Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/09

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Чулууны Пүрэвбазар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Пүрэвбазарт холбогдох 2023001530004 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, бүрэн бус боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 7, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймаг, Цэцэн-Уул сумын Оройн товгор багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Махбал овогт Чулууны Пүрэвбазар, /Регистрийн дугаар: ИЦ********/

Шүүгдэгч Ч.Пүрэвбазар нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 10 дугаар сарын 15-ны шөнийн 23-24 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Оройн багийн нутаг дэвсгэр “Бэрхийн ар” гэх газар өөрийн эзэмшлийн 30-26 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гарган явган зорчигч Ц.Батболдыг дайрч түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Махбал овогт Чулууны Пүрэвбазар нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны шөнийн 23-24 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Оройн багийн нутаг дэвсгэр “Бэрхийн ар” гэх газар өөрийн эзэмшлийн 30-26 ЗАА улсын дугаартай, УАЗ-3909 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган зорчигч Ц.Батболдыг мөргөж зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Тухайн үйл баримтыг шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц.Батболдын “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...Норжмаагийн гадаа очоод тэндээс гэр лүүгээ салахаар гараад ирсэн байсан юм. Магсаржав ах гэрийн гадаа явж байсан, би бие засаад зогсож байтал Пүрэвбазар цаанаас нь машинтайгаа ирээд харанхуйд намайг хараагүй юм байлгүй мөргөчихсөн. Магсаржав ах намайг хойш нь татах гэж байгаад бас хальт мөргүүлсэн гэсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс гарч ирээд намайг гэрт оруулсан. ...Ч.Пүрэвбазар тэр үед нилээн халамцуу байсан, бүр айхтар их согтуу байгаагүй. ...Ч.Пүрэвбазараас өөр хүн машин бариагүй. Чухам яагаад Ч.Пүрэвбазарыг намайг машинаараа мөргөх болсныг нь би сайн мэдэхгүй байна, хүнтэй муудалцсан уураа надад гаргасан юм уу, эсвэл харанхуйд согтуу болохоор намайг шээгээд зогсож байхыг харж анзаараагүй юм уу сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлгээр, гэрч Ж.Лхам-Янжингийн “2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн төвийн эмч Одонзаяа дуудлага өгсөн. Юу болсон талаар асуутал Оройн товгор багт хүн машинд мөргүүлсэн байна гэж хэлсэн. Тэгээд би эмчийн хамт Оройн товгор баг Бэрхийн ар гэх газарт очихоор явсан. Бид нарыг хэргийн газарт очиход Батболд нь гэр дотор хүнд гэмтчихсэн байсан. Эмч нар яаралтай анхны тусламж үзүүлсэн. Эмнэлэгт дуудлага мэдээлэл иргэн Ч.Пүрэвбазар өгсөн гэж байсан. Тээврийн хэрэгслийг Ч.Пүрэвбазар жолоодож байсан гэж тэнд байсан гэрч нар болон Пүрэвбазар хэлсэн. Пүрэвбазар дуудлага өгөхдөө гар утасны сүлжээ барьдаг газарт очихын тулд осол болсон газраасаа тээврийн хэрэгслээ хөдөлгөөд явчихсан байсан. Тэгээд бид нар бэртсэн хүн болон гэрч нарыг аваад яаралтай сумын төв рүү явсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. Осол үйлдсэн тээврийн хэрэгслийг нь би жолоодоод сумын төвд авч ирсэн…” гэсэн мэдүүлгээр, гэрч А.Магсаржавын “...Тэгээд Бат-Амгалангийн гаднаас хөдлөөд Норжмоог хүргэж өгөх гээд гэрийнх нь гадна очиж зогсоод сонгуулийн гэрт түлсэн түлээнээс үлдсэн модыг аччихсан байсныг тэдний гадаа буулгаж өгөөд гэрт нь оролгүй байж байгаад явах гэж байгаад би Пүрэвбазарыг “чи харанхуй шөнө хүн амьтантай явж байж яагаад архи уучихсан юм энэ тэр” гээд хэлтэл Пүрэвбазар уурлаад бид хоёр муудалцаад Пүрэвбазар машин руугаа явахаар нь Ц.Батболд хажуугаар ороод “та одоо яах гээд байгаа юм бэ?, Магсаржав ах одоо эндээс хүүхдээрээ мотоциклоор хүргүүлнэ гэж байна, та эндээс гэр рүүгээ аятайхан харь” гэж байсан юм. Ч.Пүрэвбазар машинаа асаагаад гэрлээ асаагаад хөдлөхөөр нь би хартал Ц.Батболд машиных нь урд цаанаас нь Пүрэвбазар машинтайгаа ирж байхаар нь би “наадах чинь аягүй бол ирээд дайрчихаж магадгүй шүү, согтуу хүн” гээд Ц.Батболдыг наанаас нь түлхтэл бид хоёр фургон машины 2 талаар мөргүүлээд унах шиг болсон. Тэгээд Пүрэвбазар бид 2-ыг мөргөчихөөд өнгөрөөд явсан. Би өндийж босоод мөлхөөд Батболд дээр яваад очтол Батболд хэвтчихсэн ёолоод байж байсан. Тэгээд Норжмоогийн гэрээс хүмүүс гарч ирж бид хоёрыг гэрт оруулсан. ...Тэр өдөр Ч.Пүрэвбазар өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн УАЗ-3909 маркийн, 30-26 ЗАА улсын дугаартай хагас ачааны фургон машиныг өөрөө жолоодож явсан. Ч.Пүрэвбазараас өөр хүн машин жолоодоогүй. Уг нь Ч.Пүрэвбазарыг архи их уугаагүй гэж би бодсон. Гэхдээ машинаар хүн мөргөх тэр үедээ нилээн халамцуу байсан” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.Баяржавхлангийн “...Ч.Пүрэвбазар машинтайгаа мод буулгасан газраас хөдлөөд гэрийн үүдэнд ирж зогсох гэж байхдаа Батболд Магсаржав ах хоёрыг мөргөөд унагачихсан юм . Би тэр үед байсан ч яг мөргөхийг нь хараагүй. Гэрийн үүдэнд зогсох гэж байгаа юм байна гэж бодож байсан болохоор санаанд ч ороогүй. Тэгээд Пүрэвбазар ах машинаасаа бууж ирээд “за болохоо байлаа шүү, хүн дайрчихлаа, та нар наад хүмүүсээ гэрт оруул би эмч, цагдаа дуудъя” гээд машинтайгаа гэр лүүгээ утсаар ярих гээд явсан юм. Тэгээд Батболд гэрийн ойролцоо газар унаад хэвтчихсэн, Магсаржав ах түүний хажууд сууж байсан. Тэгээд бид нар Батболдыг дээлэн дээр тавьж Норжмаа эгчийн гэрт оруулаад хойморьт нь хэвтүүлээд эмч, цагдаа ирэхийг хүлээгээд, явж ирсэн бүх хүмүүс бүгдээрээ тэнд байж байхад сумын төвөөс эмч, цагдаа ирээд Батболд, Магсаржав, Пүрэвбазар нарыг аваад сумын төв рүү явсан юм. ...Тухайн үед цаг яг хэд болж байгааг хараагүй, барагцаагаар 23 цаг болж байсан байх. ...Тэр 3 хоорондоо хэрэлдэж муудалцаагүй, бид нар хоорондоо ер нь хэрэлдэж муудалцах юм болоогүй тэр үед” гэсэн мэдүүлгээр, гэрч Ш.Норжмаагийн “...Би гэрийнхээ гадаа ирээд хонио хураагаад явчихсан юм. Тэгээд хонио хураачхаад иртэл гэрийн гадаа “хүн машинаар дайрчихлаа” гээд Батболд, Магсаржав 2 газарт хэвтчихсэн байсан. Би Магсаржавыг сугадаж гэрт оруулаад Батболдыг босгох гэтэл чадахгүй байхаар нь гэрээсээ дээл авч гарч ирээд дээлэн дээр хэвтүүлээд Баяржавхлан, Лхагвадорж бид нар гэрт өргөж оруулж гэрийн баруун талд шалан дээр хэвтүүлсэн юм. Тэгэхэд Батболдын толгой ангайчихсан цус гоожиж байгаа харагдсан юм. ...Пүрэвбазар сумын төв рүү дуудлага дуудчихлаа гээд орж ирсэн. ...Өөр хүмүүс бол хоорондоо нэг их маргалдаж муудалцсан юм бол байхгүй” гэсэн мэдүүлгээр, Ч.Пүрэвбазарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Машинд явж байсан хүмүүс бууж Норжмаагийн гэрт орсон. Харин би гэрээс зайтай зогсоод сонгуулийн гэрийн гаднаас ачсан байсан модоо буулгасан. Гэрийн гадаа хүмүүс байсан. Би машинаа асаагаад гэрийн гадаа аваачиж тавих гээд зүүн гар тал руугаа жолооны хүрдээ ханатал буюу тултал нь дарж эргүүлээд хаазлаад хөдөлтөл гэрэлд гэнэт хүн ороод ирсэн. Тэгээд маш ойрхон зайтай байсан учраас тормос гишгэсэн боловч зогсолгүйгээр очоод мөргөчихсөн. Мөн би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор хариу үйлдэл /самбаачлах хугацаа/ үзүүлэхдээ удсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Ослын улмаас хохирогч Ц.Батболдын биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000000316 дугаартай “...5. Иргэн Ц.Батболдын биед: Гавлын орой ясны зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, цээжний баруун талын 3-11-р хавирга, зүүн талын 3-7-р хавирга, зөрүүтэй болон зөрүүгүй, хоёрлосон болон сэлтэрсэн хугарал, баруун уушигны цоорол, цээжний хөндийд хий шингэн хуралт, духны баруун, зүүн талд зулгаралт, хэвлийн баруун талд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.10-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Зам тээврийн осол гарах үед шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь шүүгдэгчийн цусанд согтууруулах ундаа илэрснийг нотолсон 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000000139 дугаартай “...3. Иргэн Ч.Пүрэвбазарын биеэс шинжилгээнд зориулж авсан цуснаас 1.8 промилль спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр, мөн шүүгдэгч В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн жолоодох эрхийн лавлагаагаар тус тус нотлогдож байна. Зам тээврийн осол Ч.Пүрэвбазар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа самбаачлах хугацаа алдаж саад болох үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс болсон нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч П.Батзоригийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Зам тээврийн осол, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь УАЗ-3909 маркийн, 30-26 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Чулуун овогтой Пүрэвбазар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас гарах боломжтой байна” гэсэн магадлагаагаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. Ч.Пүрэвбазар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгч хохирлоо нөхөн төлсөн нь хохирогчийн “...миний эмнэлэгт хэвтсэн болон эмчилгээний бүх зардлыг Ч.Пүрэвбазар барагдуулсан...“ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. %1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ч.Пүрэвбазарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон албадлагын арга хэмжээ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Махбал овогт Чулууны Пүрэвбазарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пүрэвбазарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т заасныг журамлан Ч.Пүрэвбазарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Пүрэвбазарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 189 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Пүрэвбазарт тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ч.Пүрэвбазарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ