Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/09

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Хохирогч Н.Б

Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Д-ийн У-т холбогдох 2016001490124 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.У нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан 2 дугаар багийн нутаг Таван толгой гэх газар шороон зам дээр иргэн Г.Ч-ын өмчлөлийн 17-75 УНГ улсын дугаартай Land cruiser-100 маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Б-ийн эрүүл мэндэд 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.  

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газарт хэмжилт хийсэн тэмдэглэл / хх-ийн 7-9-рт/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 21-24-рт/,

 

Хохирогч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Сонгуулийн ажлаар аймаг орон нутгийн мэдээлэл технологийн багт ажиллаж байсан. Тэр үеэр хар машин авч ирэх асуудлаар хот руу явах болсон. Тэгээд тамгын газраас нэг машин гаргаад хүмүүс нь суусан. Тэгээд илүү гарсан 2 хүн нь автобусанд суух ёстой байсан. Гэтэл сонгуулийн хорооны дарга А хот руу явах машин байна гээд тэр машины хүнтэй ярьж тохирсон юм шиг байсан. Би бол юу ч мэдээгүй. Тэгээд тэр машинд сууж явж байгаад замд тийм осол гарсан. Тэрнээс болоод миний эрүүл мэндэд нэлээд хохиролтой байна. Эдгэсэн ч гэсэн эргээд хэвийн байдалдаа орж чадахгүй байгаа. Жолооч бол тэрнээс хойш ганц уулзаж уучлалт гуйсан зүйл байхгүй. Хохирол барагдуулаагүй гэв.

 

Хохирогч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Араас нь манай машин хөдөлсөн. Удалгүй машин шарваад байсан чинь жолооч уналаа гэж хэлж байсан тэгээд машин онхолдсон. Би машины ар талын хонины хонхорт хэвтэж байсан.  Тэгээд хойд талын цонх хагархай байхаар нь мөлхөж гарсан. Тухайн үед миний нуруу тэгшрэхгүй өвдөж, толгой хагарсан цус гарч, амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд А ах өмнө явсан машинтай хүмүүсийг утсаар дуудаж тэд нар удалгүй ирээд бид нарыг Дэлгэр сумын эмнэлэгт аваачиж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд байж байтал аймгийн 103 эмч нар очиж бид нарыг авч ирж аймгийн нэгдсэн эмнэлгийн үзлэгт хамруулсан... эмнэлэгт үзүүлэхэд 6, 7, 8, 9 дүгээр хавирга зөрүүгүй хугарсан, мэдрэлийн эмч толгой жаахан хавантай байна 1 нүд том жижиг ялгаатай байна гэж хэлсэн. Би Улаанбаатар хот руу болон аймагт хийлгэсэн эмчилгээний зардалд 1.350.000 төгрөг, сонгуульд ажилласан цалин 400.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-рт/,

 

         Хохирогч А.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн “...жолоочийн хажууд А сууж, зүүн талын хойд талд би суугаад, миний баруун талд Б суугаад цааш хөдөлсөн. Тэгээд тэндээсээ 7 км орчим явж байтал замын мөстсөн хэсэг дээр машин гэнэт хойд талаа шидээд шарваснаа нэг тогтож ирээд машин онхолдож унасан. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 74-рт/,

 

          Гэрч Ч.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...би 17-75 УНГ улсын дугаартай автомашинд жолоочийн хажууд сууж, арын суудалд Б, Д нар суугаад хөдөлсөн. Тэгээд явж байтал гэнэт замын халтиргаа үүссэн хэсэг орж ирсэн машин шарваж байснаа онхолдож унасан. Б хойд талын хонины хонхрын цонх хагарсан хэсгээр мөлхөөд гарч байхаар нь би араас нь мөлхөж, миний араас жолооч мөлхөж гарсан. Тэгээд би утсаа асааж хамт явж байсан машиныг дуудаж тэд нар ирээд бид нарыг Дэлгэр сумын эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 79-рт/,

 

           Гэрч Д.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...СО-ээс хараад зүүн талын 6, 7, 8, 9 дүгээр хавирга суганы дунд шугамаар зөрүүгүй хугаралтай байна гэсэн дүгнэлтийг карт дээр нь бичсэн. Энэ гэмтлийг 6, 7, 8, 9 дүгээр хавирга нь зөрүүгүй хугарал гэж үзсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 80-рт/,

 

 

 

         Зам тээврийн ослын улмаас Н.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98-99-рт/,

 

 

        Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 388 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн акт /хх-ийн 104-105-рт/,

 

       Зам тээврийн ослын улмаас хохирогч Н.Б нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үзүүлсэн тухай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 35-рт/,

 

        Хохирогч Н.Б-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт/хх-ийн 56- 59-рт/,

 

        Мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Лхагвадоржийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан “...1. Д.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 -т заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэстэй гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 117-рт/,

 

        Д.У-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 132-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ дүгнэлтдээ: Д.У нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтайгаас Улаанбаатар чиглэлд явж байгаад Дэлгэр сумын Баясан багийн нутагт онхолдсон байгаа. Энэ ослын улмаас хохирогч Н.Б-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэм буруугаа шүүгдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэл дээр маргах зүйлгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь цаг уурын нөхцөл байдал буюу зам дээр тогтсон мөс, энэ нь байгалийн давагдашгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж байгаа. Хохирлын тухайд сонгуулийн хорооны ажилчдыг аваад яваач гэсэн саналын дагуу аваад явсан байдаг. Үүнтэй холбоотой холбогдох зардлыг сонгуулийн хорооноос хохирогчид шилжүүлсэн байгаа. Шүүхээс шүүгдэгчийг төл гэдэг шийдвэр гарсан тохиолдолд хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад эх хувиуд авагдаагүй. Нотлох баримтын хүрээнд үнэлэгдэх боломжгүй. Үнэлээд гаргая гэсэн ч нотлох баримтын шаардлага хангах баримт дутмаг байна гэж харж байна. НӨАТ-ын баримтууд хэн хаанаа яаж гаргасан нь мэдэгдэхгүй, нэргүй баримтууд, Улаанбаатар хотод очиж хоол идсэн баримтууд, Хүннү-Эйр-ийн 10 дугаар сарын 30-ны өдрийн баримтууд байх жишээтэй. Сонгуулийн хорооноос 737.000 төгрөгийн мөнгө шилжүүлсэн. Гэтэл сонгуулийн хороонд ажилласан цалингаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Цалингаа сонгуулийн хорооноос нэхэмжлэх эрхтэй. Ийм учраас гаргах үндэслэлгүй байна гэв6

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.У-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэгдэнэ.  

 

Уг гэмт хэргийг шүүгдэгч Д.У үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол гаргасан газарт хэмжилт хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Н.Б, А.Д, гэрч Ч.А, Д.Т нарын мэдүүлэг, хохирогч Н.Б-ийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 388 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн акт, Н.Батпүрэвийн Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт  2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үзүүлсэн тухай яаралтай тусламжийн хуудас, хохирогч Н.Б-ийн амбулаториор үйлчлүүлэгсдийн карт, Мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Лхагвадоржийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан мөрдөгчийн лавлагаа, Д.Ууганбаярын  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Н.Б нь хохирол 1.350.000 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирол нэхэмжилсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хүннү эйр ХХК-ны онгоцны тийзийн НӨАТ-ын 134.000 төгрөгийн баримт эх хувиараа байна. Хүннү-Эйр ХХК-ны Говь-Алтай аймгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Т.Сайнжаргал “Н.Б нь Хүннү-Эйр ХХК-аар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай-Улаанбаатар чиглэлийн нислэгт тийз бичүүлэн ниссэн, өөр тийз бичүүлээгүй талаар” тодорхойлолт гаргасан, хохирогч Н.Б нь шүүх хуралдаанд хотоос ирэхдээ автобусаар ирсэн талаар мэдүүлж байх тул тус баримтыг үнэлэх үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт хавсаргасан бусад баримт нь эх хувь баримт байхгүй. Эх хувийг нь сонгуулийн хороонд гаргаж өгсөн хуулбарыг нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт хавсаргасан гэж мэдүүлж байна. Эдгээр нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Д.У нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулахаар заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.У-т Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг нь харгалзан уг торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Д-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Ууганбаярт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч Н.Б-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

  

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА