Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1094

 

 “Нэг-Үүд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00535 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Нэг-Үүд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох

 

36 941 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Ж.Дамбажийжин

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Нэг-Үүд" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Тус компани Хадгаламж банкнаас зарласан "Хэвлэмэл маягт болон бусад хэвлэмэл бүтээгдэхүүн хэвлэн нийлүүлэгчийг сонгох тендер" шалгаруулалтанд оролцож хамгийн бага үнийн саналаар 1 жилийн хугацаанд хэвлэмэл бүтээгдэхүүн нийлүүлэх эрхийг авч, 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус банктай 1/3/3-68 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Хамтран ажиллах гэрээний дагуу манай компани бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан бөгөөд 2013 оны 3 сард Хадгаламж банкны нэг бүр нь 2980 төгрөгийн үнэтэй тэмдэглэлийн дэвтэр 6000 ширхэг, 830 төгрөгийн үнэтэй хадгаламжийн дэвтэр 25 500 ширхэг, 1 000 төгрөгийн үнэтэй орлогын мэдүүлэг гэсэн дэвтэр 1000 ширхэг, 400 төгрөгийн үнэтэй зарлагын мэдүүлэг 1000 дэвтэр, 1400 төгрөгийн үнэтэй вальют арилжааны 371 дэвтэр, нийт 36 941 000 төгрөгийг үнэ бүхий бүтээгдэхүүнийг хэвлэж бэлэн болгосон.

Гэтэл 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар Хадгаламж банкийг татан буулгаж банкны эрх хүлээн авагчийг томилсон. Хадгаламж банкны удирдлагууд гэрээний дагуу манай төлбөрийг барагдуул гэж санхүүгийн албандаа цохолт хийж өгсөн боловч эрх хүлээн авагчаас төлбөр барагдуулах дарааллын 2 дугаарт танай компанийн өр орсон гээд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөхгүй хүлээлгэж байна. Иймд “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 36 941 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Хадгаламж банк" ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: Хадгаламж банкны хувьд банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авагдсан. Хэрэгт авагдсан тушаалуудаар 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл албадлагын арга хэмжээ үргэлжилж байгаа бөгөөд Хадгаламж банкийг хуулийн этгээдийн хувьд татан буулгахаар шийдвэр гарсан. Уг албадан татан буулгах ажиллагааг банкны эрх хүлээн авагч гүйцэтгэж байгаа болно. Эрх хүлээн авагч томилогдсоноор Банкны тухай хуулийн 59.1-т зааснаар банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Мөн хуулийн 63.2.2-т зааснаар авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг тогтоож нийтэд мэдээлсэн. Үүний дагуу нэхэмжлэл ирүүлсэн этгээдүүдийн нэг нь "Нэг үүд" ХХК юм.

   Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлөөс 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 дугаартай шийдвэр гарч,  Хадгаламж банкнаас авлагатай этгээдүүдийн дарааллыг тогтоосон байдаг. Ингэхдээ Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлийг үндэслэж, "Нэг үүд" ХХК-ийн нэхэмжилсэн 36 941 400 төгрөг нь мөн хуулийн 64.1.8-т зааснаар бусад өглөгт хамаарч байх тул дарааллын хоёрдугаарт бүртгэсэн. Дарааллын нэгдүгээрт Хадгаламж даатгалын корпораци болон Төрийн банкинд төлөгдөх өглөг бүртгэгдсэн байдаг. Өнөөдрийн байдлаар тогтоосон дараалал дээр маргаан гараагүй, хүчинтэй хэвээр байгаа. Харин дарааллын нэгдүгээрт байгаа өглөг барагдаагүй учраас дарааллын хоёрдугаарт байгаа өглөгийг барагдуулах боломжгүй. Хэрвээ нэгдүгээр дарааллын төлбөрийг бүрэн барагдуулсан атлаа 2 дугаар дараалалд орсон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байгаа бол асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 208 дугаар зүйлийн 208.4, Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т тус тус зааснаар "Хадгаламж банк" ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 36 941 400 төгрөг гаргуулах тухай "Нэг Үүд" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дамбажийжингийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Монгол банкны Ерөнхийлөгчийн A153 тоот тогтоолын гол агуулга нь өглөг үндсэн хөрөнгөөс давсан, өөрийн хөрөнгө алдагдсан учир Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч томилон албадан татан буулгасан байдаг.  Банкны тухай хуулийн 63, 64.2-т өр төлбөр төлөх хөрөнгийн жагсаалт гаргах, үнэлгээ хийлгэх, авлагатай этгээдийн нэхэмжлэл хүлээн авах, өр төлбөр төлөх дарааллыг  тогтоох талаар заасан байна. Шүүх үүрэг гүйцэтгэгч нь төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийн хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнээд Иргэний хуулийн 208.4-т заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийг шаардах эрхгүй гэж үзэн уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны үндсийг зөв тогтоосон боловч

нотлох баримт үнэлэх, түүнд тохирсон хуулийн заалтыг хэрэглэхдээ шүүх алдаа гаргасан. Нотлох баримт Монгол банкны 2013.07.22-ны A153 тоот тогтоолын гол санаа нь өр үндсэн хөрөнгийн хэмжээнээсээ давсан, өөрийн хөрөнгө алдагдсан учир эрх хүлээн авагч томилсон. Өөрөөр хэлбэл банк өөрийн гэсэн хөрөнгө байхгүй, өр нь банкинд байгаа үндсэн хөрөнгийн хэмжээнээс давсан гэдэг нь төлбөрийн чадваргүй болсон, хөрөнгийн хэмжээ багасахаар тогтохгүй өөрийн хөрөнгөгүй болсон нь үүгээр тогтоогдож байгаа юм. Банкны тухай хуулийн  64.2-т Актив хөрөнгийг худалдаж борлуулснаас орох орлого нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол дарааллын эхний төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн дарааллын төлбөрийн шаардлагыг хангана. Үүгээр бас л нэг зүйл ойлгомжтой. “Хүрэлцэхгүй бол” гэдэг нь хөрөнгө нь хүрэхгүй юмаа гэдгийг батлаж байна.

Дээрхээс үзвэл үүрэг гүйцэтгэгч нь төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж Иргэний хуулийн 208.4-ийг хэрэглэх нь ямарч үндэсгүй юм.

Манай зүгээс Хадгаламж банкны эрх хүлээн авагч нартай гэрээгээр хугацаа тохирсон зүйл байхгүй, хуулиар тогтоосон хугацаа гэдэг ганц үг байдаг, илүү хүчин чадалтай тулгуур хуулийн нэг Иргэний хуулийн 208 дугаар зүйлд үүргийг ямар хугацаанд гүйцэтгэх, ямар тохиолдолд хууль болон гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө үүргээ шаардах зэргийг 208.6-т маш тодорхой заасан байхад уг заалтыг хэрэглэхгүй байгаа нь иргэдийн шударга шүүхээр шийдүүлж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, сэргээх хуулийн зарчимыг хөндөөд миний үйлчлүүлэгчийг 4 жилийн хугацаанд чирэгдүүлж байгаа бөгөөд эхний дарааллын төлбөрийн талаар 4 жилийн өмнөхөөс өнөөг хүртэл ямар ч өөрчлөлт гараагүйг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00535 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 36 941 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв тодруулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Иргэний хууль, Банкны тухай хуулийн зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч "Нэг Үүд" ХХК нь хариуцагч "Хадгаламж банк" ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан 36 941 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хуулиар тогтоосон төлбөр төлөх дарааллыг баримтлах ёстой гэж маргажээ.

           

Талууд 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1-3/3-68 дугаар "Хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан байх ба гэрээний хавсралтад заасан 38 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 1 жилийн хугацаанд нэхэмжлэгч нь Хадгаламж банк ХХК-д захиалгын дагуу шилжүүлэх, хариуцагч нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэргийн 4-9 дүгээр тал дахь Хамтран ажиллах гэрээ, түүний хавсралт, “Нэг Үүд” ХХК-ийн нэхэмжлэх зэрэг баримтаар тогтоогдсон байна.  

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талууд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгч буюу худалдагч нь худалдан авагч буюу "Хадгаламж банк" ХХК-д гэрээнд заасан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн эсэх, худалдан авагч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй болно.  

 

Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар "Хадгаламж банк" ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч, 1 жилийн хугацаагаар 2 удаа, 6 сарын хугацаагаар 2 удаа тус тус "Хадгаламж банк" ХХК-ийн банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгаж, хуулийн этгээдийг албадан татан буулгах арга хэмжээ өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа үйл баримт Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А153 тоот, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр А-114 тоот, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-116 тоот, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А-172 тоот, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 тоот тушаалууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар "Хадгаламж банк" ХХК-ийн "Нэг үүд" ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийг Банкны эрх хүлээн авагч шилжүүлэн авсан байх тул худалдан авагчийн биелүүлээгүй үүргийг Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт зааснаар үүргийг буюу бүтээгдэхүүний үнийг Банкны эрх хүлээн авагчаас шаардах эрхтэй болно. Иймд хариуцагч нь худалдан авагч “Хадгаламж банк” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээсэн үүргийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу өөртөө шилжүүлэн авсан тул худалдах, худалдан авах гэрээний төлбөр 36 941 000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч бүтээгдэхүүний 36 941 000 төгрөгийн үнийн дүнд маргаагүй ба гагцхүү        хуульд заасан дарааллын дагуу төлөх журмыг баримтлах тухайд маргасан.

 

Хэргийн 47 дугаар талд 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн 01 тоот шийдвэр авагдсан ба уг шийдвэрээр Хадгаламж банк ХХК-иас авлагатай этгээдүүдийн төлбөр барагдуулах дарааллыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдсэн нь Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2.3-т заасантай нийцжээ. Ийнхүү “Хадгаламж банк” ХХК дах Банкны эрх хүлээн авагч авлага барагдуулах дараалал тогтоосон нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох буюу гэрээний дагуу хүлээх үүргийг үгүйсгэх үндэслэл биш юм.    

 

Харин нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь банкны эрх хүлээн авагчийн Банкны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулахад саад болохгүй, хуулиар тогтоосон төлбөр барагдуулах дарааллыг уг шийдвэр хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах тухай гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00535 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар "Хадгаламж банк" ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 36 941 400 төгрөгийг гаргуулж, "Нэг Үүд" ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 342 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.“ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                            ШҮҮГЧИД                          А.ОТГОНЦЭЦЭГ

                                                        

                                                                       Б.НАРМАНДАХ