Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 00196

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Өмнөговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ74123019, Шангас овогтой Болоогийн Цэрэндашид холбогдох,

            Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны  12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Өмнөговь сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 197 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2009-2010 оны өвөл, хавар тохиолдсон байгалийн гамшиг, зудны улмаас малаа хорогдуулж, малгүй болсон өрхийг малжуулах, зохион байгуулах ажлын хүрээнд 3 дугаар багийн иргэн Б.Цэрэндаш нь малжуулахын 1.700.000 төгрөгийг 2013 онд 40 хувь буюу 680.000 төгрөг, 2014 онд 30 хувь буюу 510.000 төгрөг, 2015 онд 30 хувь буюу 510.000 төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Б.Цэрэндашид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч 1.700.000 төгрөг төлөөгүй. Иймд Б.Цэрэндашаас 1.700.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.   

            Хариуцагч Б.Цэрэндаш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Өмнөговь сумын Тамгын газраас гаргасан нэхэмжлэлийн дагуу малжуулах төслийн 1.700.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн мөнгийг авсан бөгөөд төлж барагдуулах нь үнэн болно” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Өмнөговь сумын Засаг дарга нь хариуцагч Б.Цэрэндашид холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1.700.000 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Цэрэндаш нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.700.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хариуцагч нь дээрх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Цэрэндашаас 1.700.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42.150 төгрөгийн 50 хувь буюу 21.075 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Цэрэндаш нь 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг Увс аймгийн Өмнөговь сумын “Сум хөгжүүлэх сан”-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Цэрэндашаас 21.075 /хорин нэгэн мянга далан тав/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.   

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ГЭРЭЛТУЯА