Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1120

 

Л.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Нарантуяа,

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, өмгөөлөгч Н.Буянжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Нарантуяа миний бие 1995 оны 07 дугаар сард “Автобус нэг” ОНӨҮГ-т ажилд орсон бөгөөд 2014 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар шинээр үүсгэн байгуулагдсан “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 тоот тушаалаар Зорчигч Тээврийн Нэгтгэлийн тээвэрлэлт үйлчилгээ бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан. 2016 оны 10 дугаар сард манай байгууллагад шинээр томилогдсон дарга н.Төмөрбаатар нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан намайг ажлаа өгөхийг шаардаж улс төрийн соёлтой байхыг сануулж, ажлын байрны дарамт үзүүлж байсан.

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б/1227 тоот тушаал гаргаж үндэслэлгүйгээр 3 дугаар баазад ээлжийн инженерийн ажилд томилсон тул ажлаас үндэслэлгүй шилжүүлсэн, Зорчигч Тээврийн Нэгтгэлийн тээвэрлэлт үйлчилгээ бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуульд албан тушаал шилжүүлэн томилох 3 үндэслэл байдаг бөгөөд үүний нэг нь сул зогсолт, байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан бол 45 хоног хүртэл хугацаагаар, эрүүл мэндийн шалтгаанаар тус албан тушаалд тэнцэхгүй бол өөр ажилд шилжүүлэх тухай ажилтантай тохиролцох ёстой байдаг. Эдгээр үндэслэлүүдээс аль нь ч гараагүй байхад албан тушаал шилжүүлэн томилсон нь хууль бус байна. Хариуцагчийн хариу тайлбарт 12 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсанд уг гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан учир хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 3 дугаар баазын ээлжийн инженерээр шилжүүлсэн нь албан тушаал бууруулсан бөгөөд цалин хөлс бас давхар буурсан тул Л.Нарантуяаг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, Б.Баттулга нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Нарантуяа нь байгууллагын удирдлагуудтай уулзаж, харилцан тохиролцсон тул 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3 дугаар баазын ээлжийн  инженерээр шилжүүлэн ажиллуулж байгаа. Л.Нарантуяа нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн инженерийн тодорхойлолтод гарын үсэг зурсан нь дээрх тохиролцоог батална. Мөн үүрэгт ажлаа 4 удаа буюу 2016 оны 12 дугаар сарын 09, 2016 оны 12 дугаар сарын 13, 2016 оны 12 дугаар сарын 17, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ээлжийн инженерийн ажлыг хийж гүйцэтгэсэн нь шилжүүлэн ажиллуулсан тушаалыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Байгууллага нь хөдөлмөрийн дотоод журмын 7.5.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгодог. 7.5.1 дэх хэсэгт байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд 3-н баазад хуваагдаж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ зохион байгуулалтын хүрээнд Л.Нарантуяа нь ээлжийн инженерээр шилжин ажилласан. Шилжүүлсэн тушаалд холбогдуулж маргаж байна гэж ойлгож байгаа, шилжүүлсэн болохоос ажлаас халаагүй. Цалин хөлсний тухайд бол хэлтсийн даргаар ажиллаж байсан цалин хөдөлмөрийн гэрээнд байгаа цалингийн зөрүүг ямар баримтыг үндэслэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Л.Нарантуяаг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Нарантуяагийн ажлаас буруу шилжүүлсэн үеийн олговорт  608 057 төгрөгийг хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас  гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлд зохих өөрчлөлт оруулж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас  улсын тэмдэгтийн хураамжид 18 892 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалыг үндэслээгүй, дундаж цалин хөлсийг тодорхойлж ажлын өдрүүдийн тооцоог гаргаагүй байна. 2016 оны 12 дугаар cарын 05-ны өдрөөс ажлын 48 хоногоор тооцож, дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгох ёстой байсан боловч үүнийг тодорхойлохгүйгээр зөрүүг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэлээс үзвэл шаардлагын үндэслэл нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар   болгоогүй,  өөр ажилд шилжүүлсэн, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоогүй гэжээ. Нэхэмжлэгч Л.Нарантуяа нь тус байгууллагад Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад захирлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар 3 дугаар баазын ээлжийн инженерийн ажилд томилогдсон. Тушаалын 1 дүгээрт Л.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, 2 З дугаарт хэлтсийн даргын ажил хүлээлцэхийг тушаасан байгаа нь Л.Нарантуяаг хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн буюу өмнөх ажлын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үр дагаврыг агуулж байна. Өөрөөр хэлбэл уг тушаал гарснаар Л.Нарантуяатай байгуулсан хэлтсийн даргын ажлын байрны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон.

Өөр ажилд шилжүүлсэн гэдэг нь мөн үндэслэлгүй юм. Учир нь, Л.Нарантуяаг мөн өдрөөс 3 дугаар баазын ээлжийн инженерийн орон тоонд ажилд авсан бөгөөд уг албан тушаалд хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нөхөж хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байна. Ажилтан, ажил олгогч нар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс амаар тохиролцон нэхэмжлэгч ээлжийн инженерийн ажлыг хүлээн авч хуваарийн дагуу мөн сарын 09-ний өдрөөс ээлжинд гарч ажиллаж эхэлжээ.

Ээлжийн инженерийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хийсэн нь нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн бус харин шинээр ажилд авсан үйл баримтыг нотолж байна. Хэдийгээр байгууллагын захирлын тушаалд өөр ажилд шилжүүлэх гэсэн үг орсон боловч бодит байдалд шинээр хөдөлмөрийн тэрээ байгуулсан нь шинээр ажилд авч байгаа эрх зүйн өөр үр дагавар бүхий үйл баримт болно. Нэхэмжлэгч өөртэй нь тохиролцоогүй гэдэг ч ажилтан, ажил олгогч нар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож Л.Нарантуяагийн өмнөх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ээлжийн инженерийн ажилд шинээр авсан. Л.Нарантуяа ээлжийн инженерийн үүрэгт ажлыг хүлээн авч гүйцэтгэсэн, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Л.Нарантуяа эрх зүйн чадвар, чадамжтай этгээд болохын хувьд өөрийн хүсэл зоригийг илэрхийлж хөдөлмөрийн гэрээнд оролцсон бөгөөд түүнийгээ баталгаажуулж гарын үсэг зурсан байдаг. Ажил олгогчийн зүгээс түүнд хүчээр гарын үсэг зуруулах боломж байхгүй.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй, зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүчээр гарын үсэг зуруулсан гэх тайлбарыг үндэслэн хөдөлмөрийн гэрээний нотолгооны ач холбогдлыг орхигдуулсан. Мөн захирлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1227 дугаар тушаалын "шилжүүлэн" гэсэн үгэнд хэт ач холбогдол өгч, уг тушаалыг хэргийн бусад нөхцөл байдал, тухайлбал хөдөлмөрийн гэрээ, ээлжийн инженерийн үүрэгт ажлыг хүлээн авч гүйцэтгэсэн цагийн бүртгэл зэрэгтэй харьцуулан дүгнээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Л.Нарантуяа хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т тээвэрлэлт үйлчилгээний төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Нарантуяаг ажил олгогч өөртэй нь зөвшилцсөнөөр 3 дугаар баазын ээлжийн инженерийн албан тушаалд шилжүүлэн томилсон гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

            Түүнчлэн Л.Нарантуяа нь хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан нь ээлжийн инженерийн ажлын байранд ажиллахыг зөвшөөрснийг нотлоно гэх хариуцагчийн татгалзал нь нэхэмжлэгчтэй ээлжийн инженерийн ажлын байранд ажиллах тухай хөдөлмөрийн гэрээг 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр буюу захирлын тушаалаар өөр ажилд шилжүүлэн томилсон 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш байгуулсан байдлаар няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тушаал гаргах үндэслэл нь уг өдрөөс хойш байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурснаар нотлогдохгүй болно.

            Иймд хариуцагчийг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж үзэх бөгөөд  шүүх ажилдаа эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг тээвэрлэлт үйлчилгээний төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасанд нийцсэн байна.

            Харин нэхэмжлэгч шилжүүлэн томилсон албан тушаалын ажил үүргийг гүйцэтгэж, цалин хөлс авснаа үгүйсгээгүй тул ажилгүй байсан хугацааны олговор шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг урьд авч байсан цалингийн дундаж болон шинээр томилогдсон албан тушаалын цалингийн зөрүүгээр тооцон олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцнэ.

            Нэхэмжлэгч нь урьд авч байсан цалин хөлс болон шинээр томилогдсоноос хойш авсан цалин хөлсний талаар баримтыг урьд авч байсан цалин хөлсний хэмжээг сүүлийн 3 сараар тооцох үндэслэлгүй талаарх давж заалдах гомдолд зааж буй үйл баримтыг нотлох баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх хэрэгт авагдсан ээлжийн инженерийн албан тушаалын цалингийн хэмжээг Б/1227 дугаар тушаалд болон 12 дугаар сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд 830 000 төгрөг гэж тодорхойлсон баримт, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтын хуулбар зэрэг баримтын хүрээнд цалин хөлсний зөрүүг тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцнэ.

            Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр сүүлийн 3 сарын /9, 10, 11/ цалингийн нийлбэр 3 098 057 төгрөг байх ба 1 сарын дундаж цалин хөлсний хэмжээ нь 1 032 685 төгрөг, 1 өдрийн цалин хөлс нь 48 031 төгрөг, шинээр томилогдсон ээлжийн инженерийн сарын цалингийн хэмжээг хэрэгт авагдсан баримтын хүрээнд 830 000 төгрөгөөр тооцвол 1 өдрийн цалин хөлс нь 36 888 төгрөг болж, зөрүү нь 11 143 төгрөг байна. 

Иймд ажилд шилжүүлэн томилсон 12 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажлын 52 өдрөөр тооцоход нэхэмжлэгчид 579 436 /11 143*52/ төгрөгийн цалингийн зөрүүг олгох үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх 608 057 төгрөгөөр нэхэмжлэлийг хангасан талаар хариуцагч гомдол гаргаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Дээрх үндэслэлүүдээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 18 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ