Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 181/2018/00113/И |
Дугаар | 001/ХТ2018/01478 |
Огноо | 2018-10-23 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2018/01478
Б.Н-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00475 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1136 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ЭМЯаманд холбогдох,
Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, Д.Хэрлэнчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Монгол Улсын ЭМ сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/151 дугаар тушаалаар Б.Н намайг ЭМ хөгжлийн төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн томилсон ба хөдөлмөрийн гэрээг ЭМ хөгжлийн төвийн захирал томилогдох хүртэл хугацаагаар 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн байгуулсан. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЭМяамны сайдын 1а/4768 дугаартай ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл ирсэн ба ямар үндэслэлээр, ямар зөрчлөөр ажлаас чөлөөлж байгаа талаар байгаагүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдсэн ба ЭМсайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн байсан. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Ажлаас чөлөөлөх тушаал гарах үед Эрүүл хөгжлийн төвийн ерөнхий захирал томилогдоогүй байсан.
Ажлаас халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг. Гэрээгээр үүрэг болгосон зохицуулалтыг тухайн байгууллагын эрхэмлэвэл зохих зорилго чиг үүрэгтэй харьцуулж үзэж ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй. Яг ямар ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг байхгүй байхад зөрчил гаргасан гэж үзэх, зөрчлийг хууль ёсны дагуу шалгаад хариуцлага хүлээлгэсэн гэж үзэх үндэслэлгүй. Ажил олгогчийн тушаал нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байх ёстой.
Иймд ЭМ айд Д.Сарангэрэлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/151 дугаартай тушаалаар ЭМхөгжлийн төвийн Ерөнхий захирал томилогдох хүртэл хугацаагаар тухайн албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан. Б.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ЭМсайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Энэ нь хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т заасан ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг болон ЭМсайдын баталсан холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журамд ЭМсайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/472 тоот хамтарсан тушаалын 1.5-д заасан өдөр тутмын үйл ажиллагааг ЭМхөгжлийн төв буюу цаашид удирдан зохион байгуулж хийнэ. Энэхүү ажлын алба нь тус журмын 3.2-т заасан төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн сургалтад элсэгч, төгсөгчдөд улсын нэгдсэн сургалтыг зохион байгуулах, сургалт дүүргэснийг гэрчлэх мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээг эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулан олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэхүү баталгаажуулах хүртэлх ажлыг хийх чиг үүргээ ЭМхөгжлийн төв хангалтгүй биелүүлж байсан. Өөрөөр хэлбэл, Б.Нг ЭМхөгжлийн төвийн захирлаар ажиллаж байх хугацаанд буюу ЭМдэд сайд, Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичиг, түүнээс хойш хүргүүлсэн 10 гаруй удаагийн зөвлөмж, чиглэл хүргүүлсэн боловч ажилд нь алдаа зөрчил гарсан хэвээр, зөвлөмж чиглэлийн хэрэгжилтийн тайланг огт ирүүлээгүй, ЭМбайгууллагаас өргөдөл, гомдол ирсээр байсан тул ноцтой зөрчил гаргасан, ЭМхөгжлийн төвийн захирлыг томилох хүртэл ажил албан тушаалд нь ажиллуулах боломжгүй гэж үзэж ЭМсайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайн ажилтныг томилсон албан тушаалтан хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ биелүүлээгүй гэж үзвэл ноцтой зөрчил гэж үзнэ гэж үзэж байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00475 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нг эрхэлж байсан ЭМхөгжлийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, шаардлагаас Монгол Улсын ЭМсайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, олговорт шаардсан дүнгээс үлдэх 654 744,8 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ЭМяамнаас олговорт 2 579 297,2 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан олговорт олгогдох 2 579 297,2 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, ЭМдаатгалын дэвтэрт 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч ЭМяаманд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ЭМяамнаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 56 219 төгрөг бүгд 126 419 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1136 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...ЭМяам ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд “Хууль, УИХ болон Засгийн газрын тогтоол, шийдвэр, ЭМсайдын тушаал яамны удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, тогтоосон хугацаанд бичгээр тайлан мэдээлэл гаргаж өгөх”, “Төвийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах”, “Төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах, төлөвлөлт, хяналт үнэлгээг нэгдсэн удирдлагаар хангах”, “Удирдах албан үүрэгтэй холбогдуулан ЭМяамнаас өгсөн аливаа үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, удирдлагын зөвлөлийн хурал болон бусад шаардлагатай хурал, зөвлөгөөнд идэвх санаачлагатай оролцох”, “Үйлчлүүлэгч, төвийн ажилтан, албан хаагч нараас ирүүлсэн санал хүсэлт, гомдлыг тухай бүр хуулийн хугацаанд шийдвэрлэх... холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэжээ. Гэтэл Б.Н нь Хөдөлмөрийн гэрээний 5.1.3 дахь заалт “ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг болон ЭМсайдын баталсан холбогдох тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлэх” нь ноцтой зөрчил болох заалтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хөдөлмөрийн хуульд заасан “ноцтой зөрчил” нь ажил хэргийн нэр хүнд, түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгох, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгоно гэж тайлбарладаг. Гэрээний талууд ажил үүргийн онцлогтой холбогдуулан дээрх үүрэг, шийдвэрийг хангалтгүй биелүүлэх нь ноцтой зөрчил болох талаар тохиролцон тогтоосон, хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан байна.
...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар нотлох баримтыг бүрдүүлээгүй гэж үзэн “үнэлээгүй”, давж заалдах шатны шүүх “шүүхийг буруутгах үндэслэлгүй” гэж буйг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэхгүй байна. Шүүх нотлох баримтын жинхэнэ эхийг шаардан авах хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хуралдааныг хойшлуулах, эсвэл хуульд заасан үндэслэлээр захирамж гаргаж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, мөн нотлох баримтын шаардлага хангах боломжийг зохигчид олгоогүй, шүүх буруугүй гэх нь оролцогчийн эрхэд нөлөөлсөн, хэргийн оролцогч нарын мэтгэлзэх эрх хэрэгжээгүй гэж үзэн гомдолтой байна.
Хариуцагчийн гаргасан нотлох баримтуудад зааснаар Б.Н нь дээр дурдсан ажлын албаны ажил үүргийг хариуцлагагүй гүйцэтгэдэг болохыг нотлох бөгөөд 10 албан бичиг бүрт өөрчлөлт, залруулга хийж алдаа зөрчил гаргахгүй байх, баримт бичгийг сайтар хянаж, тушаалын төслийг хариуцлагатай боловсруулах зөвлөмж өгч, удаа дараа хугацаа хожимдуулдаг, дутагдлаа засдаггүй, бичиг техникийн алдаа гаргадаг, нэр регистрийг буруу бичдэг, гадаадын мэргэжилтнүүдэд чирэгдэл учруулдаг, бичиг баримтыг дутуу бүрдүүлдэг, зөвлөлийн хуралд ирж оролцдоггүй гэх баримтыг албан ёсоор хуульд зааснаар үнэлүүлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохыг хүссэн. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод үүрэг болгосон хүмүүсийн өргөдөл гомдолд хайнга ханддаг, тэр нь УИХ, Засгийн газрын хэмжээнд яригдаж, ажлын албаны нэр хүнд унасан зэргийг үнэлүүлэхийг хүсч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлзэх үндсэн дээр хэрэгжинэ гэх бөгөөд нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй ба хариуцагчийн гаргасан тайлбарыг үгүйсгэсэн баримт гаргаагүй, хариуцагчийн гаргасан үнэлэгдээгүй гэх баримт нь хууль бус аргаар цуглуулсан баримт биш, хуулийн шаардлага хангаагүй, хангах боломжтой баримт гэдгийг анхаарч мэтгэлцэх зарчмын үндсэн дээр маргааныг шийдвэрлээгүй гэж үзнэ.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Б.Н ЭМяаманд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ЭМхөгжлийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахыг шаарджээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, Б.Н Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Нэхэмжлэгч Б.Н ЭМтөвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллажээ. Хөдөлмөрийн гэрээний хугацааг “ЭМхөгжлийн төвийн ерөнхий захирал томилогдох хүртэл” гэж гэрээнд заасан байна. ЭМхөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Нг ажлаас чөлөөлөгдөх үед томилогдоогүй байсан байна.
ЭМсайд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А\529 дүгээр тушаалаар Б.Нг ажлаас чөлөөлөхдөө түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцласан байна. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй. Гагцхүү ийнхүү хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох ноцтой зөрчлийн талаар талууд гэрээндээ тохиролцсон, ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх учиртай.
“Ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг болон ЭМсайдын баталсан холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлэх” гэх хөдөлмөрийн гэрээний 5.1.3. дахь заалт тушаалын үндэслэлд тусгагдсан боловч энэхүү заалт нь ажилтны хөдөлмөрлөх явцдаа биелүүлэх нийтлэг үүргийг агуулсан учир үүрэгт ажлаа гүйцэтгэх явцад ажилтны гаргасан аливаа зөрчил, дутагдлыг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй юм. Хоёр шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Харин ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тодорхой ямар зөрчил нь ноцтойд тооцогдох, энэ зөрчлийн улмаас ямар хор уршиг учирсан байх талаар хөдөлмөрийн гэрээнд заагаагүй учир хөдөлмөрийн гэрээний энэ заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан шаардлагыг хангаагүй гэж шүүх үзсэн байна.
Нөгөө талаар, хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний ямар зөрчлийг нэхэмжлэгч Б.Н гаргасныг хариуцагч тал нотлож чадаагүй гэж маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00475 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1136 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН