Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 308

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ХААН банк /утас 70373567/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4 дүгээр байрны 5 тоотод оршин суух, Сорхонболд овогт Довчингийн Болд /РД:ТЗ55040178, утас 99925636/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4 дүгээр байрны 5 тоотод оршин суух,  Хөвдүүд овогт Цэвээндоржийн Алимаа /РД:СЗ75091008, утас 99752919/ нарт холбогдох ,

 

 “Зээлийн гэрээг цуцалж, 4,353,007.12 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранчимэг, хариуцагч Д.Болд, Ц.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Довчин овогтой Болд, Цэвээндорж овогтой Алимаа нар нь тус банкны Их сургууль хэрэглээний зээлийн төвөөс 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5068/200 тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 5,078,800 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 964,155.60 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 380,810.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг нийт 1,344,966.50 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Иймээс зээлийн гэрээг хугацаанаас нь цуцлаж, үндсэн зээлийн төлбөр 4,114,644.40 төгрөг, зээлийн хүү 236,562.72 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 1,800 төгрөг нийт 4,353,007.12 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

 

Хариуцагч Д.Болд нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Миний бие нь Хаан банкнаас зээл авсан. 1,344,966.50 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 4,114,644.40 төгрөгийг удахгүй төлнө. Зээлийн үндсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй ” гэв.

 

Хариуцагч Ц.Алимаа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Тус банкнаас би мөнгө аваагүй. Байрыг нь хөлсөлж байсан Болд ах гарын үсэг зураад өгөөч ах нь тэтгэврийн зээл авах гэсэн юм. Би тэтгэврийн зээлийг сар сардаа орж байдаг учраас юу ч бодолгүй тус болоод гарын үсэг зурж өгсөн. Болд ах мөнгийг өөрөө удахгүй төлнө гэсэн. Энэ бүгдийг би надад огт хамаагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

                                                                

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банк нь Д.Болд, Ц.Алимаа нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн үндсэн төлбөр 4,114,644 төгрөг 40 мөнгө, зээлийн хүү 236,562 төгрөг, 72 мөнгө, нотариатын зардал 1,800 төгрөг, нийт 4,353,007.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч Д.Болд, Ц.Алимаа нар нь Хаан банкнаас  2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5068/200 тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээгээр  5,078,800 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл зээлж авсан бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь зээлийн гэрээ, диспозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зээлдүүлэгч банк, зээлдэгч Д.Болд, Ц.Алимаа нарын хооронд байгуулсан  тэтгэврийн зээлийн гэрээ нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна.

 

Нэхэмжлэгч ХААН банк нь 2016 оны 02 дугаар зүйлийн 16-ны өдрийн 5068/200 дугаартай зээлийн гэрээний 5.1.1-т “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцлаж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана”, 5.1.2-т “Зээлдэгч худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан” гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлаж, үндсэн зээлийн үлдэгдэл 4,114,644 төгрөг 40 мөнгө, зээлийн хүү  236,562 төгрөг 72 мөнгийг, мөн зээлийн гэрээний 5.4-т “ энэ гэрээний 5.1-д зааснаар гэрээг цуцлагдсанаас үүсэх хохирлыг зээлдэгч хариуцна” гэж заасны дагуу нотариатын зардал 1,800 төгрөгийг тус тус хариуцагч Д.Болд, Ц.Алимаа нараас гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Д.Болд, Ц.Алимаа нар нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлагын талаар маргаагүй бөгөөд харин хариуцагч Ц.Алимаа нь “Тус банкнаас би мөнгө аваагүй. Байрыг нь хөлсөлж байсан Болд ах гарын үсэг зураад өгөөч ах нь тэтгэврийн зээл авах гэсэн юм. Би тэтгэврийн зээлийг сар сардаа орж байдаг учраас юу ч бодолгүй тус болоод гарын үсэг зурж өгсөн. Болд ах мөнгийг өөрөө удахгүй төлнө гэсэн. Энэ бүгдийг би надад огт хамаагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн тайлбарыг, хариуцагч Д.Болд нь “нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 4,411,644 төгрөг 40 мөнгийг төлнө, үлдэх зээлийн хүү, нотариатын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргасан болно.

Нэхэмжлэгч банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Д.Болд, Ц.Алимаа нар нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээл авсан. Хариуцагч нарын гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн төлбөрийг Д.Болд, Ц.Алимаа нараас гаргуулахаар нэхэмжилж байна” гэсэн тайлбарыг гаргасан болно.

Урт хугацаатай зээлийн гэрээний хувьд гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээг цуцлах

үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу сануулах хугацаанд гэрээг цуцлаж болохыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нарт нэхэмжлэгчээс зээлийн төлбөрийг төлөх талаар шаардлага тавьж байсан байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заажээ.

ХААН банктай 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 5068/200 тоот тэтгэврийн зээлийн гэрээнд хариуцагч Д.Болд, Ц.Алимаа нар нь хамтран үүрэг хүлээхээр гарын үсэг зурсан, банкны өмнө хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул хариуцагч Ц.Алимаагийн дээрх гаргасан тайлбар нь зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд  нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн  453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нар нь үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Д.Болдын гаргасан тайлбарыг үндэслэн зээлийн хүүний төлбөрөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Болд, Ц.Алимаа нараас үндсэн зээлийн үлдэгдэл 4,114,644 төгрөг 40 мөнгө, зээлийн хүү  236,562 төгрөг 72 мөнгө нийт 4,351,207 төгрөг 12 мөнгийг  гаргуулж, нэхэмжлэгч ХААН банкинд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ХААН банк нь нотариатын зардалд 1800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэлээс 1800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний  хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн  451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5068/200 тоот тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.Болд, Ц.Алимаа нараас 4,351,207 төгрөг, 12 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкинд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,598 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 84,569 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкинд  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА