| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2020/0078/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/85 |
| Огноо | 2020-10-01 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/85
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч: Ж.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ж-ын Э-д холбогдох эрүүгийн 2027001170082 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ___ ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 13 дугаар хороолол ___ байрны ___ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай урьд нь Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тус ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баяд овгийн Ж-ын Э- /РД:___/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ж.Э- 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Маш хошууны ёроол гэх улсын тусгай хамгаалалтай газрын голоос зөвшөөрөлгүйгээр 6 ширхэг “Зэвгэ” загас 7 ширхэг Шивэр хадран загас нийт 13 ширхэг загас барьсан, агнасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Ж.Э- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Маш хошууны ёроол” гэх газар манай найзууд ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би тэнд очсон. Манай найз энд загастай газар байдаг гэхээр нь очиж загас барьсан. Загас барихыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байхгүй тусгай хамгаалалтай гэж мэдээгүй. Тэгээд загас барьж байхад цагдаагийн алба хаагчид ирсэн” гэв.
2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, танилцуулсан тэмдэглэл, (хх-ийн 1-2-р хуудас)
Иргэний нэхэмжпэгч Д.Д-ийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тус газар болох Маш хошууны ёроол гэх газрыг хариуцан хамгаалдаг бөгөөд миний хариуцсан талбай байгаа юм...Улсын тусгай хамгаалалттай газар ордог...Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулчихвал өөр нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 61-р хуудас/
Гэрч Т.Б-ийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр Э- ах болох Эрдэнэбилэгийн хамтаар загасанд явлаа гээд яваад өгсөн. Би бол хаашаа явсныг нь мэдэхгүй би Бат-Өлзий сумын газар нутгийг сайн мэдэхгүй. Тэгээд шөнө 22 цагийн алдад ирсэн. Загас барьж байгаад цагдаад шалгагдаж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Бат-Өлзий сумын цагдаа дээр ирсэн...Энд амрах гээд л ирсэн. Амрангаа ганц нэг дэгээ шидэж гэж ирсэн байх гэж бодож байна. Манай нөхөр ер нь загас барьдаггүй юм...Манай нөхөр өөрийнхөө машинтай явсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 64-р хуудас),
Гэрч Х.Баасангийн 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед буюу 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагаас 19 цагийн хооронд Бат- Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Улиастайн гол дагуу эргүүл шалгалт хийж явсан. Хяналт шалгалт хийж явцад Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Оготны булан гэх газарт Э-, ах болох Эрдэнэбилэг гэх хүний хамтаар байсан тухайн үед Э- гэх хүн нь голын ус руу загас барихаар дэгээ шидэж байсан. Тухайн хүмүүсийн бичиг баримтыг шалгасан мөн тухайн үед 77-37 УБД улсын дугаартай цагаан өнгийн Ланд круйзер маркийн автомашин голын эрэг байсан бөгөөд Э-гийн эзэмшлийн машин байсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 65-р хуудас)
Орхоны хөндийн Байгалийн Цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “...1. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн маш хошууны ёроол гэх улсын тусгай хамгаалалттай газраас иргэн Ж.Э-гийн барьсан 6 ширхэг загас нь зэвэг /Ленок/, 7 ширхэг нь Шивэр хадран буюу /Сибирь хадран/ загас байна. 2. Дээрх Зэвэг, Шивэр хадран /Сибирь хадран/ загас нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралт заасан ховор амьтны төрөлд хамаарагддаггүй болно. 3. Монгол Улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, Монгол Улсын засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 тоот тогтоолоор 1 ширхэг зэвгэ загасны үнэлгээ-17000 төгрөг, 1 ширхэг Шидэв хадран /Сибирь хадран/ загасны үнэлгээ 4000 төгрөг байна. Нийт 6 ширхэг Зэвэг загас *17000 үнэлгээ=102000 төгрөг, 7 ширхэг Шивэр хадран /Сибирь хадран/ загас*4000=28000 төгрөг болж байна...” гэх 39-04-078-08 дугаартай дүгнэлт, (хх-ийн 19-р хуудас)
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг Маш хошууны ёроол гэх газрын уртраг өргөргийн М46°44”15.3, Е101°39”09.1 улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна...” гэх албан бичиг, хавсралт зураг, (хх-ийн 57-58-р хуудас)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, (хх-ийн 9-11-р хуудас), загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, (хх-ийн 16-17-р хуудас),
Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэчимэгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Нөхөн төлбөр тогтоох тухай” 39-04-078-08 дугаартай акт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Э-г гэм буруутай нь Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Э- нь тусгай хамгаалалттай газрын голоос зөвшөөрөлгүйгээр загас барьсан, агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Э- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Э-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 5400 / таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 / таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Э-д хэрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 100 000 төгрөгийн 2.4 метрийн урттай хар өнгийн бариултай 1 ширхэг загасны уурга, 97 см метрийн урттай бор өнгийн бариултай 1 ширхэг загасны уурга, shimano гэсэн бичигтэй загасны уурга хийх сав 1 ширхэг, бор өнгийн тагтай улаан өнгийн дэгээний 1 ширхэг ком, 325 000 төгрөгийн үнэлгээ бүхий зэвэг загас 13 /арван гурав/ ширхэг зэргийг тус тус устгах зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Э- нь тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүйгээр загас барьсан, агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-г 5400 / таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 / таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э- 5400 / таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 / таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 100 000 төгрөгийн 2.4 метрийн урттай хар өнгийн бариултай 1 ширхэг загасны уурга, 97 см метрийн урттай бор өнгийн бариултай 1 ширхэг загасны уурга, shimano гэсэн бичигтэй загасны уурга хийх сав 1 ширхэг, бор өнгийн тагтай улаан өнгийн дэгээний 1 ширхэг ком, 325 000 төгрөгийн үнэлгээ бүхий зэвэг загас 13 /арван гурав/ ширхэг зэргийг тус тус устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ж.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА