсан боловч суугаагүй болохоор жолооны ангилал даруулах хугацаа хойшилсоор байгаад өнөөдрийг хүрсэн ...450.000 төгрөг авсан ба 250.000 төгрөг ангилал даруулах гэж сүүлд 200.000 төгрөгийг нь сүүлд нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Э-ыг шалгалтанд оруулах гэтэл өөрөө хөдөө явсан байсан. ...Би залилсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн. Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд нь 8 настай, бага хүүхэд нь 5 настай...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.                         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Н-аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 19-20 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.  

Шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтооход: Шүүгдэгч Б.Н- нь жолооны С, Е ангилал дарж өгөх эрх бүхий этгээд биш атлаа “хохирогч М.Э-т жолооны С, Е ангилал дарж өгнө” гэж хуурч, 3 удаагийн гүйлгээгээр нийт 450.000 төгрөгийг Хаан банкны *** дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь тогтоогджээ.

Тодруулбал, Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22/1907 дугаартай албан бичиг, банкны дансны шилжүүлгийн баримт, хохирогч, шүүгдэгч нарын хоорондын мессэжээр харилцсан байдал, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл, хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Б.Н-ыг  “Залилах гэмт хэргийг буюу хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-т 450.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Б.Н- нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд тус мөнгийг хохирогчид нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Н-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Н- нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 тал/, гэрлэлт бүртгэлийн тухай лавлагаа /хх-ийн 35 тал/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 52 тал/, Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1574 дугаартай “...*** Н- нь *** аймгийн *** сум, 1 дүгээр баг *** тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байна...” гэх албан бичиг,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 54 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 55-75 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 83, 84 тал/, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-43 тал/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судласан.

Шүүгдэгч Б.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамаарна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн хувийн зан байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хуулинд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзаж, шүүгдэгч Б.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, түүнд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзаж торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Б.Н-ад оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Б-ны Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Залилах буюу хуурч ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 2000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 4 /дөрөв/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н-ад сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Э-т хохиролд тооцож 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА