| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0011/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/08 |
| Огноо | 2021-01-26 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Д.Шинэбал, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал Шүүгдэгч Түвдэн овогт Тайвангийн Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Батбаярт холбогдох 2023000980005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн Сантмаргаз сумын Баяндавс багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Түвдэн овгийн Тайвангийн Батбаяр, Регистрийн дугаар: ИК**********.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас шүүгдэгч Т.Батбаярыг “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.Батбаяр нь 2020 оны 04 дүгээр сард Завхан аймгийн Сантмаргаз сумын Баяннуур багийн “Залай” гэх газарт байх өөрийнх нь адуунд нийлсэн байсан 5 тооны алдуул адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 2020 оны 05 дугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн Нарангийн энгэр гэх газар нутаглаж байсан Д.Ганболдод өрөндөө өгөн завшиж, хохирогч Ч.Мөнхбатад 4,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт:
- Шүүгдэгч Т.Батбаярын өгсөн: “...Манай адуу хойшоо ордог. Мөнхбатын адуу нуур давдаг учраас мэдээгүй. Манай нэг азарган үрээ тэр адуунуудыг хураасан байсан. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр нийлсэн байсан. Тэгээд би 05 дугаар сарын 10-ны үеэр зарсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөр байна.” гэх мэдүүлэг /шүүх 2 хуралдааны тэмдэглэл/ Мөрдөн байцаалтад:
- Хохирогч Ч.Мөнхбатын өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би адуугаа үзэхэд манай адуу бүрэн, тэгээд 09-ний өдөр манайх нүүгээд Баяннуур багийн Бэлчирийн Цагаанчулуут гэх газар буучхаад 10-ны өдөр адуугаа дахиж үзэхэд манай адуунаас 5 тооны адуу буюу сартай хүрэн хязаалан гүү зөв талын гуяндаа 88 тоо тамгатай, сартай хүрэн хязаалан гүү тамга адилхан, хээр хязаалан гүү тамга адилхан, хүрэн шүдлэн гүү тамга адилхан, хүрэн хязаалан морь тамга адилхан зэрэг адуунууд алга болсон, дутсан байхаар нь адуу байсан газар болон тэр хавиараа адуунаасаа салаад явчихсан юм болов уу гэж бодоод ойр хавийн байж болох бүх газраар хоёр гурав хоног хайгаад олоогүй. ...Миний хувьд одоогоор 5 адуу, дээрээс нь алдсан адуугаа хайж явсан зардал зэрэг хохирол учраад байна. Би таван адуугаа 4.800.000 төгрөгөөр үнэлж, хайж явахад гаргасан шатахууны зардал 2.500.000 төгрөг гаргаад байна. Нийт 7.300.000 төгрөгөөр хохироод байна. Цаашид хичнээн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Алдсан адуунуудаа олж авмаар эзэн холбогдогчийг нь олж өөрт учирсан хохирлоо бүрэн гаргуулж авмаар байна. ...Манай алдсан 5 адуу нь бага насны шүдлэн, хязаалан насны үрээ, байдаснууд байгаа юм. Ер нь бол өөр айлын адуунд орох боломжтой, манай азарга эцэг нь учир хөөгөөд хавчиж хайраад байдаг учраас адууны захад явдаг байсан. ...Батбаярын адуутай нийлэх боломжтой, тэдний адуутай манай адуу ойролцоо байдаг, бэлчээр нь хаврын цагт нэг болдог юм. Би бол яг дотор нь орж үзээгүй. Харин дөнгөж хайж эхэлж байхдаа алсаас нэг удаа дурандаж харахад байхгүй л байх шиг байсан. ...Миний хохирлыг бүрэн барагдуулсан, миний алдсан адуунуудыг буцааж өгч дээрээс нь надад 2.500.000 төгрөг өгч барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-22-р хуудас/,
- Гэрч Ц.Очирбатын өгсөн: “...Манай бүл Мөнхбат нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны үед Сантмаргаз сумын Баяннуур багийн нутаг Бэлчирийн Цагаан чулуут гэх газраас 5 тооны адуугаа хулгайд алдсан юм. Би тухайн үед тэднийд малаа төллүүлж байсан юм. Алдсан нь үнэн. Тэгээд хайгаад одоо хүртэл олдоогүй байгаа. Тэднийх бүгд 88 тоо тамгатай, 4 хүрэн, нэг хээр нийт 5 адуу алдсан, эдгээрээс нэг хүрэн хязаалан морь бусад нь дандаа бага адуу байсан юм. Содон шинж тэмдгийг нь сайн мэдэхгүй байна. Миний мэдэхийн Завхан аймгийн Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Цэцэн-Уул сумын нутгуудаар адуугаа хайж явсан бөгөөд дараа нь Увс аймгийн Баруун туруун, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай гэх газруудаар эрэл хайгуул хийж нэлээдгүй их газар нутгаар дөрөв таван удаа явсан. Одоогоор ямар ч чимээ гараагүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
- Гэрч А.Бат-Эрдэнийн “...Манай хүргэн Мөнхбат нь тухайн үед Сантмаргаз сумын Баяннуур багийн нутаг Бэлчирийн Цагаан чулуут гэх газраас 5 тооны адуугаа хулгайд алдсан, алдчихаад сар гаран хайж байна, одоо хүртэл олдоогүй байгаа. ...Би яг тодорхой сайн мэдэхгүй байна, ямар ч байсан 4 хүрэн, 1 хээр нийт 5 адуу алдсан, ер нь бол гүү голдуу адуу байсан гэсэн, ямар им тамгатай байсныг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
- Гэрч Б.Пүрэвдоржийн “...Манай бүл Мөнхбат нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны үед Сантмаргаз сумын Баяннуур багийн нутгаас 5 тооны адуу хулгайд 3 алдсан юм. Би яг ямар газраас алдсаныг сайн мэдэхгүй байна. 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би мотоциклтой яваад Баяндавс багийн сонгуулийн байранд саналаа өгчхөөд буцаад явж байхад Баяндавс багийн нутаг Булгийн баруун талд манай багийн иргэн Батбаяр буюу улаан Бабуу гэгч залуу 5 адуу нэг унагатай туучихсан явахад нь таараад уулзахад “Мөнхбат ахынх руу явж байна, энэ адууг аваачиж өгөх гээд явж байна” гэж надад хэлсэн. Тэгээд намайг “чи хаа хүрэх юм гэхлээр нь би гэр лүүгээ явж байна” гэхэд Батбаяр надад “энэ адуунуудыг чи Мөнхбат ахынд ойрхон очих юм чинь аваачаад өгчхөөч” гэхлээр нь би зөвшөөрөөд тууж яваад тэр өдрөө төвийн ард ойрхон урд Цайдам гэх газарт орхичхоод маргааш нь 10 цагийн үед би найз Даваажавтай цуг яваад нөгөө адуунуудаа байсан газраас нь туугаад Мөнхбат ахын гэрт нь очиход Мөнхбатын дунд хүү Батболд гэгч хүүхэд нь байхаар хүлээлгэж өгчхөөд хүрээд ирсэн. ...Миний тууж очсон таван адуу нь болохоор 4 хүрэн, 1 хээр зүсний адуунууд байсан. Мөн 4 гүү, 1 морь, 1 унагатай нийт 6 тооны адуу байсан, хуучин тамга 88 тоо тамгатай байсан юм шиг байна лээ. Дээр нь дугуй дүрстэй тамгаар алж дарсан байсан. Ямар нэртэй тамга гэдгийг сайн мэдэхгүй тэгээд ч сайн мэдэгдэхгүй байна лээ?. ...Би яг тухайн үедээ Батбаяраас уг адуунуудыг авахдаа мэдсэн. Хулгайд алдсан адуунууд нь ирж байгаа юм байна гэж дотроо бодож байсан. Тэр үед Батбаяраас ямар учиртай адуунууд юм гэж асуугаагүй яагаад гэвэл нөгөө хулгайд алдагдсан адуунууд гэдэг нь тодорхой байсан учраас” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, -
Гэрч Ц.Бямбасүрэнгийн “...Д.Ганболд нь надад 2020 оны 05 дугаар сарын сүүлээр байх нэг өглөө манайд 1 хүрэн үрээ, 1 хүрэн байдас хөтөлчихсөн ирээд “Бямбасүрэн ахаа та энэ 2 адууг аваад надад бор морио өгчхөөч, манайх адуундаа танай бор морийг сэтэрлэж тавих гэсэн юм” гэхлээр нь би зөвшөөрөөд бид 2 солилцоо наймаагаа хийсэн юм. Би тухайн үед сонирхоод “чиний 2 адуу чинь хаанахын адуу юм бэ?” гэхэд надад “манай хүргэн ах Батбаяр авч ирж өгсөн, Сантмаргаз сумын гаралтай үрээ, байдаснууд байгаа байх” гэж хэлсэн. ...Ганболдын өгсөн хүрэн байдас, хүрэн үрээний тамга нь бол хуучин тамган дээр нь шинээр бөөрөнхий, дугуй тамга дарчихсан байсан. ...Одоо байхгүй, сар гарангын дараа 06 дугаар сарын сүүлээр нөгөө адуу өгсөн гээд байсан хүргэн ах Батбаяртайгаа ирээд “солихоо болилоо ах, наад адуунууд чинь хүний адуу юм шиг байна” гээд буцаагаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, -
Гэрч О.Энхболдын “...Ганболд манай адуунд энэ оны 05 дугаар сарын сүүл 27-28-ны үед шиг санагдаж байна, намайг гэртээ байхад Ганболд ирээд “би танай адуунд гурван байдсан гүү тавиадахмаар байна. Манай азарга хураахгүй юм” гэхлээр нь “тэг тэг тавь” гэчхээд Ганболдоос “юун байдсан гүүнүүд юм бэ?” гэхэд “хүргэн Батбаяр ахаас авсан юм, надад 10 сурын үнэнд 5 адуу өгсөн, хоёрыг нь 1 мориор сольчихсон, харин энэ 3 байдсыг манай азарга авахгүй юм” гэж хэлээд тэр өдрөө манай адуунд тууж авч ирээд нийлүүлсэн. ...Одоо манай адуунд байхгүй, 06 дугаар сарын сүүлээр Ганболд хүргэн Батбаяр хоёр цуг ирээд туугаад явсан. Хааш нь авч явсныг би тухайн үед нь мэдээгүй. Харин сүүлд нь сонсоход хүний адуу байсан, тэгээд буцааж аваачиж өгсөн гэсэн сураг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
- Гэрч Д.Ганболдын “...Би урд жил нь хүргэн ах Т.Батбаярт 10 бугуйл зараад үнэ өртгийг нь аваагүй байсан юм. Тэгтэл Батбаяр ах өнгөрсөн зун 05 дугаар 4 сарын сүүлээр манайхыг Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг Нарангийн энгэр гэх газарт буучихсан байхад 5 адуу морьтой тууж ирээд “би чамаас авсан 10 бугуйлынхаа оронд энэ таван адууг өгье” гэхлээр нь “аан за за” гээд, Батбаяр ах бид хоёр тууж ирсэн 5 адуунуудыг нь манай адуунд нийлүүлээд орхисон. Тэгээд нэг их удалгүй Батбаяр ах тэр өдрөө буцаад гэр лүүгээ явсан. Тухайн үед Батбаяр ах надад 3 хүрэн байдас, 1 хээр байдас, 1 хүрэн шүдлэн үрээ бүгд хуучин тамга дээр нь шинэ бөөрөнхий дугуй тамга дарчихсан адуунууд авчирч өгсөн. Тэгээд манайх Хөхийн ар давж буусны дараа би нөгөө 5 адуу манай адуунд тогтохгүй азарга хураахгүй болохоор нь хүрэн байдас, хүрэн үрээ хоёрыг багийнхаа залуу Бямбасүрэнд өгч, оронд нь 1 бор морь авч наймаа хийсэн. Харин үлдсэн гурван адууг нь манай ээжийн дүүгийн нөхөр хүргэн ах Энхболдын адуунд тавьсан. ...Одоо бол байхгүй. 2020 оны 06 сарын сүүлээр Батбаяр ах өөрөө ирээд тэр зарсан, тавьсан айлуудаас буцааж аваад туугаад явсан. ...Батбаяр ах тэр үед надад хэлэхдээ “чамд өгсөн 5 адуу чинь манай адуунд нийлээд сар гаран болоод, эзэн нь сурч ирэхгүй болохоор нь би чамд өгчихсөн чинь саяхан эзэн нь гараад ирлээ, одоо буцааж өгөхгүй болохгүй нь, ах нь чамд өөр адуунууд өгье” гэж хэлээд буцааж авч явсан. Тэгэхэд нь би өөр хүний адуунуудыг надад өгснийг мэдсэн. Түүнээс би надад өгөхөд мэдээгүй, тухайн үед Батбаяр ах тэр 5 адууг надад өгөхдөө “чамайг өсгөг гэж бодоод хүнээс энэ 5 залуу адуу авлаа” гэж хэлээд надад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,
- Гэрч Т.Бат-Эрдэнийн өгсөн: “...Энэ хүн чинь миний төрсөн дүү байгаа юм. Өнгөрсөн хавар 2020 оны 04 дүгээр сарын дундуур би өөрийнхөө адууг Харгант хоолойн худаг дээр услаад байж байхад манай дүү Батбаярын хүрэн цавьдар азарган үрээтэй адуу усанд орж ирэхээр нь давхар услахад тэдний адуунд үл таних дөрвөн хүрэн нэг хээр байдсан гүүнүүд цуг байсан. Тэгээд би адууг нь усалж гаргачхаад гэртээ харьчхаад маргааш нь төв ороход манай дүү Батбаяр төв дээр явж байхад нь таараад Батбаяраас “өчигдөр танай хүрэн цавьдар адуу чинь худаг дээр орж ирээд би услаад гаргалаа, танай адуунд танихгүй 5 гүү явж байна лээ, хэний гүүнүүд юм. Чи ер нь мэдсэн үү?” гэхэд Батбаяр “өө тийм үү?, та усалчихсан уу?, харин тийм ээ, манай адуунд танихгүй 5 гүү явж байна лээ, манай хүрэн цавьдар азарга хураасан юм шиг байна лээ. Дээрээс хойш манай адуунд яваад байгаа юм” гэж л хэлж байсан. Тэр үеэс хойш ойрхон хугацаанд хоёр гурван удаа адуундаа явж байхад Батбаярын хүрэн цавьдар азаргатай адуутай таарахад нөгөө таван гүү цуг явж л харагдсан. Түүнээс хойш байж байгаад 07 дугаар сарын эхээр дахиад нэг удаа адуундаа явж байгаа дүүгийнхээ адуутай таарахад нөгөө 5 гүү алга байсан. Тэгэхээр нь эзэн нь ирээд аваад явсан юм байлгүй гэж бодоод өнгөрсөн. ...Тухайн үед би зүс, им, тамгыг нь харахад дөрвөн хүрэн, нэг хээр, дандаа бага настай бололтой байдсан, зөв талын гуяндаа 88 тоо тамгатай гүүнүүд байсан. Би дүүгийнхээ адууны зүс им тамгыг сайн мэдэлгүй яахав. Тэгээд ч усанд орж ирэхэд нь харахад ижил буруу гүүнүүд байсан. ...Би тэгж адуу усанд орж ирэхэд нь анх харсан. Тэрнээс хойш ойрхон 5, 6 хоногийн зайтай хоёр билүү гурван удаа адуунд явж байхдаа харахад байж байсан. Тэгээд 07 дугаар сард адуунд харахад байхгүй болчихсон. Яг хэд хоног байсныг сайн мэдэхгүй байна. Барагцаагаар сар гаран болсон байх. ...Надаас гадна тухайн үед адуундаа их явдаг байсан манай багийн иргэдэд болох Дашдаваа, Мэндсайхан нар харсан байх. Яагаад гэхлээр тэр хоёр тухайн үед надаас адуунуудаа сураад явж байсан 5 юм. Мөн тэр хоёр айлын адуу нь манай болон Батбаярын адуунуудтай ойролцоо бэлчдэг болохоор харсан байх. ...Би энэ тухай ёстой хүнд хэлээгүй. Хүн сурч ирээгүй, хайж байна гэсэн чимээ сураг гараагүй болохоор, дээрээс нь Батбаярыг өөрөө хүн амьтанд хэлж ярьж яваа байх гэж бодсон. Тэгээд ч манай малчдын азарга нь нэгнийхээ гүүг хураасан байхад зарим гүүнүүд нь өөрсдөө гүйгээд, заримыг эзэн нь ирээд хэлэлгүй аваад явчихдаг болохоор нэг их тоогоогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,
- Гэрч Б.Дашдаваагийн өгсөн: “...Би энэ хүнийг сайн танина, бид хоёр танил хүмүүс байгаа юм. Ер нь ийш тийшээ мал ахуйд цуг зун явдаг. Өвөл зуны цагт ойр дотно байдаг бөгөөд айл аймаг явдаг хүмүүс байгаа юм. ...Би өнгөрсөн хавар 2020 оны 04 зүгээр сарын дундуур адуунд явж байхдаа Батбаярын адуунд гадны бололтой өөр айлын 5 гүү байхыг харсан. Яг хэдний өдөр байсныг одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан намайг харахад Т.Батбаярын хүрэн цавьдар азарга нь хураах гээд байгаа бололтой хөөгөөд явж байсан. ...Тухайн үед им тамгыг нь ажиглаагүй, ямар ч байсан хүрэн голдуу, нэг хээр гүүтэй байсан санагдаж байна, одоо удсан болохоор мартагнаад байна. Азарга нь хөөгөөд хураах гээд байгаа нь ижил адуунууд биш, ижил буруу гэдэг нь харагдаж байсан. ...Би нэг л удаа адуунд явж байхдаа харсан. Би дахиж хараагүй мөн адуунд яваагүй болохоор Батбаярын адуунд дээрх 5 гүү хэр удаан байсан талаар нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
- Гэрч Ч.Мэндсайханы өгсөн: “...Би өдөр хоногийг нь тодорхой сайн санахгүй байна. 04 дүгээр сарын эхээр нэг өдөр унаагаа солих гээд өөрийнхөө адууг хайгаад Сантмаргаз, Өндөрхангай сумын залгаа нутаг “Залай” гэх газар явж байхдаа Батбаярын хүрэн цавьдар азаргатай адуутай нь таарсан. Тэгэхэд тэдний адууны зах дээр ижил буруу хүрэн голдуу дөрөв таван гүү бололтой адуунууд байсан. Батбаярын хүрэн цавьдар үрээ нь хураагаад байгаа бололтой хоргоосон зогсож байсан. Тухайн үед би эдний адуу биш байна даа, хэний ямар учиртай гүүнүүд юм болдоо гэж бодоод өнгөрсөн. Тухайн үед им тамгыг нь хараагүй ямар ч байсан хүрэн голдуу адуунууд байсан. Нэг хээр гүүтэй байсан байх, тэр үеэс хойш нэлээд удсан болохоор би сайн санахгүй байна. Би Батбаярын хүрэн цавьдар азаргатай адууг сайн таньдаг учир дээрх адуунуудыг ижил буруу адуунууд байна гэдгийг шууд хараад мэдсэн. Харин тухайн үед тамгыг нь сайн хараагүй өглөө эрт сэрүүхэн байсан болохоор яараад явчихсан юм. Би нэг л удаа дээрх байдлаар адуунуудтай нь таарсан тэрнээс хойш Батбаярын тэр адуутай дахиж таараагүй. Батбаярын адуунд дээрх адуунууд хэр удаан байсан талаар би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,
- Т.Батбаярын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 04 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна, би адуугаа эргээд очтол 5 тооны хүний адуу нийлсэн байсан юм. Тэгээд дараа нь 05 сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна, дахиад адуугаа хартал нөгөө нийлсэн 5 адуу манай адуунаас салаагүй байсан юм. Тэгэхээр нь эхнэрийн төрсөн дүү Ганболдоос би 10 ширхэг бугуйл худалдаж аваад өртгийг нь өгөөгүй байсан. Оронд нь адуу өгнө гээд хэлсэн байсан болохоор манай адуунд нийлсэн байсан хүний 5 адууг туугаад Ганболдод аваачаад өгчихсөн юм. ...Тухайн үед хэний адуу гэдгийг мэдээгүй, 5-лаа зөв талын гуян дээрээ 88 тоо тамгатай адуунууд байсан. Нэг хээр байдсан гүү, 3 хүрэн зүсмийн байдсан гүүнүүд, 6 нэг цавьдар шүдлэн үрээ зэрэг 5 тооны адуунууд байсан. ...Ганболдод өгөхдөө миний өөрийн адуунууд байгаа юм гэж хэлээ л өгчихсөн. Хүний адуу гэдгийг мэдээгүй. Надаас өөр хүн мэдэхгүй. Манай адуунд байсныг манай ах Бат-Эрдэнэ харсан байсан. Өөр хүн харсан талаар мэдэхгүй байна. ...Хохирлыг нь бүрэн барагдуулсан, адуунуудыг нь зүсээр буцааж авч ирж өгсөн. Дээр нь 2.500.000 төгрөг өгч барагдуулсан байгаа. ...Өөрийнхөө хээр зүсмийн хязаалан үрээ мориор явж тууж аваачиж өгсөн юм. Хээр үрээгээ Мөнхбатын хохирлыг барагдуулж 2.500.000 төгрөг өгөхдөө өртөгт өгөх гээд Ховд аймгаас адуу авч байсан танихгүй ченжид 650.000 төгрөгт зараад мөнгийг нь хохирогч Мөнхбатад өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хэргийн үйл баримт нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон байх тул дээрх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Завхан аймгийн Сантмаргаз сумын үнэлгээний комиссын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтээр хохирогч Ч.Мөнхбатын алдагдсан 5 адууны үнэлгээг нийт 4,800,000 төгрөг гэж тогтоожээ. /хх-ийн 55-56-р хуудас/
Иймд шүүгдэгч Т.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч Ч.Мөнхбат нь мөрдөн байцаалтын шатанд “...Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Миний алдсан адуунуудыг буцааж өгч дээрээс нь надад 2.500.000 төгрөг өгч барагдуулсан” гэсэн байх тул шүүгдэгч Т.Батбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Батбаярыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Т.Батбаяр урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 71 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Прокуророос шүүгдэгч Т.Батбаярт холбогдох хэргийг хялбаршуулсан 7 журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн шүүгдэгчид хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч Т.Батбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч Т.Батбаярын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Түвдэн овогт Тайвангийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батбаярыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт 8 зааснаар шүүгдэгч Т.Батбаярт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батбаярт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7. 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Т.Батбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ