| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00179/И |
| Дугаар | 276 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 276
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3 дугаар багт оршин суух, 1964 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, РД:ОС64122414, Бууч овогт Санжжавын Дамбын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Бямбагэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Дамба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1964 онд төрсөн, 53 настай. Би 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ бичүүлж амжаагүй байтал нэгдэл тарсан, одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон бөгөөд бичиг баримтаа бүрдүүлэхэд “Сүхбаатарын зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Бямбагэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Дамба нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас эхлэн малчнаар ажиллаж эхэлсэн ба 1985 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байгаад цэргийн албан явж цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн тус нэгдэлдээ 1988 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажилласан. Дандаа бог мал маллаж байсан. С.Дамба нь тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ бичүүлж амжаагүй байтал нэгдэл тарсан, одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон бөгөөд бичиг баримтаа бүрдүүлэхэд “Сүхбаатарын зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандсан. Иймд С.Дамбын 1981 оны 1 дүгээр сараас 1985 оны 6 дугаар сарыг дуустал, 1988 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Дамба нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1985 оны 6 дугаар сарыг дуустал, 1988 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн Цэвээний Батцолмонгийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. 1988 онд ажиллаж малчнаар ажиллаж байхдаа авахуулсан фото зураг,
3. Итгэмжлэл,
4. Гэрч Б.Мягмар-Очирын шүүхэд өгсөн: “Би 1980 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р ангийг төгсөөд илгээлтээр “Сүхбаатарын зам” нэгдэлд малчин болсон. Түүнээс хойш 1991 оныг дуустал Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажилласан. С.Дамба нь 1981 оноос эхлэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатаатарын зам” нэгдэлд малчнаар ажилд орж 1984 он хүртэл ажиллаад 1984 оны 6 дугаар сард намайг цэргийн алба хааж байхад миний араас цэрэгт татагдаж ирээд 1987 он хүртэл цэргийн алба хааж үргэлжлүүлэн 1990 оныг дуустал мал малласан хүн байгаа юм. Түүний эхнэр н.Мөнцэцэг нь мөн тус сумын бригадын эмчээр ажиллаж байсан, одоо сумандаа малаа маллан амьдарцгааж байна. С.Дамбын ажиллаж байсан байдлын талаар миний мэдэх зүйл ийм байна” гэх мэдүүлэг,
5. Гэрч Д.Мягмарын шүүхэд өгсөн: “Би 1970 онд Увс аймгийн Цагаанхайрхан “Сүхбаатарын зам” нэгддлийн Хунт багийн малчнаар 1990 оныг дуустал ажилласан. С.Дамба нь аав, ээжийн хамт нэгдлийн Хунт багт мал маллаж байгаад цэрэгт явж ирээд өөрөө бие даан малчнаар нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан юм. Түүний аав Санжжав, ээж Цэндрагчаа нар нь мөн нэгдлийн малыг насаараа малласан хүмүүс байсан. Бид нэг нутгийн, нэг багийн хүмүүс учраас С.Дамбыг би сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
6. Гэрч Б.Мягмар-Очирын Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний цалингийн тодорхойлолт, ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 296 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Мягмарын Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч С.Дамба нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1985 оны 6 дугаар сарыг дуустал, 1988 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргаж ирүүлсэн С.Дамбын цалингийн тодорхойлолт, малчнаар ажиллаж байхдаа авахуулсан фото зураг, гэрч Б.Мягмар-Очир, Д.Мягмар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.Дамбын Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1985 оны 6 дугаар сарыг дуустал 4 жил, 6 сар малчнаар, 1988 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 2 жил, 6 сар малчнаар, нийт 7 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Дамбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бууч овогт Санжжавын Дамбын Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1985 оны 6 дугаар сарыг дуустал 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сар малчнаар, 1988 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар малчнаар, нийт 7 /долоо/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Дамбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР