Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0606

 

 

 

Т.Г ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Т.Г

Гомдлын шаардлага: “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Ц-н 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0001941 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийдвэр

Нэхэмжлэгч: Т.Г

Хариуцагч: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Ц

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Т.Г ,

хариуцагч Ц.Ц ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 123/2022/0017/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Т.Г нь “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Ц.Ц гийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0001941 тоот Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 2, 8.1 дүгээр зүйлийн 10.1, 10.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Ц.Ц гийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0001941 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Дээрх баримтуудад холбогдуулан үзвэл хэдийгээр Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” А/95 дугаар захирамжаар иргэн Ц.Б, О.Н, Т.Г , О.А нараас нийт 0.28 га газрыг иргэн Л.О-т шилжүүлсэн байх боловч нэхэмжлэгч Т.Г  нь Л.О-н эзэмшлийн газруудыг оруулаад нийт 9999.8 м.кв талбайг хашаалж. Л.О-н эзэмшлийн талбайг хэтрүүлэн буюу талбайн гадна талд мод тарьж, байшин, гэр, хүлэмж барьсан нь Төв аймгийн Баянчандмань сумын газрын даамал М.А-н ирүүлсэн агаарын зураглалаар нотлогдож байна” гэжээ. Тухайн газрын эзэмшигч нь Л.О гэдэг нь нотлогдож байгаа боловч Т.Г  нь Л.О-н эзэмшлийн талбайг оруулаад нийт 9999.8 м.кв талбайд мод тарьж, байшин, гэр, саравч, хүлэмж барьж эзэмшиж буй газрын хэмжээнээс хэтрүүлсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд эзэмшлийн талбайг хэтрүүлсэн гэж байгаа хэсэг нь жалга бөгөөд уг жалганд мод тарьсан харин байшин гэр саравч зэрэг нь эзэмшлийн газарт багтаж байгаа билээ.

3.2. Гэтэл анхан шатны шүүх нотлогдоогүй асуудлаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

3.3. Мод тарих ажиллагаа тухайн газрыг эзэмшсэн эсхүл ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд мод тарьсан гэх нөхцөл байдлыг газрыг хууль бусаар эзэмшсэн гэж үзэж хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

3.4. Шүүхийн шийдвэрт “...Мөн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд байрлах Эрдэнэ 3 дугаар баг Харганы ам гэх газарт үзлэг хийхэд нийт хашаалсан газрынхаа ертөнцийн зүгээр зүүн хойд хэсэгт мод тарьж, хашааны гол хэсэгт саравч, байшин, гэр, хүлэмж зэрэг барьж, мод үрслүүлэх үйл ажиллагаа эрхэлж байна ... дээрх үзлэг болон газрын даамал М.А-н нотлох баримтаар гаргаж өгсөн агаарын зураглал нь Л.О өөрийн эзэмшлийн газраас хэдий хэр хэмжээний газрыг хэтрүүлэн ашигласан гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй бөгөөд Газрын тухай хуулийн 3 дугаар 3.1.3-т заасны дагуу газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэх бөгөөд хэтрүүлэн ашигласан гэж үзэж байгаа бол ямар хэмжээгээр ямар зориулалтаар ашигласныг хэтрүүлэн ашигласан гэж үзэж байгааг тогтоох ёстой билээ. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг бодитой тогтоогоогүй, мөн маргаан бүхий акт гаргахдаа ямар байдлаар уг газрыг хэтрүүлэн ашигласан гэж үзэж торгууль оногдуулсан талаарх нөхцөл байдлыг үнэлээгүй бөгөөд акт гаргахад газрын хэмжээг бодитоор тогтоогоогүй байхад шүүх мэргэжлийн хяналтын байцаагчийн энэхүү үйлдэлд дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

3.5. Мөн саравч, хүлэмж зэрэг барьж мод үрслүүлэх, тариалах үйл ажиллагаа эрхэлж байна гэж үзэж Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Ц  нь нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл “Газрын тухай хууль зөрчих”, 10.1 “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэсэн торгуулийн шийтгэл оногдуулж байгаа боловч мөн хавтаст хэрэгт мод тарьж ашиг олж байгаа гэсэн үндэслэл бүхий нотлох баримт байхгүй байхад Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Ц  нь акт үйлдсэн билээ. Гэтэл шүүх тухайн акт үйлдэхдээ хуулийн дагуу үйлдсэн эсэх нөхцөл байдалд бус акт гаргах үед шалгагдаагүй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

3.6. Шүүхийн шийдвэрт “...шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тус мод тарих үйл ажиллагааг Т.Г  голлон эрхэлдэг, тэнд байгаа байшин, гэр, саравч зэргийг барьж мод тарих үйл ажиллагаа эрхэлж байгаа болох нь тогтоогдож байх тул тус газарт зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэсэн байна. Уг газрыг хуулийн дагуу хэн эзэмшиж байгааг тодорхойлоогүй бөгөөд газар эзэмшигч нь тухайн газрыг хуулийн дагуу эзэмших үүргийг хүлээдэг. Гэтэл Т.Г  тухайн газрыг эзэмших эрхтэй эсэх, хэрэв эзэмших эрхгүй тохиолдолд ямар үндэслэлээр эзэмшсэн гэж үзсэн, мөн эзэмшигч болох Л.О-т шилжүүлсэн нь захирамж гарсан боловч мэдээллийн санд бүртгэгдээгүй нь тухайн газрын эзэмшигч Л.О биш гэсэн үндэслэл болохгүй юм.

3.7. Иймээс ямар үндэслэлээр Л О-г хариуцлага хүлээх этгээд биш гэж үзсэн нь тодорхойгүй байна.

3.8. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц Ц  нь дээрх нөхцөл байдлыг тогтоогоогүй, хэний эзэмшил болохыг шалгаагүй, хэчнээн хэмжээний газрыг эзэмших эрхийн зөвшөөрөлгүй эзэмшсэн болохыг тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчигүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Зөрчлийн тухай хууль болон Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3. Иргэн Т.Г  нь Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Ц д холбогдуулан “2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0001941 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Төв аймаг дахь Цагдаагийн  газрын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 43/4-4414 дүгээр албан бичгээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандан Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт Харганы амм гэх газарт иргэн Т.Г  нь зохих зөвшөөрөлгүй мод үржүүлгийн газар ажиллуулсан гэх зөрчлийн материалыг ирүүлсний дагуу тус газрын улсын байцаагч Ц.Ц  нь хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2134000881 дугаар зөрчлийн хэргийг нээж, холбогдогч Т.Г-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчил тогтоогдож байна гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д заасан журмын дагуу Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0001941 тоот шийтгэлийн хуудсаар Т.Г-өд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

5. Гомдол гаргагч Т.Г  нь давж заалдах гомдолдоо “...Т.Г  тухайн газрыг эзэмших эрхтэй эсэх, хэрэв эзэмших эрхгүй тохиолдолд ямар үндэслэлээр эзэмшсэн гэж үзсэн, мөн эзэмшигч болох Л.О-т шилжүүлсэн захирамж гарсан боловч мэдээллийн санд бүртгэгдээгүй нь тухайн газрын эзэмшигч Л.О биш гэсэн үндэслэл болохгүй юм. Иймээс ямар үндэслэлээр Л.О-г хариуцлага хүлээх этгээд биш гэж үзсэн нь тодорхойгүй байна...” хэмээн гомдол гаргасан. Үүний тухайд Зөрчлийн тухай хуульд зааснаар “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” зэрэг заалтуудын үндсэн дээр улсын байцаагчаас зөрчил гаргасан иргэнд оногдуулсан нь “шийтгэл гарцаагүй” байх зарчимтай нийцнэ.

6. Хэрэв гомдол гаргагч нь тухайн газрын эзэмшигч нь Л.О бөгөөд Л.О-рт хариуцлага тооцох ёстой байсан гэж үзвэл энэ талаар холбогдох дээд шатны байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх боломж нь нээлттэй байна. Иймд гомдол гаргагчийн маргаж буй тус асуудал нь энэ хэрэг маргаанд хамааралгүй, тусдаа зөрчлийн хэрэг нээгдээд явах боломжтой ч улсын байцаагчаас иргэн Т.Г өд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийг 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх заалтыг үндэслэн торгууль оногдуулсан.

7. Энэ тохиолдолд тус газрыг эзэмших эрхтэй боловч ашиглаагүй этгээд болох Л.О-т шийтгэл ногдуулах үндэслэлгүй.

8. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д “ашигласан” гэж заасан тул тухайн газрыг хууль зөрчиж ашиглаж байгаа этгээдэд шийтгэл ногдуулах үндэслэлтэй.

9. Үүнээс үзвэл өөрийн эзэмшлийн газрыг бус бусдын эзэмшил газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулж буй этгээд болох иргэн Т.Г өд хамаарагдах зөрчил мөн байна.

10. Мөн түүнчлэн гомдол гаргагч нь “…Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Ц  нь нөхцөл байдлыг тогтоогоогүй, хэний эзэмшил болохыг шалгаагүй, хэчнээн хэмжээний газрыг эзэмших эрхийн зөвшөөрөлгүй эзэмшсэн болохыг тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэж гомдолдоо дурджээ.

11. Гэтэл Т.Г  нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан буюу тухайн газрыг мод үржүүлгийн зориулалтаар ашигладаг болох нь гомдол гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, фото зураг, холбогдогчоор өгсөн мэдүүлэг, Т.Г ийн хашаалсан нийт талбайг харуулсан фото зураг,  Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07/48 дугаар албан бичиг, хавсралтаар ирүүлсэн зурган лавлагаа зэрэг бусад баримтуудаар тогтоогдож байна.

12. Хэдийгээр гомдол гаргагчаас “...мод тарих ажиллагаа тухайн газрыг эзэмшсэн эсхүл ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй” гэж тайлбарлаж байгаа боловч маргаан бүхий актын үндэслэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27-т заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй Т.Г  нь тухайн газрыг ашигласан /хашаа татсан, мод үрслүүлсэн, контейнэр, өвөл зуны байшин, хүлэмж, гарааш байгуулсан/ үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул гомдолд дурдсан үндэслэлээр 0001941 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй.

13. Учир нь гомдол гаргагч Т.Г  нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/95 дугаар захирамжаар Харганы аманд зуслангийн зориулалтаар 0.07 га газар, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/595 дугаар захирамжаар Харганы ам нэртэй газарт өвөлжөөний зориулалтаар 699 м.кв газрыг тус тус эзэмших эрхтэй болсон атлаа өөрийн эзэмшил газраас гадна бусдын эзэмшил газрыг хашаалж, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр ашигласан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27-тт заасантай нийцээгүй, нөгөөтэйгүүр тухайн газрыг эзэмших, ашиглах эрхгүй болох нь хангалттай нотлогдож байхад хууль зөрчсөн үйлдэлд зохих шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй.

14. Худалдаалж, ашиг олох зорилгогүй мод тарьж, хамгаалсан эсэхээс илүүтэй зохих зөвшөөрөлгүйгээр газрыг хашсан үйлдэл нь хариуцлага хүлээлгэх хангалттай факт болно.

15. Т.Г ийн гаргасан үйлдэл хууль зүйн талаасаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэснийг зөрчсөн байх тул давж заалдах гомдлын агуулгыг дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлыг ханган, улмаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ