| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2021/0021/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/20 |
| Огноо | 2021-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал,
улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ламынхан овогт Жамъяндоржийн Дэлгэрбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2019002690010 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1969 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1 дүгээр баг, Тойг гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ламынхан овогт Жамъяандоржийн Дэлгэрбаяр /РД:ЕЮ69033002/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Ж.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Б.У-тэй хэрэлдэж, маргалдан улмаар нүүрийг нь хэд хэдэн удаа маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, 380.000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн; “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хадам ах Болдбаатарын гэрт найр болох гээд би туслах гэж очсон...Тэгээд найр болж байхад Ж.Д эгч согтууруулах ундаа хэрэглэчихсэн над руу үгээр дайрч давшлаад байсан тэгэхээр нь би гэрээс гараад удалгүй буцаад орсон. Тэгээд гэрт байсан хүмүүст архи хундагалаад өгөөд явж байсан, Мөнхбаярт архи хундагалаад өгсний дараа Мөнхбаяр надад “чи архи уухгүй юм уу” гэж асуухад би “архи уухгүй ээ” гэж хэлэхэд Мөнхбаяр надад “арчаагүй хүүхэн” гэж хэлсэн, тэгсэн Дэлгэрбаяр эгч Мөнхбаяр руу “Чи чаддаг юм бол Ууганцэцэгийг нөхрөөс нь салгачих Мөнхбаяраа” гэж хэлсэн тэгэхээр би уурлаад “та хэлэх үг байвал олон хүний дунд хэлэхээ болиорой” гэж хэлсний хариуд Дэлгэрбаяр эгч босож ирээд миний нүүр хэсэгт хумсаараа маажсан, тэгээд хэрүүл болоод байхаар нь би гарч яваад хойноос Дэлгэрбаяр эгч гарч ирээд бид хоёр маргалдаад Дэлгэрбаярын нөхөр нь салгасан. Тэгээд би зүүн талд байсан илүү гэрт ороод сууж байсан чинь гаднаас Дэлгэрбаяр эгч орж ирээд нүүрний хэсэгт гараараа дахиад маажаад гэмтэл учруулсан...Би Зоос гоёлоос 2013 онд гинжийг 250.000 төгрөгөөр, кулоныг 240.000 төгрөгөөр авч байсан санагдаж байна, монетан гинжээ төлүүлж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-19-20, 36, 40/,
Гэрч Д.Дамдинпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би эхнэр Дэлгэрбаярын хамт 2020 оны 10 дугаар сард найз Болдбаатарын гэрийн найранд очсон. Бид айлын найранд сууцгааж байтал Ууганцэцэг архи хундагалж байгаад “Дэлгэрбаяр гуай битгий ил далд хүн муулаад бай” гэхэд Дэлгэрбаяр “юу гэж муулсан юм” гээд тэр хоёр хэрэлдэж байгаад гэрээс гарахаар нь би араас нь гараад очтол гэрийн гадаа тэр хоёр дахиад хэрэлдээд байсан. Тухайн үед зодолдсон зүйл байгаагүй учир би буцаад гэрт ороод сууж байтал гаднаас хэн ч билээ нэг нь орж ирээд “нөгөө хоёр чинь муудаад байна” гэхээр нь гараад очтол зүүн талын гэрийн гадаа хэрэлдэж байсан. Намайг очиход Ууганцэцэгийн нүүр урагдсан, манай эхнэрийн зүүн талын нүд хөхөрсөн байгаа харагдсан. Тэгэхээр нь би эхнэрээ аваад гэр рүүгээ явсан. Гэрт очсоны дараа эхнэр “нуруу хөндүүр байна” гэхээр нь харахад нуруу, зүүн гарын шуу хэсэгт хөхөрсөн байсан. Дэлгэрбаяр, Ууганцэцэг хоёр намайг буцаад гэрт орсон хойгуур зүүн талын гэрт зодолдсон юм шиг билээ. Би дэргэд нь байгаагүй болохоор хэн, хэнийгээ зодож цохихыг хараагүй. Намайг гэрээс гараад очиход тэр хоёрыг зодолдсон, хүмүүс салгасан гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-64/,
Гэрч Н.Энхсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Ууганцэцэг гэх хүн бидэнд үйлчилсэн, тухайн үед Ууганцэцэг нь халамцуу байсан тэгээд бид нар гэрийн найранд сууж байхад Дэлгэрбаяр руу хандаад “чи хэлэх үгийг эзэнд нь хэлээрэй” гэж хэлсэн...би гэрт сууж байгаад гарахад хажуу талын хоолны гэрт шуугилдаж байхаар нь ороход Дэлгэрбаярын дээр нь Ууганцэцэг гарчихсан үсдээд доош нь дарчихсан байхаар нь би Ууганцэцэгийг хойш татаж унагаад Дэлгэрбаярыг өргөөд гаргахад хувцас нь нойтон болчихсон нуруу нь улайгаад нидрэгдээд улайчихсан, нүүрнээс нь цус гоожиж байсан. Хумсаараа маажсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-38/,
Ж.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Ууганцэцэг айлын найран дээр “Дэлгэрбаяр гуай ил далд муулж байхаар нүүрэн дээр муулаад хэлчихээрэй” гээд тэгээд муудалцаж эхэлсэн. Би Ууганцэцэгийн биед гэмтэл учруулсан...Ууганцэцэг зүүн гэр рүү орсон, би тэгээд хойноос нь дагаж орж маргалдаад, нүүр хэсэгт нь маажсан...Би нэлээн согтсон байсан тул болсон асуудлыг санахгүй байгаа. Манай найз Энхсүрэн найран дундуур гэрээс гараад зүүн талын гэрт ороход Ууганцэцэг миний дээр гарчихсан намайг үсдчихсэн байсныг болиулсан байсан. Би Ууганцэцэгийн нүүрийг маажиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, Ууганцэцэгээс өөрийнхөө гинжний үнэ болох 200.000 төгрөгийг авахгүйгээр Ууганцэцэгт учирсан 380.000 төгрөгийн 200.000 төгрөгт суутгаж өгөөд зөрүү болох 180.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулснаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хх-22, 59-60/,
Иргэн Б.У-ийн гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-11-13/, төлбөрийн баримт /хх-14/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02/0296 дугаартай “...Б.У-ийн биед тархи доргилт, зүүн шанаа, баруун нүдний доод зовхи, дээд уруул, зүүн чихний ар хэсэг, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-24/,
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны төвийн эмч У.Энхбаярын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “...Б.У-ийн ясанд гэмтлийн болон бүтцийн илэрхий өөрчлөлтгүй.” гэсэн дүгнэлт /хх-25/,
Хохирогч Б.У-ийн “...миний бие Ж.Д-тай маргалдсаны улмаас үүссэн хохирлыг Ж.Д барагдуулж өгсөн тул уг асуудлыг хурдан шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-43/,
“...“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 840 дугаартай “монетон гинж 1ш 200.000 төгрөг, нийт 200.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хх-51/,
“...“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 841 дугаартай “монетон гинж 1ш 200.000 төгрөг, кулон /монет/ 1ш 180.000 төгрөг, нийт 380.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хх-46/,
Ж.Дын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-74/,
Яллагдагч Ж.Дын “ ...миний бие болсон зүйлдээ маш их гэмшиж байна, дахин ийм зүйл гаргахгүй. Миний хохирогч болох Б.Ууганцэцэг надад хохирол гомдолгүй гэсэн учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-87/,
Хохирогч Б.У-ийн “... Ж.Д эгчээс хохирлоо бүрэн барагдуулж авсан тул бид хоёрын маргааныг хялбаршуулж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-88/ зэрэг болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Ж.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Б.У-тэй хэрэлдэж, маргалдан улмаар нүүрийг нь хэд хэдэн удаа маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, 380.000 төгрөгийн хор уршиг учруулсан гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн; шүүгдэгч Ж.Дын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
хохирогч Б.У-ийн “...Дэлгэрбаяр эгч босож ирээд миний нүүр хэсэгт гараараа хумсаараа маажсан...би зүүн талд байсан илүү гэрт ороод сууж байсан чинь гаднаас Дэлгэрбаяр эгч орж ирээд нүүрний хэсэгт гараараа дахиад маажаад гэмтэл учруулсан.” гэх,
гэрч Д.Дамдинпүрэвийн “...Бид айлын найранд сууцгааж байтал Ууганцэцэг архи хундагалж байгаад “Дэлгэрбаяр гуай битгий ил далд хүн муулаад бай” гэхэд Дэлгэрбаяр “юу гэж муулсан юм” гээд тэр хоёр хэрэлдэж байгаад гэрээс гарахаар нь би араас нь гараад очтол гэрийн гадаа тэр хоёр дахиад хэрэлдээд байсан...Намайг очиход Ууганцэцэгийн нүүр урагдсан, манай эхнэрийн зүүн талын нүд хөхөрсөн байгаа харагдсан.” гэх,
гэрч Н.Энхсүрэнгийн “...Дэлгэрбаяр, Ууганцэцэг нар нь хоорондоо муудалцаад гэрээс Ариунжаргал нь тэр хоёрыг хоёуланг нь хөөгөөд гаргасан. Тэгээд би гэрт сууж байгаад гарахад хажуу талын хоолны гэрт шуугилдаж байхаар нь намайг ороход Дэлгэрбаярын дээр нь Ууганцэцэг гарчихсан үсдээд доош нь дарчихсан байхаар нь би Ууганцэцэгийг хойш татаж унагаад Дэлгэрбаярыг өргөөд гаргахад хувцас нь нойтон болчихсон нуруу нь улайгаад нидрэгдээд улайчихсан байсан. Нүүрнээс цус гоожиж байсан. Хумсаараа маажсан байсан.” гэх,
яллагдагч Ж.Дын “...Ууганцэцэг миний дээр гарчихсан намайг үсдчихсэн байсныг болиулсан байсан. Би Ууганцэцэгийн нүүрийг маажиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр болон
иргэн Б.У-ийн гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яаралтай тусламжийн хуудас, төлбөрийн баримт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02/0296 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Д, хохирогч Б.Ууганцэцэг нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, мөн яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Ууганцэцэг нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Ж.Д-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Ж.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Ж.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар;
Шүүгдэгч Ж.Д-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба тэрээр цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ламынхан овогт Жамъяандоржийн Дэлгэрбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Д-т шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 100.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ