Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 235

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 11 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, РД:ОЮ63111909, Таргуд овогт Тогтохын Алтанчимэгийн А.Нарантуяагийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Т.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Нарантуяа нь 1967 онд төрсөн, 50 настай. 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр, 1991 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад өрлөгчнөөр ажиллаж байсан. А.Нарантуяагийн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд, хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зарим баримтууд нь зөрчилтэй, аймгийн архивт цалингийн мэдээлэл байхгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа юм. Иймд А.Нарантуяагийн шүүхэд өгсөн нотлох баримтыг үндэслэн 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр, 1991 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад өрлөгчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Т.Алтанчимэг нь А.Нарантуяагийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгон заводад 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл дугуй зуухны тоосго өрөгчөөр, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад 1991 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал өрлөгчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Адъяагийн Нарантуяад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр БМҮ-ийн захиргаанаас нээсэн 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2. Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 39 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр Адъяа овогтой Нарантуяаг 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай” гэжээ,

3. Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1991 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 53 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Тоосгон заводын дугуй зуухны тоосго өрөгчөөр ажиллаж байсан Адъяа овогтой Нарантуяаг 1991 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ,

4. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 62 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Адъяа овогтой Нарантуяаг 1991 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн барилгын бригадад өрлөгчнөөр авч ажиллуулсугай” гэжээ,

5. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 90 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Барилгын бригадын өрлөгчнөөр ажиллаж байсан Адъяа овогтой Нарантуяаг 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ,

6. Итгэмжлэл,

7. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 87 тоот, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн 97 тоот тодорхойлолтууд, 

8. Гэрч С.Отгоны шүүхэд өгсөн: “Би 1976 оноос эхлэн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилд орж 1992 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаад улмаар 1992 оны 4 дүгээр сараас “Нэгдэлчин” ББХК болоход үргэлжлүүлэн 1998 он хүртэл ажилласан юм. А.Нарантуяа нь 1991 оны сүүлээр Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад өрлөгчнөөр ажилд орж 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан юм. Мөн “Нэгдэлчин” ББХК-д ажиллаж байсан санагдаж байна. Манай байгууллага нь Түргэн, Сагил сумын Соёлын төв, дотуур байр, Улаангом сумын Хангамжийн газар, Нефтийн орон сууц зэрэг томоохон барилгууд барьсан бөгөөд А.Нарантуяа бид хоёр гар бие оролцсон” гэх мэдүүлэг,

9. Гэрч Г.Гангаагийн шүүхэд өгсөн: “Би 1974 оны 8 дугаар сараас Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1981 он хүртэл малчнаар, 1981 оны 6 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал Барилга угсралтын трестын Тоосгоны заводын дугуй зуухны галчаар тус тус ажиллаж байсан. А.Нарантуяа 1983 оноос 1991 оны сүүл хүртэл Тоосгоны заводын дугуй зуухны тоосго өрөгчөөр ажиллаад өөр байгууллагад шилжин ажиллах болсон юм. Манай Тоосгоны завод нь 3-4 ээлжээр ажилладаг, 1 ээлжиндээ 3-4 хүн ажилладаг байлаа. Тухайн үед би өөрөө дугуй зуухны галчаар, А.Нарантуяа миний тоосго өрөгчөөр ажиллаж байсан учраас би түүнийг сайн мэднэ” гэх мэдүүлэг,

10. Гэрч С.Отгоны /С.Отгонбаяр/ Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Г.Гангаагийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1109 тоот шийдвэрийн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

        А.Нарантуяа нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгон заводад 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл дугуй зуухны тоосго өрөгчөөр, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад 1991 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал өрлөгчнөөр тус тус ажиллаж байсан болох нь А.Нарантуяад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр БМҮ-ийн захиргаанаас нээсэн 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал бичилттэй хөдөлмөр дэвтэр, Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 39 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1991 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 53 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 62 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 90 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч С.Отгон, Г.Гангаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

    Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн А.Нарантуяагийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгон заводад 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 8 жил, 1 сар, 24 хоног дугуй зуухны тоосго өрөгчөөр, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад 1991 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал 1 жил, 4 сар, 2 хоног өрлөгчнөөр, нийт 9 жил, 5 сар, 26 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хоньч овогт Адъяагийн Нарантуяагийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгон заводад 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 8 /найм/ жил, 1 /нэг/ сар, 24 /хорин дөрөв/ хоног дугуй зуухны тоосго өрөгчөөр, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад 1991 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сар, 2 /хоёр/ хоног өрлөгчнөөр, нийт 9 /ес/ жил, 5 /тав/ сар, 26 /хорин зургаа/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР