Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Ц-д холбогдох эрүүгийн 2121000000027 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Ц. /РД: .........../

 

Шүүгдэгч Ц нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг Нуурын 5-655 тоотод 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Ж-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

Хохирогч Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19 цагт найз Цэндсүрэнгийн гэрт очсон. Очоод пиво уухаар болоод 2 ширхэг 2,5 литрийн “Нийслэл” пиво Цэндсүрэнгийн хамт дэлгүүр орж аваад гэрт нь ороход Цэндсүрэнгийн эхнэр Заяа, Цэндсүрэнгийн төрсөн ах Ц нар байсан. Ингээд нэг пиво Цэндсүрэн, Ц бид гурав ууж дуусгаад дараагийн пивийг задлаад Цэндсүрэнтэй юм яриад инээлдээд сууж байсан чинь Ц намайг шууд баруун гараараа цохиж унагаагаад дээрээс “алнаа чамайг гөлөг минь, би яг одоо чамайг ална” гээд цохиод, өшиглөөд байсан. Би нүүрээ хамгаалаад газар хэвтээд “болиочээ” гэхэд зодоод нэг харсан чинь Ц гартаа сүх барьчихсан “ална” гэж байсан. Тэгээд Цэндсүрэн “ахаа боль” гээд ахыгаа авахад би гэрээс нь гарч зугтаагаад цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 3-5 тал/

 

Гэрч Э.Цэндсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ж, Ц бид гурав пиво уугаад сууж байтал Ж нилээн согтуу надтай маргалдаад байхаар нь ах Ц “та хоёр найзууд юм байж яагаад хоорондоо маргалдаад байгаа юм бэ боль” гэж хэлэхэд Ж “чи муу юу юм бэ, ална шүү” гэж хэлэхэд ах Ц босож ирээд нүүр хэсэг рүү гараараа цохиж унагаагаад дээрээс нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би салгаад ахыг гэрт нь хүргэж өгөөд ирэхэд Ж манай гэрээс явсан байсан...” гэжээ. /хх-ийн 11-13 тал/

 

Гэрч Л.Батзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цэндсүрэн, Ж нар хоорондоо маргалдаж эхлэхэд Ц ах “та хоёр болио, найзууд байж хоорондоо маргалдаж болохгүй” гэхэд Ж “чи муу юу юм бэ, ална шүү чамайг” гэсэн. Тэгсэн чинь Ц ах уурлаад босоод баруун гараараа цохиж газарт унагаагаад дээрээс нь 3-4 удаа өшиглөсөн...” гэжээ. /хх-ийн 14 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 34 тоот дүгнэлтэд:

1. Ж-ын биед хуйханд баруун зулайн ар хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зүүн мөрний ар доод хэсгийн цус хуралт, бүсэлхийн баруун талын цус хуралт, баруун шилбэний няцарсан шарх, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 16-17 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/

- Ц-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-10, 29-31 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ..... овогт Ц нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 5-655 тоотод хохирогч Ж-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хуйханд баруун зулайн ар хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зүүн мөрний ар доод хэсгийн цус хуралт, бүсэлхийн баруун талын цус хуралт, баруун шилбэний няцарсан шарх, зүүн шилбэний цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ж, гэрч Э.Цэндсүрэн, Л.Батзаяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 34 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Ц-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Хохирогч Ж нь шүүгдэгч Ц-д гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц-ын ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ........ овогт Ц-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц-ын ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ