Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/05

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч Болдын Эрхэмбаяр Шүүгдэгч Давгадоржийн Батцоож Шүүгдэгчийн өмгөөлөгч Баатарын Энхжаргал Хохирогчийн төлөөлөгч Дунгарын Баттулга Шинжээч Эрдэнийн Мягмаржав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батцоожид холбогдох 2023000890105 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 06-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Алтангийн хэсэг 1804 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан. Боржигон овогт Дагвадоржийн Батцоож, /регистрийн дугаар: ИЭ***********/

Шүүгдэгч Д.Батцоож нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг дэвсгэр Төмөртийн голын ойролцоо уулнаас нэн ховор ургамал болох 672 киллограмм хонин арцыг түүж бэлтгэн “Бонго” маркийн 31-93 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 33.600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Батцоож нь өөрийн эзэмшлийн “Бонго” маркийн 31-93 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Завхан санхүүгийн нэгдлийн ББСБ ХХК-ын өмчлөлд шилжүүлж зээлийн гэрээ байгуулж 500000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд хэрэгт Завхан санхүүгийн нэгдлийн ББСБ ХХК иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгчид хохирол учраагүй тул иргэний нэхэмжлэгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй болно. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Дагвадоржийн Батцоож нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг Төмөртийн голын ойролцоо уулнаас нэн ховор ургамал буюу хонин арцыг /Juniperus Sabina L./ түүж бэлтгэж, “Бонго” маркийн 31-93 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авагдсан хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: Энэ талаар мэдүүлсэн хууль ёсны төлөөлөгч Д.Баттулгын “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай сумын улсын байцаагч Тогтохсүрэн 672 кг арц надад хүлээлгэн өгсөн юм. Хууль бусаар бэлтгэж тээвэрлэж явахад нь илрүүллээ гэж байсан, одоо тамгын газрын складанд дэлгэж хатаасан байдалтай байгаа. Бэлтгэсэн арцныхаа үнэлгээгээр манай тамгын газарт хохирлоо барагдуулаад авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй байна...” гэсэн мэдүүлгээр, Хонин арцыг /Juniperus Sabina L./ түүх зөвшөөрлийг олгоогүй талаараа мэдүүлсэн тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч И.Тогтохсүрэнгийн “...2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би сумын цагдаа Сэр-Одын хамт хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд 23 цаг өнгөрч байхад хөх өнгийн Портер гэмээр машинтай Даваадорж гэж залуу юм ачсан байхыг шалгахад 32 шуудай арц ачиж явсныг илрүүлсэн. Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг Төмөртийн голын ойролцоогоос өөрөө түүж бэлтгээд ачиж явсан гэж ярьж байсан. Хөх өнгийн Бонго юм уу Портер маркийн машинтай явж байсан. ...харахад бүгд хонин арц байх шиг байсан, дараа нь Байгаль орчин аялал жуулчлалын газраар шинжилгээ хийсэн. ...арц бэлтгэх, тээвэрлэх, худалдан борлуулах эрхийн бичиг одоогоор олгогдохгүй байгаа...” гэсэн мэдүүлгээр, И.Тогтохсүрэнгийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч М.Сэр-Одын “...2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би сумын байгаль орчны хяналтын байцаагч Тогтохсүрэнгийн хамт ширээгийн голын гүүрэн дээр хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд 23 цаг өнгөрч байхад 31-93 ЗАН улсын дугаартай цэнхэр өнгийн “Бонго” маркийн машинтай П.Даваадорж гэдэг хүн зохих зөвшөөрөлгүй арц тээвэрлэж явсныг илрүүлж Тогтохсүрэн цааш нь шалгасан юм... Хаанаас түүсэн гэдгийг нь би асуугаагүй, өөрөө арц түүсэн гэж ярьж байсан...”Бонго” маркийн 31-93 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. 32 шуудай арц байсан. Хэчнээн кг гэдгийг нь Тогтохсүрэн мэдэж байгаа, ямар төрлийн арц гэдгийг ч би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр, Арц түүж тээвэрлэсэн талаар мэдүүлсэн гэрч Г.Оргилмаагийн “...би өдрийг сайн санахгүй байна ...над руу утсаар залгаад “би Цагаанхайрхан сумын ойрхон байна, машиныхаа илүү түлхүүрийг хугалчихлаа, чи гэрт байгаа илүү түлхүүрийг над руу явуулаач” гэхээр нь би гэрт байсан илүү түлхүүрийг нь аваад Отгон сум руу явж байгаа гэсэн замын машинд дайгдаад түлхүүрийг нь аваачиж өгсөн юм. ...Намайг очиход манай нөхөр шуудайлсан арц машин дээрээ ачсан байсан. Яг хэдэн уут арц түүснийг би сайн мэдэхгүй 30-аад уут арц байсан ...машиныг манай нөхөр унаж явсан юм тэргэн дээр арцаа ачиж аймгийн төв рүү явж байгаад Цагаанхайрхан сумын байгаль орчны байцаагчид баригдсан юм. ...Цагаанхайрхан сумын нутаг “Төмөртийн гол” гэдэг газраас 30-аад уут арц ганцаараа түүсэн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Д.Батцоожийн хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “...Би жолоодох эрхээ 2019 оны 08 дугаар сард хасуулчихсан юм. 2020 оны 03 дугаар сарын 20-дын үеэр Даваадорж гэж залуутай танилцсан юм. Тэгээд би эрхээ хасуулсан тухай Даваадоржид ярьсан чинь миний жолооны үнэмлэхээр явж бай гээд надад жолооныхоо үнэмлэхээ өгсөн юм. Бид 2 зүс царайгаараа адил төстэй юм байна лээ. Түүнээс хойш би Пүрэвжаргалын Даваадорж гэж хүний үнэмлэхийг биедээ авч яваад 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Цагаанхайрхан суман дээр арц түүж, ачиж яваад баригдсан юм. Ингэж баригдахдаа би П.Даваадоржийн жолооны үнэмлэхийг үзүүлээд, намайг Даваадорж гэдэг гээд хэлчихсэн юм. Үүнээс хойш би цагдаад үнэнээ хэлэхээс айгаад өдий болтол явсан, өнөөдөр бүх үнэнээ хэлье гэж бодоод хэлж байна. Намайг Боржигон овгийн Дагвадоржийн Батцоож гэдэг миний регистрийн дугаар /ИЭ83120691/ юм. Би хийсэн хэргийнхээ талаар дараа мэдүүлэг өгье. 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр одоо өдрийг нь сайн санахгүй байна би эхнэр хүүхдүүддээ хөдөө явлаа гэж хэлээд ганцаараа 31-93 ЗАН дугаартай Бонго маркийн машинаар Цагаанхайрхан сумын нутаг руу арц түүхээр явсан юм. Цагаанхайрхан сумын Төмөртийн голын ойролцоох уулнаас арцыг 3, 4 өдөр ганцаараа түүж шуудайнд хийж 32 уут арц ачиж яваад 04 дүгээр сарын 25-ны орой Цагаанхайрхан суманд баригдсан юм. Надад арц түүж бэлтгэж, тээвэрлэх эрхийн бичиг зөвшөөрөл байгаагүй. Бонго маркийн 31-93 ЗАН улсын дугаартай миний өөрийн машин би банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьсан тул банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг...” гэсэн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь энэ хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон хууль ёсны баримтууд учир шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч Д.Батцоожийн үйлдлийн улмаас түүж бэлтгэсэн хонин арц /Juniperus Sabina L./ нь нэн ховор ургамлын жагсаалтад орсон ургамал бөгөөд хонин арцны үнэлгээ нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “...Овог Агрууны, Төрөл Арц, Зүйл Хонин арц (Juniperus Sabina L.) 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн хавсралтаар нэн ховор ургамлын жагсаалтад орсон. Арцны экологи-эдийн засгийн үнэлгээ нь кг тутам 50.000 төгрөг ба 672 кг Хонин арцны үнэлгээ 33.600.000 төгрөг /гучин гурван сая зургаан зуун мянган төгрөг/...” гэсэн дүгнэлтээр, Шинжээч Н.Амартүвшингийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “1. Шинжээчид ирүүлсэн 2 хайрцаг дээж нь бүгд хонин арц (Juniperus Sabina L) зүйл ургамлын мөчир болохыг тодорхойлж байна. Түлхүүр шинж: Шилмүүс хайрсархуу, жижигхэн, жимс 2-6 ширхэг үртэй, голомтлон дэвсэж ургадаг мөнх ногоон сөөг ургамал. 2.Хонин арц нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар нэн ховор ургамлын жагсаалтад орсон ургамал юм. 3. Хонин арц нь Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Ховд, Монгол Алтай, Дундад Халх, Их Нууруудын хотгор, Говь-Алтайн, Зүүн гарын говийн ургамал-газар зүйн тойргуудад уулын хээрийн хад чулуурхаг газар, голын эхэн хэсэг эсвэл эрэг дагуу, өндөр уулын доод биеэр тархдаг. Тухайн орчиндоо голомт үүсгэн ургадаг. 4. 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А-282 дугаар тушаалын хавсралтад энэ ургамлын 1 кг тутмыг нь 50.000 төгрөгөөр үнэлсэн. 5.Хонин арц нь байгальдаа үрээр болон мөчрөөр нөхөн сэргэх боломжтой...” гэсэн дүгнэлтээр, Шинжээч Э.Мягмаржавын энэ талаар мэдүүлсэн “...Миний дүгнэлт гаргасан арц, түүгээд удаагүй хатаагаагүй нойтон арц байсан. Арцыг хатаахад буюу хадгалахад тодорхой хугацааны дараагаар нойтон байсан үеэсээ жин нь буурч гаднах хэсэгтээ шар туяа орж найлзуур хэсэг нь гар хүрэнгүүт хугардаг болж хатдаг юм. Ингэснээр жин их хэмжээгээр буурдаг юм. Яг хэдэн кг арцыг хатаасны дараа хэд кг болж багасдагийг би нарийн сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Дээрх шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Батцоожийн түүж бэлтгэн “Бонго” маркийн 31-93 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хонин арцыг шүүх хуралдааны явцад шинжээч Э.Мягмаржавыг оролцуулан уут нэг бүрээр ургамлын төрлийг шалган тодорхойлуулан жинлэхэд тухайн үед 32 уут буюу 672 килограмм байсан арцыг АСS загварын 40 кг хэмжих хязгаартай №05-н №056 лацаар битүүмжлэгдсэн 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл улсын баталгаажуулалтын гэрчилгээ олгосон электрон жингээр жинлэж үзэхэд: 1 дэх шуудай –12.9 кг, 2 дахь шуудай – 8.5 кг, 3 дахь шуудай -12.5 кг, 4 дэх шуудай - 11.8 кг, 5 дахь шуудай – 6.7 кг, 6 дахь шуудай –10.7 кг, 7 дахь шуудай – 11.4 кг, 8 дахь шуудай –14.3 кг, 9 дэх шуудай –10.7 кг, 10 дахь шуудай –13.8 кг, 11 дэх шуудай –10.5 кг, 12 дахь шуудай –15.4 кг, 13 дахь шуудай –9.4 кг,14 дэх шуудай –12.7 кг,15 дахь шуудай – 9.5 кг,16 дахь шуудай – 11.7 кг,17 дахь шуудай – 8.6 кг, 18 дахь шуудай – 8.6 кг,19 дэх шуудай – 11.9 кг, 20 дахь шуудай – 9.4 кг, 21 дэх шуудай –12.6 кг, 22 дахь шуудай –12.2 кг, 23 дахь шуудай –12.4 кг, 24 дэх шуудай –9.5 кг, 25 дахь шуудай –12.4 кг, 26 дахь шуудай –13.1 кг, 27 дахь шуудай – 12.7 кг, 28 дахь шуудай –11.4 кг, 29 дэх шуудай –12.7 кг, 30 дахь шуудай – 7.7 кг, 31 дэх шуудай – 6.5 кг, 32 дахь шуудай – 9.6 кг, 33 дахь шуудай –10.0 кг буюу нийт 33 уут буюу 363,8 килограмм болж биологийн чийгээ алджээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтад Ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг гаргахдаа килограммаар тооцож хонин арц 1 килограмм нь 50000 төгрөгөөр үнэлэхээр заасан. Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо тухайн ашигт ургамлын хэрэгцээний нийт жинг хэрхэн тогтоох талаар тодорхойлоогүй ба ургамлыг бэлтгэх үеийн биологийн чийгийн хэмжээг харгалзан тогтоох, эсхүл биологийн чийгээ алдсан үеийн бодит жинг харгалзан тогтоох эсэх талаар тодорхой зохицуулалтгүй байна. Иймд шүүгдэгчид ашигтай байдлаар буюу 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар жинлэсэн хэмжээгээр хохирлын хэмжээг тооцож шүүгдэгчийн үйлдлийн улмаас нийт 363,8 х 5000=18190000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэстэй. Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ”, 2 дахь хэсгийн 1-д “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: ...нэн ховор” гэж, 3 дахь хэсэгт “Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон /энэ хуулийн хавсралтаар тогтоосон/ ургамал хамаарна” гэж тус тус хуульчилсан байна. Түүнчлэн шүүгдэгчийн дээрх түүж бэлтгэсэн хонин арц /Juniperus Sabina L./ нэн ховор ургамал болох нь Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт, нэн ховор ургамлын жагсаалтаар тогтоогдсон. Нэн ховор ургамал болох хонин арцыг /Juniperus Sabina L./ Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болохоор заасан ба ийнхүү ашиглахдаа мөн хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахаар заажээ. Шүүгдэгч Д.Батцоожийн Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдийг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр хонин арц түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах, ашиг олох зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Давгадоржийн Батцоожийг Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд шүүгдэгчийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд шүүгдэгч Д. Батцоожийн хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох хонин арцыг /Juniperus Sabina L./ түүж бэлтгэж ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь нөлөөлсөн гэж үзэх үндэстэй. Шүүгдэгч Д.Батцоож нь зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг түүсэн бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 363,8х50000=18190000 төгрөгийн хохирол учирсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамал экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгчээс 1819000х5=90950000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж заасны дагуу 90950000 төгрөгийг шүүгдэгч Д.Батцоожоос гаргуулж, байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй. Хонин арц түүж тээвэрлэсэн 31-93 ЗАН улсын дугаартай цэнхэр өнгийн “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл шүүгдэгч Д.Батцоожийн эзэмшлийнх боловч уг тээврийн хэрэгслийг Завхан санхүүгийн нэгдлийн ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хийсэн 20031 тоот гэрээ болон зээлийн гэрээ, гэрч, иргэний нэхэмжлэгч Т.Энхтөрийн “...манай байгууллагаас зээл авсан. ...зээлээ бүрэн төлөөгүй, машиныг Батцоож нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. 31-93 ЗАН улсын дугаартай цэнхэр өнгийн “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг 350000 төгрөгөөр үнэлсэн болох нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн эд зүйл үнэлсэн үнэлгээний комиссын үнэлгээгээр тогтоогдсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 33 уут хонин арцыг улсын орлого болгож, хонин арцыг тээвэрлэсэн 31-93 ЗАН улсын дугаартай цэнхэр өнгийн “Бонго” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 350.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тооцоог гаргах боломжгүй учир түүний иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй бөгөөд иргэний нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.Батцоожийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Батцоожид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Д.Батцоожид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Д.Батцоож нь хохирол нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй ба шүүдэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт болон шүүгдэгчийн “учруулсан хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байна” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батцоожид хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ гэмшиж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн нөхцөл байдал, бага насны 5 хүүхдийн хамт амьдардаг, хохирогчийн “гомдол саналгүй, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэргийг харгалзан үзэж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Батцоожид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Батцоож нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Дагвадоржийн Батцоожийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арцыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батцоожид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 сар/ зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Д.Батцоож тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Д.Батцоож дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Д.Батцоожийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 сар /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Д.Батцоож нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 33 уут хонин арцыг, шүүгдэгчийн эзэмшлийн Бонго маркийн 31-93 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 350000/ гурван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж улсын орлого тус тус болгосугай.

8. Шүүгдэгч Д.Батцоожийн эзэмшлийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр битүүмжилсэн Бонго маркийн 31-93 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Батцоожоос 90950000 /ерэн сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тооцоог хэлэлцэхгүй орхиж иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхтөр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

11.Шүүгдэгч Д.Батцоож нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА