Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Б-н өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Ц-н өмгөөлөгч Б.Хүрэлсүх

Шинжээч Н.Уянга

Шүүгдэгч Б, Ц

Гэрч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Ц нарт холбогдох эрүүгийн 2021003570474 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг............ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн 6-р хэсгийн Ардын шүүхийн эрүүгийн шүүхийн 1991 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар,

-мөн Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаартай таслсан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялаар,

-мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 202 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хорих ялаар,

-мөн Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Бархай овогт Б. /РД: *******/

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ........... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 639 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1999 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 385 дугаар шүүгчийн захирамжаар 10 сар 14 хоногийн хорих ялын хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ..... овогт Ц. /РД: ............/

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 05 цагийн орчимд согтуугаар Вангуард маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 05 цагийн орчимд согтуугаар иргэн Б-той “тээврийн хэрэгслийн шил хагалсан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн орой 17 цагийн орчимд эхнэр бид хоёрыг голын эрэг дээр хүрээд ирээч гээд байхаар нь эхнэр бид хоёр явах гэж байхад *******, Ц нартай тааралдаад гол руу хамт явцгаасан. Бид нарыг голын эрэг дээр очиход тэнд байсан ихэнх хүмүүс согтчихсон байсан. *******, Ц манай эхнэр бид 4 сүүлд ирсэн учир юм яриад ууж суугаад үүр цайлгасан. Тэр үед *******, Ц манай эхнэр ******* нар автомашины хажууд зогсож байгаад ******* манай эхнэрийг цохиод унагаагаад автомашин дотроо ороод хаалгаа хаагаад хэвтчихсэн. Би Цтай хамт эхнэрээ сэргээх гэсэн боловч сэргэхгүй байхад Ц “чи хүн алчихлаа шүү дээ” гэж хэлээд бургас руу гүйгээд явчихсан. Би бачимдаад *******ийн автомашины цонхыг нь хагалсан. Гэтэл ******* автомашин дотроос гарч ирэхгүй байсан. Би түргэн дуудсан. Удалгүй түргэн ирэхэд манай эхнэр ухаан орсон. Ц надад “чи яагаад автомашин цонхийг хагалсан юм бэ?” гэхээр нь би “та нар өөрсдөө гарч ирэхгүй байсан шүү дээ” гэж хэлсэн. Ц надаас барихаар нь би гарнаас нь барихад Ц миний толгой руу мөргөсөн. Тэр үед ******* автомашинаасаа гарч ирээд Ц, ******* хоёр намайг нийлж зодсон...гэв.

Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Бид нар голын эрэг дээр очоод ******* эгч, Б ах, ******* бид нар юм яриад сууж байгаад 3 шил архи хувааж уусан. ******* нь автомашин дотроо ороод унтчихсан байхад ******* эгч, Б ах бид 3 амрах гээд автомашин дотор ороод суусан. Тэр үед ******* эгч “1 шил архи үлдсэн. Би буриадын хүүхэд учраас бүх архийг дуусгаж байгаад унтах болно” гэж хэлсэн. 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ******* эгч Улаанбаатар хотоос ирсэн байсан ба Б ах эхнэртэйгээ маргалдаад байх шиг анзаарагдсан. Автомашинаас буух үед Б ах, ******* эгч хоёр маргалдсан. Би бие засах гээд бургас руу явсан. Би “хүн алчихлаа” гэж хэлээд бургас руу яваагүй. Намайг бие засаж байхад юм хагарч байгаа мэт дуу чимээ гарахаар нь би гүйгээд ирсэн. Тэр үед Б ах манай автомашины шилийг хагалчихсан мод бариад зогсож байхад нь би “та одоо яагаад машины шил хагалаад байгаа юм бэ?” гэхэд Б ах миний хоёр гарнаас бариад хөл рүү өшиглөхөөр нь би дух хэсэг рүү хоёр удаа мөргөсөн гэж бодож байна...гэв.

Шинжээч Н.Уянга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Шинжлүүлэгчийг үзэхэд хамрын нуруун дээр олон тооны зулгарсан шархнуудтай, ойр орчимд нь овойж хавдсан байсан. Үүнийг үндэслэн рентген зураг авахуулахаар явуулсан. Рентген зурагнаас харахад хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйт гэсэн гэмтэл тогтоогдсон...гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2020 оны 06 дугаар сарын 01-нээс 02-ны өдрийг шилжих шөнө бид нар согтууруулах ундаа хэрэглэсэн ба би их согтолттой байсан учир автомашин дотроо ороод унтчихсан байсан. Тэр үед Б намайг сэрээгээд яасан нь мэдэгдэхгүй бөөн юм болоод байсан. Би *******г зодоогүй. Би өөрийнхөө эхнэрийг ч зодож байгаагүй. Гэтэл Б намайг *******г ухаан алдтал нь зодсон гэж мэдүүлэг өгсөн байсан. Би эхнэртэйгээ нийлж Б-ыг зодоогүй...гэв.

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг сэрэхэд машиных нь цонх хагарчихсан байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө “чи яагаад хүний машины цонх хагалчихсан юм бэ” гэсэн чинь “чамайг ухаангүй, сэрэхгүй болохоор чинь хагалчихсан юм” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 40-41 тал/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Үүр цайж байхад Ц намайг сэрээгээд машин цонх хагалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь босоод харсан чинь машиных нь урд талын цонх, хойд талын цонх нь хагарчихсан байсан. Намайг сэрсний дараа Б, Ц хоёр хоорондоо хэрэлдээд зууралдаад байсан. Ц “та яагаад зүгээр байхад машины цонх хагалж байгаа юм бэ, хүний эд хөрөнгөд халдлаа” гээд уйлаад байсан. Тэгсэн чинь Б “манай эхнэр газарт хэвтэж байсан. Танай нөхөр чинь цохьчихсон юм биш үү, би машины цонхыг чинь хагалсан, яадаг юм” гээд өөдөөс нь дайраад байсан. Тэгэхлээр нь би Боос “яагаад машиных нь цонхыг хагалж байгаа юм” гэж асуусан чинь “манай эхнэр газарт уначихсан байсан. цохисон юм байлгүй, тэгэхээр нь би уурандаа машиных нь цонхыг нь хагалчихсан юм, яадаг юм” гэж хэлээд байсан. Намайг босоход Б ахын эхнэр Дугармаа нь зүв зүгээр л агсам согтуу тавиад л явж байсан...” гэжээ. /хх-ийн 38-39 тал/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 01-ний шөнө үүрээр 05 цагийн орчимд зүүн цементэн гүүрний зүүн талд эмэгтэй хүн ухаан алдлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход хаягаа сайн зааж өгч мэдэхгүй согтуу хүн утсаар яриад байсан учраас их удаан очсон. Аймгаас 20 орчим км зайд байсан шиг санаж байна. Тэгээд дуудлаганд очиход 7-8 эрэгтэй, эмэгтэй хүмүүс архи ууцгаасан байдалтай “ухаан алдсан хүн хаана байгаа юм бэ” гэхэд сэргэсэн, ухаан алдсан хүн байхгүй байсан. Ингээд юу болсон талаар асуухад “дуудлага өгөөгүй, бид нар цагдаа дуудсан” гэж хэлж байсан. ...Нэг эрэгтэй хүний хамраас нь цус гараад хатсан байдалтай, цагаан өнгийн Вангуард автомашины бүх цонх хагарсан байдалтай өөр зүйл ажиглагдаагүй. Нилээн согтуу хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдсан байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 25-26 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 415 тоот дүгнэлтэд:

1. Б-ын биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, баруун зүүн нүд, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нүүрний зулгаралт, эрүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 43-44 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/

- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх-ийн 46-47 тал/

- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 73-74 тал/

- Б-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29, 68-71 тал/

- Ц-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33, 64-66 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ..... овогт Б нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 05 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газарт согтуугаар “Toyota Vanguard” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц, гэрч *******, *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Б-од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ыг бусдын эд хөрөнгийн хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс шүүгдэгч .... овогт Ц-г 2020 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 05 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газарт согтуугаар хохирогч Б-той “тээврийн хэрэгслийн шил хагалсан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б нь “.... Ц надаас барихаар нь би гарнаас нь барихад Ц миний толгой руу мөргөсөн. Тэр үед ******* автомашинаасаа гарч ирээд Ц, ******* хоёр намайг нийлж зодсон” гэж мэдүүлдэг ба шинжээчийн “...Б-ын биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, баруун зүүн нүд, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нүүрний зулгаралт, эрүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт, гэрч ******* нарын мэдүүлгээр  Б-од “олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд” нь шүүгдэгч Ц-гийн 2 удаагийн мөргөлтөөр үүссэн гэж үзэхэд эргэлзээ төрж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэж хэргийг буцаах зохицуулалттай ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар оролцогчдоос хүсэлт гаргаагүй тул хэргийг буцааж гэрч *******ийн оролцоо байгаа эсэх асуудлыг шийдвэрлүүлэх боломжгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Ц-г Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 05 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газарт согтуугаар хохирогч Б-той “тээврийн хэрэгслийн шил хагалсан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б-ыг бусдын эд хөрөнгийн хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хохирогч Ц нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ шүүгдэгч Б-оос 770.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч шүүгдэгч Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц-гийн “Toyota Vanguard” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шил хагарч, 585.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт /хх-ийн 73 тал/-аар нотлогдож байх тул шүүгдэгч Б-оос 585.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц-д олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Ц нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц-гийн ............... тоот регистрийн дугаарай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б-ын ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-6, 36.3 дугаар зүйлийн 1, 3,  36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс шүүгдэгч .... овогт Ц-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц-г цагаатгасугай.

2. Шүүгдэгч ....овогт Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц-гийн ........... тоот регистрийн дугаарай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б-ын ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б-оос бусдын эд хөрөнгөд учруулсан хохиролд 585.000 /таван зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ................. тоотод оршин суух, .... овогт Ц /РД: ........../-д олгож, хохирогч Ц нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ