| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00217/И |
| Дугаар | 250 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 250
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 7 дугаар баг, 22-29 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, РД:ОЮ60030579, Булгадар овогт Юнрэнгийн Содномдаржаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Содномдаржаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Содномдаржаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1960 онд төрсөн, 57 настай. Би 1976 онд 8 дугаар анги төгсөөд Улаанбаатар хотын Тээврийн ТМС-ийн дэргэдэх трактор, комбайны 1 жилийн курст суралцаж ирээд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс тракторчноор анх ажилд орж 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаад цэргийн албанд явсан. Цэргээс халагдаж ирээд 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторчнаар тус тус ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрийг маань хөдөлмөрийн хэлтэст өгөх ёстой гээд надад өгөөгүй учир шүүхэд хандаж байна. Иймд миний 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторчноор, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Содномдаржаа нь Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тракторчноор, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 7 дугаар сараас 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 36 тоот “Ажилд авах тухай” тушаалд “Юнрэн овогтой Содномдаржааг 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс ДТ-75 тракторын жолоочоор авч ажиллуулсугай” гэжээ,
2. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тушаалын хуулбарт “тракторчин Юнрэнгийн Содномдаржааг 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тракторчны /цэргийн албанд явсан/ ажлаас чөлөөлсүгэй” гэж бичжээ,
3. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 64 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Юнрэн овогтой Содномдаржааг 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тракторчноор авч ажиллуулсугай” гэжээ,
4. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 94 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Юнрэн овогтой Содномдаржааг 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ,
5. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй нь үнэн болно” гэх тодорхойлолт,
6. Гэрч Ц.Батхүүгийн шүүхэд өгсөн: “Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилчнаар ажилд орж 1992 оныг дуустал ажиллаад “Нэгдэлчин” ББХК-д барилгын туслах ажилчнаар ажилласан юм. Ю.Содномдаржаа нь 1983 онд цэргийн албанаас халагдаж ирээд Нэгдэл дундын үйлдвэрт тракторын жолоочоор ажилд орсон бөгөөд цэрэгт явахаасаа өмнө манай байгууллагад ажиллаж байсныг би сонсож байсан. Тэгээд 1992 оныг дуустал бид хамт ажиллаад “Нэгдэлчин” ББХК-д шилжин орцгоосон юм. Тухайн үед манай байгууллага нь барилгын 4-5 бригадтай, автогражуудтай, хөдөө аж ахуйн авто засваруудтай томоохон байгууллага байсан бөгөөд зөвхөн барилгын бригадад 150 гаруй ажилчинтай байлаа. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар П.Дашхүү гэх хүн ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
7. Гэрч Ц.Мягмарцэдэнгийн шүүхэд өгсөн: “Би 1984 оноос эхлэн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилчнаар ажилд орж 1991 оны 5 дугаар сар хүртэл ажиллаад “Шинэ үе” нэгдэлд шилжин ажиллах болсон юм. Ю.Содномдаржаа нь 1984 намайг ажилд ороход Нэгдэл дундын үйлдвэрт тракторын жолоочоор ажиллаж байсан бөгөөд 1991 онд намайг ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн хүн байгаа. Би тухайн үед модны бригадад ажиллаж байсан бөгөөд манай бригад тусдаа тракторын жолоочтой байсны нэг Ю.Содномдаржаа юм. Бид нэг байгуулдлагын нэг бригадад хамт ажиллаж байсан учраас Ю.Содномдаржааг би сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
8. Гэрч Ц.Батхүүгийн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсныг нотлох түүнийг ажилд томилсон Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 76 тоот “Ажилд томилох тухай тушаал”, Ц.Мягмарцэдэнгийн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ю.Содномдаржаа нь Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тракторчноор, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 7 дугаар сараас 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 36 тоот “Ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тушаалын хуулбарт бичигдсэн байдал, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 64 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 94 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Ц.Батхүү, Ц.Мягмарцэдэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ю.Содномдаржаагийн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 жил, 3 сар тракторчноор, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 7 дугаар сараас 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 9 жил, 4 сар, 20 хоног тракторчноор, нийт 12 жил, 7 сар, 20 хоног тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ю.Содномдаржаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Булгадар овогт Юнрэнгийн Содномдаржаагийн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 /гурав/ жил, 3 /гурав/ сар тракторчноор, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 7 дугаар сараас 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 9 /ес/ жил, 4 /дөрөв/ сар, 20 /хорь/ хоног тракторчноор, нийт 12 /арван хоёр/ жил, 7 /долоо/ сар, 20 /хорь/ хоног тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ю.Содномдаржаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР