Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Иргэдийн төлөөлөгч Б.Болормаа

Улсын яллагч Э.Хосбаяр

Хохирогч Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Э-ад холбогдох эрүүгийн 2021000000408 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ....................... гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх  хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ..... овогт Э. /РД: ..................../

Шүүгдэгч Э нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******т” гэх газарт байх гэртээ иргэн Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний урд баруун талын эгэмний доорхи тараагаар судас /а.subclavia/-ны салаа а.axillaris-н бүрэн бус тасрал гэмтэл үүсгэсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, их хэмжээний цус алдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хохирогч болох дүү Э-тай хамт хөдөө явсан. Тэгээд хөдөө явах замдаа бид хоёр 1 шил архи уусан ба хөдөө очоод үлдсэн 2 шил архиа хувааж уугаад хоорондоо маргалдаад би Э-ыг хутгалсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн үед Э ахын хамт машинтай нь ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар байх гэр рүү нь байшин барихаар очсон. Аймгаас гарахдаа 3 шил 0,75 литрийн “Хараа” архи авч тэрийгээ замдаа ууж явсаар 15 цагийн үед Э ахын гэрт нь очиход Э ахын гэрт *******, ******* гэх хоёр малчин нь байсан. Ингээд бид нар хамт архи уусан. Тэр үед ******* ах архиндаа согтоод тасарчихсан. Их амархан согтдог юм. Харин ******* хониндоо явлаа гээд явсан хойгуур нь Э ахтай маргалдсан. Харин яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Ямартай ч Э ах маш их уурлаж миний баруун эгэмний орчимд ширээн дээр байсан талх зүсэж байсан хар иштэй хутгаар нэг удаа хутгалсан. Хутгалагдсаныхаа дараа Э ахыг “та яаж байгаа юм бэ” гээд нэг мэдсэн ухаан алдчихсан. Тэгээд сэрэхэд эмнэлэг дээр ирчихсэн, эмч нар мэс засал хийх гэж байсан. ...Би тухайн үед согтуу Э ахыг хорон үгээр хор шарыг нь хөдөлгөснөөс болж намайг хутгалсан. Харин яг юу гэж хэлээд уурыг нь хүргэснээ санахгүй байна. ...Надад гаргах гомдол санал байхгүй. Э ах бид хоёр хохирлын ямар нэгэн маргаангүй, гомдол санал байхгүй...Би бодохдоо согтуу хүмүүс учир зүйгээ сайн олохгүйгээр маргалдсан байх гэж бодож байна...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэлээс, хх-ийн 11-12 тал/

Гэрч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *******ын хамт малаа хараад байж байхад үдээс хойш Э ах өөрийнхөө машинтай Э гэх залуугийн хамт халамцуу ирээд дахиж 2 шил 0,75 литрийн “Хараа” архи гаргаж ирээд Э ах, Э, ******* бид 4 хувааж ууцгаасан. Тэгээд бүгд нилээд согтоод би гэрээс гараад хонио мотоциклтой эргүүлж ирэхэд гэрийн баруун орон дээр Э хэвтчихсэн баруун эгэмнийх нь доод хэсгээс цус гарчихсан Э ах “би Э-ыг хатгачихлаа, түргэн дууд” гэж байсан. ******* нь хойд хэсэгт согтуу унтаж байсан. Намайг гарахад ямар нэгэн маргасан асуудал болоогүй байсан...” гэжээ. /хх-ийн 17-18 тал/

Гэрч Л.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үдээс хойш 15 цагийн орчим Э ах өөрийнхөө машинтай Э гэх залуугийн хамт халамцуу ирээд 2 шил 0,75 литрийн “Хараа” архи гаргаж ирээд Э ах, Э, ******* бид 4 хувааж ууцгаасан. Тэгээд би сүүлийн архи ууж байхад согтоод унтаад өгсөн байсан. Тэгээд нэг сэргэтэл эмч ирсэн Э Э-ыг хутгалсан гээд үзээд Э-ыг аваад явсан...” гэжээ. /хх-ийн 19-20 тал/

Иргэдийн төлөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хүний биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээсэн тул гэм буруутай...” гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 781 тоот дүгнэлтэд:

1. Э-ын биед цээжний баруун талын эгэмний доорхи тараагуур садас /a.subclavia/-ны салаа a.axillaris-н бүрэн бус тасрал гэмтэл үүсгэсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, их хэмжээний цус алдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 40-41 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/

- Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 7 тал/

- Эд зүйл хүлээн авсун тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 тал/

- Түргэн тусламжийн дуудлагын хуудас, өвчний түүх, мэс заслийн тэмдэглэл /хх-ийн 23-39 тал/

- Хохиролтой холбоотой баримтууд болон хохирогчийн шүүхэд гарагсан “шүүгдэгчид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тухай” хүсэлт /задгай 13 хуудас/

- Эын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-16, 46-49 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Эд  мөрийн баримтаар: Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн нийт 25 сантиметрийн урттай, ажлын хэсэг нь 13 сантиметрийн урттай, хутганы иш нь 12 сантиметрийн урттай, хар өнгийн хуванцар бариултай хутга 1 /нэг/ ширхгийг шинжлэн судлав.

Шүүгдэгч .........овогт Э нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******т” гэх газарт байх гэртээ хохирогч Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний баруун талын эгэмний доорхи тараагуур садас /a.subclavia/-ны салаа a.axillaris-н бүрэн бус тасрал гэмтэл үүсгэсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, их хэмжээний цус алдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э, гэрч Г.*******, Л.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, түргэн тусламжийн дуудлагын хуудас, өвчний түүх, мэс заслийн тэмдэглэл, хохиролтой холбоотой баримтууд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 781 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Э-ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э-ыг зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Э-ыг зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгч Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Э-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Эын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 5100.000 төгрөгийг төлж, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн нийт 25 сантиметрийн урттай, ажлын хэсэг нь 13 сантиметрийн урттай, хутганы иш нь 12 сантиметрийн урттай, хар өнгийн хуванцар бариултай хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э-ын .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ......... овогт Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Э-ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ад оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 5100.000 төгрөгийг төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн нийт 25 сантиметрийн урттай, ажлын хэсэг нь 13 сантиметрийн урттай, хутганы иш нь 12 сантиметрийн урттай, хар өнгийн хуванцар бариултай хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э-ын ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГА

ШҮҮГЧИД                                          П.ПАГМА

                                                                        Г.НАМУУНТУЯА