| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 167/2017/0148/э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2018-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 27
Т.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: А.Дүүрэнбилэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 он 02 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Б-д холбогдох, эрүүгийн 1719000000044 дугаартай, 1 хавтас 168 хуудас бүхий эрүүгийн хэргийг, шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, хувиараа бариа заслын төв ажиллуулдаг, ам бүл 6, эхнэр 2 хүүхэд, аав ээжийн хамт Улаанбаатар хот, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо ... тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэнийг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 359 дугаар тогтоолоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн, Манлай ван овогт Т-ын Б/МЮ86060911/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Т.Б Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.Гийн нүүр рүү гараараа /мангасдаж/ түлхсэнээс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Манлай ван овогт Түмэнбаатарын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 450000 төгрөгийн торгох ялыг хоёр сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүгдэгч Т.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Гийн 1000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, 14000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б давж заалдсан гомдолдоо: Т.Б- миний бие 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн М.Гийн харилцаанаас болж маргалдаж муудалцсан билээ. Гэхдээ миний бие М.Г-ийн биед гэмтэл учруулахаар цохисон зүйлгүй атал гомдол гарган 2018 оны 02 дугаар сарын 29-нд шүүх хурал болж намайг буруутайд тооцож 450000 төгрөгөөр торгох ял оноосон нь үнэнд үл нийцэх ба үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй болно. Би хүнд өвчин тусаад сахарын комд орсон. Байнга үнэтэй тариа хийлгэдэг группт байдаг, ажил төрөл хийдэггүй. Амьдрахын эрхээр хувиараа олдсон ажил хийдэг билээ. Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ажилгүй, 5 настай, 7 настай 2 хүүхэдтэй. Миний энэ байдлыг харгалзан үзэж ногдуулсан торгуулын ялыг хөнгөрүүлэх нөхцөл байна уу, би Г гэх эмэгтэйд үнэхээр гомдож байна. Эмэгтэй хүний сайхан сэтгэл, харилцааны нандин чанартай хүн байсан бол ийм байдалд орохгүй байсан болов уу. Шударга шүүхэд итгэдэг шүү гэжээ.
Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Б- нь Гийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог. Хэдийгээр Б Г-т гэмтэл учруулах хэмжээний цохиогүй, мангасдсан гэдэг асуудал ярьдаг ч энэ нь хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг, өөрөөр хэлбэл хохирогч өөрийг нь цохисон, зодсон асуудлыг ярьдаг. Хэрэг 2017.10.11-ний өдрийн 19-20 цагийн хооронд болсон байдаг, хохирогч М.Г 20 цаг 15 минутад аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийг авсан байдаг. Шинжээч дүгнэлтээ гаргахдаа яаралтай тусламжийн хуудсыг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Яаралтай тусламжийн тасгийн эмч үзэхдээ тархины дагзны хөшинг болоод, судасны цохилт, хүүхэн хараа зэргийг үзэж байж энэ нь тархи доргилт гэж оношилсон. Ингэж оношилсон учраас шинжээч эмч өөрийнхөө гаргасан дүгнэлтийн үндэслэлээ хохирогчийн үзүүлсэн яаралтай тусламжийн хуудсыг үндэслэж гаргаад байгаа. Энэ мэтчилэн хэрэгт авагдсан баримтаас харахад хэрэг хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял нь түүний хувийн байдалд тохирсон тул Т.Б-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаарх нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг хангасан, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байх ба энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Т.Б- нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч М.Гийн нүүр рүү гараараа /мангасдаж/ түлхсэнээс түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол /тархи доргилт/ учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай баримт /хх-01/, Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-02/, хохирогч М.Гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-12-14, 15-17/, гэрч Д.Чинзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18-20/, гэрч Т.Б-гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-21-22/, яаралтай тусламжийн хуудас /хх-25-26/, 2017.09.13-ны өдрийн 302 дугаар шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-27/, гэрч Я.Түмэнжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-97-99/, гэрч Г.Лхагвадоржийг байцаасан тэмдэглэл /хх-106-107/, хохирогч М.Гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-109-110/, гэрч М.Баатархүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-118-119/, 2018.02.01-ний өдрийн 22 дугаартай анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-143-157/ зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу явуулсан байх ба оролцогчоос мэдүүлэг авахдаа хууль зөрчөөгүй, оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улмаар хохирогчийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлснийг дээр дурдсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлаж үзэхэд шүүгдэгч Т.Б- нь хохирогч М.Гийн нүүр рүү гараараа /мангасдаж/ түлхсэн үйлдлээс хохирогчийн биед зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байх тул шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг энэхүү эрүүгийн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэх үндэслэлтэй юм.
Түүнчлэн гэрч Д.Чинзориг, Я.Түмэнжаргал, Г.Лхагвадорж, М.Баатархүү нарт хууль сануулж, мэдүүлэг авсан байх бөгөөд тэд гэмт хэрэг гарсан байдлын талаар тодорхой мэдүүлсэн, мэдүүлгүүд хохирогчийн мэдүүлэгтэй зөрүүгүй байх буюу тухайн цаг хугацаанд шүүгдэгчээс өөр хэн нэгэн хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулахаар үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэхдээ, шүүгдэгч Т.Б-гийн үйлдсэн хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн тогтоох хуулийн шаардлагыг хангасан төдийгүй шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ба шүүгдэгч Т.Б-гийн эрүүл мэнд болон анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд 450000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 хоёр/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан “Хууль ёсны, шударга ёсны зарчим”-д нийцжээ.
Харин прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд “2017-10-11” гэж гэмт хэрэг гарсан хугацааг буруу бичсэнийг мөн шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр хохирогч М.Гийн “2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “...шүүгдэгчийг хэл амаар доромжилсон, ачиж байсан хогноос чулуу авч, шүүгдэгч Т.Б-г цохих гэсэн” үйлдэл тогтоогдсон байхад энэхүү нөхцөл байдалтай холбоотой зөрчлийг шалгаж, шийдвэрлэсэн талаарх холбогдох баримтыг мөрдөгч хэрэгт хавсаргаагүй, прокурор хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйг тус тус магадлалд тэмдэглэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 он 02 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА