| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0025/э |
| Дугаар | 2021/ШЦТ/19 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт О-т холбогдох эрүүгийн 2021000000472 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ............ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар,
-мөн Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар,
-мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар,
-мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, одоогоор 404 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байгаа, Иөншөөбү овогт О. /РД: ЖЮ80071071/
Шүүгдэгч О нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 24 дүгээр байрны урд талын автомашины зогсоол дээр 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд иргэн Д-тэй маргалдаж, толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, зүүн гуян тус газарт нь хагархай шилээр зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр би Д хамт юм ярилцаж байгаад маргалдаад зодолдсон. Д надтай маргалдах үедээ миний хувцсыг урсан. Гэхдээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…гэв.
Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ажлын газрын *******, ******* нарын хамт Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байдаг 24 дүгээр байрны таксины зогсоол дээрээс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01-02 цагийн орчимд архи авах гэж очсон. 24 дүгээр байрны таксины зогсоол дээр таксины жолооч нар хоорондоо ярилцаж байсан болохоор тэд нартай ярилцаад зогсож байхад О /хоч нь *******/ хажууд ирээд “чи бол зүгээр байгаарай” гэж хэлээд надтай маргалдаад эхэлсэн “би өөртэй чинь юу ч яриагүй байхад яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “чи битгий хуц, чам шиг муу банди амжихгүй шүү” гэх мэтээр намайг хэлж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь гэнэт гартаа шил бариад шууд толгойн тус газарт цохиход шил хагарч бутарсан болохоор түүнийг барьж аваад доороо хийж дарсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс салгасан. ...ингээд 103-т очиж үзүүлэхэд нүүрэндээ 4 оёдол тавиулсан бөгөөд цагдаатай ирж уулзаад гарч ирсний дараа хөл хүндүүрлээд байсан учраас өмдөө тайлаад харсан чинь зүүн гуяны дээд хэсэгт 2 удаа хатгасан шарх үүссэн байсан болохоор дахин эмнэлэгт очиж үзүүлж 4 оёдол тавьсан. ...Намайг зүгээр байхад миний гоо сайхан, эрүүл мэндэд халдсанд гомдолтой байна. Би тэр хүнд ямар ч гэм хор хийгээгүй. Эмчилгээний зардлуудыг нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 8-10 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хувиараа такси үйлчилгээнд явдаг бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн орчимд Хэрлэн сумын 24 дүгээр байрны урд талын зогсоол дээр таксины жолооч нар хоорондоо юм яриад зогсож байхад Д ирсэн. Энэ үед О Эко пүүдийн зүүн талд машинаа тавьчихаад ганцаараа алхаж ирээд бид нартай юм ярилцаж байгаад Д, О хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Яг ямар шалтгааны улмаас маргалдах болсныг хэлж мэдэхгүй байна. Д-гийн эхнэрийг шаасан ш дээ гэж хэлэхэд Д О-т хандан “чам шиг хүний эхнэр авч суухгүй” гэж хэлээд хоорондоо заамдалцсан. Тэгсэн чинь О Д-гийн толгой руу шилээр цохиход түс хийж шил нь хагарсан. Энэ тэнд байсан хүмүүс салгаж холдуулахад Д О-т хандан “чи толгой хагалчихлаа” гэж хэлээд цагдаад дуудлага өгч байсан...” гэжээ. /хх-ийн 15-16 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хувиараа такси үйлчилгээнд явдаг бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө яг хэдэн цаг болж байсаныг санахгүй байна. Таксинд явдаг *******, *******, ******* нар хоорондоо ойр зуурын зүйл ярилцаад зогсож байхад Д ирээд бид нартай хамт юм ярилцаад зогсож байсан. Эко пүүдийн зүүн талд О-ын машин байсан бөгөөд тэндээс О ганцаараа ирээд бид нартай хамт юм ярилцаж байгаад О пивоны шилээр Дгийн толгой руу цохисон бөгөөд хаанаас шил авсаныг нь хараагүй...” гэжээ. /хх-ийн 17-18 тал/
Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хамт ажилладаг Дгийн хамт ажлынхаа залуучуудтай 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шөнийн 01 цагийн орчимд нэг шил архи уух гээд 24 дүгээр байрны баруун талын под станцын урд талын машины зогсоол дээр машинтайгаа зогсож байсан юм. Ингээд архи ууж байгаад Д таксинд суулгаж өгөх гээд машинаас буусан. Удалгүй машин дотор орж ирэхдээ “намайг шаачихлаа” гэж хэлээд нүүр нь битүү цус болчихсон 102 руу явлаа гэж хэлэхээр нь би хамт явсан. Цагдаагийн газарт ирсний дараа О гэдэг залуу араас ирсэн бөгөөд тэр хүнээс “юу болсон бэ, яагаад муудчихсан юм бэ” гэж асуусан чинь “чамд хамаагүй, муу ялын төлөвлөгөө минь” гэж хэлээд надад уурлаад байсан болохоор дахиж асуугаагүй. ...Д ярихдаа “О гэдэг залуу архины шилээр толгой руу нь цохиж, гуя руу нь шилээр хатгасан” гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 19-20 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 862 тоот дүгнэлтэд:
1. Д-гийн биед духны эсгэгдэл, духны зүсэгдсэн 2 шарх, зүүн хацрын зүсэгдсэн шарх, зүүн гуяны 2 зүсэгдсэн шарх шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 24-25 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30 тал/
- О-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 11, 33-36 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ...... овогт О нь 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 24 дүгээр байрны урд талын автомашины зогсоол дээр хохирогч Д маргалдаж, толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, зүүн гуян тус газарт нь хагархай шилээр зүсэж эрүүл мэндэд нь “духны эсгэгдэл, духны зүсэгдсэн 2 шарх, зүүн хацрын зүсэгдсэн шарх, зүүн гуяны 2 зүсэгдсэн шарх шинэ гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д, гэрч *******, *******, Б.*******, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 862 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч О-т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч О-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 404 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 644 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдолтой гэх боловч шүүгдэгчээс ямар хохирол нэхэмжилж байгаа талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Д нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч О-ын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт О-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч О-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 404 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 644 /зургаан зуун дөчин дөрөв/ цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-т оногдуулсан 644 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хохирогч Д нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч О-ын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ