| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0009/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/07 |
| Огноо | 2021-01-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/07
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдавга Улсын яллагч Болдын Эрхэмбаяр Шүүгдэгч Эрдэнэбатын Дүгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Э.Дүгэрт холбогдох эрүүгийн ирүүлсэн 2123000010006 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн,1993 оны 07 дугаар сарын 01-нд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ууган борх овогт Эрдэнэбатын Дүгэр, /ИА******/
Яллагдагч Э.Дүгэр нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутагт иргэн Ж.Сайнбилэгийн алагдагдсан /алдуул мал/ 2 тооны хонь, 18 тооны ямааг бусдын өмчлөл,эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1.770.000 төгрөгийн хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох эсэх талаар: 2020 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг Буурлын ар гэх газраас Ж.Сайнбилэгийн 2 тооны хонь, 18 тооны ямааг иргэн Л.Ёндонгийн хариулганаас алдсан болох нь хохирогч Ж.Сайнбилэгийн хонь ямаагаа алдсан талаараа мэдүүлсэн “...Би өөрийн бог малаа 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр сумын хүн болох Л.Ёндон гэж хүнд хөлсөөр харуулсан юм. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр малаа буцааж автал эр хонь 2, ямаа 18 ширхэг нийт 20 тооны бог мал алга болсон байсан. ...Би бодохдоо миний мал тасраад өөр айлын маланд нийлчихсэн юм байлгүй гэж бодоод өдийг хүргэсэн юм. Тэгээд ямар нэгэн сураг гарахгүй болохоор нь цагдаад хандаж байгаа юм. Миний алдсан мал бол зөв чих урдаасаа ухам, буруу чих араасаа хэрчим имтэй, буруу талын эвэртээ улаан шар будагтай, зөв талын эвэртээ хөх будагтай байсан юм. Э.Дүгэр надад учирсан хохирлыг төлж барагдуулсан.Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, 20 тооны бог мал хариулгаасаа алдсан талаараа мэдүүлсэн гэрч Л.Ёндонгийн “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай малд хурга ишиг нийлсэн 180 тооны бог малыг хөлсөөр харуулсан юм. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 15-нд малаа авсан юм. Эмнэлэгт хэвтэж байсан болохоор нарийн учрыг нь гаргаж хэлж өгөөгүй. Манайхаас том жижиг нийлсэн 160 тооны бог мал авсан юм. Ингээд надад хүлээлгэж өгсөн малаас 20 тооны мал дутсан юм. 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр малаа бүртгэхэд бүрэн байсан юм. Ойр хавийн айлуудын малаар явж шүүсэн юм. Тэднийх малаа ирж авах үед л мал дутсан гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Дээрх хохирогч Ж.Сайнбилэгийн алдсан хонь ямааг шүүгдэгч алдуул мал гэдгийг мэдсээр байж өөртөө завшсан нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн Э.Дүгэрийн “...Манайх өнгөрсөн зун Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг “Бууралын ар” гэх газар зуссан юм. Манайхтай Ёндон гэх айл саахалт зуссан юм. Манай хоёрын мал хааяадаа нийлчихдэг юм. Тэгсэн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай малд 18 тооны ямаа, 2 тооны хонь, нийт 20 толгой бог мал ирж нийлсэн байсан юм. Би тухайн үед хэний мал гэдгийг нь мэдээгүй. Манай ойр хавийн мал биз, ирж авах байлгүй гэж бодоод хоёр, гурав хоносон юм. Тэгсэн эзэн нь гарч ирэхгүй болохоор нь би өөрөө манай саахалт айлын Ёндон гуайн малаас ирж нийлсэн байх гэж бодоод тэднийхээ асуучихвал Ёндон гуай надаас нэмээд баахан мал нэхэх байх гэж бодоод зарчихсан юм. Надад мөнгөний хэрэг гараад зарчихсан юм. Нацагдорж, Заяа хоёр хамт ирсэн юм. Мөнгөө дансаар хийсэн. Миний хаан банкны 5495355918 гэсэн данс руу 2020 оны 08 сарын 21-ний өдөр шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч С.Заяагийн “...2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр над руу Дүгэр залгаад та мал авч байгаа юм уу, би ямаа зарах гэсэн юм гэхээр нь би тийм ээ мал авч байгаа гэж хэлсэн чинь Дүгэр надад мал зарна гээд Нааяа буюу Нацагдорж, Дүгэр, бид гурав Нацагдоржийн машинтай Дүгэрийнх рүү явсан юм. Дүгэрийнх Алдархаан сумын Мандаат багийн нутаг Бууралын хясаа гэх газарт байсан юм. Тэднийд очоод 14 тооны ямааг нэгийг нь 74.000 /далан дөрвөн мянга/ төгрөгөнд бодож нийт 1.030.000 /нэг сая гучин мянга/ төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь дансаар шилжүүлж нөгөө ямаануудаа аймагт авч ирж нядалж зарсан. Дүгэрийн надад зарсан ямаанууд бол зөв чих урдаасаа ухам, буруу чих араасаа хэрчим имтэй, буруу талын эвэр улаан шар, зөв талын эвэр хар хөх өнгийн будагтай эм ямаанууд байсан. Зүсийг нь бол санахгүй байна голдуу бараан зүсмийн л ямаанууд байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлгээр, гэрч Ц.Нацагдоржийн “...2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр намайг гэртээ байж байтал Заяа над руу залгаад “Дүгэрийнхээс хэдэн мал авах гэсэн юм чи яваад өгөөч” гэхээр нь би машинаа унаад Заяагийнд очсон юм. Тэгээд Заяа, Дүгэр бид гурав миний машинтай Алдархаан сумын Мандаат багийн нутаг Бууралын ар гэдэг газарт байсан Дүгэрийнд оройхон очоод тэднийхээс Заяа 14 тооны ямаа худалдаж аваад миний машинаар ачаад аймаг орж ирсэн юм. Зөв чих урдаасаа ухам, буруу чих араасаа хэрчим имтэй эвэр дээрээ улаан шар, хөх өнгийн будагтай ямаанууд байсан. Дүгэрийн өөрийнх нь ямаанууд эвэр дээрээ цагаан будагтай байсан. Дүгэр цагаан будагтай ямаа зараагүй...” гэсэн мэдүүлэг болон Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Э.Дүгэрийн үйлдлийн улмаас хохирогч Сайнбилэгт 1770000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын Хөрөнгийн үнэлгээний төвийн Завхан аймаг дахь салбарын шинжээч Г.Заяагийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 81 дугаартай дүгнэлт “...1.Таван настай эр хонь 2 ширхэг 360.000, 2.Таван настай эр ямаа 5 ширхэг 550.000, 3.Гурваас дөрвөн настай эр ямаа 5 ширхэг 300.000, 4.Сувай эм ямаа 8 ширхэг 560.000, нийт 1.770.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай хэргийн үйлдлийг нотолсон хууль ёсны баримтууд байна. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон, өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг олж аван завшсан үйлдлийг ойлгоно. 2020 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг Буурлын ам гэх газраас Ж.Сайнбилэгийн 2 тооны хонь, 18 тооны ямаа нийт 20 тооны бог малыг өөрийн ижил сүргээс тасарч Э.Дүгэрийн хариулга байсан малтай нийлсэн ба үүнийг шүүгдэгч алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Э.Дүгэрийг алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Э.Дүгэр нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар: Шүүгдэгч Э.Дүгэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан. Э.Дүгэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгч Э.Дүгэрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Дүгэр нь цагдан хоригдоогүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний үнэмлэх хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Ууганборх овогт Эрдэнэбатын Дүгэрийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэбатын Дүгэрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Дүгэрт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дүгэрт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Э.Дүгэрт 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Э.Дүгэр нь хохирогч Ж.Сайнбилэгт 1.770.000 төгрөгийн хохирол төлбөрөө төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч Э.Дүгэр нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА