| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00186/и |
| Дугаар | 00209 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 00209
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 6-19 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ61072774, Хүдээ овогтой Мягмарын Басангийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Басан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Басан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1961 онд төрсөн, 56 настай. Би 1977 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотод Тээврийн текникумын дэргэдэх трактор комбайны курс төгсөөд 1978 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс Нэгдэл дундын үйлдвэрт анх ажилд орж газар хагалгааны ДТЗ-75 тракторын жолоочоор томилогдон ажилласан. Ингээд 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд явж, 1983 оны 6 дугаар сард халагдаж ирээд 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс мөн Нэгдэл дундын үйлдвэрт газар тариалангийн салбарын МТЗ-50 тракторын жолоочоор ажилд орсон юм. Ингээд би 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тус аж ахуйд тракторчноор ажиллаж байсан юм. 1978 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жил, 5 сар, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 10 жил, 4 сар, 25 хоног Нэгдэл дундын үйлдвэрт тракторчноор ажиллаж байсан юм. Хөдөлмөрийн дэвтэрийг Нэгдэл дундын үйлдвэрийн боловсон хүчин Нэгдэлчин ХХК-нд шилжүүлсэн гээд өгөөгүй юм. Иймд миний дээрх ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Басан нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэдийгээр хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 91 тоот тодорхойлолтод “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй нь үнэн” гэсэн байх боловч Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тушаалаар М.Басанг мөн өдрөөс эхлэн тус үйлдвэрт ДТЗ-75 маркийн тракторын жолоочоор томилсон, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар М.Басанг цэргийн албанд татагдах болсон тул мөн өдрөөс тракторчноос чөлөөлсөн, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 58 тоот тушаалаар түүнийг мөн өдрөөс эхлэн тракторчноор авч ажиллуулахдаа МТЗ-50 маркийн тракторыг эзэмшүүлсэн, Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 94 тоот тушаалаар мөн өдрөөс эхлэн тракторчны ажлаас чөлөөлсөн тухай баримтууд эх хувиараа авагджээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ц.Мягмарцэдэн, Ц.Батхүү нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ц.Мягмарцэдэн: “Би 1984 онд Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг төгсөөд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын туслахын ажилд ороход М.Басан нь тракторчноор ажиллаж байсан. М.Басан нь трактороор барилгын ус зөөдөг, би барилгын туслахаар ажиллаж байсан учраас М.Басангийн ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. Тэр цагаас хойш бид хамтдаа 1992 оныг хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт хамт 7 гаруй жил ажилласан. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар П.Дашхүү гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Батхүү: “Намайг 1982 онд 8 дугаар анги төгсөөд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын туслахын ажилд ороход М.Басан нь 1983 онд цэргээс халагдаж ирээд тухайн байгуллагад трактарчноор ажиллаж байсан. Тэр цагаас хойш бид хамтдаа 1992 оныг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторчин, туслах ажилчнаар тус тус ажилласан. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр нь “Чандмань оргил” ХК, “Нэгдэлчин” ХК гэж хоёр хуваагдан үйл ажиллагаа явуулсан. “Чандмань оргил” ХК нь газар тариалан, “Нэгдэлчин” ХК нь барилгын ажил эрхлэн тус тус үйл ажиллагаа явуулж байсан. Яг хэдэн онд хуувагдсаныг нь би сайн санахгүй байна. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар П.Дашхүү гэх хүн ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох Ц.Мягмарцэдэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Батхүүг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 76 тоот, 1992 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 10 тоот тушаалын хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч М.Басангийн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1978 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Басангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хүдээ овогтой Мягмарын Басангийн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1978 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч М.Басангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА