Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 236

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 11 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, РД:ОЮ63111909, Таргуд овогт Тогтохын Алтанчимэгийн М.Нансалын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Т.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Нансал нь 1963 онд төрсөн, 54 настай. 1980 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд шаварчин, засалчнаар тасралтгүй 11 жил, 6 сар ажилласан. М.Нансалын ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байгаа боловч хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн тул улсад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа юм. Иймд М.Нансалын 1980 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга трестэд шаварчин, засалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Т.Алтанчимэг нь М.Нансалын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1980 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл шаварчин, засалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1980 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 111 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Магван овогтой Нансалыг 1980 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн шаварчнаар /засалчин/ авч ажиллуулсугай” гэжээ, 

2. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 214 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Өөр газар шилжих болсон тул Магван овогтой Нансалыг 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон шаварчны ажлаас чөлөөлсүгэй” гэжээ, 

3. Итгэмжлэл,

4. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн тодорхойлолт, 

5. Гэрч Б.Цэнджавын шүүхэд өгсөн: “Би 1973 оноос Увс аймгийн Барилга трестийн заслын бригадад өрлөгчин, будагчнаар 1991 оныг дуустал ажиллаад 1992 оноос Барилгын биржийн заслын бригадад будагчнаар 1994 оныг дуустал, 1995 оноос “Их барилга Увс” ХК-д будагчнаар 1995 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байсан. М.Нансал нь 1980 оноос эхлэн манай Барилга трестийн заслын бригадад засалчин, шаварчнаар ажилд орж 1991 оныг дуустал ажиллаад ажилласан. Бид 1980 оны зун Эрчим хүчний том зааланд заслын уралдаанд орж байсныг би санаж байна. Манай заслын бригад нь 30 гаруй хүнтэй байсан юм. Бид Улаангом сумын одоогийн Татварын хэлтсийн барилга, Барилгын 60 айлын орон сууц, махын 1, 2 дугаар 60 айлын барилга, 1, 2 дугаар 48 айлын орон сууц, Баялаг-Од зочид буудал зэрэг томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцсон юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч Г.Гангаагийн шүүхэд өгсөн: “Би 1974 оны 8 дугаар сараас Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1981 он хүртэл малчнаар, 1981 оны 6 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал Барилга угсралтын трестын Тоосгоны заводын дугуй зуухны галчаар тус тус ажиллаж байсан. М.Нансал нь намайг 1981 онд тус трестэд ажилд ороход тус байгууллагад засалчин, шаварчнаар ажиллаж байсан бөгөөд 1991 оныг дуустал хугацаанд ажилласан юм. Би М.Нансалыг 1981 оноос эхэлж таних бөгөөд бид хамт 10 гаруй жил ажилласан нь үнэн” гэх мэдүүлэг,

7. Гэрч Б.Цэнджавын Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Г.Гангаагийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1109 тоот шийдвэрийн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      М.Нансал нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1980 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл шаварчин, засалчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1980 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 111 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 214 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Б.Цэнджав, Г.Гангаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

      Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн М.Нансалын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1980 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 11 жил, 6 сар, 3 хоног шаварчин, засалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харчин овогт Магваны Нансалын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1980 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 11 /арван нэг/ жил, 6 /зургаа/ сар, 3 /гурав/ хоног шаварчин, засалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР