| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0024/э |
| Дугаар | 2021/ШЦТ/16 |
| Огноо | 2021-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Э-т холбогдох эрүүгийн 2021000000475 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “..........” ХХК-д техникч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол ................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............ овогт Э. /РД: ................/
Шүүгдэгч Э нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд “Хино Ренжир” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ******* ******* 19 дүгээр талбайгаас ертөнцийн зүгээр зүүн тийш 12 км газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэх, мөн дүрмийн 3.7-д заасан заасан “...тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглахыг хориглоно...”, 3.7.а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч М-н эрүүл мэндэд хүндэвтэр, Б, А, М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.
Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 11 сарын 12-ны өдрийн 09 цагийн орчим хөдлөөд 19 дүгээр талбайн хоолны гэр дээр 11 цагийн орчим ирсэн. Тэгээд бид нар уг хоолны гэрээс 12 цагийн үед хөдөлсөн бөгөөд тээврийн хэрэгслийг Э ах бариад явсан. Машинд 5 хүн суусан байсан тэгээд 10 гаруй км явж байхад гэнэт машин замын зүүн тал руу гараад өнхөрсөн. Би тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй байна хэсэг ухаан алдсан юм шиг байсан. …миний зүүн эгэм хугарсан эмч үзээд Улаанбаатар хотод очоод хадуулаарай гэж хэлсэн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 13 тал/
Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид нар хоолны гэр дээрээс 12 цагийн үед хөдөлсөн ба Э ах бариад хөдөлсөн. Тэгээд хөдлөөд 10-д км газар явж байхад гэнэт машин замын зүүн тал руу гараад өнхөрсөн. Би тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна. Машинаас буухад манай хэд миний араас машинаас гарч ирсэн. ...тухайн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай компанийн нэр дээр байдаг...” гэжээ. /хх-ийн 16 тал/
Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 11 сарын 12-ны өдөр ******* суманд хийх ажлаа дуусгаад газрын тосноос зүүн тийш 40 гаруй км зайд станц дээр ажил хийхээр болоод ******* сумаас орой 16 цагийн орчим гараад ******* ******* 19 дүгээр талбайн гэрэл харагдах газарт унтаж амарсан. Тэгээд унтахын өмнө Мягмарсүрэн, Э бид 3 сумаас авсан 0.75 граммын хар “Экс” гэх архийг хувааж уугаад 23 цагийн орчим амарцгаасан. Ингээд маргааш өглөө нь бид нар босоод 19 дүгээр талбай дээр ирж хоол унд идээд 12 цаг өнгөрөөгөөд 19 дүгээр талбайгаас хөдлөөд 10 орчим км зайд явж байхад бид нарын ард явж байсан Э-ийн машинд суугаад явж байсан А станцаар “Ганаа ахаа болохоо байлаа” гэж хэлсэн. Ингээд бид нар эргээд очиход Э замын хойд талд онхолдсон байдалтай дотор нь зорчиж явсан хүмүүс машинаас гарсан Мягмарсүрэн машинаас гараагүй кабин дотроо нуруу өвдөөд байна гээд байж байсан...” гэжээ. /хх-ийн 17-18 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай компанийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай автомашин 2020 оны 11 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын нутаг ******* ******* 19 дүгээр талбайгаас 10 орчим км зайд явж байгаад онхолдсон гэсэн. Хэрхэн яаж явж байгаад онхолдсон талаар мэдэхгүй байна. ...автомашинд учирсан эвдрэл гэмтлийг нэхэмжлэхгүй, гаргах гомдол, санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 28-29 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 868 тоот дүгнэлтэд:
1. М-н биед зүүн эгэм ясны хугарал, зүүн эгэмний дээд хэсгийн цус хуралт, хуйханд зүүн зулай хэсгийн няцарсан шарх, зүүн гарын долоовор, дунд хуруу, баруун гарын дунд хурууны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн цдаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Зүүн эгэм ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 49-50 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 193 тоот дүгнэлтэд:
1. Шинжлүүлэгч Эийн биеэс авсан гэх цусанд 0.8 промилли спиртийн зүйл илрэв.
2. Цусанд 0.8 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 58 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 тал/
- Ослын газрын схем зураг, Зам тээврийн осолд холбогдсон “Hino Ranger” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /9-11 тал/
- Гэрч Б мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/
- Гэрч М мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/
- Мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн магадлагаа /хх-ийн 30 тал/
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 870, 867 тоот, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 869, 871 тоот “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” дүгнэлтүүд /хх-ийн 34-35, 39-40, 44-45, 53-54 тал/
- Яаралтай тусламжийн хуудсууд /хх-ийн 36, 41, 46, 51, 55 тал/
- “Hino Ranger” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 77 тал/
- Эийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15, 64-66 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Боржигин овогт Э нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд “Hino Ranger” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ******* ******* 19 дүгээр талбайгаас ертөнцийн зүгээр зүүн тийш 12 км газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн дүрмийн 3.7-д заасан заасан “...тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглахыг хориглоно...”, 3.7.а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч М-н эрүүл мэндэд хүндэвтэр, Б, А, М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч М, А, Б, М, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газрын схем зураг, зам тээврийн осолд холбогдсон “Hino Ranger” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн магадлагаа, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 868 тоот, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 193 тоот, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 870, 867 тоот, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 869, 871 тоот “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” дүгнэлтүүд, яаралтай тусламжийн хуудсууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э-ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Э-ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, шүүгдэгч Э-ийг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Э-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б, А, М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн Э-ийн ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......... овогт Э-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э-ийн ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ