Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/01477

 

“Т Ш Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/00681 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1059 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.С-д холбогдох,

Орон сууц ашиглалтын төлбөр, зардал 776 458.51 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт төлсөн төлбөр, зардалд нийт 881 270 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Отгонбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүжинлхам, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ хотхоны 97/3 байр 79 тоотод оршин суугч С.С-өөс 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 10 дугаар саруудын ус, дулааны төлбөр болон сууц өмчлөгчдөд үйлчилгээ үзүүлсний төлбөр 1 027 950 төгрөг нэхэмжилснээс 678 229 төгрөг төлж 349 720 төгрөгийг төлөөгүй, Төрийн банктай байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14-003 тоот гэрээний 1.5 дахь хэсэгт заасны дагуу алданги 164 338 төгрөгийг төлөөгүй.

Иймд дээрх хугацаанд хэрэглэсэн хэрэглээний төлбөр дээр өмгөөллийн хөлс 250 000 төгрөг, нотариатын хөлс 12 400 төгрөг, нийт 776 458 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Миний бие “Т Ш Е” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч би ус, дулааны төлбөр болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг цаг тухайд нь хуулийн дагуу төлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Т Ш Е” ХХК нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хуулийн 1 хэсэг, Иргэний эрх зүйн харилцаа 5 дугаар дэд бүлэг, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны тогтоолоор баталсан сууц өмчлөгчдийн холбоо байгуулах, бүртгэх журмаар тодорхойлогдсон хууль, журмыг зөрчин сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг ОСНАА ус дулааны үйлчилгээний төлбөртэй хольж хутган өөрийн хувийн компанийн Төрийн банкны дансанд төвлөрүүлдэг нь нотлох баримтаар нотлогдсон. Мөн “Т Ш Е” ХХК нь зөвхөн орон сууц нийтийн аж ахуйн ОСНАА үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болохоос биш сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээ үзүүлэх сууц өмчлөгчдийн холбооны тусгай зөвшөөрөл бүхий гэрчилгээгүй байгууллага.

Иймд 2015 оны 05 дугаар сараас эхлэн 2016 оны 09 дүгээр сар дуустал хугацаанд “Т Ш Е” ХХК-ийн дансанд надаас хууль бусаар олсон орлого болох 1 574 872 төгрөгөөс сууц өмчлөгчдийн холбооны ашиглалттай холбоотой 881 270 төгрөг, нотариатын 6 700 төгрөг, Худалдаа, хөгжлийн банкнаас авсан баримтын 1 900 төгрөг, нийт 881 270 төгрөгийг буцаан олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 

Тус байрыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан барилгын компани нь сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдах хүртэл хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, эд хөрөнгүүдийг эзэнгүйдэхээс хамгаалж сууц өмчлөгчдийн холбооны үүргийг өөрсдөө гэрээгээр гүйцэтгэдэг. Бид хүлээж аваад 3 сарын дараа буюу 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр оршин суугчдын хурал хийж, санал хүсэлтийг авч, бүгд хүлээн зөвшөөрч дэмжсэн хурлын протокол хавтаст хэрэгт авагдсан. Оршин суугчдын 51 хувиас дээш орсон тохиолдолд албан ёсоор оршин суугчид өөрсдөө сууц өмчлөгчдийн холбоогоо байгуулна гэж хуульд заасан. Иймд манай компани “Сүмт өргөө” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээ хийж үйл ажиллагааг гүйцэтгэж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр албан ёсоор сууц өмчлөгчдийн холбоо нь Сэлбэ 180 нэртэйгээр байгуулагдаж дундын эзэмшлийн эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн.

Энэ хугацаанд 79 тоотын оршин суугч С.С нь төлбөрөө төлөхгүй бөөгнүүлж өр үүсгэсний дараа элдэв шалтаг хайж өөрөө компанийн дансыг олж өөрийн дураар хэсэгчлэн төлж эхэлсэн. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцоно гэж заасан байдаг. Манай компани дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлэх эрхийг хязгаарлаагүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хэвийн байдлыг хангах зорилгоор Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар тодорхой төрлийн гэрээний дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг гүйцэтгэх, түүний ашиг тусыг С.С хүртсэн тул 881 270 төгрөгийг манай байгууллага буцаан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/00681 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Сөөс 3 191 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 773 267 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК-аас 872 670 төгрөг гаргуулж хариуцагч С.Сд олгож, сөрөг нэхэмжлэлээс 8 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 23 184 төгрөг, хариуцагчаас төлсөн 25 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сөөс 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК-д, нэхэмжлэгчээс 25 494 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1059 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/00681 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Т.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 108 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

2015 оны 10 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын хооронд Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдах хүртэлх үйл ажиллагаа болох нийтийн эзэмшлийн талбай халаалт, цэвэр ус, бохир ус, орцны гэрэл лифтны цахилгаан, хог, орцны цэвэрлэгээ зэрэг төлбөр тооцоог орон сууц өмчлөгч С.С-ийн өмнөөс төлж гүйцэтгэж ирсэн атал ОСНАА-н “Т Ш Е” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6-д “Орон сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг холбооны дүрэм, сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 147.2, 147.3-т заасан журмын дагуу арилгана.” гэж зааснаас үзэхэд СӨХ-ийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж болно гэж үзэж. Түүнчлэн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т “Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасан атал СӨХ-ны эрхгүй этгээд хэмээн үзэж нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон боловч С.С нь долоон давхарт амьдардаг лифтээр зорчдог нийтийн эзэмшлийн хэрэглээний төлбөрийг хэнд төлөх нь тодорхойгүйгээр орхигдуулсан.

Иймд тус магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчид учирсан 776 458 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн 872 670 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                  

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Зохигчийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК нь хариуцагч С.С-өөс орон сууцны ашиглалтын болон сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдахын өмнөх үйлчилгээний үлдэгдэл төлбөрт 776 458 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч С.С нь шаардлагыг эс зөвшөөрч, ус, дулааны төлбөр болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг цаг тухайд нь хуулийн дагуу төлж байгаа, “Т Ш Е” ХХК нь зөвхөн орон сууц нийтийн аж ахуйн ОСНАА үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болохоос биш сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээ үзүүлэх сууц өмчлөгчдийн холбооны тусгай зөвшөөрөл бүхий байгууллага биш гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна 2015 оны 05 дугаар сараас эхлэн 2016 оны 09 дүгээр сар дуустал хугацаанд “Т Ш Е” ХХК-ийн дансанд төлсөн төлбөр болон зардлын нийт 881 270 төгрөгийг буцаан олгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК нь хариуцагч С.С дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээг хүртсэн тул төлбөрийг буцаан өгөх үндэслэлгүй гэж, сөрөг нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны зарим үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тухайлбал, шүүх нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК-ийн эрх, үүрэг,  эрх зүйн байдлыг, түүнчлэн хариуцагч С.С-ийн орон сууцны ашиглалт болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээнд төлсөн төлбөрийн хэмжээг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэж, шийдвэр, магадлалд тодорхой тусгасан ба хоёр шатны шүүхийн бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Харин шүүх С.С-ийн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарыг дуустал төлсөн мөнгийг буцаан гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа хариуцагч орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг хүртсэн байдлыг харгалзаагүй нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1.-д зааснаар нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулдаг.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-т зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог “сууц өмчлөгчдийн холбоо” гэдэг байна.

Нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК-ийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоо гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй боловч тэрээр холбооны гүйцэтгэх үүргийг биелүүлж, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д зааснаар өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, харин дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүрэгтэйгээс гадна 148 дугаар зүйлийн 148.2.3.-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй байна.

Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болдоггүйн адил орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн гүйцэтгэж байсан этгээдийн эрх зүйн байдлаас шалтгаалан хүртэж, хэрэглэсэн үйлчилгээний зардлыг төлөхөөс татгалзах үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй байна. Энэ утгаар хариуцагч төлбөр авах эрхгүй этгээдэд мөнгө төлсөн гэж үзэж, төлбөрөө буцаан шаардсан бол орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашигласан, холбогдох үйлчилгээг хүртсэнээ холбогдох этгээдэд буцаах үүрэгтэй учир сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хариуцагчийн орон сууцны ашиглалтад төлсөн төлбөрийг нэг бүрчлэн тооцсон нь зөв боловч энэхүү тооцоогоор гарсан 3 191 төгрөгийн зөрүүг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шаардлага багатай, нэхэмжлэлийн үндэслэлд нийцээгүй байна.

Дээрх байдлыг харгалзан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/00681 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1059 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.С-өөс 776 458.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК-ийн үндсэн, “Т Ш Е” ХХК-иас 881 270 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.С-ийн сөрөг нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 25 494.08 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

        ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН