| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00238/И |
| Дугаар | 267 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 267
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 7-16 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эрэгтэй, РД:ОП68043016, Гэгээнтэн овогт Цэрэнчимэдийн Пүрэвжавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгорын уурхай дахь Төрийн банкинд үйлчлэгч ажилтай, РД:БЗ83042001, Дөрвөд овогт Эрдэнэсүрэнгийн Байгалмаад холбогдох,
Гурилын үнэ 2.037.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Пүрэвжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2015 оны 10 дугаар сард 50 килограммтай 100 уут 1 дүгээр гурил ачиж очоод бэлэн мөнгөөр зарж, үлдсэн 55 уут гурилыг Э.Байгалмаад хадгалуулахаар үлдээсэн юм. Удалгүй “Таны гурилыг хүн асууж байна, зарах уу” гэхээр нь “Зар” гэж хэлсэн. Тэгээд удаа дараа нэхүүлж байж 300.000 төгрөгийг 1 жилийн дараа буюу 2016 оны 12 дугаар сард хүний дансаар шилжүүлсэн. Зарсан гурилын үнийн үлдэгдэл 2.037.500 төгрөгийг одоо болтол өгөхгүй, утсаар залгахаар утсаа авахгүй, хүн гуйгаад ярих гэхээр “Би өөрөө ярьчихна” гэж хэлээд ярьдаггүй тул Э.Байгалмаагаас тохиролцож заруулсан гурилын үнэ болох 2.037.500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Пүрэвжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнхүү нар 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Ц.Пүрэвжав миний бие хариуцагч Э.Байгалмаагаас нийт 2.037.500 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид харилцан тохиролцож хариуцагч Э.Байгалмаагаас 1.440.000 төгрөг гаргуулахаар боллоо. Энэ мөнгийг Э.Байгалмаа нь 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Пүрэвжав нь хариуцагч Э.Байгалмаагаас гурилын үнэ 2.037.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Пүрэвжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнхүү нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ц.Пүрэвжавын нэхэмжлэлийн шаардлагаас 1.440.000 төгрөгийг хариуцагч Э.Байгалмаа 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Ц.Пүрэвжав нь үлдэх хэсэг болох 597.500 төгрөг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгч Ц.Пүрэвжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнхүү нарын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 47.550 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 1.440.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37.990 төгрөгний тал хувь 18.995 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 28.555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Байгалмаагаас 18.995 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Пүрэвжавт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Пүрэвжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнхүү нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ц.Пүрэвжав нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.037.500 төгрөгөөс 597.500 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 1.440.000 төгрөгийг нь хариуцагч Э.Байгалмаа 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас 18.995 төгрөг, хариуцагч Э.Байгалмаагаас 18.995 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Пүрэвжавт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Байгалмаа нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР