Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт О-т холбогдох эрүүгийн 2121000000022 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ..........-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодезийн инженер мэргэжилтэй, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо “...........” ХХК-д геодезийн инженер ажилтай, ам бүл 4, эмээ, ээж, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............. овогт О. /РД: ................/

Шүүгдэгч О нь 2020 оны 12 дугаар сарын 21-нээс 2020 оны 12 дугаар сарын 22-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 66а байрны 36 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г-ийн цээжин тус газарт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр би ногоо арилгаж байсан. Г хойноос ирээд түлхээд байхаар нь цаашаа бай гээд хутгатай гараараа түлхэх явцдаа гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ *******, ******* хоёртой архи уугаад сууж байсан. Тэгээд 20 цагийн орчим найз О руу “манайд 1 шил архи аваад ирээ” гэсэн. О 1 шил “Хараа” архи аваад бид нар уусан. 01 цагийн орчим *******, О хоёр гал тогооны өрөө рүү хоол хийхээр орсон юм. Тэгээд би араас нь ороод О ширээн дээр ногоо арилгаж байхад нь араас нь түлхээд “хурдан хоол хийгээдэх, хоол хийж чаддаг юм уу” гэж тоглоом болгож хэлсэн. Тэгсэн чинь О “чи юу солиороод байгаа юм бэ хийж л байгаа юм биш үү” гээд намайг түлхсэн юм. Тэгэхээр нь эргэж хараад гал тогооноос гарах гээд явж байсан чинь миний зүүн эгэмний доод хэсгээс цус гарч байсан. ...Би О-ыг хэл амаар доромжилсон, цохисон, зодсон асуудал байхгүй. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх-ийн 13-14 тал/

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байхад найз Г утсаар яриад гэртээ байна гэхэд би гэрээсээ гараад замаараа *******ыг аваад 6 дугаар баг, 66а-36 тоотод хамт очсон юм. Гийн гэрт очоод ******* бид 3 юм ярьж суугаад ганц шил юм уухаар болсон. ...Тэгээд *******, Г, О бид 3 хамт сууж архи ууж байгаад 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 01 цаг өнгөрч байхад О бид хоёр хоол хийхээр болоод цуйван хийх гээд ногоогоо арилгаад байж байсан чинь Г гэнэт гал тогооны өрөөнд “чи яаж байгаа юм бэ” гээд хэлж байхаар нь би эргээд хартал О нь Г-ийг хутгаар хатгачихсан байсан. ...О хутга барьчихсан тэгээд очтол Гийн цээжнээс цус гарч эхэлсэн. ...Г, *******, О бид 4 байсан...” гэжээ. /хх-ийн 17 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 35 тоот дүгнэлтэд:

1. Г-ийн биед цээжний урд зүүн дээд хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 20-21 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 тал/

- Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 10 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 19 тал/

- О-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 16, 29-30 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Эд  мөрийн баримтаар: шаргал хуванцар оруулга бүхий металл 11 см бариултай, ажлын хэсэг 8 см, өргөн 1 см хэмжээтэй хутга 1 /нэг/ шэрхгийг шинжлэн судлав.

Шүүгдэгч ...... овогт О нь 2020 оны 12 дугаар сарын 21-нээс 2020 оны 12 дугаар сарын 22-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 66а байрны 36 тоотод согтуурсан үедээ хохирогч Г-ийн цээжин тус газарт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “цээжний урд зүүн дээд хэсгийн зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г, гэрч Б.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 35 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч О-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч О нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал хуванцар оруулга бүхий металл 11 см бариултай, ажлын хэсэг 8 см, өргөн 1 см хэмжээтэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч О-ын ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .......... овогт О-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал хуванцар оруулга бүхий металл 11 см бариултай, ажлын хэсэг 8 см, өргөн 1 см хэмжээтэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч О-ын .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ