| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/06 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/06
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Шийравдоржийн Баасандаш Өсөхбаярын Даваацэнд Хохирогчийн төлөөлөгч Энхтайваны Баянзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Баасандаш, Ө.Даваацэнд нарт холбогдох 2023001610138 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн Соёмбо хэсгийн **-*** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Шийравдоржийн Баасандаш /Регистрийн дугаар: ИС*******/
Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Өндөр толгойн 8-808 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Пунцагийнхан овогт Өсөхбаярын Даваацэнд /Регистрийн дугаар: ДЖ**********/
Шүүгдэгч Ш.Баасандаш, Ө.Даваацэнд нар Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу бүлэглэн 2020 оны 10 дугаар сард Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг дэвсгэр “Мухар цуурай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох 1 тонн 319 кг 600 гр хонин арц түүж бэлтгэн, Пронтер маркийн 03-93 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологид 65980000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Ш.Баасандаш, Ө.Даваацэнд нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сард Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг дэвсгэрт “Мухар цуурай” гэх газраас хонин арц түүж бэлтгэсэн, түүж бэлтгэсэн хонин арцаа Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг хүртэл Пронтер маркийн 03-93 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь хэрэг авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ш.Баасандашийн “...Ө.Даваацэндтэй таараад “хоёулаа явж арц түүе” гэж яриад Цагаанхайрхан сумын нутагт очиж Даваацэндийн хамт 7 хоног арц түүсэн. Тэгээд арцаа ачаад Улиастай сум руу орж ирж байгаад цагдаад баригдаж ирсэн. Нийт 1 тонн гаруй гаруй арцыг Цагаанхайрхан сумын нутгаас Даваацэндийн хамт хоёулаа түүгээд, портер маркийн тээврийн хэрэгсэл захаас хөлсөлж ачуулсан. Арцыг шуудайлаад ачиж ирсэн. ...Нийт 50 гаруй шуудай арц байсан байх. Сайн санахгүй байна. Арц түүх зөвшөөрөл аваагүй. Зөвшөөрөл авдаг талаар огт мэдээгүй” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ө.Даваацэндийн “...миний таньдаг ах болох Баасандаш нь надтай таараад “Арц түүх ажил байна, хамт явж түүе” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Цагаанхайрхан сумын нутагт очиж 7 хоног арц түүсэн. Тэгээд арцаа ачаад Улиастай сум руу орж ирж байгаад цагдаад баригдаж ирсэн. ...Нийт 1 тонн гаруй гаруй арцыг Баасандаш ахын хамт портер маркийн тээврийн хэрэгсэл захаас хөлсөлж ачуулсан. Арцыг шуудайлаад ачиж ирсэн. ...Нийт 50 гаруй шуудай арц байсан байх. Сайн санахгүй байна. Арц түүх зөвшөөрөл аваагүй. Зөвшөөрөл авдаг талаар мэдээгүй” гэсэн мэдүүлгээр, Ш.Баасандаш, Ө.Даваацэнд нартай хамт арцыг Улиастай сум хүртэл тээвэрлэсэн талаараа мэдүүлсэн гэрч, иргэний нэхэмжлэгч П.Эрдэнэбилэгийн “...миний утас дуугараад нэг хүн “хөлсөнд явах уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь “хаашаа юунд явах юм” гэсэн чинь “Цагаанхайрхан ороод юм ачаад ирнэ” гэж хэлсэн. Тэгээд би хөлсөнд явсан. Тэр хөлсөлж авч яваа хүмүүсээ би танихгүй байсан. Надад “бензинээ хийгээд, нэг зуун мянган төгрөг өгье” гэсэн учир би хөлсөнд явсан. Тэгээд Цагаанхайрхан сум өнгөрөөд хошуу ороогоод, нэг ам өгсөөд ачаа ачих газартаа очиход уулын аманд арц түүгээд шуудайлаад бэлдсэн байсан. Тэгээд очоод би энэ чинь “арц юм уу” гээд асуусан чинь “тиймээ арц” гэсэн. Тэгэхээр нь “энэ чинь одоо ачиж болох юм уу” гээд хэлсэн чинь “болно болно зүгээр” гэж хэлсэн. Тэгээд би өмнө нь хөлснийхөө мөнгө төгрөгийг авсан байсан учир тэр ачааг нь ачсан. Тэгээд буцаад Улиастай сумын төв орж ирж яваад хуучин эрчим хүчний үйлдвэрийн хажуугийн нарийн гудмаар ороод айлын гадаа очоод зогстол хажууд машинтай цагдаа нар ирээд бид нарыг дагуулаад цагдаа дээр ирсэн. ...Би зөвшөөрөлтэй эсэхийг мэдээгүй, би “зөвшөөрөлтэй юм уу” гээд асуусан чинь надад “зүгээр асуудалгүй” гэж хэлсэн. Тэгээд би ачсан, түүнээс надад ямар нэгэн зөвшөөрөл гэж юм үзүүлээгүй. ...Би ойролцоогоор 50 гаруй ууттай гэж тоолсон, нунтаглаж бэлдээгүй. Зүгээр ишээр нь хайчлаад шуудайлсан арц байсан. ...Би тухайн үед арц ачна гэдгийг мэдэхгүй “хөлсөнд явах уу” гэхээр нь явчихсан. Иймд миний машиныг битүүмжилж байгаад гомдолтой байна” гэсэн мэдүүлгээр, Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баянзулын “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Тамгын газраас нэн ховор ургамал хонин арц түүсэн хэрэгт Цагаанхайрхан сумын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. ...Яамнаасаа олгохгүй байгаа, манай сум орон нутагт ургадаг арцнаасаа дээж авч шинжилгээнд явуулсан. Нэн ховор ургамал буюу хонин арц гэсэн дүгнэлт гарсан учир манай сум орон нутаг 2020 онд арц түүх болон арцны ямар нэгэн зөвшөөрөл олгоогүй. ...Байгальд учруулсан хор хохирол буюу экологи эдийн засгийн үнэлгээг гаргуулж авмаар байна, мөн тухайн түүсэн арцыг авмаар байна” гэсэн мэдүүлгээр, Ө.Даваацэнд, Ш.Баасандаш нарыг П.Эрдэнэбилэгийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр арц тээвэрлэн Улиастай суманд ирэхэд тэднийг илрүүлэн шалгасан талаар бичсэн цагдаагийн албан хаагчдын илтгэх хуудас, шүүгдэгч нарын арц түүсэн гэх газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тээвэрлэж явсан арцыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Ө.Даваацэнд, Ш.Баасандаш нар нь Цагаанхайрхан сумын “Мухар цуурай” гэх газраас хонин арц түүж бэлтгэхдээ зохих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас аваагүй болох нь гэрч Л.Дашцэрэнгийн “...Би Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Байгаль хамгаалагч гэх албан тушаал дээр байгаа. Тухайн ажил албан тушаалд олон жил ажиллаж байна. ...Манай сум 2020 онд арцнаасаа дээж авч шинжилгээнд өгсөн. Нэн ховор ургамал буюу хонин арц гэсэн хариу гарсан. 2020 онд арц түүх зөвшөөрөл Цагаанхайрхан сумын байгаль орчноос олгоогүй. Яамнаас арц түүх зөвшөөрөл угаасаа олгохгүй байгаа. Арцны зөвшөөрлийг Байгаль орчны байцаагч Г.Уртнасан бид хоёр олгодог юм. ...Манай сумаас 2020 оны 10 дугаар сард Ш.Баасандаш, Ө.Даваацэнд нар арц түүх зөвшөөрөл аваагүй. Угаасаа яамнаас арц түүх зөвшөөрөл олгохгүй байгаа. ...Байгаль орчны байцаагч Г.Уртнасан бид хоёр л байгаль орчны ажлыг хариуцдаг. Өөр хүн байхгүй. ...Зөвшөөрөл олгохгүй байхад хууль бусаар арц түүж байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна, өөр надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгээр, гэрч Г.Уртнасангийн “...Би Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтэн гэх албан тушаал дээр байгаа. 2020 оны 08 дугаар сарын 10-нд тухайн ажил албан тушаалд орсон. ...Манай сум 2020 онд арцнаасаа дээж авч шинжилгээнд өгсөн. Нэн ховор ургамал буюу хонин арц гэсэн хариу гарсан. 2020 онд арц түүх зөвшөөрөл Цагаанхайрхан сумын байгаль орчноос олгоогүй. Яамнаас арц түүх зөвшөөрөл угаасаа олгохгүй байгаа. Арцны зөвшөөрлийг байгаль хамгаалагч Дашцэрэн олгодог юм. ...Манай сумаас 2020 оны 10 дугаар сард Ш.Баасандаш, Ө.Даваацэнд нар арц түүх зөвшөөрөл аваагүй. Угаасаа яамнаас Арц түүх зөвшөөрөл олгохгүй байгаа. ...Зөвшөөрөл олгохгүй байхад хууль бусаар арц түүж байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна өөр надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогджээ. Ө.Даваацэнд, Ш.Баасандаш нарын түүсэн арц нь хонин арцны төрөлд хамаарах бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар жинлэхэд 1329,6 кг үнэлгээ нь 65980000 төгрөг байсан нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Э.Мягмаржавын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан №13 дугаартай “Арцны нэр-Хонин арч, Латин нэр /зүйл/-Juniperus Sabina L, Нэг кг арцны ЭЭЗҮ-50.000, Нийт арцны тоо /кг/-1329.6, Экологи-эдийн засгийн үнэлгээ /төгрөгөөр/-65.980.000 /жаран таван сая, есөн зуун наян мянган төгрөг/” гэсэн дүгнэлтээр болон шинжээч Э.Мягмаржавын “...Арцны зүйл тогтоох шинжилгээ хийсэн. ...Тухайн нийт 56 шуудай арц нь нэн ховор ургамлын жагсаалтад орсон хонин арц байсан....Хонин арц гэдэг нь бүх шилмүүс нь хайрсархуу, бие биенээ нягт дэрлэсэн, жимс нь дотроо 2-6 ширхэг үртэй байна” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна. Хонин арц нь Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт хуулиар батлагдсан нэн ховор ургамлын жагсаалтад зааснаар нэн ховор ургамалд хамаарч байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ш.Баасандаш, Ө.Даваацэнд нарын түүж бэлтгэсэн хонин арцыг шүүх хуралдааны явцад уут нэг бүрээр жинлэж үзэхэд тухайн арц биологийн чийгээ алдаж 1160,96 кг болсон. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтад Ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг гаргахдаа килограммаар тооцож хонин арц 1 килограмм нь 50000 төгрөгөөр үнэлэгдэхээр заасан. Ийнхүү экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо тухайн ашигт ургамлын хэрэгцээний нийт жинг хэрхэн тогтоох талаар тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл ургамлыг бэлтгэх үеийн биологийн чийгийн хэмжээг харгалзан тогтоох, эсхүл биологийн чийгээ алдсан үеийн бодит жинг харгалзан тогтоох эсэх талаар тодорхой зохицуулалт байхгүй учир шүүгдэгчид ашигтай байдлаар буюу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар жинлэсэн хэмжээгээр хохирлын хэмжээг тооцох нь зүйтэй байна. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар шүүгдэгч нарын түүж бэлтгэсэн хонин арц 1160,96 килограмм болсон бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтаар тогтоосон үнэлгээгээр тооцоход нийт 58048000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэстэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул тэдний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно. Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахаар заасан ба ийнхүү ашиглахад төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгохоор зохицуулсан. Шүүгдэгч нар нь Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр 1160,96 килограмм нэн ховор ургамал болох хонин арцыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах зорилгоор нэн ховор, ургамлыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Ш.Баасандаш, Ө.Даваацэнд нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг түүсэн бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 58048000 төгрөгийн хохирол учирсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгч нараас 290240000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Ш.Баасандашаас 145120000 төгрөг, шүүгдэгч Ө.Даваацэндээс 145120000 төгрөгийг тус тус гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна. 1. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ш.Баасандаш, Ө.Даваацэнд нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал болгов. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учир шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн боловч уг дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдгийг зөвхөн шүүгдэгчийн хэлснээр дүгнэх нь учир дутагдалтай. Мөн шүүгдэгч нь хохирлыг ямар хугацаанд хэрхэн биелүүлэх, уг хохирлыг төлөх төлбөрийн чадвартай эсэх, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэн боломжтой эсэх талаар нотлох баримтууд байхгүй учир хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн илэрхийлэл бодитой гэж үзэх боломжгүй байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг шүүх хүлээж аваагүй болно. Харин тэдний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нар нь гэрч П.Эрдэнэбилэгийн өмчлөлийн Пронтер маркийн 03-93 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр арц тээвэрлэсэн ба арц тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл шүүгдэгч нарын хэн алиных нь өмчлөл биш тул тээврийн хэрэгслийн үнэ буюу 1200000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгож уг автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 71 уут хонин арцыг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Шийравдоржийн Баасандаш, Пунцагийнхан овогт Өсөхбаярын Даваацэнд нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Баасандашийг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ө.Даваацэндийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Баасандашийг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Даваацэндийг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жилийн хугацаагаар тус тус хориглож, шүүгдэгч нарт шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Баасандаш, Ө.Даваацэнд нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Баасандаш, Ө.Даваацэнд нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ш.Баасандаш, Ө.Даваацэнд нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар шүүгдэгч Ш.Баасандашаас 145120000 төгрөг, шүүгдэгч Ө.Даваацэндээс 145120000 төгрөгийг тус тус гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
8. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Завхан аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 71 уут хонин арцыг улсын орлого болгож, шүүгдэгч Ш.Баасандашаас 600000 төгрөг, шүүгдэгч Ө.Даваацэндээс 600000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
9. П.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Пронтер маркийн, 03-93 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ