Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт С-т холбогдох эрүүгийн 2021000000381 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-гийн ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 121 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

-мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 84 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ..... овогт С. /РД: ............../

Шүүгдэгч С нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 13-11 тоотод оршин суух иргэн Б-ын гэрт архидан согтуурах явцдаа Б-тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас Б унаж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би Б-ын гэрт ороод архи ууж байхад Б намайг пизда гэж хэлэхээр нь уур хүрээд түлхсэн. Б цаашаа газарт унасан. Би Б-ын гэрээс гарах гэж байхад Б-ын ээж нь хоёр цагдаа авааад ирчихсэн байсан...гэв.

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 13-11 тоотод ганцаараа амьдардаг юм. 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчим өөрийн гэрт найз *******, ******* танил болох С нарын хамтаар архи уусан юм. Би С-ыг сайн танихгүй бөгөөд тэрээр Шүр захын орчмоор тэнэж архи уудаг. Тэгээд архиа ууж байхад Сансараа надад агсан тавиад “чи яасан их архи уудаг юм, одоо болно, архи дуусгалаа битгий давраад байгаарай” гэж хэлсэн. Тэр үед би С-т “би гэртээ байгаа шүү” гэж хэлээд хэрэлдсэн. Хэрэлдэж байх үед С намайг цохиж унагаад зурагт шидэх шиг болсон. ...миний баруун хөмсөгний дээд талд гэмтэл учирсан, оёдол тавьж байсан гэхдээ яг хэдэн оёдол болох талаар санахгүй байна. ...Би гавал тархины ясны рентген зураг 20.000 төгрөгөөр авахуулсан, өвчин намдаах эм 10.000 төгрөгөөр авч уусан, марл, бент 9000, 10.000 төгрөгөөр Пантоген гэдэг дусал 1 удаа хийлгэсэн, 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Эмчилгээний зардалд 65.000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 13-15 тал/

Гэрч Х.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 13-11 тоотод өөрийн найз Б-ын гэрт нь найз *******, С нарын хамтаар 1 шил 0.75 литрийн “Их Монгол” архи уусан. Архи ууж байхад С, Б нар хоорондоо маргалдаж, муудалцаж байсан. Намайг нэг анзаарахад С Б-ын зүүн шанаанд нь 1 удаа зангидсан гараараа цохиж байсан. Тэр үед Б унахдаа ширээг толгойгоороо мөргөх шиг болсон...” гэжээ. /хх-ийн 20-21 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 755 тоот дүгнэлтэд:

1. Б-ын биед духны няцарсан шарх, зулгаралт, баруун шанааны зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, цус хуралт, баруун дал орчмын цус хуралт, баруун өвдөгний цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27-28 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-10 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26 тал/

- С-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19, 33-35 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ......... овогт С нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 13-11 тоотод оршин суух хохирогч Б-ын гэрт согтуурсан үедээ хохирогч Б-тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь “духны няцарсан шарх, зулгаралт, баруун шанааны зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, цус хуралт, баруун дал орчмын цус хуралт, баруун өвдөгний цус хуралт шинэ” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б, гэрч Х.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 755 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч С-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч С нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/951 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн 2021000000381 дугаартай хэрэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0900 цагт зарласан боловч шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан тул 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/47 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түүнийг олж ирүүлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлж, түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй юм.

Шүүгдэгч С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-ын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг тооцон хасаж, эдлэх ялыг 684 /зургаан зуун наян дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 65.000 төгрөгийг, “Samsung” загварын 17 инчийн LED зурагтын үнэ 170.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа гэх боловч энэ талаар нотлох баримтыг хавтаст хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б нь эмчилгээний болон “Samsung” загварын 17 инчийн LED зурагтын үнэ 170.000 төгрөгийг тус тус нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч С нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С-ын ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....овогт С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ыг 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-т оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-ын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг тооцон хасаж, эдлэх ялыг 684 /зургаан наян дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

6. Хохирогч Б нь эмчилгээний болон “Samsung” загварын 17 инчийн LED зурагтын үнэ 170.000 төгрөгийг тус тус нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С-ын ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ