| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00809/и |
| Дугаар | 00205 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 00205
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багт оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОС65042207, Харгана овогтой Баярлахын Нарангэрэлийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар, 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс тус нэгдлийн барилгачнаар ажилд орж, 1990 оныг дуустал хугацаанд тасралтгүй ажилласан юм. Энэ хугацаанд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, ажилд орсон болон ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний 1982-1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие Цагаанхайрхан суманд амьдардаг. 1-7 насны 5 хүүхэд хардаг учир дахин шүүхэд ирэх боломж муутай байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хурлаа хийж, миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан байдал” нь хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолт, 1985 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б.Нарантуяад засалчны 3 дугаар зэрэг олгосон “Мэргэжлийн үнэмлэх”, хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 41 тоот, тус сумын Арбулаг багийн Засаг даргын тодорхойлолтууд, гэрч Д.Тогтохдалайгийн “... Б.Нарангэрэл Сүхбаатарын зам нэгдэлд барилгын засалчнаар ажиллаж байсан ба бид хамтдаа барилгын ажил хийдэг байсан. Тэрээр 1990 оны 2 дугаар сараас эхлэн хувьдаа мал авч, малчин болоод хөдөө гарсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Дулмаагийн “... Б.Нарангэрэл 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Цагаанхайрхан суманд барилгын туслах ажилчнаар орсон. Барилгад ажиллаж байхдаа шавар зуурах, тааз шавах, мод цагаалах зэрэг ажил хийдэг байсан. 1990 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг, мөн нэхэмжлэгчийн 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатарын зам нэгдлийн даргаас олгосон 186884 тоот хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн “1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1984 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тушаалаар барилгын ажилчнаар авч ажиллуулав” гэсэн бичилтээр, 1986 оноос 1991 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар төлсөн тухай баримт болон Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1984 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тушаалын хуулбар баримтаар тус тус нотлогдож тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчийн “1982 оноос 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд тус нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хүсэлт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байгаагаас гадна Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 243 тоот лавлагаанд: “Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадын 1982-1983 оны цалинг шүүн үзэхэд Баярлах овогтой Нарангэрэлийн цалин гараагүй нь үнэн” гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Нарангэрэлийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “1982 оноос 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Харгана овогтой Баярлахын Нарангэрэлийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “1982 оноос 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА