| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00177/и |
| Дугаар | 00211 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 00211
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 18-08 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ66120204, Оготор овогтой Өөдлөөгийн Нансалмаагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Нансалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Нансалмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 51 настай. Би 1987 онд Завхан аймгийн Худалдааны текникум төгссөн. 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Бөөний бараа баазад нярав, 1988 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар, 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд аймгийн Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон тул бичиг баримтаа бүрдүүлэхэд Тариалан сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилласныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Мөн аймгийн Бөөний бараа баазад ажлаас чөлөөлсөн, аймгийн Боловсролын хэлтсийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдоогүй тул 1987 оноос 1991 оны ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Нансалмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан Ө.Нансалмаагийн 270661 тоот хөдөлмөрийн дэвтэрт түүний “1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Бөөний худалдааны баазад гэр ахуйн барааны няраваар, 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтэст нягтлан бодогчоор” ажилласан тухай бичилт хийгдсэн байна.
Мөн Ө.Нансалмааг Увс аймгийн Бөөний худалдааны баазын даргын 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 43 тоот тушаалаар гэр ахуйн барааны няраваар томилсон, Увс аймгийн Тариалан сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын 1988 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18 тоот тушаалаар 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус ангийн эдийн засагчаар томилсон, Увс аймгийн Тариалан сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот тушаалаар тус Худалдаа бэлтгэлийн ангийн эдийн засагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн, Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 179 тоот тушаалаар 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаангом сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн нягтлан бодогчоор томилсон, мөн даргын 1989 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 177 тоот тушаалаар 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 16-ны өдөр хүртэл хугацаанд Улаангом сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн нягтлан бодогчоор, 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн оператор нягтлан бодогчоор тус тус томилсон тухай тушаалууд авагджээ.
Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 54 тоот лавлагаанд “Увс аймгийн Тариалан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны тушаалын баримт дутуу шилжиж ирсэн бөгөөд тус оны тушаалыг шүүн үзэхэд Өөдлөө овогтой Нансалмаатай холбогдох баримт гараагүй нь үнэн” гэсэн байх боловч хэрэгт Ө.Нансалмааг 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус ангийн эдийн засагчаар томилсон Увс аймгийн Тариалан сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын 1988 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18 тоот тушаал авагдсан байх тул тухайн тушаалыг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Түүнчлэн дээрх тушаалууд нь Ө.Нансалмаагийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилтүүдтэй тохирч байгаа тул нотлох баримтаар үнэллээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ц.Оюунчимэг, П.Эрдэнэ, И.Бат-Эрдэнэ нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ц.Оюунчимэг: “Миний бие нь Увс аймгийн Ардын боловсролын хэлтэст 1972 оноос 1995 он хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ө.Нансалмаа нь 1989 оны 12 дугаар сард манай байгууллагад нягтлан бологчоор ажилд орж байсан. Ө.Нансалмааг би сайн мэднэ. Нэг аймагт, нэг мэргэжлээр ажилладаг учраас. Мөн манай байгуулагад ажилд орохдоо урд өмнө нь нягтлангаар ажиллаж байсан ажлын дадлага туршлагатай хүн ажилд орж байсан. Ө.Нансалмаа өмнө нь Увс аймгийн Бараа баазад нягтлангаар, Увс аймгийн Тариалан сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлангаар ажиллаж байгаад манай байгууллагад ажилд орж байсан. Ө.Нансалмаа нь ажилдаа их шаламгай, дадлага туршлагатай, сайн ажилчин байсан. Ө.Нансалмаа нь 1991 оныг дуустал тухайн байгуулагадаа нягтлан бодогчоор ажилласан. Тухайн үед манай байгуулагын даргаар Б.Замбал, Ерөнхий няглан бодогчоор Л.Нарантуяа гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч П.Эрдэнэ: “Миний бие нь Увс аймгийн Тариалан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оноос 1992 оныг хүртэл хугацаанд Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ө.Нансалмаа нь Увс аймгийн Бараа баазад нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1988 оны намар Увс аймгийн Тариалан сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар ажилд орон, 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан. Ө.Нансалмаа нь Тарилан сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар ажиллахад манай гэрт байдаг байсан учраас сайн санаж байна. 1989 оны 12 дугаар сард Ө.нансалмаа нь хүнтэй суун аймгийн төврүү шилжиж байсан. Тухайн үед Тариалн сумын Худалдаа бэлтгэл ангийн даргаар Б.Энхээ гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч И.Бат-Эрдэнэ: “Миний бие нь Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн Удирдах газарт 1985 оноос 1991 оныг хүртэл худалдааны зааварлагч, арга зүйн кабинитын эрхлэгч гэх ажил хийдэг байсан. Ө.Нансалмаа нь Увс аймгийн Бөөний бараа баазад няраваар ажиллаж байсан. Ө.Нансалмаа нь тухайн байгуулалагд 1988 оноос 1 орчим няраваар ажилласан. Ө.нансалмаа нь ажилдаа идэвхи зтгэлтэй сайн ажилчин байсан. Ө.Нансалмаа Бараа баазын няравын ажлаас гараад Увс аймгийн тариалан сумын худалдаа бэлтгэл ангийн эдийн засагчаар ажиллаж байгаад дахин Увс аймгийн Ардын боловсролын хэлтэст нягтлан бодогчоор ажилд осон ажиллаж байсан. Тухайн үед манай байгууллагын даргаар Д.Баранхүү, Ж.Довдон гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагдсан байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ө.Нансалмаагийн 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Бөөний худалдааны баазад гэр ахуйн барааны няраваар, 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтэст нягтлан бодогч, оператор нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Нансалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Оготор овогтой Өөдлөөгийн Нансалмаагийн 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Бөөний худалдааны баазад гэр ахуйн барааны няраваар, 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтэст нягтлан бодогч, оператор нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ө.Нансалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА