Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/115

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 2105000000120 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлага менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... аймгийн ... оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаартай нийтийн байрны ... тоот өрөөнд найз Н.Г-д түр оршин сууж байгаа гэх, /РД: / урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б-нь 2021 оны 1 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эндо” нэртэй зочид буудлын 207 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас иргэн Ч.Э-н цээжин тус газарт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б-нь 2021 оны 1 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эндо” нэртэй зочид буудлын 207 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Э-ын цээжин тус газарт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан “...Баянгол дүүргийн 16 дугаар хороо Эндо зочид буудлын 207 тоотод хутгалуулсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

 

Хэргийг газар үзлэг хийсэн “...Уг орны урд шалан дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйл бохирлогдсон байдалтай байв... Үзлэгээр ажлын хэсэг нь 13 см, бариулын хэсэг нь 11,5 см урттай хутга хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8, 9-13 тал/,

 

Хохирогч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г- бид хоёр 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр пиво ууж байгаад Г- нь хоёр эмэгтэй найзыгаа дуудсан чинь хүрч ирээд бид дөрөв пиво уугаад Эндо зочид буудлын 207 тоот өрөөндөө сууж байтал гаднаас Б- нь 2021 оны 1 дүгээр сарын 06-ны 00 цаг өнгөрсөн байхад орж ирсэн Б- нь гаднаас орж ирэхдээ нэлээн ууртай байсан бөгөөд халаасандаа 0,5 литрийн 2 ширхэг пивотой орж ирсэн. Уурлаад байсан учраас “чи яагаад уурлаад байгаа юм, яачихаад байгаа юм” гэтэл Б- нь “чамтай ярих зүйл алга” гэх мэтээр үгээр хэрэлдэж маргаад байсан. Тэгтэл хамт байсан хоёр эмэгтэй гадагшаа гараад яваад өгсөн. Б-ид хандаж архи уухаараа хэрүүл хийдэг талаар хэлсэн чинь “чи цагдаа дуудах гээд байна уу” гээд ширээн дээр байсан цэнхэр өнгийн бариултай хутгыг бариад орныхоо хажууд байх жижиг ширээн дээр барьж байгаад муруйлгаад “чи намайг чадахгүй гэж бодсон уу, би чамайг гүйцээчих үү” гэсэн утгатай зүйл яриад босоод ирэхээр нь зүгээр сайхан унтаж амарч болдоггүй юм уу гээд хойд талын жижиг орон дээр сууж байтал хутганы үзүүрийг миний цээжний зүүн дээд хэсэгт барьж байгаад хутганы иш-ээс гараараа дарчихсан. Энэ үед би доош тонгойгоод суучихсан чинь цус гартал Б- нь “ээ би яачихваа найзыгаа хутгалчихлаа” гээд цагдаад дуудлага өгсөн. ...Миний цээжин зүүн дээд хэсэгт 1 удаагийн хутганы гэмтэл байгаа. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. ...Миний биед учирсан зовиур гагүй байгаа. 345.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

                Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э-, Б- нар нь миний багын найзууд бөгөөд Хөвсгөл аймгийн нутгийн залуус юм. Э-, Б- нар нь Баянгол дүүргийн 16 дугаар хороонд Эндо нэртэй зочид буудалд 1 сарын 600.000 төгрөгөөр түрээсэлж сууж байгаа. Миний бие уг байрыг нь олж өгсөн юм. 2021 оны 1 дүгээр сарын 04-ний орой Б-, Э- нар дээр ирсэн чинь мах шөл байхгүй болсон. Харин Б- нь би найзындаа хонохоор явлаа гээд яваад өгөхөөр нь Э-тай хамт хоноод 2021 оны 01 сарын 05-ны өдөр гэр лүүгээ явж мах авчраад Э- бид хоёр 2,5 литрийн пиво 5 лаазыг уусан. Харин миний танил М-, Т- гэх эмэгтэй намайг ирж авна гэсэн учир хүрээд ир гээд дуудчихсан чинь хүрээд ирсэн. Хоёр эмэгтэй ирээд удаагүй байтал гаднаас Б- нь архи уучихсан байдалтай орж ирээд ал минь, пизданууд гээд Э- руу дайраад байсан. Э- нь хариу бас хэрэлдээд байхаар нь боль гэж хэлээд орон дээр сууж байтал, цагдаа нар ирчихсэн намайг сэрээсэн чинь Э- хутгалуулсан гээд эмнэлэг явсан гэсэн. ...Э-, Б- хоёр хоорондоо хэрэлдээд байсан, гаднаас өөр хүн байгаагүй юм. Хэрхэн яаж хутгалсан талаар хараагүй. Э-ын биед гэмтэл учруулсан бол Б- учруулсан байх. Урьд нь хоорондоо хэрэлдээд байдаг байсан. Энэ ер нь Б- нь хутга нэвт шаанаа гэдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

 

Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 05-ны орой найз М- гэрт байсан чинь М-ын найз болох Г- нь хүрч ирээд авчих  гэхээр нь М-ын хамт такси бариад Модны 2 автобусны буудлын орчимд ирсэн чинь Эндо нэртэй буудлын гадна ирсэн. Ингээд Г- нь гарч ирээд хоёрыг буудал руу авч орсон чинь тухайн буудалд түрээслэж амьдардаг юм. Буудал руу ороход Э- гэх залуу байсан ороод танилцсан юм. Удахгүй гаднаас нэг залуу архи уусан байдалтай орж ирээд пизданууд, гөлөг гээд муухай үг хэлсээр орж ирсэн чинь Э- нь зөрүүлээд хэл амаар доромжлоод хоорондоо хэрэлдээд байсан. Гаднаас орж ирсэн залууг танихгүй бөгөөд нэрийг нь мэдээгүй, цагдаагаас дуудсаны дараа нэрийг нь сонсоход Б- гэсэн. Харин найз М-ын танил найз болох Г- нь хажуунаас нь орж ирээд та хоёр хэрэлдэж муудахаа боль гээд уурлаад загнасан чинь Б- нь чамд хамаагүй шүү гээд хараалын үгээр л хэлээд байсан. Г- нь М- бид хоёрт хандаж явцгаая гээд орон дээр сууж байснаа хойшоо хэвтээд унтаад өгчихөөр нь сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Энэ үед Э-, Б- хоёр хоорондоо хэрэлдээд л байсан учраас М- бид хоёр гараад яваад өгсөн. Т- бид хоёрыг гарч явах хүртэл хугацаанд хоорондоо зодолдсон зүйл байхгүй. Хэл амаар нэг нэгнийгээ л доромжлоод байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 832 дугаартай “...Ч.Э-ын биед цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг

тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт, /хх-ийн 33-35 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 56, 57 тал/,

 

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 43 тал/,

 

Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 54 тал/,

 

Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг орж ирснээс хойш Г-, Э- нар над руу дайраад агсам тавиад байсан. Агсам тавихдаа “чи бол шалчигнасан, чи энэ байрны төлбөрийг төлөөгүй, банди минь зайл” гэх мэтээр хэлсэн. Ширээн дээр цахилгааны цэнхэр лентээр бариулыг нь ороосон хутга харагдахаар нь хутгыг авч гартаа барьсан чинь Э- нь “чи намайг хутгал даа” гээд байхаар нь хутгыг цээжинд нь тулгаад барьж байгаад айлгах гэж Э- руу дайрсан чинь цээжний зүүн дээд хэсэгт нь хутга орчихсон... Согтуудаа л нэг нэгэндээ тунирхаж хэрүүл хийж байгаад ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30 тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 тал/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 39 тал/, татвар төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 40 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 46-49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б-оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 23 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Б.Б-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Ч.Э-ын биед цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирсан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 832 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Б.Б-нь хохирогч Ч.Э-ыг хутгалахад түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.Б-нь 2021 оны 1 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эндо” нэртэй зочид буудлын 207 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Э-ын цээжин тус газарт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Б-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр хавтас хэргийн 57 дахь талд “...Б-той сайн дураар эвлэрсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ.

 

Мөн хавтас хэргийн 54 дэх талд 350.000 төгрөг нөхөн төлсөн талаар баримт авагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-оос гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Б-ид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-ид сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Э-ад хохиролд тооцож 350.000 /гурван зуун тавин мянга/-н төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА