Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 242

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 2 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, РД:ОО66110803, Борлууд овогт Норслойн Дэвээгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Н.Дэвээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр увс аймгийн Тэс сумын Тормот гэх газарт төрсөн. Би 1974 оны 9 дүгээр сараас тус сумын дунд сургуульд элсэн орж 1981 онд 7 дугаар анги төгссөн. Улмаар 1981 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд илгээлтийн малчнаар 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан юм. Одоо миний хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байгаа тул намайг 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Дэвээ нь 1981 онд Увс аймгийн Тэс сумын сургуулийн 7 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд 1981 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд илгээлтийн малчнаар 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан. Бог мал маллаж байсан. 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Н.Дэвээгийн гэр шатаж бүх бичиг баримтууд нь шатсан. Архиваас цалингаа шүүлгэхэд ажиллаж байсан үеийн цалин нь олдсон. Иймд Н.Дэвээгийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэв.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Н.Дэвээ нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гаргаж ирүүлсэн Норслойн Дэвээгийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Итгэмжлэл,

3. Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 19 тоот “Тэс сумын Баян-Овоо багийн иргэн Цэвээний Жамсрангийн гэр 2010 оны 10 дугаар сарын 11-нд шатсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,

4. 1985 онд Илгээлтийн эздийн зөвлөгөөнд оролцохдоо Тангаа, Банзрагч нартай авахуулсан фото зураг,

5. Гэрч Д.Цэцэгмаагийн шүүхэд өгсөн: “Би 1987 оноос дуустал Увс аймгийн Тэс сумын бага сургуульд тогоочоор ажилд орж 2006 он хүртэл ажилласан юм. Н.Дэвээг би хар багаас нь таньж мэдэх бөгөөд бид бага сургуулийн нэг төгсөлтийн хүмүүс байгаа юм. Н.Дэвээ нь 1981 онд 7 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдлийн 4 дүгээр бригадад илгээтийн малчнаар ажиллаж эхэлсэн юм. Би нэг нутгийн хүмүүсийн хувьд Н.Дэвээг сайн таньж мэднэ, түүний нөхөр Ц.Жамсран мөн нэгдлийн малчнаар ажиллаж байсан. Миний санаж байгаагаар Н.Дэвээ нь 1989 оныг дуустал тус нэгдэлд ажилласан, тэгээд нөхөр Ц.Жамсрантай гэр бүл болж 1990 онд анхны хүүхдээ төрүүлээд нэгдлээс гарсан байхаа” гэх мэдүүлэг,

6. Гэрч Ц.Буянжаргалын шүүхэд өгсөн: “Би 1986 оноос Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдлийн Нуур бригадад малчнаар ажилд орж 1992 оны 6 дугар сар хүртэл ажилласан юм. Бид нэг нутагт төрж өссөн, илгээлтээр малчин болж байсан учраас нэг нэгнээ сайн таньж мэддэг юм. Тухайн үед саналыг нь асууж хүүхдүүдийг их сургуульд явуулахгүйгээр илгээлт өгч малчин болгодог байлаа. Н.Дэвээ нь 1981 онд 7 дугаар ангиа төгсөөд Тэс сумын “Лениний зам” нэгдлийн 4 дүгээр бригадад илгээлтийн малчнаар 1989 оныг дуустал ажилласан юм” гэх мэдүүлэг,

7. Гэрч Д.Цэцэгмаагийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.Буянжаргалын Т.Цогзолмаагийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 28 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Н.Дэвээ нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гаргаж ирүүлсэн Н.Дэвээгийн цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа авахуулсан фото зураг, гэрч Д.Цэцэгмаа, Ц.Буянжаргал нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

     Иймд нэхэмжлэгч Н.Дэвээгийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил, 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Дэвээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борлууд овогт Норслойн Дэвээгийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил, 6 /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Дэвээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР