| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00119/и |
| Дугаар | 166 |
| Огноо | 2017-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 166
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум, 9 дүгээр баг, 14-30 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ80051570, Дархад овогтой Буянжаргалын Банзрагч,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум, 9 дүгээр баг, 14-30 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар КЮ81061063, Харнууд овогтой Дамдингийн Одончимэг нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 2.787.284 төгрөг, зээлийн хүү 1.750.019 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 350.003 төгрөг, нийт 4.887.308 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус банкнаас Б.Банзрагч болон Д.Одончимэг нар нь 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №614 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 28.80 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Увс аймаг, Улаангом сумын 9 дүгээр баг, 15-08 тоотод байрлах 28-88 УВА улсын дугаартай арал №53200263283 дугаартай, Камаз-5412 маркийн автомашин, Увс аймаг, Улаангом сумын 11 дүгээр баг, хар замын ар талд байрлалтай, ГД:0145691, 0,6 га эзэмших эрхтэй төмс хүнсний ногооны газар барьцаалсан. Зээлдэгч Б.Банзрагч, Д.Одончимэг нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба гэрээнээс үндсэн зээл 7.212.715,09 төгрөг, зээлийн хүү 3.237.182,10 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 2.787.284,91 төгрөгийн үндсэн зээл, 1.750.019,58 төгрөгийн хүү, 350.003,92 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 4.887.308,40 төгрөгийг төлөөгүй. Тиймээс иргэн Б.Банзрагч Д.Одончимэг нараас үндсэн зээл 2.787284,91 төгрөг, зээлийн үндсэн хүү 1.750.019,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 350.003,92 төгрөг, нийт 4.887.308,40 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Банзрагч, Д.Одончимэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Капитал банкны нэхэмжилсэн 4.887.308 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Д.Одончимэг, Б.Банзрагч нарын гаргасан нэхэмжлэлийн дүн болох 4.887.308,40 төгрөгийг төлж барагдуулна. Уг төлбөрийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлж барагдуулна гэхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Б.Банзрагч, Д.Одончимэг нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 2.787.284 төгрөг, зээлийн хүү 1.750.019 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 350.003 төгрөг, нийт 4.887.308 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Банзрагч, Д.Одончимэг нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох 4.887.308 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч дээрх хугацаанд үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.147 төгрөгөөс 46.573 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 46.573 төгрөгийг, хариуцагч Б.Банзрагч, Д.Одончимэг нараас 46.573 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Банзрагч, Д.Одончимэг нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4.887.308 /дөрвөн сая найман зуун наян долоон мянга гурван зуун найм/ төгрөгийг Капитал банкинд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Б.Банзрагч, Д.Одончимэг нарын зээлийн барьцаанд тавьсан 1. Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, Хар замын ар талд байрлах, 0,6 га талбай бүхий, 0145691 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, иргэн Л.Гантөмөрийн нэр дээрх газар, 2. Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 15-08 тоотод байрлах, Камаз-5412 маркийн, 38-88 УВА улсын дугаартай, аралын 53200263283 дугаартай, 1996 онд үйлдвэрлэгдсэн, ачааны автомашин зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны тэмдэгтийн хураамжид төлсөн 93.147 /ерэн гурван мянга нэг зуун дөчин долоо/ төгрөгөөс 46.573 /дөчин зургаан мянга таван зуун далан гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 46.573 /дөчин зургаан мянга таван зуун далан гурав/ төгрөгийг, хариуцагч Б.Банзрагч, Д.Одончимэг нараас 46.573 /дөчин зургаан мянга таван зуун далан гурав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА