Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2022/0601

 

 

О.Б-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: О.Б , түүний өмгөөлөгч Ж.Э

Гомдлын шаардлага: “Ховд аймгийн Б сумын засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Б  сумын засаг даргын орлогчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор 6804351 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах”   

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд Аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар шийдвэр

Нэхэмжлэгч: О.Б

Хариуцагч: Ховд аймгийн Буят сумын засаг дарга Б.Т,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 125/2022/0011/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч О.Б , түүний өмгөөлөгч Ж.Э нар нь “: “Ховд аймгийн Б  сумын засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Ховд Аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр О.Б ы Ховд аймгийн Б  сумын засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Б  сумын засаг даргын орлогчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор 6804351 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулахнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 19-ний өдрийн 12 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

3.1 Ховд аймгийн Б  сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай, Ховд аймгийн Б  сумын Засаг даргын орлогчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсэгт”... Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б ы Ховд аймгийн Б  сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай “Ажпаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай, Ховд аймгийн Б  сумын Засаг даргын орлогчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай, 2022 оны 01 сарын 31-ний өдрөөс хойш хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр даалгуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.2 Ховд аймгийн Б  сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ховд аймгийн Б  сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай “О.Б ыг Засаг даргын орлогчоор томилох тухай” захирамжаар нэхэмжлэгч О.Б  нь Б  сумын Засаг даргын орлогчоор томилогдсон. Ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

3.3 Ховд аймгийн Б  сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай" захирамжаар 1. 3асаг даргын орлогч О-н Б-г 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Улс төрийн албан тушаал заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1 төрийн улс төрийн алба, мөн 7 дугаар зүйлийн 7.1 Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална, 7.1.4.Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчим баримтална гэжээ. Гэтэл Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 19-ний өдрийн 12 дугаартай шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Энэ хуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг, эдийн засгийн үндэс, нэгжийг өөрчлөх үндэслэл журмыг тодорхойлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх өөрийн болон төрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн бүрэн эрх, нутгийн удирдлагаас бусад байгууллагатай харилцах харилцааг зохицуулна. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1 албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах хуулийг зөрчсөнд гомдолтой байна

3.4 Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд ...15 Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана”  гэжээ. Гэтэл Ховд аймгийн Б  сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай “Ажпаас чөлөөлөх тухай” захирамжийн үндэслэл нь тодорхойгүй байна. Ховд аймгийн Б  сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар О.Б ы ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22 дэх хэсгийг үндэслэжээ. Гэтэл Ховд аймгийн Б  сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн үндэслэх хэсэг тодорхойгүй, яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж О.Б ыг ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр огцруулж ажлаас чөлөөлсөн байхад Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай шийдвэрээр нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.5 Ховд аймгийн Б  сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26.1 3ахиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27.1 .Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, Захиргааны ерөнхий хуулийн 27.3 Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана, 27.3.1 .сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл тусгахаар заажээ. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна, 27.4.1 сонсгол зохион байгуулах, 27.4.2 саналыг бичгээр авах, 27.4.3 биечлэн уулзах; 27.4.4 утсаар санал авах, 27.4.5 цахим хэлбэрээр санал авах, 27.4.6 төлөөлөгчөөр дамжуулан санал авах 27.4.7 бусад, 27.5 Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 бусдын эрх, урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, мөн хуулийн 43 дугаар зүилийн 43.1-т Захиргааны акты хаягласан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг сонсох, мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага хариуцах үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна.

3.6 Нэхэмжлэгч О.Б  нь ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй байхад Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4/ажил мэргэжпээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна.

3.7 Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3. Нэхэмжлэгч О.Б ы эрхэлж байсан албан тушаал нь “сумын Засаг даргын орлогч” буюу Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар “...Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ... орон тооны” улс төрийн албан тушаал байна.

4. Төрийн албаны тухай хууль нь “...төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулах” зорилготой, энэ хүрээнд төрийн алба, төрийн албаны албан тушаалыг “улс төрийн”, “захиргааны”, “тусгай”, “үйлчилгээний” гэж 4 ангилан, төрийн захиргааны болон төрийн тусгай албыг “төрийн жинхэнэ алба” гэж нарийвчлан тодорхойлжээ.

5. Төрийн алба, албан тушаалыг ийнхүү ангилсан нь тухайн албан тушаалд тавигдах шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг ялгавартай тогтоох хууль зүйн үндсийг тавьсан тул Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг бусад төрийн албан хаагчийн эрх зүйн байдлаас ялгавартай байдлаар хуульчлан тогтоосон байна.

6. Тухайлбал,  маргааны үйл баримтад холбогдох Төрийн албаны тухай хуулийн 25 (төрийн албан тушаалд томилох нийтлэг журам), 46 дугаар зүйл (төрийн албанаас чөлөөлөх) дугаар зүйлүүдэд заасан зохицуулалт нь “төрийн жинхэнэ албан хаагч”-д хамаарахаар, төрийн улс төрийн албан тушаал (улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал гэх мэт)-д ажиллаж байгаа этгээд нь төрд албан тушаал эрхэлж байгаагийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан баталгаагаар хангагдах боловч 62 дугаар зүйлийн 62.1-д заасан нэмэлт баталгааг эдлэхгүй байхаар уг хуульд тусгайлан заажээ.

7. Өөрөөр хэлбэл хууль тогтоогчоос төрийн улс төрийн болон төрийн үйлчилгээний албыг “төрийн жинхэнэ алба”-нд тооцохгүй, эдгээр ангиллын албан тушаалуудын хувьд “албан тушаалд авах”, “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх”, “төрийн албанаас чөлөөлөх” талаарх Төрийн албаны тухай хуульд заасан зохицуулалт үйлчлэхгүй байхаар хуульчилсан байна.

8. Тийм ч учраас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу төрийн улс төрийн албан тушаалтнуудыг томилох, чөлөөлөхтэй холбогдсон асуудлууд нь Төрийн албаны тухай хуулиар бус тус тусын хуулиар зохицуулагддаг, үүний дотор бүх шатны “Засаг дарга” болон “Засаг даргын орлогч”-ыг томилж, чөлөөлөх асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдахаар хуульчилжээ.

9. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22-т сумын Засаг дарга нь сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах эрхтэй гэж заасан нь уг албан тушаалтныг томилох, чөлөөлөх “...хуулиар тогтоосон” журам бөгөөд уг хуульд ямар болзол хангасан этгээдийг “Засаг даргын орлогч”-ийн албан тушаалд томилох, ямар тохиолдолд түүнийг албан тушаалаас чөлөөлөх талаар нарийвчлан заагаагүй нь Төрийн албаны тухай хуулиар тусгайлан заасан төрийн жинхэнэ албан хаагчийг томилж, чөлөөлөх зохицуулалтыг шууд хамаатуулан хэрэглэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

10. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд “сумын Засаг даргын орлогч”-ийг албан тушаалаас нь чөлөөлсөн сумын Засаг даргын шийдвэр Төрийн албаны тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчөөгүй, “...эрх хэмжээнийхээ хүрээнд” гаргасан, хууль тогтоомжид нийцсэн шийдвэр юм.

11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.Б ы томилогдсон сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь сонгуулийн үр дүнд мандат авсан олонхи нь мөрийн хөтөлбөрөө тодорхой бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор засаглах эрхийг бүрдүүлдэг тогтолцоонд хамаарах бөгөөд уг тогтолцоо нь тодорхой бүрэн эрхийн хугацаанд захирагддаг учир энэ хугацаанд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багийг томилон итгэл үзүүлж ажиллах, хэрэгжүүлж чадахгүй гэж үзвэл улс төрийн хариуцлага тооцон чөлөөлөх эрхтэй байдаг.

12. Энэ ч үүднээс Төрийн албаны тухай хуульд эдгээр ялгаатай байдлыг нарийвчлан зохицуулж, сумын Засаг даргын орлогч нь төрийн улс төрийн албан тушаалтан болохыг, улс төрийн албан тушаалтанд улс төрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байх үүднээс түүнийг чөлөөлөх харилцаанд Төрийн албаны тухай хуулийн бус, харин тухайлсан хуулийн зохицуулалт хэрэглэгдэхийг хууль тогтоогч тодорхой зааж, журамласан байна.

13. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах процессыг хуульчлан тогтоосон, хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулахаар нэхэмжлэгч рүү утсаар залгаж мэдэгдсэн боловч хөдөө явж байна гэх шалтгаанаар ирээгүй гэж тайлбарлах бөгөөд хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр сонсох ажиллагаа хийгээгүй болох нь тогтоогдож байх боловч энэ маргааны тохиолдолд ийнхүү сонсох ажиллагаа хийгээгүй нь дангаараа маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

14. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ