| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00124/И |
| Дугаар | 243 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 243
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 1-17 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, РД:ОК66060401, Тайж овогт Цэвэлмаагийн Баярцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баярцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1966 онд төрсөн. Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд мал малласан. Гэтэл тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн, ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байна. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болж тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандаж байна. Тухайн үед ажиллаж байхдаа авч байсан цалингийн цэсээ шүүлгэхэд цалин авч байсан баримт олдсон тул миний 1982 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баярцэцэг нь Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргаж ирүүлсэн Цэвэлмаагийн Баярцэцэгийн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Гэрч С.Бямбабаатарын шүүхэд өгсөн: “Би Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн Батсайхан бригадад 1988-1989 оны хооронд бага эмчээр, 1993-1994 онд Өндөрхангай сумын Батсайхан бригадын Тахилтын давсны “Хүлэг” компанид нярав, борлуулагчаар тус тус ажиллаж байсан. Ц.Баярцэцэг нь Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд багаасаа аав, ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн бөгөөд 1981 онд намайг Говь-Алтай аймгийн Анагаах ухааны сургуульд яваад 1988 онд нутагтаа эмчээр очиход мөн тэндээ малчнаар ажиллаж байсан. Улмаар 1992 оныг дуустал ажилласан юм. Бид нэг нутгийн хүмүүс, тус нэгдэлд хамт ажиллаж байсан учраас түүнийг сайн таньж мэднэ. Түүний нөхөр н.Хурандаа нь тус нэгдлийн малчин бөгөөд ихэвчлэн тууварт явдаг аав, ээж, гэр бүлийнхэн нь цөм мал маллаж “Шинэ зам” нэгдэлд ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
3. Гэрч Н.Очирбатын шүүхэд өгсөн: “Би Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн Цагааннуур бригадад 1982-1992 оны хооронд малчнаар ажиллаж байсан. Ц.Баярцэцэг нь мөн 1982 онд 8 дугаар анги төгсөөд Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн Цагааннуур бригадад мал маллаж эхэлсэн бөгөөд 1992 он хүртэл бид хамтдаа ажиллаад улмаар нэгдэл хувьчлагдахад хувьдаа малаа аваад гарцгаасан юм. Би Ц.Баярцэцэгийг нэг нутгийн хүмүүсийн хувьд багаас нь таньж мэдэх бөгөөд түүний нөхөр н.Хурандаа нь тус нэгдэлд мөн мал малласан тууварт ихэвчлэн явж байсан санагдаж байна” гэх мэдүүлэг,
4. Гэрч С.Бямбабаатарын Увс аймгийн Өндөрхангай суманд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Очирбатын Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 583 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ц.Баярцэцэг нь Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргаж ирүүлсэн Ц.Баярцэцэгийн цалингийн тодорхойлолт, гэрч С.Бямбабаатар, Н.Очирбат нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Баярцэцэгийн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 11 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Баярцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Баярцэцэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Цэвэлмаа овогтой Баярцэцэг миний бие Улаанбаатар хотод эмнэлэгт хөлний хүндхэн эмчилгээнд орж байгаа тул явж чадахгүй байгааг харгалзан үзэж миний ажилласан жилийг тогтоох шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Цэвэлмаагийн Баярцэцэгийн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 11 /арван нэг/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Баярцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР