| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00104/И |
| Дугаар | 274 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 274
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг Зүүнговь сум 5-р багт оршин суух, 1974 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, РД:ОД74011504, Цагаагчууд овогт Цэдэн-Ишийн Анхцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн, Дархан сум, 18 дугаар хороо, Малчин баг, Ноён хонгор, задгайд оршин суух, 1976 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, РД:ОД76030216, Шангас овогт Цэдэвийн Куруновт холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Анхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Анхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2000-2004 он хүртэл Ц.Куруновтой хамтран амьдарсан. 1999 онд хадаг сүй тавьсан, албан ёсоор хурим хийж гэрлэлтээ батлуулаагүй. 2001 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүү Куруновын Амарсанааг төрүүлсэн. 2000-2004 онд миний бие оюутан байсан тул зуны амралтаара а аав ээж дээрээ ирж амраад хичээл орох үеэр хот орж түрээсийн байранд амьдарч байсан. 2003-2004 оны хичээлийн жилд төгсөх жил учир бүгдээрээ байр хөлсөлж амьдрах мөнгөний боломжгүй болоод хүү К.Амарсанааг аавтай нь цуг Дарханд байдаг эмээ дээр нь үлдээгээд өөрөө хотод хамаатныдаа сууж сургуулиа төгсөхөөр болсон. Хагас бүтэн сайнаар Дархан орж хүү дээрээ очиж амраад явдаг байсан. 2003 оны 10 дугаар сарын 15-ний өдөр очиход хүүгээ ээж дээрээ орхиод хэд хэдэн удаа олон хоногоор явдаг тухай сонссон. Тэгээд хадам ээж хөдөө малтай ганцаараа голдуу байдаг учир хүүхдээ Увс аймагт байдаг аав ээж рүүгээ явуулна гээд авч явахад Ц.Курунов ээжтэйгээ хамт Дархан орохоор бүгдээрээ явсан. Дархан орох замдаа хадам ээж “Миний хүү хэзээ ирэх вэ” гэж байсан. “Хавар ээж нь сургуулиа төгсөөд авна, манай аав ээж явуулчих гээд байна” гээд аваад явсан. Мөн Ц.Курунов “Чи яагаад бүх юмаа авч явж байгаа юм бэ” гэж байсан. Бид хоёр намайг сургуулиа төгсөхөөр Увсад амьдрана гэж ярилцдаг байсан. Би тэгээд дотроо сэжиг авсан байсан тул бүх юмаа авч явсан. Хотод орж ирээд хүүгээ 2003 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баруунтуруун сумын онгоцонд хүнд өгөөд явуулсан. Түүнээс хойш хүү бид 2 манай аав ээжтэй цуг амьдарч байна.Тэр өвөл над руу нэг ч удаа яриагүй би Увсаас аав ээжээсээ хоол унд болон хувцас хунар авах мөнгө төгрөгөө авдаг байсан болохоор надад ярих шаардлага ч байгаагүй. Өвөл нь нэг удаа Увс явах гэж байна гэж миний байдаг айлд ирсэн. Тэгээд Увсад ирж нэлээн удсан юм шиг байна лээ. Тэгэхдээ хүүхэд дээрээ ирээд уйлаад байсан гэсэн. Гадуур манай найз нөхөд болон нутгийн хүмүүст “Би өөр эхнэртэй болж байгаа” гэж ярьж байсан гэсэн. Надад бол огт хэлээгүй. Гэхдээ би гадарлаж байсан боловч хавар сургуулиа төгсөөд хүүхдээ Увсаас авч очихоор ярихад нэг эмэгтэй утсыг нь аваад “Чи юун хүн бэ?, би эхнэр нь байна” гэсэн би ч бас эхнэр нь байсан хүүгийн төрүүлсэн хүн юм чинь “Эхнэр нь байна” гэсэн чинь “Манай нөхөрт өөр авгай хүүхэд байхгүй” гээд өөртэй нь яриулаагүй. Би хамтран амьдрах 4-5 жилийн хугацаанд эдийн засгийн асуудлаа өөрийнхөө аав ээжээс авч зохицуулдаг байсан. Сургалтын төлбөрөө ч өөрөө төлж байсан. Тэгээд хүүгийн хамт аав ээж дээрээ ирж амьдарсан. Одоо миний хүү 15 нас хүрч нийгэмшээд “Ээжээ би яагаад ааваасаа тэтгэлэг авдаггүй юм бэ, та яагаад авахгүй гээд байдаг би авмаар байна” гэдэг болсон. Сүүлийн үед “Би 18 нас хүрчвэл мөнгө олдохгүй ш дээ ээжээ, тэр хүн чинь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой би авах эрхтэй юм байна лээ, та хөөцөлдөхгүй бол би өөрөө хөөцөлдөнө” гээд байдаг болсон. “Би одоохон сургуулиа төгсөөд оюутан болно тэр үед та бид хоёрт маш их мөнгө хэрэг болно” гэдэг болсон. Иймд хүү К.Амарсанаа болон миний хүсэлтийг харгалзан үзэж Ц.Куруновоос хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. Бид хоёр хүүхдээ бүртгүүлэх үед гэрлэлтээ батлуулаагүй тул Ц.Курунов хүүгээ өөрийнхөө нэр дээр бүртгүүлнэ гээд Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст хувийн өргөдлөө бичиж өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн архивд байгаа байх гэж бодож байна. Би өмнө нь тэтгэмж хүсэж нэг удаа өргөдөл гаргаж байсан боловч хаяг тодорхойгүй гээд буцсан юм. Би нэхэмжлэлийн шаардлагын талаар Ц.Куруновтой ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Намайг харин шүүхэд өгсөн нэхэмжлэлээ аваарай гэж утсаар ярьж байсан. Би нэхэмжлэлийг авахгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагч Ц.Курунов шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Цэдэв овогтой Курунов миний бие нь Ц.Анхцэцэгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би Ц.Анхцэцэгтэй удаа дараа утсаар ярилцсан бөгөөд нэхэмжлэлээ танай шүүхээс буцаан авахаар тохиролцсон. Хэрэв нэхэмжлэлээ буцаан авахгүй бол миний бие 2017 оны 3 дугаар сарын 15-20-ны хооронд Увс аймагт очих ажилтай байгаа тул өөрийн биеэр хүрэлцэн очих саналтай байгааг хүлээн авна уу. Ер нь шүүх хуралд өөрийн биеэр заавал оролцох болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Анхцэцэг нь хариуцагч Ц.Куруновт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд хэдийгээр Ц.Анхцэцэг, хариуцагч Ц.Курунов нар нь гэрлэлтээ албан ёсоор бүргүүлээгүй боловч тэдний дундаас 2001 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүү К.Амарсанаа төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу хүү Куруновын Амарсанааг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр Ц.Куруновоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Анхцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, илүү төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Анхцэцэгт олгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ц.Куруновоос 46.978 төгрөг гаргуулж улсын орлогод буюу Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах зүйтэй.
Хариуцагч Ц.Куруновт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч Ц.Анхцэцэг нь “Ирцийн талаар гаргах саналгүй. Хариуцагчийн байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар Куруновын Амарсанааг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Куруновоор тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Анхцэцэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Анхцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ц.Куруновоос 46.978 төгрөг гаргуулж улсын орлогод буюу Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР