Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2017/00006/И |
Дугаар | 238 |
Огноо | 2017-03-17 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 238
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 14-55 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЮ81102909, Савар овогт Чулуунбаатарын Мөнхзулын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 14-55 тоотод оршин суух1981 төрсөн, эрэгтэй, РД:ОЮ81070671, Зуутраг овогт Чулуунболдын Даваажавд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Мөнхзул, хариуцагч Ч.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2005 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Чулуунболд овогтой Даваажавтай гэр бүл болж, 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр том хүү Д.Тэмүүжин, 2009 оны 2 дугаар сарын 04-ний өдөр бага хүү Д.Тэгшбаян нарыг төрүүлсэн. Ч.Даваажав бид 2 одоогоор 10 жил хамт амьдарсан ба 2007 оноос нөхөр Ч.Даваажав архи уух бүртээ намайг зодож, хэл амаар доромжилдог болсон. Би анхандаа тэвчиж аргалаад байдаг байсан, харин одоо бол маш их гомдон цөхөрч байна. 2008 онд намайг жирэмсэн байхад гадаа гудамжинд зодож байсан. 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр маргалдаж байгаад надруу заазуур шидэж миний баруун гарын дунд хурууны шөрмөс тасалж, би эмнэлэгт мэс заслын эмч Баасанхүүгээр 2 оёдол тавиулж, 14 хоног гипстэй явж байсан. Ер нь архи уух бүртээ хэл амаар доромжилж байнга зоддог байсан нь сүүлийн жилүүдэд ихдэж, би болон миний 2 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд маш их өртөх болсон. Иймд би 2016 оны 1 дүгээр сард эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгөхөд онц юм хэлэлгүй байж байгаад хугацаа дууслаа гээд буцаасан. 2016 оны 3 дугаар сард цагдаагаар тусгаарлалт хийлгэсэн. /7 сарын хугацаатай/ Тэгээд Ч.Даваажав Улаанбаатар хот яваад 10 дугаар сарын 27-ны өдөр ирсэн. Одоо Ч.Даваажав бид хоёр хамт амьдарч байгаа боловч хоорондоо юу ч ярьдаггүй, хэрэв ярилцвал хэрүүл гараад би зодуулаад, хэл амаар доромжлуулаад төгсдөг юм. Ч.Даваажав Улаанбаатар хотоос ирснээс хойш гэртээ хоол унд, түлээ нүүрс гээд юу ч аваагүй мөртлөө намайг Чи юу хийсэн юм, чиний хажууд би хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн гэж зодож, байнга Ална, голомтыг чинь самарна гэж доромжилдог. Ч.Даваажавыг согтуу үед нь би 2 хүүхдээ аваад ээжийндээ эсвэл дүүгийндээ очиж хоноод ирдэг. Гэтэл одоо хаяж явлаа гээд 2 хүүгээ зоддог болсон. Мөн миний ажил болох “Увс-Эрдэм” ахлах сургууль дээр согтуу ирж намайг дарамталдаг болсон. Мөн шүүхээс өгсөн 1 сарын эвлэрүүлэх хуагцаанд эвлэрээгүй, харин ч архи ууж агсам тавьж 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 7 хоног баривчлах шийттгэл хүлээсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй, 2 хүүхдээ асрамждаа авах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй” гэжээ.
Хариуцагч Ч.Даваажав шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ч.Мөнхзул гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн бол гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр, хүүхдүүдтэйгээ эвлэрч хамт амьдрах гэсэн боловч эхнэр Ч.Мөнхзул нь салах бодолтой байгаа гэдгээ хэлж байна. Бүх зүйл надаас болсон мэтээр ярьж байна тийм биш намайг архи уугаад ирэхээр л цагдаа дуудаад өгчихдөг. Ч.Мөнхзул нь “Увс-Эрдэм” ахлах сургуульд ажилладаг багш залуутай үерхэж байх шиг байсан. Тэдгээр нөхцөл байдлаас үүсэж хэрүүл маргаан болдог” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Мөнхзул нь хариуцагч Ч.Даваажавд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Ч.Мөнхзул нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэн Ч.Мөнхзул, Ч.Даваажав нар гэр бүл болж, 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүү Д.Тэмүүжин, 2009 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүү Д.Тэгшбаян нар төрсөн ба эрүүл саруул өсч бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбарууд, эмч Ж.Уянгын тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй. Гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба энэ хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй байна.
Хэрэгт авагдсан Ч.Даваажавын гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдох Цагдаагийн газарт шалгагдаж байсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл 10 хуудас, Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 1 тоот шийтгэвэр, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 4 тоот шийтгэвэр зэргээс үзэхэд хариуцагч Ч.Даваажав нь гэр бүлийн гишүүдийн амь, нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа шүүх гэрлэлтийг цуцална” гэж заажээ. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг шүүх цуцалж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ч.Мөнхзул, хариуцагч Ч.Даваажав нар эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбар гаргасан байх тул эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Мөнхзулаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Даваажаваас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мөнхзулд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Зуутраг овогт Чулуунболдын Даваажав, Савар овогт Чулуунбаатарын Мөнхзул нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Д.Тэмүүжин, 2009 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Д.Тэгшбаян нарыг эх Ч.Мөнхзулын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Мөнхзулаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Даваажаваас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мөнхзулд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР