Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/86

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, шүүгч Э.Дулмаа, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Г.Ишээ,

Улсын яллагч: Ш.Баасандорж,

Шүүгдэгч Т.Ц-ийн өмгөөлөгч: Д.Д-, Ж.Я-

Шүүгдэгч Г.М-ийн өмгөөлөгч: Н.Д-, А.А-

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Б-

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: П.А-

Иргэдийн төлөөлөгч: П.Д-,

Шүүгдэгч Т.Ц-

Шүүгдэгч Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Б- овгийн Т-ийн Ц-,

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Б- овгийн Г-ын М- нарт холбогдох  эрүүгийн 1827000000014 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ___ ажиллаж байсан, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн Овоо багийн ___ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Т-ийн Ц- /РД: ___/

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ___ ажилтай, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг ___ гудамж ___ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б- овгийн Г-ын М- /РД: ___/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Т-ийн Ц- нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс энэ сарын 24-нд шилжих шөнө 00 цагаас 02 цаг 27 минут хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "___" гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постны гэрийн гадна яллагдагч Г.М-тэй бүлэглэн иргэн Б.Ө-ыг гэрлүүгээ явах гэлээ гэсэн шалтгаанаар түүний хэвлий хэсэг рүү, мөн нуруу хэсэг рүү өшиглөсөн, түүнийг постны гэр рүү буцаад явж байх үед нь “гүйгээд явж чадахгүй байна уу” гэж шалтаглан дээлнийх нь араас татаж газар унагааж, хэвлий рүү хоёроос гурван удаа өшиглөж зодсон, гаднах дээлийг нь тайлуулж газраар чирж, амь хохирогч Б.Ө-ын биед биеийн баруун 9, 10, 11 дүгээр хавирга, зүүн 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, нүүр, толгой, дээд, доод мөч  их биеийн шарх, зулгаралт бүхий гэмтлүүд буюу хөнгөн, хүнд хохирлыг эрүүл мэндэд нь учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс энэ сарын 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “___” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постны гэрт иргэн Б.Ө-ыг миний 2 хавирга хугарчихлаа гэж хэлэхэд нь “яасан гэнээ, хэдэн хавирга хугарсан гэнээ” гэж хэлэн, түүний толгойн зүүн чихний ар хэсэгт хөлөөрөө хүчтэй өшиглөж зодсон. Өшиглөсний дараа Б.Ө-ыг гэрээс чирч гаран, түүнийг газарт унагасан, зодох үедээ толгойд нь гавал тархины хүнд гэмтлийг учруулж амь насыг нь хохироож хүнийг алсан гэмт хэргийг, /яллах дүгнэлтэнд дурьдагдснаар/

Яллагдагч Г-ын М- нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагаас 02 цаг 27 минут хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "___" гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постны гэрийн гадна иргэн Б.Ө-ын нүүр, цээж хэсэг рүү гараараа болон хөлөөрөө цохиж зодон, түүний биед биеийн баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавирганы хугарал, зүүн уушигны дэлбэнгийн хатгагдсан шарх, нүүр, толгой, дээд доод мөч, их биеийн шарх, зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц- мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө болсон хэрэг учралд холбогдож гэм буруутай гэж яллагдаж одоог хүртэл явж байна. Миний бие өөрийгөө өмөөрөхгүй. Хэрэг учрал болох газар бүгд архи уусан. Нөгөө хэдийгээ хэрэгт оруулахгүй гэж хүн чанар гаргаснаас болж өнөөдөр ийм асуудалд орсон. Гэрчүүдийн мэдүүлэг үнэн худал мэдэгдэхгүй сонин сонин мэдүүлэг өгч байгаа. Зарим хүмүүсийг үнэн худал хэлж байгааг нь нотлох баримт шинжлэн судлахаар тайлбарлаж өгнө. Хэргийн газар юу болсныг ярья. Шөнө 12 цагийн үед гэрт бүгд байсан. Талийгаач Ө- эхлээд гэрээс гарсан. Маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй. Дараа нь араас нь би гарсан тэгээд гэрийн үүдэнд зогсож байхад талийгаачийг оръё гээд гэрт дагуулаад орж ирсэн. Тэгээд би гэрийн баруун талд ороод сууж байсан чинь талийгаач эргээд

гараад явсан. Тэгж гарахад нь М- нь араас нь гараад явсан. Би араас нь санаа зовоод араас нь гарсан. Тэгтэл талийгаач Ө- гэрээс баруун хойд зүгт алхаж явж байсан. Би араас нь явдаг юм уу гэсэн чинь гэрийн зүүн талаас М- гараад ирсэн. Тэгээд Ө- хаана байна гэхээр нь доор явна гэсэн чинь үг хэлэлгүй араас нь гүйгээд явсан. Тэгээд би М-ийг араас нь явсан юм чинь дагуулаад ирэх байх гэж бодсон. Би гэрээс баруун урагш бие засаж байгаад нэг тамхи асаасан. Тамхи талдаа хүрээд зогсож байхад гэрээс баруун хойд зүгээс яг юу гэж хэлснийг нь тайлбарлаж чадахгүй байна ямар байсан тусламжийн дуу гарсан. Тэгэхээр нь би араас нь гүйсэн. Амандаа зуусан тамхиа хаяад гүйсэн. Хэргийн газрын үзлэгээр тамхины иш 70 метрээс олдсон гэж. Тэрнээс цаашаа 200-300 метр гүйж очсон. Тэгсэн талийгаач Ө- зодуулсан байсан. Тэгэхдээ өнөөдөр би хүн гүтгэх, хүнд гүтгүүлэхгүй. Тэгэхдээ талийгаач намайг очиход зодуулсан байсан. Талийгаач Ө-ыг М-эс салгаж аваад ахаа яасан бэ гэсэн чинь талийгаачийн доор үхрийн баасны чинээ хар юм байсан. Тэр миний бодлоор цус байсан. Тэгээд би гартаа цас аваад нүүр амыг нь арчиж өгөөд тэр цус нь тогтсон. Тэгээд босох гэсэн М- өшиглөсөн. Тэгэхээр нь М-ийг түлхээд талийгаачийг хөлөөрөө босоорой гэж 2 удаа нударсан. Тэгээд талийгаачийг явъя гэсэн чинь дээлнийхээ хормой дээр гишгээд эмзэглээд явж чадахгүй байсан. Талийгаач дээлээ тайлъя гэхээр нь дээлийг нь тайлуулсан. Тэгээд талийгаачийг сугадаад 4 дүгээр пост нь дээр дагуулж ирсэн. Гэр лүү орсон гэрт ороод яагаад зодож байгаа юм бэ? гэдэг нь үнэн. Харин “хавирга хугарсан гэдгээ хэлснийг нь” санахгүй байгаа юм. Талийгаач яагаад зодож байгаа юм бэ гэсэн зүйл яриад бид хоёр сууж байсан чинь ардаас М- орж ирэхэд талийгаач ухас хийхээр нь би өшиглөсөн. Тэр үед би талийгаачийн нүүрэн тус газар өшиглөсөн. Тэгэхдээ би улаан нь нүүрэнд нь өшиглөөгүй. Зүүн эрүү шанаанд өшиглөсөн талийгаач нааран дээр суусан намайг С- салгасан. Би өшиглөсөн миний буруу гээд хойшоо болсон. Тэр гэр дотор зодно зодолдон гэсэн яриа болсон. Тэгээд хоорондоо муудалцсан. Тэгээд энэ архидалт хэтэрлээ би хүнээ аваад пост руугаа буцъя гээд би талийгаач Ө-ыг энгэрээс нь татаад гэрээс аваад гарсан. Би түрүүлээд гэрээс гаргахад талийгаач Ө- ард явж байснаа гараа миний гараас шувт татсан. Тэгээд би гарыг нь алдсан. Тэгсэн ард таг хийх чимээ гарсан эргээд харсан чинь босго мөргөөд унасан байсан. Тэгээд би ахаа яагаад ойчив гээд ахыг өндийлгөсөн. Тэгээд нэрийг нь дуудаад сэргээх гэсэн нэг сонин хурхираад байгаа юм шиг чимээ гараад байсан. Бие нь чичрээд байсан. Тэгээд би сандрахдаа гэр лүү оруулсан. Талийгаачийг суганаас нь өргөөд гэр лүү оруулах гэж нэлээн юм болсон. Би өргөөд даахгүй байсан. Тэгээд зовж оруулаад зуухны баруун урд хэсэгт дээш нь харуулаад хэвтүүлсэн. С- гүрээний судас нь дээр нь дараад дараа нь хамрын үзүүр дээр дарсан. Тэгэхэд амьсгалтай байсан. Тэгсэн удалгүй болохоо байлаа гээд хиймэл амьсгал хийсэн чинь өмнөөс нь хэхэрсэн юм уу нэг сонин дуугараад байсан. Ийм зүйл болсон юм. Тэнд байсан хүмүүс хуйвалдсан гэдэг нь үнэн. Хэргийн газар анх очсон хүмүүсийн мэдүүлэг дээр байдаг. П-, Б-ы мэдүүлэг байгаа. Хуйвалдаагүй байсан бол тэр хүмүүс хоёрын хооронд зүйл ярих юм. Мөрдөн байцаалт эхлэхэд бүх мэдүүлэг өөрчлөгдсөн. Өнөөдөр би хүн чанар гаргасан гэж бодсон боловч би тэнэг байсан байгаа юм. Энэ М-ий өмнөөс хүн чанар гаргах биш талийгаач болон Б- гуайн өмнө хүн чанар гаргаад явж байх байсныг сүүлд ойлгосон. Талийгаач Ө-ыг цасан дээр чирээгүй, тийм зүйл болоогүй. Г.М-ий санаачлагаар өөрийг нь чирсэн. Тэр үед Г.М- ахаа намайг гэж битгий хэлээрэй би хоёр нялх хүүхэдтэй, би таныг тусалж дэмжинэ гэж С-тай нийлж ятгасан. Тэгээд би та хоёр зодсон байна нүүрийг нь хараач гэсэн чинь харин тиймээ цасан дээр ойчоод ийм болгосон. Та хамгийн сүүлд өшиглөсөн юм чинь буруутай гэсэн гэв.

Шүүгдэгч Г.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө гэрт дотор архи ууж дуусаад талийгаач Ө-, Ц- нар нь хоорондоо харилцаа таарамжгүй байсан. Талийгаач Ө- нь гараад явсан тэгээд би Ц- намайг араас нь гар гээд би талийгаач Ө-ын араас нь гарсан. Тэгсэн талийгаач Ө- нь гэрээс нилээн зайтай хойшоо явж байсан араас нь гүйж очоод талийгаач Ө- ахыг хоёулаа одоо харья гадаа хүйтэн байна маргааш дарга нарыг ирэхээр явъя гэхэд талийгаач Ө- ахынх нь охин төрөх гэж байгаа, ах нь очихгүй бол болохгүй гээд ярилцаж байхад бид хоёрын араас Ц- ирээд Ө-ыг одоо бос пост руугаа явъя гэж Ц- хэлэхэд босохгүй байхаар нь Ц- талийгаачийн нүүрийг цасаар угаахад нь би чи одоо болио ахыг яагаад байгаа юм гэхэд  ...байж бай ахыг сэргээх гээд нүүрийг угаахад Ө- ах босохгүй байхаар Ц- ар нуруу нь нэг өшиглөсөн. Тэгээд Ө- ах босоод алхаж явсан. Ц- бид хоёр ард нь алхаж явахад Ц- Ө- ахыг гүйгээд яв гэж хэлсэн. Тэгэхээр нь алхаад явж байг гэж хэлэхэд намайг байж бай гээд араас очиж айлгая гээд дээлийнх нь араас татаж унагаагаад хэвлий хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би араас нь гүйж очоод салгахад Ц- Ө-ыг дээлээ тайл гээд дээлийг нь тайлуулаад гэр лүү чирээд явсан. Би араас нь дээл бүсийг нь аваад гүйж очоод Ц-д чи ахыг аллаа гэж хэлэхэд энийг алсан ч яадаг юм гэж хэлэхээр нь одоо боль гээд талийгаач Ө- ахыг та түрүүлээд гэрт ор гэсэн. Араас нь Ц- дараа нь би орсон. Гэрт ороход талийгаач зассан наарны зүүн талд буруу хараад сууж байсан. Тэгээд хэсэг сууж байснаа талийгаач Ө- Ц-д чи ахыгаа яаж байгаа юм бэ? Чи миний хавиргыг хугалчихлаа гэж хэлэхэд Ц- яасан гэнээ гээд гэнэт чихний ард тал руу өшиглөөд талийгаачийг чирээд ахтай би хэдэн юм ярьчихаад ороод ирье гээд энгэрээс нь чирээд гарсан. Гэрээс гараад удалгүй ах болохоо байчихлаа гээд чирээд ороод ирсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- мэдүүлэхдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э-: Энэ хэрэг нь 2 жил 7 сар гаруйн хугацаанд үргэлжилж байна. Ихээхэн ядарч байна. Нэрийг нь дуудуулж, ясыг нь өндөлзүүлээд миний хүү буцаж ирэхгүй. Шүүгдэгч нар үнэн зөв мэдүүлэг өгсөн бол хуулийн дагуу шийдвэрлэх байх. Ялын хувьд их ч бай бага ч бай хүний хүүхдүүдийг ясыг цайлгаж яланд хатаахыг хүсэхгүй байна. Гэхдээ шүүгдэгч нь зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Энэ байдалд дургүй хүрээд байна. Миний хүү бол ганц хүнд зодуулах хүн биш. Бие бялдрын хувьд шүүгдэгч нараас том, ерөнхийдөө туранхай байх. Гэтэл гаргасан шарх сорви, биед учруулсан гэмтлүүдийг харахад нэг хүн яагаад ч ийм гэмтлүүд гаргахгүй. Монгол хүний хувьд сэтгэн бодох учиртай. Шинжээчийн дүгнэлтээр олон тооны шарх сорви байна гэж гарсан. Эхлээд задлан шинжилгээгээр баруун зүүн 6 хавирга хугарсан, хавирганууд сээр өвчүү хэсгээрээ гэмтэж далнаасаа салсан гэдэг нь маш хүчтэй өшиглөсөн байгаа юм. Мөн толгойн зулайн зүүн хэсэгт хар хүрэн өнгийн цус хуралттай, бага болон уртавтар тархинд цус харвалттай, зүүн уушгинд 8 см хэмжээтэй хугарсан хавирга нь сүлбэж орж цус алдаж, цээжинд цус хурсан. Мөн баруун талын бөөр нь цус хуралттай байсан. Нас барсан тухай надад мэдэгдсэн бөгөөд харах тэр үед үнэхээр эцэг хүний хувьд харахад үнэхээр хэцүү байсан. Баруун мөрөнд болон бүсэлхийнд зулгаралттай, хэвлийн доод хэсэгт цус хуралттай, зүүн хөлөнд, хоёр өвдөгний дээд хэсэг, мөн зүүн гарын бугалга хэсэгт тус тус зулгаралт гэсэн гэмтлүүд гарсан. Гарцаагүй нэлээд их хэмжээгээр зодуулсан байсан. Хэргийн газар очих үед гэр цэвэрхэн, зуухаа гадаа гаргачихсан, мөн 2-3 унь хугарсан, нэлээн бүдүүн бөх баймаар цагаан өнгийн сандал хугарсан байсан бөгөөд 61 хоногийн дараа очиход эд нарын тоглож байсан кодекс цаас, бал, шатсан цаас зэрэг нь хэвээрээ байсан. Тэнд бол зодоон хийсэн хүмүүс байсан. Шинжээчийн оношоор бол  гавал тархины битүү гэмтэл, толгойн тус газарт олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэл үүссэн гэж гарсан. Тэгэхээр би 49 см урттай, 4 см диаметртэй униар балбасан хэрэг. Мөн зүүн хавирга сүлбэгдсэн, 6 хавирга хугарсан гэсэн гэмтлүүд үхэлд хүргэсэн гэмтэл биш гэж үзсэн. Биеийн гаднах шарх 8 хэсэгт үүссэн байдаг. Энэхүү гэмтлийг нэг үүсгэх боломжгүй. Дүгнэлтэнд гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан, хатуу зүйлийн үйлчлэлээр гэмтэл үүссэн, олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэж байгаа. Их, бага, дунд тархинд цус хурах хүртэл, тархи толгой хүзүү сээрийг гэмтээсэн, мөн дагзанд хурц өнцөгтэй зүйлээр шарх үүсгэсэн, зүүн гарын шуу, алганд үүссэн шарх нь хүчтэй зүйлээр цохигдсон, энэ бол чирэгдсэн биш. Эдгээр гэмтлүүдийг бодоод үзэхээр нэг үйлдэх ямар ч боломжгүй. Мөн өөр хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Хэргийн мөрдөн байцаалт анхнаасаа дутуу хийгдсэн. Тиймээс өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй яваад, мэдүүлгүүд нь хоорондоо зөрөөд байгаа. Мэдүүлгүүдээс зөрүүг нь миний хувьд асуусангүй. 49 см урттай 4 см диаметртэй унь, 11х12 тоосго, надад байгаа цустай тоосгыг дэрэн нь доор нь хийсэн гэдэг биш бөгөөд өөр тоосго байсан. Энэ тоосго байхгүй, хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй. Цагдаагийн болон хүчний байгууллагын хүмүүс холбогдсон учраас тоосгыг нуусан үгүйг мэдэхгүй. Эд мөрийн баримтаар тамхины ишийг хураасан бөгөөд өөр мөрдөлт хийгээгүй. Ингээд хэргийн мөрдөн байцаалтыг анхнаасаа дутуу хийсэн байгаа. Нөгөө талаар Авилгатай тэмцэх газартай очиж уулзсан бөгөөд Ганбат гэж хүн мөрдөлтийг явуулсан. Нэг хүнд олон хэрэг байдаг болохоор шалгасан болоод хэргийг шилжүүлж, энэ хэрэг дээр 2 удаа хөдөө явсан байдаг. Миний зүгээс мөрдөлтийг хэрхэн явуулдаг талаар мэдэхийн тандаад байсан. Мөн 31 см өргөнтэй 21 м урттай газар чирэгдсэн гэж гарсан байхад би чирээгүй гээд мэдүүлээд байгаа. Цасаар нүүрийг нь угаасан гэсэн нь нүүр нь улаан нялга болсон ба зураг нь байгаа. Ц-ийн 2 дугаар мэдүүлэгт Г.М- хавиргыг нь хугалсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ асуудалд огт гэмт хэрэгт яригдахгүй байгаа. Сүүлд мэдүүлэхдээ гэрийн босго дээр ойчсон гэж мэдүүлж байгаа. Түрүүн Ц-ээс асуухаад гэрийн баруун тал руу хөтөлж явахад ойчсон гэтэл чулуу байсан бөгөөд чулуун дээр гэмтсэн байх гэж мэдүүлэгт байдаг. Гэтэл М- мэдүүлэхдээ Ц- дагуулаад гарахад тасхийх чимээ гарсан тэр үед хойно нь М- зогсож байсан гэсэн байдаг. Ийм л процесс болсон, мэдүүлгүүд нь хоорондоо зөрдөг, тодорхой гаргаж өгдөггүй, яахав гэж бодоод хэргийг дахин дахин хойноос хөөцөлдөөд яахав гомдолтой гэж яваад яах вэ гэж бодож байна. Гол нь энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү. Харин ар гэрт нь 5 өнчин хүүхэд сургууль төгсөөгүй, ажилгүй, амьдралын ямар ч орлогогүй гэр бүл үлдсэн. Амьдралын хувьд ихээхэн хэцүү бөгөөд би тэтгэврийн хэдэн төгрөгөөс илүүчлэх боломжгүй. Миний хувьд оюутан хүүхдийн сургалтын төлбөр, банканд байгаа 8 сая төгрөгийн өрийг миний хүүхэд амьд байсан бол аль хэдий нь төлөөд дууссан байгаа. Би олон удаа наашаа цаашаа явсан, сүүлд 1 сая гаруй төгрөгийн зардал гарсан, нэхэмжлээгүй бөгөөд бүгдийг нь бичээд км-ийг бичээд нотариатаар батлуулсан нь хэрэгт байгаа. Үүнийг нь маань шийдвэрлэж өгөөрэй. Мөн үр хүүхдэд нь нэг удаагийн ч болтугай тусламж үзүүлэхгүй бол миний гомдол барагдахгүй. Гэхдээ би боловсролын салбарт 46 жил ажилласан, дээд боловсролтой, хүнд хайртай, настай хүн учраас хүнийг хайрлах сэтгэл надад байгаа. Амьдралыг минь авч явдаг ганц үрийг минь хөнөөчхөөд бие биенийхээ эсрэг дайралцаад хэргээ хүлээхгүй байгаа тохиолдолд шат шатаар нь явах болно. Надад хэл, чих, нүд, хөл,  оюун ухаан байна. Хэрэг гарснаас хойш 2 жил 7 сар өнгөрч байна. Тусламж үзүүлээгүй гэсэн зүйл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан байгаа. Монголчууд хоёр хүн зодоон хийж байхад салгадаг монгол заншил хаана байна. Гэтэл хэргийн газарт байсан цагдаагийн болон онцгой байдлын ажилтан, Бүрд сумын тамгын газрын ажилтан нар би ингээгүй тэгээгүй, унтаж байсан гэж мэдүүлдэг. Мөрдөн байцаалт эхлэх үед  Ц-ийг хэрэгт хийхгүй, одоо яах уу, бид бүгд тусална гэж хэлсэн гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Тэгээд намайг зөвшөөрвөл надад ийм санал байгаад 31 м цаанаас Г.М-ийг суулгаж байгаад, тэндээс чирсэн нь анхны мөрдөн байцаалтын үед авсан гэрэл зургаар баталгаажсан байдаг. Бүрд сумаас хүүхдээ аваад, маргааш нь би Хархорин суманд ирсэн. Тэгээд Цагдаагийн газраас надад ямар үйл явдал болсон зураг зэргийг бүгдийг нь үзүүлсэн бөгөөд тэр зургаас зарим нэг нь байхгүй байсан. Тэр нь наанатай цаанатай цагдаагийн ажил байж болно. Хэрэг болох үед авраарай, туслаарай, амь авраарай гэсэн дуу гарсан гээд байдаг, миний хүү дуу чангатай, 10-аад жил багшилсан, багшийн дээд сургуулийг төгссөн, хүнтэй тэр бүр хэрэлдээд байдаггүй хүн байсан. Ийм л зүйл болсон. Шүүгдэгчид хэргээ хүлээгээд, нөхцөл байдлыг ойлгоод, хуралд ар гэрийнхэн нь ч орж байна. Талийгаачийн ар гэрийнхнийг ойлгох юм бол хуулийн дагуу шийдвэрлэх байх. Үүнээс би дахин дахин яваад байх хүсэл байхгүй. Хэрэв өөрсдийгөө хамгаалаад, давж заалдаад дийлнэ болгоно гэж бодож байгаа бол би үнэнийг олохын тулд явна. Ийм зүйл хэлье дээ. Өөр хэлэх зүйлгүй ...нэхэмжлэлийн хувьд ажил явдлыг төлбөрийг төлсөн байгаа. Харин одоо 11233322 төгрөг нэхэмжилнэ. Үүнд өмгөөлөгч хөлсөлсөн зардал, миний шүүхэд болон цагдаа прокурорт ирсэн замын зардал, хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, талийгаачийн охины сургалтын төлбөр зэрэг багтсан байгаа...” гэв.

          Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ойролцоогоор 7-8 шил Харзтай нэртэй 0,5 литрийн архийг ууж хэрэглэж дууссан. Тэрний дараагаар би гэр дотор зуухны хажууд сууж тамхи татсан тэр үед цагдаа Ц-, Ө- ах хоёр юунаас маргалдсан талаар мэдэхгүй. Ямар ч байсан хэрэлдсэн тэгтэл Ө- ах би явлаа гэж хэлээд гэрээс гарсан. Ө- ахын араас дэд ахлагч М-, Ц- хоёр гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу намайг зуухны өмнө сууж байхад гаднаас Ц-, М- хоёр Ө- ахыг оруулж ирсэн. Ө- гэрийн хойд хэсэгт байх наарны зүүн хэсэгт очоод суусан. Миний ард Ц- зогсож байснаа Ө- ахын нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөж унагаасан. Тэгээд Ц-ийг дайрах гэхээр нь би босож салгасан, ...Намайг сууж байхад Ц- өнгөрдөг Ө-ыг заамдаж босгоод дагуулж гаргах гэхлээр нь би одоо яах гээд байгаа юм бэ болиоч гэж хэлэхэд одоо би ахыг цохиж зодохгүй би өөрөө мэдэж байна ахтай гараад юм ярих гэсэн юм гэж хэлээд гарсан. ...Ц- өнгөрдөг ах Ө-ыг чирээд гэрт оруулж ирсэн. Тэгэхэд Б- бид хоёр шууд босоод очсон чинь Ө- ахын өмд нь гэрийн босгон дээр тээглээд хагас шувтарсан. Тэрнийхээ дараа Ц- ухаан алдчихлаа гэж хэлсэн. Би шууд өмдийг нь татаад хүзүүний гүрээний судас нь дээр нь дарж үзсэн. Намайг үзэж байхад гэрт байсан хүмүүс бүгд босоод ирсэн Ө- ах бид хоёрыг тойроод зогсож байсан. Тэрний дараагаар би өөрөө хиймэл амьсгал Ө- ахад хийсэн. Эхний удаа хийгээд хоёр дахь удаагаа хийхэд эхний удаа хийсэн агаарыг шууд үлээсэн. Тэгэхээр нь би нас барчихсан юм биш үү гэж хэлээд миний хойно зогсож байсан Н-ыг эмнэлэг цагдаа дууд гэж хэлсэн, ...Миний мэдэхээр талийгаач газар ойчоогүй. Харин Ц- талийгаачийг гаднаас оруулж ирэхэд үүдний босго хэсэгт өмд нь тээглэн өвдгөө хүртэл шувтарсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 65-66-р хуудас/,

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ц- хаачив гээд гарсан, түүний араас М- гарсан Үүнээс хойш 20-30 минутын дараа талийгаач Ө- ах орж ирээд нааран дээр суусан. Тухайн үед зуухны өмнө тамхи татаад сууж байсан Ц- миний хойно баганы хажууд зогсож байсан. Тэгснээ гэнэт талийгаачийн толгой руу хүчтэй өшиглөөд дахин зодох гээд дайрахаар нь би болиулаад Ц-ийг чи яаж байгаа юм гээд хойш нь татахад за за ойлголоо гээд больсон. Тэгснээ гэнэт талийгаачийг заамдаад босгох гэхээр нь чи одоо болилдоо яасан гэж ахыг зодох гээд байгаа юм гэхэд зүгээрээ мань ахтай гадаа гараад юм ярьчихаад ороод ирье гэсэн. Тэгэхээр нь за за гайгүй байх гэж бодоод орхисон. Ц- талийгаач ахыг заамдаад чирээд аваад гарсан, Гаднаас Ц- талийгаачийн ар нуруунаас нь 2 суганаас нь тэвэрсэн хөл бөгсөн биеийг чирсэн байдалтай орж ирсэн бөгөөд ах ухаан алдчихлаа гэж хэлээд зуухны хажууд газар хэвтүүлсэн. Талийгаачийн бөгсөн бие нь ил гарсан, цээж нь сөхөгдсөн хамаг бие нь шороо болсон байдалтай орж ирсэн бөгөөд Ц-д чи яачхав гэж хэлэхэд пизда чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн. Тэр үед бид босож ирээд гүрээний судас нь дээр нь дарж үзэхэд цохилохгүй болохоор нь хиймэл амьсгаа хийсэн чинь урдаас хэхрээд байгаа юм шиг чимээ гараад байсан. Тухайн үед талийгаачийг Ц- цагдаа зодсон тэгэхээр энэ гэмтлүүдийг Ц- учруулсан байх гэж бодож байна, Миний мэдэж байгаагаар талийгаачийг Ц-ээс өөр хэн ч цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 46-47-р хуудас/,

2020-03-05-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед 01 цаг болж байхад энэ үйл явдал болсон. Гэрээс гарахдаа Ц- гэрийн хаалга гараараа онгойлгоод гарсан. Үүний дараа 5-10 минут болоод гаднаас Ц- гэрийн хаалга онгойлгоод орж ирэхдээ талийгаач ахын ар нуруунаас нь тэврээд бөгс, хөлийг нь газар чирээд орж ирсэн. Ц- талийгаач Ө- ах 2-ын араас М- гэрээс гараагүй шүү дээ. Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн бүсэд намайг очиж ажиллахад надад хууль, журам танилцуулаагүй...” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 129-133-р хуудас/.

Мөн 2020-03-11-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач Б.Ө- нас барсаны дараа Ц- толгойгоо хоёр гараараа салаавчилж барьчихаад пизда, пизда гээд гэр тойроод нааш цааш алхаж байхдаа би хийсэн хэргээ хүлээнэ, та нар тэрэнд битгий санаа зов, харин энэ олон архины шилнүүдийг багасгахгүй бол болохгүй ш дээ, та нар өөрсдөө мэдэж байгаа биз дээ, архи уусан гэвэл асуудал болно ш дээ гээд байсан. Тэгээд гэрт байсан олон архины шилнүүдийг хэн нь гэрээс хол аваачиж хаясан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Надад гэрт байсан архины шилнүүдийг гэрээс гаргаж хаях санаа байгаагүй...” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 134-137-р хуудас/,

Гэрч Т.Н-ын өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр үед орондоо орчихсон яриаг сонсоод хэвтэж байсан. Тэгтэл Ө- багш ахыгаа зодож байгаа юм уу хавирга хугарчихсан юм биш үү гэж ярьж байх нь сонсогдсон. Тэгээд л ноцолдож байгаад пад хийгээд өшиглөж байгаа бололтой байсан. Ө-ын аль хэсэг рүү Ц- өшиглөж байгааг бол би хараагүй. Хөөе яаж байгаа юм бэ Ухаан алдаад ойчлоо шүү дээ гэж нөгөө хэд босоод ирчихсэн байсан Тэгээд л орноос босож хувцсаа өмсөөд очтол зуухны баруун урд хэсэгт Ө- дээшээ харчихсан газар хэвтэж байсан, Тэгээд сүүлийн өшиглөж байгаа чинь илүүдэж байгаа байхгүй юу яах гэж өшиглөж байгаа юм бэ гэж Ц-д С-, М- нар хэлсэн, Бид 6 нийт 8 шил архийг ууж хэрэглэсэн..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 69-70-р хуудас/,

2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд нээх их удалгүй талийгаач Ө- ах гэрт орж ирээд нааран дээр суусан. Үүний дараахан гэрт Ц-, М- нар цувраад гэрт орж ирсэн. Тэгж байтал талийгаач Ө- ах Ц-д хандаж чи ахыгаа зодож байгаа юм уу 2 хавирга хугарсан юм шиг байна гэж хэлж байсан. Тэгэхэд би орондоо унтаж байсан бөгөөд төд удалгүй талийгаач Ө- ахыг Ц- өшиглөчихлөө яаж байгаа юм гэсэн. Тэр үед би босоод ирэхэд С- цагдаа Ц-ийг бариад авсан байсан. Тэгэхэд Ц- мань чинь зүгээр зүгээр ахтай юм яриад ороод ирье, учраа олоодохъё гээд талийгаач ахын энгэрээс заамдаж татаж босгож ирээд гаръя гээд чирээд гарсан Талийгаач Ц-ийн өмнөөс эсэргүүцээд хэл амаар доромжлоод янз бүр болоод байсан зүйл байхгүй тэгс гээд Ц-ийн гарын аясаар дагаад чирэгдсэн байдалтай гарсан. Тэгээд удалгүй талийгаач ахыг Ц- өргөөд ороод ирэх шиг болсон. С-, М- нар очсон ухаан алдсан юм биш үү гээд байсан Тэгээд талийгаачийн цээжин дээр дарж хиймэл амьсгал хийгээд удалгүй нас барчих шиг боллоо цагдаад мэдэгдээрэй гэхээр нь би Бүрд сум руу ярьж Г- дарга руу ярьж хэлсэн гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 63-67-р хуудас/,

            Гэрч Б.Б-ий өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ц- талийгаачийг чирээд гэрт орж ирсэн. Гэрийн зуухны баруун хэсэг газар дээш харуулан хэвтүүлсэн байдалтай энэ нэг л эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгсэн чинь онцгой байдлын аврагч гэх С- залуу хиймэл амьсгал хийж анхны тусламж үзүүлсэн. Тэгээд ерөөсөө амьсгалахгүй байна гэж хэлэхээр нь би ойроос ажиглаж харсан тэгээд амьсгалж чадахгүй байгааг анзаарсан. Тэгэхээр нь би нааран дээр нь тавьж байрлуулах хэрэгтэй гэж хэлээд Ц-, М-, С- нарын хамт талийгаачийг нааран дээр хэвтүүлэн тавьсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 73-74-р хуудас/,

            2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...С- миний хажууд, миний баруун талд Н- хэвтэж байсан, М- зуухны тэнд байсан. Тэгээд Ц-, талийгаач ах Ө- нарыг хаачсан юм гэж асуухад гадаа байгаа цаад 2 чинь юм ярьж байгаа гэсэн тэгээд 5-10 минут орчим болж байхад гаднаас гэрийн хаалга онгойлгоод Ц- ...орж ирэхдээ талийгаач ах Ө-ыг ар нуруунаас чирсэн хөл нь чирэгдсэн, гэрийн босгон дээр өмд нь чирэгдээд бараг шувтарсан байдалтай оруулаад ирсэн. Би сэрээд гэрт байсан хүмүүсийг бүртгээд харахад гэрийн хаалга хаалттай байсан, гэрийн гадаа цахилгаан мотор ажиллаж байсан болохоо гэрийн гадна ямар нэгэн чимээ гарч байхыг сайн сонсоогүй...” гэсэн мэдүүлэг /8-р хх-ийн 137-138-р хуудас/,

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...бараг 5-10 минут хэртэй болж байхад гэрийн хаалга гаднаас нь онгойлгоод Ц- талийгаач Ө-ыг ар нуруунаас нь тэврээд орж ирэхдээ ах нэг сонин болчихлоо гэж байсан. Тэгээд Ө- талийгаачийн гэрийн зуухны урд хэсэгт дээш харуулаад хэвтүүлсэн тэгэхэд талийгаач Ө-ын өмд нь доошоо шувтрах янзтай болсон, цамцных нь нуруу хэсэг нь гарсан байсан, талийгаач Ө- нь ямар ухаангүй өөрийн мэдрэлгүй байсан /ер нь бараг нас барсан байдалтай орж ирсэн/. Тэр үед С- хиймэл амьсгал хийхэд талийгаач өмнөөс нь хэхэрч байгаа шиг дуугараад байсан. ...Би энэ малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийн бүсэд 2 дахь удаагаа ажиллаж байхад энэ асуудал болсон. Намайг хорио цээрийн бүсэд ажиллахаар очиход хууль, журам танилцуулж байгаагүй. Харин гоц халдварт өвчин гарсан бүсээс мал, тээврийн хэрэгсэл гаргахгүй оруулахгүй байх ёстой шүү гэсэн ерөнхий заавар өгч байсан санагдаж байна. Талийгаач Ө-ыг аюултай байдалд орхих, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх үүргээ биелүүлээгүй гэдэг асуудалтай санал нийлэхгүй байна. Учир нь би тухайн үед унтаж байхад талийгаач Ө-ыг Ц- гэрээс авч гарсан байсан, үүний өмнө талийгаач Ө-ыг Ц- өшиглөж зодсон байдаг. Би энэ асуудлын талаар мэдэж байгаад Ө-ыг Ц- гэрээс авч гарахад нь болиулах арга хэмжээ аваагүй бол надад талийгаач Ө-ыг аюултай байдалд орхих, эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэсэн асуудал ярих байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 124-125-р хуудас/,

Гэрч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хээрийн штабын даргаар ажиллаж байна. Одоо ажиллаж байгаа постууд “___”, “___”, “___”, “___” гэх газруудад байрлаж байгаа, “___”-н постыг 2-р пост, “___”-д байрлах постыг 3-р пост, “___”-т байрлах постыг 4-р пост гэж нэрлэж явж байгаа. ...2018 оны 02 сарын 24-ний өдрийн 02 цаг 27 минутад миний ___ дугаарын утас руу ___ гэсэн дугаартай утсаар Бүрд сумын ЗДТГ-н дарга Г- залгаад “Ө- эвгүй болчихлоо” гэж татварын байцаагч Н- ярилаа гэсэн. 4-р пост 40-50 минут орчим хугацаанд явж хүрсэн байх. 4-р пост дээр очиход д/а С-, цагдаагийн д/а Ц-, д/а М-, цагдаагийн д/а Б-, Бүрд сумын иргэн Н- нар гэрт байсан, Ө- нь гэрийн хойд талд зассан наарны баруун ирмэгт дээшээ харсан байрлалтай, эсгий гуталтай, дээгүүрээ ямар хувцастай байсныг санахгүй байна, биеийн ил харагдах хэсэгт нүүр хэсэг зулгарсан байдалтай байсан. Манай эмч а/д Г- гүрээний судсыг нь дарж үзээд нас барсан байна гэсэн. Тэгээд би аймгийн Онцгой байдлын газрын дарга болон орлогч дарга нарт утсаар мэдэгдсэн. Би тэнд байсан хүмүүсээс “яагаад ийм юм болчхов” гэж асуухад цагдаагийн дэд ахлагч Ц- “Би аранзандаа 2 шил архитай ирсэн. Тэгээд тэрийгээ уугаад хөзөр тоглоод сууж байсан чинь Ө- гадагшаа гарсан. Тэгээд 10 минут орчмын дараа би гарч бие засах үед Ө- харагдахгүй байсан. Сайн хараад байсан чинь газар уначихсан хэвтэж байсан. Тэгээд би гэрт байсан хүмүүсийг дуудсан чинь моторын дуунд сонсохгүй байхаар нь би чирээд авчирсан. Гэрт оруулж ирэхэд д/а С- хиймэл амьсгал хийж эмнэлгийн анхны тусламж үзүүлэх гэж оролдсон Тэгээд л өнгөрчихсөн гэж ярьсан. Тэгээд байж байтал цагдаагийн бүрэлдэхүүн ирж шалгах ажиллагааг хийж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 80-81-р хуудас/,

            Гэрч Ё.И-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байсан. Талийгаач Хөөвөр гэх газар хяналтын постод ажиллах хуваарьтай байсан. ...Би хамгийн сүүлд Ө-ын гэрийн гадаа очиж авсан. Бид нарыг гэрийнх нь гадаа очих үед талийгаач өөрөө гарч ирээд манайхаар ороод гар гэхээр нь бид нар бүгдээрээ орсон. Бууз ч удалгүй гараад бид нар бууз идэж нэг шил 0,5 граммтай архи задалсан байсныг ууж дуусгасан. Тэгээд гэрээс нь гарах үед талийгаач орны хөндийгөөсөө нэг шил архи аваад өвөртөө хийсэн. 4-р пост дээр очоод нэг шил архи задалж тэнд байсан хүмүүс хувааж уусан. ...Нийтдээ 4 шил архийг 9 хүн хувааж уусан юм байна. Тэрнээс хойш би дахиж тэр постоор очоогүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 83-84-р хуудас/,

            Гэрч Д.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэнд очиход дэд ахлагч Б-, дэд ахлагч Ц-, дэд ахлагч М-, дэд ахлагч С-, Бүрд сумын татварын байцаагч Н-, Онцгой байдлын хээрийн штабын дарга ахмад Б-, салаан захирагч Б-, эмч гээд нэг ахлах дэслэгч залуу, жолооч ахлах ахлагч С- нар байсан Талийгаач Ө- нь гэр дотор гэрийн хойд талд байрлуулсан наарны баруун тал хэсэгт дээгүүр нь юм бүтээсэн байдалтай байж байсан. Сумын эмч Э-аар үзлэг хийлгэхэд нас барсан хүн байна гэсэн. Сумын эмч үзлэг хийхдээ гүрээний судсыг дарж үзэх, гарын судсыг барих, хамар хэсэгт нь гараа ойртуулж амьсгал шалгах зэрэг ажиллагааг явуулсан. Тэгээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Талийгаачийн биеийн нүүр хэсэгт зулгарсан, толгойн дагз хэсгээс цус гарсан байдалтай байсан. Эсгий гуталтай, сааралдуу өнгийн ногоон цамц, хар өмдтэй байсан. Сааралдуу цамц нь суга хавиараа урагдсан байгаа харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 88-90-р хуудас/,

Мөн 2019 оны 02 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед би Бүрд сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Дуудлагаар сумын эмчтэй хамт очсон. Ө- нас барсан байдалтай байсан тул Хархорин сум руу хүн нас барсан байна гэсэн дуудлага өгсөн. Тэнд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нараас юу болсон талаар асуухад цагдаа Б-, Бүрд сумын ЗДТГ-ын ажилтан Н- нар тайлбарлахдаа унтаж байгаад сэрсэн чинь ийм болсон байна гэсэн Харин Ц-, С-, М- нар тайлбарлахдаа талийгаач Ө- бие засах гээд гарсан тэгээд орж ирэхгүй болохоор нь Ц- гэрээс гараад харахад гэрийн баруун хойно бараан юм байхаар нь яваад очиход талийгаач газар хэвтэж байсан тэгээд бусдыгаа дуудах гэхэд моторын дуунд сонсохгүй байсан тэгэхээр нь цасан дээгүүр чирээд авчраад гэр лүү оруулах гэж байхад талийгаач гэрийн хаалга мөргөөд унасан гэж тайлбарлаж байсан. Хүн нас барсан талаарх дуудлага Хархорины цагдаагийн хэлтэст өгсний дараа үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нарыг хооронд нь битгий юм яриулаарай гэсэн чиглэл ирсэн учир бүрэлдэхүүн иртэл тэд нарыг хооронд нь юм яриулахгүй харж байсан. Талийгаачийг М- зодсон талаар тэнд байсан хүмүүсээс хэн нь ч тийм зүйл яриагүй. Харин Ц- талийгаачийг нэг удаа өшиглөсөн гэж хэлж байсан тэгэхдээ гэрт өшиглөсөн гэл үү, гадаа өшиглөсөн гэж хэлсэн бил үү. Ямар ч байсан Ц- талийгаачийг нэг удаа өшиглөсөн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 223- 224-р хуудас/,

Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ дуудлагад би хэсгийн төлөөлөгч П-ийн хамт очсон. Тэнд очиход бүх хүмүүс гэрт байсан. Талийгаач Ө-ыг гэрийн хойд хэсэгт байрлах наарны баруун зах хэсэгт дээшээ харуулсан байрлалтай дээгүүр нь орны бүтээлгээр бүтээсэн байдалтай байсан. Би тэнд очоод орны бүтээлгийг сөхөж үзэхэд талийгаачийн нүүр хэсэгт духны хэсэг болон хоёр шанаа, хамар хэсэгт зулгарсан шинэ шархтай байдалтай байсан. Би гүрээний судсыг дарж үзэх, хамрын амьсгал шалгах зэрэг үзлэгийг хийхэд амьсгал хураасан байгаа болох нь тогтоогдсон. Бүсэлхий хэсгээрээ хувцас нь нороод хөлдсөн байдалтай байгаа харагдсан. ...Ө- багш гэрээс гараад явсан. ...Гэрийн баруун талд нэг хар юм байхаар нь дуудаад хариу өгөхгүй байхаар нь нүүрийг нь цасаар угааж арччихаад гэрт байсан хүмүүсийг дуудсан чинь гадаа ажиллуулж байсан моторын дуунд хүмүүс сонсохгүй байхаар нь өөрөө чирч гэртээ оруулж ирсэн гэж нэг цагдаа ах яриад байсан. ...Хархорины цагдаа гээд байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 92-р хуудас/,

Гэрч Б.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэрний маргааш нь эхнэр бид хоёр гэртээ өнжсөн. Үдээс хойхно 3-р пост дээр байсан 3 хүн манайхаар орж ирж цай уучхаад 4-р пост орлоо гээд гурвуулаа хамтдаа явган яваад өгсөн. Тэгээд тэр гурав пост дээрээ буцаж ирээгүй байгаа, архи уусан байсан эсэхийг нь мэдээгүй, цагийн багцаагаар 13-15 цагийн үед тэр гурав 4-р пост орохоор явсан. Тийм зүйл сонсогдож дуулдаж байгаагүй. Энэ талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 96-р хуудас/,

            Гэрч Т.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэрний маргааш буюу 02 сарын 23-ны өдрийн өдөр тийшээ 3-р пост дээр байсан 3 хүн манайхаар орж ирж цай уучхаад урагшаа 4-р пост орчхоод ирнэ гээд явган яваад өгч байсан. Манай сумын багш гэж дуудаж байсан залуу нь ногоон өнгийн үстэй дотортой дээлтэй, памбагар цагаан эсгий гуталтай явсан..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 101-р хуудас/,

            Гэрч    Б.Б-гээс мэдүүлэг авсан тэмдэглэл, дансны хуулга /6-р хх-ийн 225-229-р хуудас/,

            Гэрч Т.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”...Ө-ын аав Д.Б-ад мөнгийг нь бүрдүүлж өгөх гэж нэлээн юм болж өгсөн. Би 2018 оны зун Баянхонгор аймгийн Байдраг сумын нутагт “___” компанийн уурхайд ковш барьж байсан. Тэгээд 07 дугаар сард ах Т.Ц-ийн шүүх хурал болох гээд энд тэндээс мөнгө цуглуулсан даа. Тухайн үед би уурхайн захирлаас цалинд 1 000 000 төгрөг дансаар авсан, үлдсэн мөнгийг ээж маань ийш тийш ээ хүмүүсээс зээлж, цалингийн урьдчилгаа энэ тэр гэж цуглуулаад хохирогч Д.Б-ын данс руу нь шилжүүлсэн хэн хэнээс мөнгө авсан талаар ээж маань тодорхой мэдэж байгаа. Ээж бид хоёр тэдгээр хүмүүсийг танихгүй энэ хүмүүсээс нэг ч төгрөг аваагүй ямар нэгэн харилцаа байхгүй...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 230-232-р хуудас/,

            Гэрч    Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ц-ээс тайлбар авч байгаагүй, Т.Ц- надад хандаж талийгаачийг зодуулсан байдалтай байсан, хэргийн эд мөрийн баримт болох архины шилийг Г.М- нуусан талаар хэлж байгаагүй. Одоо санаж байгаагаар энэ яриад байгаа архины шилийг М- дарга 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийгээд аваад ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /8-р хх-ийн 146-р хуудас/,

Гэрч Д.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ хэрэгт цагдаагийн албан хаагч холбогдсон учир Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, код 112-т “Албаны шалгалт явуулах журам” заасны дагуу албаны шалгалтыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Г- явуулсан. Газрын дарга албаны шалгалт явуулах явцдаа холбогдогч Т.Ц-ээс болсон хэрэг асуудлын талаар тайлбар авч, тухайн үед хамт явж байсан Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн дарга Д.О- надаар компьютер дээр бичүүлсэн. Ингэж бичүүлсэн байхад Т.Ц-ийн хэлж, тайлбарласны дагуу тайлбар авсны маргааш хэргийн газрын нөхөн үзлэг хийж архины шил зэргийг хурааж аваагүй. Т.Ц-ээс газрын дарга тайлбар авч байхад Онцгой байдлын албан хаагч Г.М- гэж хүн талийгаач Б.Ө-ыг зодсон талаар юу ч яриагүй. Хэрэв онцгой байдлын алба хаагч талийгаач Б.Ө-ыг зодсон талаар хэлж ямар нэгэн санаа, сэдэл өгсөн бол албаны шалгалтыг тал бүрээс нь шалгана. Учир нь цагдаагийн албан хаагч тухайн гэмт хэргийг үйлдсэн, эс үйлдсэн гэдгийг тал бүрээс нь шалгах ёстой...” гэсэн мэдүүлэг /8-р хх-ийн 148-149-р хуудас/,

 Гэрч Х.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Цагдаагийн албаны тухай хуулийн тухай 4-р бүлэгт цагдаагийн албан хаагчийн тодорхой үйл ажиллагаа явуулах журмыг хуульчилж өгсөн. Энэ хуульд албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийн хажууд хэн нэгэн этгээд /цагдаагийн албан хаагч/ хүний эрүүл мэндэд халдаж, улмаар түүний амь насыг хохироосон байхад аюултай байдалд орхих, эрүүл мэндэд тусламж үзүүлэх үүрэгтэй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй...” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 138-141-р хуудас/,

Гэрч Л.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "...Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний үед Бүрд сумын Засаг даргын захирамж гарч уг захирамжийн дагуу Мал эмнэлэг, Мэргэжпийн хяналт, Устгалын ажлын хэсгийн бүрэлдэхүүний хүмүүс нь шүлхий өвчин гарсан голомтод ажилладаг. Сэжигтэй бүс, хязгаарлалтын бүсүүдэд Онцгой байдлын алба хаагчид, мал гоц халдварт шүлхий өвчний үед Онцгой байдлын алба хаагчид тэгж ингэж ажиллана гэсэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Тэгэхээр Онцгой байдлын алба хаагч малын гоц халдварт шүлхий өвчний хязгаарлалтын бүсэд хэрхэн ажиллах эрх зүйн зохицуулалт байхгүй болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн “...хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй...” гэсэн асуудал яригдахгүй..." гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 142-144-р хуудас/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 157-219-р хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Хархорин сум дахь Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Ц-ийг албанаас халж цол хураах тухай тус аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/23 дугаартай тушаал /2-р хх-ийн 08-р хуудас/,

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай Өвөрхангай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/29 дугаартай захирамж, мөн тус аймгийн Бүрд сумын засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/14 дугаартай захирамж /2-р хх-ийн 045-048-р хуудас/,

            Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвлөлийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай тэмдэглэл, уг зөвлөлийн хуралд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Б-ын “...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хязгаарлалтын дэглэмд ажиллаж байсан Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, дэд ахлагч Б.С-, дэд ахлагч Г.М-, Хархорин сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаа, дэд ахлагч Т.Ц-, Өлзийт сумын цагдаагийн хэсгийн цагдаа, дэд ахлагч Т.Б-, Бүрд сумын Ерөнхий боловсролын сургуулийн технологийн багш Б.Ө-, сумын татварын ажилтан С.Н- нар 3, 4 дүгээр пост дээр ажиллаж байсан ба Б.С-, Т.Ц-, Б.Ө- нар постоо орхин 4 дүгээр постод ирж цагдаагийн ажилтан, дэд ахлагч Т.Ц- 2 шил архи, мөн иргэн Б.Ө- 1 шил архи гарган уусан байна. Улмаар цагдаагийн ажилтан, дэд ахлагч Т.Ц- нь багш Б.Ө-тай маргалдан хэрэлдэж, зодолдсон ба аврагч гал сөнөөгч, дэд ахлагч Б.С-, Г.М- нар маргааныг таслан зогсоох оролдлого хийсэн, багш Б.Ө-ыг ухаан алдаад унахад нь хиймэл амьсгал хийж амь насыг нь аврах гэж оролдсон байсан. Багш Б Ө- нь 2018 оны 02 дугаар сарын 24- ний шөнийн 03 цагийн орчимд нас барсан...” гэж танилцуулсан дүгнэлт /2-р хх-ийн 082-р хуудас/,

            Монгол Улсын Засгийн газрын агентлаг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Б-д Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Б-ын бичсэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 29/56 дугаартай илтгэх хуудас /2-р хх-ийн 084-р хуудас/,   

Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Б-ы Бүрд сумын “Их боригдой” 2 дугаар багийн нутагт гарсан шүлхий өвчин дээр ажилласан 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн илтгэх хуудас /2-р хх-ийн 085-086-р хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын “Албаны шалгалт явуулсан материал” дугаар 20180420000002 /2-р хх-ийн 136-250-р хуудас/,

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-41-р хуудас/,

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд, Т.Ц-ийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гутал болон бусад хувцасны зургууд /1-р хх-ийн 55-59-р хуудас/,

          Яллагдагч Т.Ц-ийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гутлыг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг/4-р хх-ийн 1-5-р хуудас/,

            Өвөрхангай  аймаг дахь Цагдаагийн газрын Албаны шалгалтын ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 182-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дугаар бүхий сахилгын арга хэмжээ авах тухай тушаал /эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Ц-д сахилгын сахилгын арга хэмжээ авах тухай/, /2-р хх-ийн 184-р хуудас/,

Монгол Улсын Засгийн газрын агентлаг Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Б-д 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Г-ын “Албаны шалгалт явуулсан дүнгийн тухай” илтгэх хуудас /3-р хх-ийн 217-222-р хуудас/,

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 305 дугаар тогтоолоор баталсан “Малын гоц халдварт өвчний оношийг баталгаажуулах, хорио цээр, хязгаарлалтын бус тогтоох, уг бүсэд үйл ажиллагаа явуулах журам”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/344 дугаар тушаалаар баталсан “Мал, амьтны гоц халдварт өвчний үед онцгой байдлын байгууллага болон гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагааг зохион байгуулах заавар” /3-р хх-ийн 224-237-р хуудас/,

Уг хэргийн нэмэлт мөрдөн байцаалтын явцад цугларсан эрх зүйн актууд /8, 9-р хавтаст/

Яллагдагч Т.Ц-ийн хувийн байдлыг мэдэх хүмүүсийн мэдүүлэг /4-р хх-ийн 82-093-р хуудас/,

Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн М.М-, тус газрын хуулийн зөвлөх М.М- нарын гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хх-ийн 97-103-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Шүүх эмнэлгийн онош: 1. Гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11-р хавирга, зүүн 6,7,8 -р хавирганы хугарал, 2. Тархины дарагдалт, хаван, дотор эрхтнүүдийн эрс цус дүүрэлт, цусны эргэлтийн хямрал, 3.Нүүр, толгой, дээд доод мөчид, их биеийн шарх, зулгаралт, уг шинжээчийн дүгнэлт: “...Талийгаач Б.Ө-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба унах, цохигдох, хатуу биет мөргөх, дээрээс хатуу биет унахын аль ч үед үүсэх боломжтой. Гэмтэл үүсгэгдсэн чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь биеийн аль ч байрлалд үүсэх боломжтой. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба шарх, зулгаралт нь тав тогтоогүй, байдал толгой нүүрний хэсгийн бохирлогдсон, хатсан шингэн цус зэрэг гэмтлээрээ шинэ гэмтэл болно. ...Талийгаачийн биед учирсан тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтлийн үед ярих явах зэрэг үйлдэл хийх боломжгүй. Талийгаач Б.Ө- нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач Б.Ө-ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй. /4-р хх-ийн 136-137-р хуудас/,

Тус аймгийн ШША-ны шинжээч эмч Э.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Хуйхыг ярж гавалын ясыг нээхэд тархины орой, суурь, баруун зүүн тал бөмбөлөг, бага тархи, духны хэсэгт нэлэнхүйдээ /зөөлөн бүрхүүл доорх/ цус харвалт байсан. Тус цус харвалт гэмтэл нь тархины ховил хэсэг рүү гүнзгий орсон учраас тархины хүнд гэмтэлд орох бөгөөд амь насанд шууд аюул учруулна. Тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь үхэлд шууд нөлөөлөх гэмтэл байх боломжтой. Олон хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах боловч амь насанд шууд аюул учруулахгүй. Дагзны баруун ар хэсэгт үүссэн шингэн цус бүхий шарх гэмтэл болон нүүрний хэсэгт, толгойн хэсэгт үүссэн зулгаралт шарх гэмтлүүд нь тархины үхэлд хүргэх гэмтлийг үүсгэсэн байх боломжтой юм. Талийгаачийг газар хажуугаар нь хэвтэж байхад нь цээжний урдаас өшиглөхөд зүүн хавирганы эгэмний гадна шугамаар 6,7,8 дугаар хавирганы хугарал үүсэх боломжтой юм. Цээжний баруун 9,10,11 дүгээр хавирганы хугарал нь хэвтээ болон суугаа байрлалд цохилтын улмаас үүсэх боломжтой. ...Цасаар хүний нүүрийг угаахад энэ гэмтэл үүсэх боломжгүй юм. Энэ гэмтэл нь цохих, унах, чирэгдэх, нидрэгдэх үед үүсэх боломжтой гэмтэл юм. ...Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тоосго мод хатуу арзгар ултай гутал, болон бусад мохоо хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тус үүссэн шархны эсрэг талд буюу зүүн тал бөмбөлгийн дунд хэсэгт аалзан бүрхүүл доорх хар хүрэн өнгийн зузаан цус хуралт гэмтэл тогтоогдсон байгаа нь тус шархнаас тухайн зүүн тал бөмбөлгийн дунд хэсэгт үүссэн цус харвалт гэмтэл үүсгэгдсэн байх боломжтой юм. Учир нь тархины цус харвалт, цус харвалт, тархины няцрал гэмтэл нь хүч үйлчилсэн цэгийнхээ эсрэг талд үүсдэг. Ийм гэмтэл авсан хүн орчинтойгоо харьцаж үйл хөдөлгөөн хийх ямар ч боломж байхгүй. Учир нь аалзан бүрхүүл доторх цус харвалт бүхий гэмтэл нь хар хүрэн өнгийн зузаан тархины далан хувил руу гүн орсон цус харвалт байсан. Тийм учраас өөртөө үйлчлэх хөдөлгөөн хийх боломжгүй гэж үзэж байна. Мөн Талийгаач гэрийн нааран дээр урагшаа хараад сууж байхад нь хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээд талийгаачийн толгойн зүүн чихний орчимд хүчтэй өшиглөхөд талийгаач нааран дээр хойшоо саваад унасан гэдэг. Энэ тохиолдолд талийгаачийн биеийн аль хэсэгт үүссэн гэмтэл үүсэх боломжтой вэ? гэхэд Энэ тохиолдолд талийгаачийн тархины аалзан бүрхүүл доорх гэмтэл үүсэх боломжтой боловч дагзны баруун талд үүссэн шарх гэмтэл нь зүүн талын бөмбөлгийн дунд хэсэгт үүссэн хар хүрэн өнгийн зузаан аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтлийг үүсгэсэн байх боломжтой юм. Толгойн тус газарт олон удаагийн мохоо зүйлийн хүч үйлчилсэн учраас тархины эдийн бүх талбайг хамарсан аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтлийг үүсгэсэн байх боломжтой. Олон удаа гэдэгт цохигдох унах зэргийг ойлгож болно, Талийгаачийн дагзны баруун ар хэсэгт үүссэн шингэн цус бүхий шарх гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой вэ? гэхэд дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тоосго, мод, хатуу арзгар ултай гутал болон мохоо хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг тал тоосгыг задлан шинжилгээний үед хэрэглэхээс өмнө цус болон биологийн ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байсан гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 138-142-р хуудас/,

            2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Цээжин дээр хиймэл амьсгал хийх үед энэ гэмтлүүд үүсэх боломжгүй. Учир нь талийгаачийн биед үүссэн олон хавирганы хугарал гэмтэл нь шууд хугарал үүссэн гэмтэл байсан. ...Задлан шинжилгээ эхлээд гавал тархийг нээж үзэхэд тархины орой, суурь, баруун зүүн бөмбөлөг, бага тархи, духны хэсэгт нэлэнхүйдээ /зөөлөн бүрхүүл доорх/ цус харвалт байсан. Тус цус харвалт гэмтэл нь тархины ховол хэсэг рүү гүнзгий орсон. Энэ гэмтэл нь амь насанд шууд аюул учруулах гэмтэл...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 144-р хуудас/,

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач Б.Ө- нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан. Зүүн тал бөмбөлгийн хажуу хэсэгт үүссэн зөөлөн бүрхүүл доорх хар хүрэн өнгийн цус харвалт, баруун зүүн талын бөмбөлгийн духны хэсгийн ховилд үүссэн хар өнгийн цус харвалт гэмтлийг үүсгэж улмаар талийгаач Б.Ө-ын энэ гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой. Талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл буюу гавал тархины гэмтлийг цус харвалт гэмтэл цаг хугацааны дарааллын хувьд хамгийн сүүлд үүссэн байх боломжтой юм. Яагаад гэхээр тархинд үүссэн гэмтэл нь удаан хугацаанд үйлдэж хийж, орчинтойгоо харьцахгүй боломжгүй юм. Тархины энэ гэмтэл авсан даруйд талийгаач орчинтойгоо харилцах /алхах, явах, ярих гэх мэт үйлдлүүд/ боломжгүй юм. ...Ц-ийн мэдүүлснээр Г.М- нь талийгаачийн цээж рүү доороос нь дээшээ өшиглөсөн бол биеийн аль талаас цээжний аль хэсэг рүү хэдэн удаа өшиглөсөн нь тодорхойгүй учраас өшиглөлтөөс үүссэн гэмтлийг тогтоох боломжгүй. Талийгаачийн биед үүссэн олон тооны шарх, зулгаралт, цус хуралт, тархины гэмтэл, олон хавирганы хугарал, уушгины дэлбэн дэх шарх, бөөрний гялтангийн цус хуралт гэмтлүүд дээр тус бүрд нь гэмтлийн зэрэг тогтоолгох дүгнэлт гаргуулж болно. Талийгаачийн биед үүссэн олон тооны шарх, зулгаралт, цус хуралт, олон хавирганы хугарал, уушгины дэлбэн дэх шарх, бөөрний гялтангийн цус хуралт гэмтлүүдийн үед талийгаач алхах, явах, ярих, өөрөө өөртөө үйлчлэх, орчинтойгоо харьцах боломжтой. Харин тархины гэмтлийн үед өөрөө өөртөө үйлчлэх болон орчинтойгоо харьцах, явах, ярих, өөрийгөө илэрхийлэх, өөртөө үйлчлэх энгийн үйлдлүүдийг хийх боломжгүй юм. Ийм учраас дээрх гэмтлүүдээс тархины гэмтэл нь цаг хугацааны хувьд хамгийн сүүлд үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /8-р хх-ийн 150-153-р хуудас/,

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаачийн толгойн дагзны баруун хэсэгт үүссэн шарх гэмтэл нь...талийгаачийн толгойн дагзны орчимд хүчтэй өшиглөх, хатуу ирмэгтэй зүйлээр цохих үед үүсэх боломжтой гэмтэл юм. Талийгаачийн зүүн 6, 7, 8-р хавирганы хугарал гэмтэл нь зүүн эгэмний гадна шугамаар дотогшоо зөрүүтэй хугарал үүсгэж улмаар зүүн уушгинд шарх гэмтлийг үүсгэсэн байдаг. Доороос болон хажуугаас өшиглөх үед үүсэх боломжтой Баруун 9, 10, 11-р хавирга далны шугамаар дотогшоо хугарсан байдаг дээрх гэмтэл суугаа болон хэвтээ байдалд өшиглөх, цохих үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /8-р хх-ийн 157-160-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: Б.Ө-ын биеэс авсан Г06949505 дугаартай хурууны шилэнд хийсэн цуснаас “...цусанд илэрсэн 2,6 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” /4-р хх-ийн 193-р хуудас/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 323 дугаартай дүгнэлт “...Т.Ц- нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэсэн дүгнэлт /4-р хх-ийн 210-р хуудас/,

             Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “...Тамхины ишнээс илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь Т.Ц-ийн цусны ДНХ-ийн тогтоцтой микросателлитын 16 локусын аллелиар тохирч байна...” /5-р хх-ийн 32-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Х-ийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 543 дугаар шинжээчийн “Талийгаач Б.Ө-ын Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн уушгины дэлбэн дахь шарх, баруун 9, 10, 11 дүгээр хавирга, зүүн 6, 7, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Биеийн бусад хэсгүүдэд үүссэн шарх, зулгаралт цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /8-р хх-ийн 155-156-р хуудас зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос Яллагдагч Т-ийн Ц- нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс энэ сарын 24-нд шилжих шөнө 00 цагаас 02 цаг 27 минут хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "___" гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постны гэрийн гадна иргэн Б.Ө-ыг гэр лүүгээ явах гэлээ гэсэн шалтгаанаар түүний хэвлий хэсэг рүү, мөн нуруу хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн, түүнийг постны гэр рүү буцаад явж байх үед нь гүйгээд явж чадахгүй байна уу гэж шалтаглан дээлнийх нь араас татаж газар унагааж, хэвлий рүү хоёроос гурван удаа өшиглөж зодсон, гаднах дээлийг нь тайлуулж газраар чирч, амь хохирогч Б.Ө-ын биед биеийн баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, нүүр, толгой, дээд доод мөч, их биеийн шарх, зулгаралт бүхий гэмтлүүд учруулсан, бүлэглэхгүйгээр амь хохирогч Б.Ө- постны гэрт орсны дараа түүнийг миний 2 хавирга хугарчихлаа гэж хэлэхэд нь яасан гэнээ, хэдэн хавирга хугарсан гэнээ гэж хэлэн, түүний толгойн  зүүн чихний ар хэсэгт хөлөөрөө хүчтэй өшиглөж зодож түүний толгойд гавал тархины битүү гэмтэл учруулж амь насыг нь хохироож алсан гэмт хэрэг үйлдсэн, хүнийг   алах   гэмт хэрэг үйлдсэн  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

            Эдгээрээс дүгнэхэд талийгаачийн биед учирсан

            “1. Гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9, 10, 11-р хавирга, зүүн 6, 7, 8-р хавирганы хугарал,

2. Тархины дарагдалт, хаван, дотор эрхтнүүдийн эрс цус дүүрэлт, цусны эргэлтийн хямрал,

3. Нүүр, толгой, дээд доод мөчид, их биеийн шарх, зулгаралт, уг шинжээчийн дүгнэлт: “...Талийгаач Б.Ө-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурдагдсан гэмтлүүдийг шүүгдэгч Т.Ц- учруулсан болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хэргийн газрын үзлэг болон цогцосны гадна болон доторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 323 дугаартай дүгнэлт “...Т.Ц- нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” /4-р хх-ийн 210-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “...Тамхины ишнээс илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь Т.Ц-ийн цусны ДНХ-ийн тогтоцтой микросателлитын 16 локусын аллелиар тохирч байна...” /5-р хх-ийн 32-р хуудас/, гэрч Б.С-ын ...Тэрний дараагаар би гэр дотор зуухны хажууд сууж тамхи татсан тэр үед цагдаа Ц-, Ө- ах хоёр юунаас маргалдсан талаар мэдэхгүй. Ямар ч байсан хэрэлдсэн тэгтэл Ө- ах би явлаа гэж хэлээд гэрээс гарсан. Ө- ахын араас дэд ахлагч М-, Ц- хоёр гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу намайг зуухны өмнө сууж байхад гаднаас Ц-, М- хоёр Ө- ахыг оруулж ирсэн Ө- гэрийн хойд хэсэгт байх наарны зүүн хэсэгт очоод суусан. Миний ард Ц- зогсож байснаа Ө- ахын нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөж унагаасан. Тэгээд Ц-ийг дайрах гэхээр нь би босож салгасан. Намайг сууж байхад Ц- өнгөрдөг Ө-ыг заамдаж босгоод дагуулж гаргах гэхлээр нь би одоо яах гээд байгаа юм бэ болиоч гэж хэлэхэд одоо би ахыг цохиж зодохгүй би өөрөө мэдэж байна ахтай гараад юм ярих гэсэн юм гэж хэлээд гарсан. Ц- өнгөрдөг ах Ө-ыг чирээд гэрт оруулж ирсэн. Тэгэхэд Б- бид хоёр шууд босоод очсон чинь Ө- ахын өмд нь гэрийн босгон дээр тээглээд хагас шувтарсан. Тэрнийхээ дараа Ц- ухаан алдчихлаа гэж хэлсэн. Би шууд өмдийг нь татаад хүзүүний гүрээний судас дээр нь дарж үзсэн. Намайг үзэж байхад гэрт байсан хүмүүс бүгд босоод ирсэн Ө- ах бид хоёрыг тойроод зогсож байсан, гэрч Т.Н-ын “...Тэгээд нээх их удалгүй талийгаач Ө- ах гэрт орж ирээд нааран дээр суусан. Үүний дараахан гэрт Ц-, М- нар цувраад гэрт орж ирсэн. Тэгж байтал талийгаач Ө- ах Ц-д хандаж чи ахыгаа зодож байгаа юм уу 2 хавирга хугарсан юм шиг байна гэж хэлж байсан. Тэгэхэд би орондоо унтаж байсан бөгөөд төд удалгүй талийгаач Ө- ахыг Ц- өшиглөчихлөө яаж байгаа юм гэсэн. Тэр үед би босоод ирэхэд С- цагдаа Ц-ийг бариад авсан байсан. Тэгэхэд Ц- мань чинь зүгээр зүгээр ахтай юм яриад ороод ирье, учраа олоодохъё гээд талийгаач ахын энгэрээс заамдаж татаж босгож ирээд гаръя гээд чирээд гарсан Талийгаач Ц-ийн өмнөөс эсэргүүцээд хэл амаар доромжлоод янз бүр болоод байсан зүйл байхгүй тэгс гээд Ц-ийн гарын аясаар дагаад чирэгдсэн байдалтай гарсан Тэгээд удалгүй талийгаач ахыг Ц- өргөөд ороод ирэх шиг болсон. С-, Мөн-Эрдэнэ нар очсон ухаан алдсан юм биш үү гээд байсан Тэгээд талийгаачийн цээжин дээр дарж хиймэл амьсгал хийгээд удалгүй нас барчих шиг боллоо цагдаад мэдэгдээрэй гэхээр нь би Бүрд сум руу ярьж Г- дарга руу  ярьж хэлсэн. Ахынхаа 2 хавиргыг хугалчихлаа ш дээ гэж хэлээд байсан..." гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 63-67-р хуудас/, гэрч Б.Б-ий “...С- миний хажууд, миний баруун талд Н- хэвтэж байсан, М- зуухны тэнд байсан. Тэгээд Ц-, талийгаач ах Ө- нарыг хаачсан юм гэж асуухад гадаа байгаа цаад 2 чинь юм ярьж байгаа гэсэн тэгээд 5-10 минут орчим болж байхад гаднаас гэрийн хаалга онгойлгоод Ц- ...орж ирэхдээ талийгаач ах Ө-ыг ар нуруунаас чирсэн хөл нь чирэгдсэн, гэрийн босгон дээр өмд нь чирэгдээд бараг шувтарсан байдалтай оруулаад ирсэн. Би сэрээд гэрт байсан хүмүүсийг бүртгээд харахад гэрийн хаалга хаалттай байсан, гэрийн гадаа цахилгаан мотор ажиллаж байсан болохоо гэрийн гадна ямар нэгэн чимээ гарч байхыг сайн сонсоогүй...” зэрэг мэдүүлгээр шүүгдэгч Т.Ц- нь амь хохирогч Ө-ын биед  баруун 9,10,11-р хавирга, зүүн 6,7,8-р хавирганы хугарал, гавал тархины битүү гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Ц-, Г.М- нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж” тайлбарлаж мэтгэлцсэн хэдий ч шүүгдэгч нарыг тус гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлоогүй байна гэж шүүх үзэв.

Иймд яллагдагч Б- овгийн Г-ын М- нь амь хохирогч Ө-ын биед  баруун 9,10,11-р хавирга, зүүн 6,7,8-р хавирганы хугарал зэргийг учруулсан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж хуульчилсан тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Т.Ц-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байна.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 3 дэх хэсэгт тус тус заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нийт 11233922 төгрөгийг нэхэмжилсэн ба, шүүх хэрэгт ирүүлсэн хохирлын баримтуудыг судлаад нотлох баримтын шаардлага хангасан 9733922 төгрөгийг шүүгдэгч Т.Ц-ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-т “...Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй....” гэж заасан байх тул өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Ц- нь хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлөхөд татгалздаггүй болно.

Шүүгдэгч Т.Ц- нь 654 хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй 40 размерын 1 хос гутал, тамхины иш, тал тоосго зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Т.Ц-ийн өмчлөлийн гэрчилгээний 000274061, улсын бүртгэлийн Г-1017001805 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Луваанжалба 11 дүгээр гудамж 27 тоот 836 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 96-64 ӨВР улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шүүгдэгч Т.Ц-ийг хохирлоо төлж барагдуулах хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ц-д урьд цагдан хорих, хилийн хориг тавьсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, мөн шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.М- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. 19, 34.14, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Г-ын М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Т.Ц-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Б- овогтой Т-ийн Ц-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүнийг алсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Ц-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Ц-ийг 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Ц-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 /найман/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 10 /арван / жилийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Ц-д оногдуулсан 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.Ц-ийн цагдан хоригдсон 654 /зургаан зуун тавин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 3-т зааснаар хохирол нийт 9 733 922 /есөн сая долоон зуун гучин гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг Т.Ц-ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ад олгож, үлдэх 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй 40 размерын 1 хос гутлыг шүүгдэгч Т.Ц-д буцаан олгож, тамхины иш, тал тоосго зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шүүгдэгч Т.Ц-ийн өмчлөлийн гэрчилгээний ___, улсын бүртгэлийн ___ дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг ___ дүгээр гудамж ___ тоот ___ мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ___ улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шүүгдэгч Т.Ц-ийг хохирлоо төлж барагдуулах хүртэл хэвээр үлдээсүгэй.

10. Шүүгдэгч Т.Ц-ийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Г.М-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

шүүгдэгч  Т.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА

ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА

Г.ЭНХ-АМГАЛАН