| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0053/э |
| Дугаар | 2021/ШЦТ/48 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Н-ад холбогдох эрүүгийн 2121000000026 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын .....-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгэсэн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, ..... овогт Н. /РД: ................/
Шүүгдэгч Н нь 2021 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ................. тоотод гэртээ согтуугаар эхнэр С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр манай эхнэр дунд хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээгээд гэрээсээ гарсан байсан. Би эхнэр рүүгээ утсаар ярихад “жаахан байж байгаад очно” гэж хэлсэн. Орой болоход эхнэр “Сүхчин”-гийн байрнаас ирээд авчих гээд би очоод авахад эхнэр маань согтуу, хүүхдийнхээ гадуур хувцасыг нь өмсгөөгүй байхад нь уур хүрээд гэртээ очоод эхнэрээ 3-4 удаа цохисон...гэв.
Хохирогч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 6 дугаар баг ******* тоотод нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай найз ******* 18 цагийн үед намайг гэрээс авч явсан. Ойрд уулзаагүй болохоор ярилцаж суусан. *******гийн гэрт байж байхад манай нөхөр намайг гэртээ хурдан ир гээд залгаад байсан. Тэгээд манай нөхөр такси аваад *******гийн гэрт ирээд охин бид хоёрыг авсан. Манай танил эгч ******* надтай цуг явъя гэсэн чинь манай нөхөр уурлаад ******* эгчийг авч яваагүй. Нөхөр бид хоёр гэрт ороод “******* эгчийг авч явсангүй, нөхрийгөө муухай ааштай” гээд хэлчихсэн чинь манай нөхөр уурлаад бид хоёр маргалдаж хэрэлдсэн. Тэгээд нөхөр бид хоёр 1, 2 пиво уучихсан байсан болохоор жоохон халчихсан хоорондоо маргалдаад хэрүүл үүссэн. Манай нөхөр уурлаад миний нүүр рүү алгадаад гар хөл рүү цохиод авсан. Тэгээд маргалдаад байж байтал ******* эгч манай гэрт миний араас санаа нь зовоод ирсэн юм. Манай нөхөр гаднах хаалгаа тайлж өгөхгүй байсан. Тэгсэн чинь ******* эгч сандраад цагдаад дуудлага өгсөн. ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 10-11 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны орой 18 цагийн орчимд хуурай дүү *******гийн урилгаар гэрт нь очсон. Тэнд мөн миний хуурай дүү болох С хүүхдийн хамт ирсэн. Бид нар юм яриад ганц нэг пиво ууж байхад Сгийн нөхөр нь залгаад байсан. Тухайн үед С нөхрөөсөө айгаад нэг л тавгүй байсан. Тэгээд С “манай нөхөр доор ирчихсэн байна, би явлаа, та хамт гараад манай нөхөрт хэдэн үг хэлээд өгөөч” гэхээр нь би хамт гарсан. Тухайн үед С-гийн нөхөр машинтай ирсэн байхаар нь би яриа өдөх гээд “Сайн байна уу миний дүү, би танай хүүгийн ангийн хүүхдийн ээж байна” гэсэн чинь С-гийн нөхөр нь “чи зайл, гичий минь” гэсэн. Тэгээд нөхөр нь С-г хүүхэдтэй нь хамт машиндаа суулгаад явах гэхээр нь би машинд нь суухад намайг “Буу гичий минь, өөрөө таксигаа бариад яв” гэж намайг хөөж буулгаад эхнэр С-г аваад явсан. ...Би гэртээ очоод С-г яаж байгаа бол гэж бодоод утас руу нь залгасан чинь С утсаа аваад миний өөдөөс “Авраарай” гэж орилоод цаана нь нөхөр нь зодоод байх шиг байсан. Тэгэхээр нь би ******* руу залгаад хамт Сгийн гэр рүү очиж, байрных нь 6 давхарт гарахад корридорт нь орилж хашгирах чимээ сонсогдож байсан. Тэгээд би С-гийн хаалгыг зөндөө тогшсон боловч хаалгаа онгойлгож өгөхгүй байхаар нь цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирж хаалгыг нь тогшоод байсан ч хаалгаа онгойлгохгүй байсан тул цагдаа нар Онцгой байдлын албанаас хүн дуудаж хаалгыг нь эвдэж онгойлгуулж, С-гийн нөхрийг аваад явсан...” гэжээ. /хх-ийн 17-18 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 39 тоот дүгнэлтэд:
1. С-гийн биед дух, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун бугалга, зүүн өгзөг, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22-23 тал/
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 тал/
- Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 12 тал/
- Н-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20, 26-27 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ............ овогт Н нь 2021 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ............... тоотод гэртээ согтуугаар эхнэр Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “дух, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун бугалга, зүүн өгзөг, гуяны цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 39 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н-ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Нын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Н-ын .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......... овогт Н-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Н-ын ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ