Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э-д холбогдох эрүүгийн

 

 хэргийн талаар

226/2018/0007

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Прокурор: Д.Отгонтуяа,

            Хохирогчийн өмгөөлөгч: Б.Жавхлан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Баярсайхан,

Шүүгдэгч: Э- нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Цоодолын давж заалдах гомдлоор Э-д холбогдох эрүүгийн  1739002180053  дугаартай хэргийг  2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймагт 1973 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг “Салхитын энгэр”-т оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй гэх Э

Шүүгдэгч Э- нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутагт 55-51 ХЭҮ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж иргэн Ж.Болормаагийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Отгонтуяа нь Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүдэгч Боржигон овогт Цэрэнбатын Э-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-өөс 3.295.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Цоодолд олгохоор

тус тус шийдвэрлэжээ.

Хохирогч Л.Ц нь давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч Э- нь  гэмт хэрэг үйлдэх үедээ буюу машин жолоодож байхдаа согтуу байсан. Энэ байдлыг миний хүүхэд  нар гэрчилдэг. Тэднээс гэрчийн мэдүүлэг авсан боловч мөрдөгч нь хавтаст хэрэгт хавсаргаагүй юм. Би хэргийн газар хүү Э-н хамт Э-тэй очиж уулзсан. Тэр үед Э-өөс архи үнэртээд, хашгичаад байсан гэж хүү маань хэлсэн. Хэрэг болохын өглөө Э- манайд ирж шар тайлах архи байна уу гэсэн. Мөн манай гэрийнхнийг суулгаад явж байхдаа маш их хурдтай явж, урд явсан машинаа гүйцэж түрүүлээд байсан гэсэн. Тухайн үед миний 2 настай ач хүүхдүүд Э.Тэнгис, У.Зэв нар минь машины цонхоор шидэгдсэн. Ач хүүхдүүдийн биеийн байдлын талаар шинжээчийн дүгнэлт гаргаж зөвхөн надаар гарын үсэг зуруулсан. Ач хүүхдүүдийн эцэг, эхийг хууль ёсны төлөөлөгчөөр татаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэнд гомдол гаргах эрхийг нь хаасан. Иймд дээрх байдлуудыг шалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

Хяналтын прокурор Д.Отгонтуяа нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч нь уг  гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

Э- нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутагт 55-51 ХЭҮ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ж.Болормаагийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Цоодолын мөрдөн байцаалтанд өгсөн: Энэ ослоос болж манай эхнэр Ж.Болормаа нас барсан. Би хэргийн газар очоод эхнэр рүүгээ ойртож очоогүй. Хүү Энхбаяр  Э-тэй уулзах гэсэн боловч Э- уйлаад байсан гэсэн. Тэр үед Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой амнаас нь архи үнэртээд байсан гэж хүү маань хэлж байсан. Эмнэлэг рүү очиход ач хүү Э.Тэнгис. У.Зэв нар эмнэлэгт уйлаад байж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 21, 27 х/

Гэрч Н.Дамдингийн мөрдөн байцаалтанд өгсөн: Батноров сумын 2 дугаар баг Булгийн нууд гэх газар хөх өнгийн “Pajero” маркийн автомашин зам тээврийн осол гаргаж онхолдсон байсан. Замын зүүн талд эмэгтэй хүн байсан. Хажууд нь Э- сууж байсан. Э- нь согтуу биш эрүүл байх шиг харагдсан гэх мэдүүлэг. /хх-30х/

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 59 дугаартай акт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шинжээч  Б.Лхагвагийн дүгнэлт /хх-64-65/, ослын газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14х/ зэргээс үзэхэд Э- нь зам тээврийн осол гаргахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3 б-д “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх тус тус заалтуудыг зөрчжээ.

           Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Э-ийн  үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу,хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хохирогчийн давж заалдсан гомдлын тухайд: Шинжээчийн 9252 тоот дүгнэлтэд: шүүгдэгч Э-ийн цуснаас хэзээ дээж  авсан нь тодорхойгүй, эмнэлгийн байгууллагын ажилтныг хөндлөнгийн  гэрчийг байлцуулаагүй зэрэг нь “шүүгдэгчээс шинжилгээнд шаардагдах дээжийг  эмнэлгийн байгууллагын ажилтныг хөндлөнгийн гэрчээр байлцуулан авч  энэ тухай шинжээчийн дүгнэлтэд тусгана” гэсэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.4 заалтуудыг зөрчсөн байна.

Үүнээс үзэхэд Э-ийн цуснаас спиртийн агууламж илрээгүй талаар гаргасан шинжээчийн 9252 тоот дүгнэлтийг анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь буруу болжээ.

Шүүгдэгч Э-өөс хэзээ цус авсан, хэрэг үйлдэх үедээ согтуу байсан эсэхийг тогтоох нь цаг хугацааны хувьд боломжгүй бөгөөд түүний согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул үйлдлийг шүүгдэгчид ашигтай байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчилж, шийдвэрлэсэн нь зөв байна гэж үзлээ.

Мөн хохирогчийн ач Э.Тэнгис, У.Зэв нарт шинжээчийн 322, 323 тоот дүгнэлтээр гэмтэл тогтоогдоогүй учраас тэдний хууль ёсны төлөөлөгчийг хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй байна.

Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Э- нь шийтгэх тогтоол гарснаас хойш 73 /далан гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

Гурав. Шүүгдэгч Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Дөрөв. Тус шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                               ШҮҮГЧ                                               С.ОЮУНТУНГАЛАГ

    Б.ДЭНСМАА