| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00219/и |
| Дугаар | 00208 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 00208
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 6-14 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОИ59021510, Бөөгүүд овогтой Галсангийн Баттулгын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1959 онд төрсөн, 57 настай. Би 1972 онд 4 дүгээр ангиа төгсөөд аав, ээжийн хамт Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд мал маллаж байгаад 1980 оноос 1983 оны хооронд цэргийн алба хаагаад, халагдаж ирээд тус нэгдэлд мал хувьд тараах хүртэл малчнаар ажиллаж байсан. Одоо бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр дутуу бичилттэй, цалингийн тодорхойлолт архиваас гараагүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд 1975 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Баттулга нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэдийгээр хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 46 тоот тодорхойлолтод “Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн Хулст бригадын 1987 оноос өмнөх цалин шилжиж ирээгүй тул Галсан овогтой Баттулгатай холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй байна” гэсэн байх боловч Г.Баттулгын хөдөлмөрийн дэвтэрт 1983 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд цалин авч байсан тухай бичилт хийгдсэн, Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолтод түүний 1987 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Түүнчлэн 1986 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон “Талархал”, 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Өлгий сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс олгосон “Баярын бичиг”, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооноос олгосон “Мандат”, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өлгий сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, Нэгдлийн зөвлөлөөс өгсөн “Аваргын диплом” зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ө.Цэвээн, Ё.Пүрэвжав нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ө.Цэвээн: “Миний бие нь 1972 оноос 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд, Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд тус тус мал маллаж байсан. Г.Баттулга нь 1975 оноос 1990 оныг хүртэл хугацаанд Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд мал маллаж байсан. Мал маллах хугацаандаа 1980 оноос 1983 оны хооронд цэргийн албанд яваад ирсэн. Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн даргаар н.Баянжаргал, н.Хөххөө, н.Бал гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ё.Пүрэвжав: “Би Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн Хулст нуур бригадад 1966 оноос 1990 он хүртэл хугацаанд дизельчин, гагнуурчнаар ажиллаж байсан. Г.Баттулга нь 1975 оноос 1989 оныг дуустал хугацаанд Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн Хулст нуур бригадад мал маллаж байсан. Г.Баттулга нь 1980 оноос 1983 оны хооронд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн тус нэгдэлдээ мал малласан. Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн даргаар М.Баянжаргал, н.Хөхөө, Ч.Гомбосүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажиллаж байсан байдлыг нотлох гэрч Ө.Цэвээний ажилллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 477 тоот шийдвэрийн хуулбар, гэрч Ё.Пүрэвжавын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Баттулгын Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд 1975 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бөөгүүд овогтой Галсангийн Баттулгын Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд 1975 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА