Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 275

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 5-08 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЭ61022516, Борлууд овогт Охины Цэгмэдийн нас тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Цэгмэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч О.Цэгмэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Охин овогтой Цэгмэд нь 1958 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн боловч тухайн үед бичиг баримтаа солиулж байхдаа алдаа гаргаж төрсөн оноо буруу бичүүлсэн тул одоо миний бичиг баримт 1961 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төрснөөр олгогдсон байдаг. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгоход төрсөн оноо зөвтгүүлэх шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Намайг багад маань Лхагваа гэж дууддаг байсан ба төрсний бүртгэлийн лавлагаа Лхагваа нэрээр гарсан байна. Мөн манай гэр бүлд Лхагваа нэртэй хүүхэд байхгүй юм. Иймд миний 1958 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү”  гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч О.Цэгмэд 1958 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төрсөн болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:

1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 1 дүгээр 23-ны өдөр ирүүлсэн Төрсний бүртгэлийн лавлагаанд: “Хичигийн Охин, Буянгийн Жүүхэн нарын гэр бүлд 1985 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Лхагваа төрснийг Увс аймгийн Наранбулаг сумын төрөлтийн бүртгэлийн 14 дүгээрт бүртгэсэн байна” гэжээ, мөн Наранбулаг сумын төрөлтийн бүртгэлийн хуулбар,

2. Борлууд овогт Охины Цэгмэдийн иргэний үнэмлэхний хуулбар,

3. Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Т.Нямсүрэн, З.Сүрэнжав нарын иргэний үнэмлэхийн хуулбар,

4. О.Нүрзэд, О.Батсүх, О.Чимэд, О.Отгонхүү нарын төрсний бүртгэлийн лавлагаа,

5. Гэрч Т.Нямсүрэнгийн шүүхэд өгсөн: “О.Цэгмэд нь 1958 онд төрсөн гэж түүний аав, ээж ярьж байхыг би сонсож байсан бөгөөд бид нас чацуу нохой жилтэй хүмүүс байгаа юм. Бид төрсөн цагаасаа эхлээд 7-8 нас хүртлээ Увс аймгийн Наранбулаг сумын Хар чулуут гэх өвөлжөөнд өвөлжиж байлаа. Тухайн үед О.Цэгмэдийг бид Лхагваа гэж дууддаг байсан. Би О.Цэгмэдийг айл хоршоо амьдарч байсны хувьд 33-34 нас хүртэл нь сайн мэдэх бөгөөд багад нь нутгийн ард иргэд бүгд Лхагваа нэрээр дууддаг байсан. О.Цэгмэд их бие султай хүүхэд байсан учраас нэрийг нь сүүлд түүний аав, ээж нь сольсон юм шиг байна лээ. Манай Наранбулаг сумын Алдар багт нас чацуу 1958 онд төрсөн Б.Баяраа, Г.Хүрлээ, Т.Нямсүрэн миний бие, О.Цэгмэд гэх эрэгтэй 4 хүн л байдаг болохоор би О.Цэгмэдийг 1958 онд төрсөн болохыг гэрчилж байна. Х.Охин гэх айл нь 5 хүүхэдтэй бөгөөд О.Цэгмэд нь айлын хамгийн том хүү байгаа юм. Түүний дүү О.Чимэдцэрэн /Нүрзэд/ нь 1960 онд төрсөн, хулгана жилтэй миний төрсөн дүүтэй нас чацуу, удаах О.Батсүх нь одоо нас барчихсан, О.Чимэд 1968 онд төрсөн, хамгийн бага охин О.Отгоо нь 1970 оны сүүлчээр төрсөн санагдаж байна. Тэдний хүүхдүүд нь хоорондоо 2-3 насны зөрүүтэй төрсөн байдаг юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч З.Сүрэнжавын шүүхэд өгсөн: “О.Цэгмэд нь 1958 онд төрсөн буюу надаас 1 насаар дүү болохыг би 15-16 настай байхдаа цагаан сарын золголтоор мэддэг болсон юм. Хөдөө сумын иргэд цагаан сараар насны зөрүүгээр золгож нэг нэгнийхээ насыг мэдэлцдэг уламжлалтай. Би тахиа жилтэй, 60 настай, О.Цэгмэд нохой жилтэй, 59 настай хүн байгаа юм. Би 1975 онд цэрэгт явах хүртлээ О.Цэгмэдийг сайн таньж мэдэх бөгөөд бид Наранбулаг сумын Алдар багт олон жил айл хоршоо амьдарсан. Харин О.Цэгмэдэд цэргийн зарлан ирэхэд бие муутай гээд тэнцээгүй санагдаж байна. О.Цэгмэдийг 1975 онд намайг цэрэгт явахаас өмнө “Лхагваа” гэж нутгийн ард иргэд дууддаг байсан бөгөөд намайг 1978 онд цэргээс халагдаад ирэхэд О.Цэгмэд нэртэй болчихсон байсан юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ. 

      Нэхэмжлэгч О.Цэгмэд нь Увс аймгийн Наранбулаг суманд Х.Охин, Б.Жүүхэн нарын гэр бүлд 1958 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хичигийн Охин, Буянгийн Жүүхэн нарын гэр бүлд 1985 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Лхагваа /О.Цэгмэд/ төрснийг Увс аймгийн Наранбулаг сумын төрөлтийн бүртгэлийн 14 дүгээрт бүртгэсэн лавлагаа, гэрч Т.Нямсүрэн, З.Сүрэнжав нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Мөн О.Цэгмэдийг багад нь Лхагваа гэж дууддаг байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Борлууд овогт Охины Цэгмэдийг 1958 оны  2 дугаар сарын 09-ний өдөр төрснөөр тогтоож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч О.Цэгмэд нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар нэхэмжлэгч Борлууд овогт Охины Цэгмэдийг 1958 оны  2 дугаар сарын 09-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч О.Цэгмэдийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлснийг дурдсугай.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.БОЛОР